TIMES Ярилцлага


Ц.Батчулуун: Миний ойрын зорилт супер их мастер болоод, ирээдүйн дэлхийн аваргыг төрүүлэхийн төлөө ажиллах

1 сар TIMES.MN

 

Шатрын Их мастер Ц.Батчулуунтай ярилцлаа.




-Шатартай анх холбогдсон нь хэзээ вэ?

-Анх таван настайдаа аав ээжээсээ шатар нүүхийг сурсан.


-Их жаахан байжээ ?

-Аав ээжээс гадна манайд ирж шатар тоглодог хүмүүсийн нүүдлийг их хардаг байсан. Анх 10 настайдаа өсвөр үеийн улсын аваргаас хүрэл медаль хүртээд, дараа жилээс нь эхлээд зургаан жил дараалж түрүүлсэн. 13 орчим настайдаа Жийгээ багш дээр  очиж, анхныхаа шатрын клубт хичээллэсэн.


 -Хамгийн анхны олон улсын тэмцээн чинь хэзээ байв ?

-1998 онд өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан.


-Спортын мастер цолтой хамгийн залуу тамирчин гэгдэж байсныг чинь мэдэх юм байна?

 -Анх 14 настайдаа насанд хүрэгчдийн улсын аваргын шигшээд  шалгараад 4-6-р байрт орж шууд  спортын мастер болсон. Тэгэхэд спортын мастерын болзол хангах журам хатуу байсан ч   рейтингээрээ  6-7-д орж  анх удаа олон улсын чансаагаа авч байлаа. Тэр үед улсын аваргын шигшээ тэмцээнд эхний тавд орж, нэлээд хэдэн болзлыг  биелүүлж байж спортын мастер цол авдаг хатуу журамтай байсан болоод тэр үү надаас өөр хүүхэд энэ цолыг хараахан авч амжаагүй байсан. Одоо бол  шатрын  хөгжлийг  дагаад олон улсын  тэмцээнээс цол авах  журамд багагүй  өөрчлөлт орсон байгаа. Сүүлийн жилүүдэд 16-17 настайдаа насанд хүрэгчдийн ангилалд тоглодог болсон нь ч шинэ журамтай холбоотой. Миний хувьд 18 настайдаа насанд хүрэгчдийн улсын аваргын медалийг анх удаа авч байсан.  2005 онд насанд хүрэгчдийн улсын аваргаас  хүрэл медаль , 2006 онд  алтан медаль хүртсэн.  Энэ амжилтууд маань  шатарт бүхий л цагаа зориулж, уйгагүй хичээллэж байсны үр дүн гэж боддог.


-Уйгагүй хичээл зүтгэлээс гадна шатарт амжилт гаргах үндэс  юу байсан гэж үздэг вэ?

-Гол нь судалгаа хэрэгтэй. Судалгааг интернэтээс мөн номноосоо хардаг байсан. Магадгүй  номноос  харах дуртай байсан дэлхийн аваргуудын гоё, гоё өрөг, уран нүүдэл намайг шатар руу илүү хөтөлсөн байх.  Ер нь бол  хэн сайн хичээллэсэн нь гарч ирнэ шүү дээ. Манай дээд үеийн Хатанбаатар, Шаравдорж гээд мундаг шатарчдын дараагийн үе  хараахан гараагүй байсан. 10-аад жилийн дараа бидний  үеийнхэн гарч ирсэн.   Миний бодлоор хүн өөрийн сонирхолтой зүйлийг олж чадвал, илүү цаашаа явдаг. Би шатраас өөр спортын төрлөөр хичээллэсэн бол амжилт олох байсан эсэхийг  мэдэхгүй. 


-Анх өөртөө илүү урамшсан амжилт чинь гэвэл...?

- Олон улсын тэмцээнд анх удаагаа их мастеруудыг хожихдоо маш их урамшсан.


-Тэр нь хэзээ гэж ?

