Эдийн засаг


Эдийн засгийн онцлох 6 үйл явдал

3 долоо хоног TIMES.MN
  1. ӨРГӨТГӨСӨН САНХҮҮЖИЛТИЙН ХӨТӨЛБӨР

Манай улс энэ онд ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсан. Гэхдээ үүний үр дүн ирэх жилээс харагдана. Учир нь долоон төрлийн татварыг нэмэх болсон. Тэгэхээр эдийн засагт ямар үр дүн авч ирэх вэ гэдгийг харах л үлдлээ хэмээн эдийн засагч Ч.Отгочулуу хэлсэн юм. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хувь хүний орлогын төвшингээс хамааруулж шатлал тогтоон 10, 15, 20, 25 хувийн орлогын албан татвар ногдуулах болоод байгаа. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг ирэх онд хоёр хувь, 2019 онд нэг хувь, 2020 онд хоёр хувиар нэмэгдүүлэх юм. Харамсалтай нь төр татвараа нэмсэн ч зардлаа хасч чадсангүй. Бас орлогоо өсгөх дорвитой алхам ч хийсэнгүй хэмээн эдийн засагчид онцолж байна.

  1. НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН “ГАЦАА”

Таван толгойгоос-Гашуунсухайт чиглэлийн замд нүүрс ачсан машины цуваа 120 орчим км урт дараалал үүсгэж байгаа тухай Ройтерс тэргүүтэй олон улсын агентлагууд мэдээлж эхэлсэн билээ. Албаныхан үүнийг тайлбарлахдаа Хятадын талын хоригоос үүдэлтэй хэмээсэн. Гэвч уул уурхайн эдийн засагч, судлаач Л.Наранбаатар “Урд хөрш дипломат тайлбар өгдөг. Гэвч цаанаа нарийн учир шалтгаантай гэдэг нь “Coal Mongolia” чуулганы үеэр тодорхой болсон. Учир нь хоёр улсын хоорондын улс төрийн харилцаа тун хүнд байгаа юм байна. Тодруулбал, Гашуунсухайт боомтын Хятадын талын захирал нь “Coal Mongolia”-д оролцох байсан ч хурал эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Хятадын Засгийн газраас Монгол руу явж болохгүй гээд визийг нь цуцалсан тухай захидал ирүүлсэн” гэв. Ийнхүү урт дараалал үүссэнээр долдугаар сард дөрвөн сая тоннд хүрч байсан экспортын тэн хагаст хүрэхгүй болтлоо унасан юм. Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний гарцыг нэмэгдүүлэхийн тулд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар урд хөршийг зорьж БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И-тэй уулзсан боловч үр дүн төдийлөн гараагүй билээ. Нүүрсийг экспортлох оргил жил байсан хэдий ч Хятадын хориг “тээг” болов. Гэхдээ бурууг бусдаас хайх хэрэггүй гэдэг. Тиймээс дотоодын асуудлаа цэгцлэх хэрэгтэйг эдийн засагчид сануулж байна.

  1. ЕВРОПЫН ХОЛБООНЫ “ХАР ЖАГСААЛТ”

Европын Холбоо түүхэндээ анх удаа хар жагсаалтыг зарласан. Энэ жагсаалтад 17 орон багтсаны дотор Монгол Улс нэрлэгдэв. Ингэхдээ тухайн улсын татварын орчны ил тод байдал, татварын хувь хэмжээ нь гадны этгээдүүдийн со­нирхлыг татах чад­вартай эсэх зэргээр нь үнэл­сэн гэж байгаа. Монгол Улс оффшор бүс болсон тухай олон улсын хэвлэлийнхний ан­­хаарлыг ихэд татаж байв. “Монгол Улс оффшорын “Аюулгүйн цөөрөм” болсон тухай Оросын хэвлэл мэдээллээр шуугисан. Хэдийгээр 17 улсыг нэрлэсэн ч зөвхөн манай улсыг онцолж байна. Манай улсаас асар их хэмжээний мөнгө гадаад руу гарч, сэжигтэй дансаар буцаж орж ирж байгаа нь хэрээс хэтэрсэн учраас хар дансанд орж байна. Ийнхүү хар дансанд бүртгэгдсэнээс үүдэн эдийн засгийн “цус” эргэлдэхээ болих юм. Эцэстээ эдийн засаг сульдаж доройтсоноор манай улс ямар ч ирээ­дүйгүй болсныг илтгэнэ” хэмээн Олон улсын тоймч Ш.Гантулга ярив. Европын холбооноос Монгол Улсыг дэмжиж буй санхүүгийн дэмжлэг ч эргэлзээтэй болно гэсэн үг. Ер нь хар жагсаалтад орсноор Европын орнууд руу хийж байгаа мөнгө санхүүгийн гүйлгээг хянаж эхэлнэ. Нөгөөтэйгүүр мөнгө, санхүүгийн гүйлгээ хийхийн тулд урт хугацаа шаардах болно. Энэ нь цагтай уралдаж ажилладаг бизнесийнхэнд тун хүнд дарамт үүснэ гэдгийг эдийн засагчид онцолж байна. Тиймээс хар жагсаалтаас яаралтай гарах хэрэгтэйг ч тэд сануулав.