- 2006 онд улсын аваргад анх удаа түрүүлээд, тэр жилээ Италийн Туринд болсон шатрын олимпиадад оролцсон. Энэ томоохон тэмцээн  багийнх гэдэгээрээ онцлог. Улсдаа түрүүлсэн болохоор би  нэгдүгээр ширээн дээр тоглож таарсан. Тэмцээний дүрмээр  багууд  дөрвөн хүнтэй тоглодог. Бид хамгийн эхний өрөгтөө дэлхийд эхний аравт жагсдаг Азарбаджайны маш хүчтэй багтай таарсан.  Тэгэхэд би хараар Азарбаджайны хамгийн шилдэг их мастертай тоглоод хожсон. Энэ нь миний хувьд  олон улсын тэмцээнд их мастерыг хожсон  анхны том амжилт, анхны том урам байсан. Тэр тэмцээнээс  гадныхантай өрсөлдөх  боломж байгааг олж харсан. Дараагийн өрөгт дахиад нэг их мастерыг хожсон. Гурав дахь өрөг дээр  дэлхийн аварга Шуайната Анандтай  хараар гараад хожигдсон ч энэ тэмцээний хамгийн сонирхолтой өрөг байсан. Яагаад гэвэл дэлхийд нэгдүгээрт бичигддэг шатарчинтай таарна гэдэг маш том завшаан. Энэ тэмцээнд би долоо хагас оноо авч, их мастерынхаа хоёр болзлыг биелүүлсэн.


-Дараагийн зорилго чинь...?

-Дараагийн зорилго супер их мастер болохын төлөө явж байна. Ерөнхийдөө тамирчин хүн зорилгоо  байнга урдаа тавьж явах ёстой. Энэ жил Азийн аваргын тэмцээнд тавдугаар байрт орж дэлхийн цомд оролцсон маань тамирчин хүнийхээ хувьд томоохон зорилгодоо хүрсэн амжилт болсон. Өмнө нь энэ эрхийг авахын төлөө хоёр ч удаа яг урдуураа таслуулж байсан.


-Ямар шалтгаанаар хоёр удаа таслуулсан гэж...?

-Оноо ижилхэн байсан ч коэффицентын дутуугаар хасагдсан.


- Дэлхийн шилдэг шатарчдыг цуглуулдаг дэлхийн цомын тэмцээнд саяхан оролцоод ирсэн. Энэ тухайгаа сонирхуулахгүй юу?

-Тэмцээний өмнө бэлтгэл их сайн байсан. Яагаад гэвэл дэлхийн цомд оролцохоосоо өмнө  долоон сард Казахстаны Астанад болсон тэмцээнээс  чансаагаа 11 оноогоор  дараа нь Арабын Абу Дабид 8 сарын 10-20-ны хооронд болсон тэмцээнээс 10 оноогоор өсгөсөн . Тэмцээнд оролцохоос өмнө манай шатрын холбооноос Оросын  их мастерыг урьж бэлтгэл хийлгэсэн байгаа.   Дэлхийн цом бусад тэмцээнээс онцлог нь  өрсөлдөгчтэйгөө халз  тоглодог. Тэмцээнд оролцогчид нь бүгд чансаа өндөртэй болохоор   маш хүчтэй өрсөлдөгчид байдаг.  Энэ тэмцээнд би дэлхийн  шатарчдын 15-д  бичигддэг Английн шилдэг шатарчинтай дөрвөн өрөг тоглосон. Эхний хоёр өрөгт тэнцээд, дараагийн хоёр өрөгт нэг тэнцэж нэг хожигдсон. Нэг хожигдсон шалтгаан нь  өрөг  тэнцүү явж байгаад, төгсгөлийн мөчид бодоо харалгүй алдсан. Тэгээд дараагийн өрөгт цагаанаар тоглохдоо  хожихын төлөө багагүй хичээсэн ч  хожиж чадалгүй дахин тэнцсэн.  Хэдийгээр зорилгодоо хүрч чадаагүй ч  энэ тэмцээн маш их туршлага болсон. Дэлхийн цомын тэмцээнд чансаагаа таван оноогоор ахиулсан байгаа.


-Тэгэхээр чансаагаараа  супер их мастер цолны болзол  руу  нэлээд дөхсөн байх нь ээ?

-Тийм ээ нэлээд ойртсон. Одоо чансаа маань 2571 болсон байгаа.


-Дэлхийн цомын тэмцээн чиний хувьд хамгийн том шат байсан нь мэдээж ?

- Миний хувьд өмнө нь 2700-гаас дээш чансаатай дэлхийн топ шатарчинтай олон өрөг дараалан тоглосон тохиолдол байхгүй.   Энэ тэмцээнд оролцсоноороо дэлхийн шилдэг 128 шатарчны тоонд  багтсан байгаа. Дараа жил Азийн аваргад амжилт үзүүлж, дахин дэлхийн цомд оролцохын төлөө одооноос  шаргуу хөдөлмөрлөж байна.


-Өөрийг тань Монголын шатарчдын дээд амжилтыг эвдсэн гэдгийг мэдэх юм байна?

- 2500- гаас дээш чансаа авч байж их мастер болдог. Одоогоор энэ болзлыг биелүүлсэн дөрвөн тамирчин байгаа. Анхных нь Хатанбаатар,Шаравдорж нар. Тэд  1998 онд 2505 чансаатай байсан. Миний хувьд  14 жилийн дараа  2012 онд их мастер болохдоо 2505 -ыг өсгөж 2510 болгосон байгаа. Тэр амжилтаа бага багаар ахиулсаар, 2529-тэй болгоод нэлээд удсан. Тэгээд  гурван жилийн өмнө 2529-ийн рекордыг тогтоож байсан. Тэр амжилтаа энэ жил ахиулаад 2571 болгосон. Намайг их мастер болсноос хоёр жилийн дараа байна уу дөрөв дэх их мастер төрсөн.


-Зарим хүмүүс чансааны талаар сайн ойлголтгүй байж болох юм?

-Чансаа  өрөг болгоны дараа өөрөөр хэлбэл тоглолт болгоны дараа бодогдоод явж байдаг. Өөрөөсөө илүү хүнийг хожиж байж чансаа авдаг. Нэг ёсондоо том их мастеруудыг хожоод байх тусам чансаа нэмэгддэг. Миний хувьд азийн аваргад чансаагаа 20-иод функтээр өсгөж байж чансаагаа ахиулсан байгаа.




- Дэлхийд нэр нь тодорсон эрэгтэй шатарчид илүү өрсөлдөгч олонтой. Тэдэн дундаас цойлж гарч ирнэ гэдэг  маш их хичээл зүтгэл байдаг нь ойлгомжтой?

-Дэлхийд шатраар хичээллэдэг орон, холбоод тоогоороо хөл бөмбөгийн дараа ордог. Гишүүнчлэлийн хувьд ч хичээллэж байгаа хүмүүсийн тоогоороо ямар ч спортоос илүү гарна. Яагаад гэвэл шатарт бусад спорт шиг жин, зай, төрөл, нас, хүйс  гэсэн ангилал  байдаггүй. Шатраар идэвхтэй хичээллэж байгаа 500-гаад сая хүн  байдаг гэсэн судалгаа бий. Ер нь бол шатар мэддэг хүн дэлхийн бараг гуравны нэг  буюу хоёр тэрбум хүн байдаг гэж үздэг . Харин мэргэжлийн төвшинд тоглож байгаа их мастерууд  цөөхөн байдаг юм билээ. Тэгэхээр маш их өрсөлдөөн дунд их мастеруудаас ялгарч гарч байж,  дэлхийн аварга гэдэг цолны төлөө тэмцэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл маш их өрсөлдөөний дунд дэлхийн аварга болдог гэсэн үг. Дэлхийн том гүрэн Хятадаас эхлээд дэлхийн аварга эрэгтэй шатарчингүй  улс орон цөөнгүй байна. Орос Америкийн шатарчид  одоог хүртэл энэ спортод тэргүүлсэн хэвээр байна. Одоогийн байдлаар Орос  хамгийн олон дэлхийн аваргатай нь. 1870-аад оноос хойш дэлхийн аварга цолтон 15- хан төрсөн байгаа. Тэгэхээр дэлхийн шатар түүхэн хөгжил, хичээллэгсдийн тоогоороо ямар ч спортоос илүү гарах оюуны том спорт.