  1. ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙН ХУВЬЦААГ “МОНГОЛ ЗЭС” КОРПОРАЦИ ЭЗЭМШИНЭ

Монголын хувийн хэвшлийн төлөөлөл “Монгол зэс” корпораци “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч болохыг Дээд шүүх баталгаажууллаа. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн эзэмшилтэй холбоотой улс төрийн маргаан ийнхүү нэг тийш болов. Энэ нь эдийн засгийн хүндрэлийг давахын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг өсгөхөөр зорьж буй Монгол Улсын хувьд хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд эерэг дохио боллоо. “Монгол зэс” корпорацийн оролцоо, хяналт “Эрдэнэт үйлдвэр”-т бий болсноор ил тод байдал сайжирч, бизнесийн зарчмаар илүү үр ашигтай ажиллаж эхэллээ. Тус үйлдвэр 2016 онд ганцхан удаа нээлттэй тендер явуулсан бол хувийн хэвшлийн хяналт бий болсноор 2017 онд энэ тоо 491-д хүрчээ. Мөн худалдан авалтыг илүү үр ашигтай болгох менежмент хэрэгжүүлснээр зөвхөн бараа материал, сэлбэг хэрэгслийн үнийн зөрүүнээс гэхэд 15.1 тэрбум төгрөг хэмнэжээ.

  1. ЧАЛКОГИЙН ӨРИЙГ ДАРАВ

Монгол Улсын Засгийн газар 2011 онд Хятадын төрийн өмчит “Чалко”компаниас 350 сая ам.долларын зээл авсан. Үүнийг зургаан жилийн дараа буюу энэ оны гуравдугаар сард нүүрсээр төлж барагдуулсан нь эдийн засаг дахь сайн мэдээ байв. Ингэснээр өрийн дарамтыг зохих хэмжээгээр бууруулсан гэж болно. “Чалко”-д нийлүүлэх нүүрсний үнэ өнгөрсөн оны гуравдугаар улиралд 27 ам.доллар байсныг үе шаттайгаар нэмэгдүүлсээр 71 ам.доллар болгосон нь  уул уурхайнхаа түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлсэн төдийгүй өр барагдуулж дуусахад чухал нөлөө үзүүлсэн хэмээн эх сурвалж хэллээ.

 

  1. АЛТ ТУШААЛТ ТҮҮХЭН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЧЭЭ

Олборлосон алтыг зөвхөн Монголбанкинд тушаах журам амжилттай хэрэгжиж энэ оны арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар иргэд, аж ахуйн нэгжээс нийт 19.1 тонн алт худалдан авчээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.5 тонн буюу найман хувиар өссөн үзүүлэлт хэмээн албаны эх сурвалж хэлэв. Харин жилийн эцсийн гүйцэтгэлээр бол 20 тоннд хүрэх магадлалтай аж.  Монгол банкинд тушаах алтны хэмжээ нэмэгдсэн нь валютын ханшийг тогтворжуулахад чухал нөлөө үзүүлнэ. Түүнчлэн УИХ гурван жилийн өмнө Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2019 он хүртэл алт олборлогч дотоодын иргэн, аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт эдлүүлэхээр хуульчилсан. Энэ нь алт тушаалт өсөхөд бодитой үр дүн болсон байна. Мөн Төвбанк Лондоны үнэт металлын захын үнийг мөрдөж байгаа нь ч нөлөөлжээ.

Манай улс 2030 он гэхэд жилд 25 тонн алт олборлох төвшинд хүрнэ гэсэн төсөөлөл бий.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.