рсөлдөгчөө хэр судладаг вэ. Ялангуяа технологийн эрин болсон энэ үед шатар ч бас хурдацтай хөгжиж байгаа нь харагдаж байна?


- Амаргүй гэж хэлэхэд болно. Жишээ нь гадаадын тамирчид тэр дундаа  дэлхийн аваргууд,их мастерууд сардаа заавал туслах авдаг. Туслахыг нь нэг талдаа дасгалжуулагч гэж хэлж болно. Тэд  өрөг, оноолт гээд бүгдийг нь судлаж өгдөг. Өөрөөр хэлбэл  өргийг нь бэлтгэж өгөх, компьютер дээр анализ хийх, өрсөлдөгчийнх нь  өргийг задлаж гаргаж өгөх зэрэг ажлуудыг хийдэг. Монголчуудын хувьд өнөөдрийг хүртэл бор зүрхээрээ  нөөтбүүк, компьютер дээрээ тоглож явсаар ирсэн.  Наад зах нь  гадны их мастеруудыг урьж авчрах бололцоо тэр бүр байдаггүй. Гэхдээ энэ байдал сүүлийн үед өөрчлөгдөж байгаа. Эцэг эхчүүд, хүүхдүүддээ багаас нь анхаарал тавьж  мөнгө хаядаг болж байна. Дасгалжуулагч нар хүүхдүүдээ багаас нь бэлтгэдэг болж байна. Бидний үед бол тийм  орчин байгаагүй. Одоо л гадаадын их мастертай бэлтгэл хийдэг болж байна. Өмнө нь өөрөө л бэлтгэлээ хийгээд явдаг байсан. Өөрөөрөө тоглохоосоо гадна онолоо судална. Интернэтээс гарааны судалгаа хийхээс гадна өргүүд үзнэ. Ялангуяа  сүүлийн үед тоглогдож байгаа бүх өргүүдийг үзнэ. Тэгээд гараагаа сайжруулна. Бодлого бодно. Энэ маягаар  өөртэйгөө бэлтгэл хийсээр ирсэн. Олон улсын болоод дэлхийн аваргын төвшинд бол тэд өөрийн гэсэн багтай болсон байдаг.


-Тэгэхээр өрсөлдөгчөө судлах амаргүй байх нь ээ ?

-Гэхдээ интернэт байгаа учраас сүүлийн үед өрсөлдөгчийнхөө өргүүдийг судлах их амархан болсон. Тэндээс яаж судалгаа хийх нь хувь  хүний ур чадвараас шалтгаална. Судалж байгаа өргүүдээсээ өрсөлдөгчийнхөө сул талыг олж харна. Өөрийнхөө давуу талыг мэдэрнэ. Ямар гараагаар тоглохоо сонгоно. Энэ мэтчилэн олон боломж байдаг.


-Шатар бол оюуны хувьсгал гэдэг утгаараа  оюуны тэмцэл. Тийм болохоор шатарчин хүн сэтгэл зүйгээсээ эхлээд бүх талаараа бэлтгэгдсэн байх шаардлагатай байдаг уу. Чиний хувьд   тэмцээний өмнө ямар дэглэм барьдаг вэ?

-Туршлага байна л даа. Биеэ сойгоод явчихдаг. Тэмцээний өмнө хэд хоног сайхан амарч, тархи толгойгоо амраана. Орой эрт унтана. Олон улсын супер тэмцээнд оролцохын өмнө өдөрт нэг л удаа тоглодог.  Гэхдээ өдөр гурван цагаас. Гурван  цаг хүртэл хоолоо сайн идэж, сайн амрахыг чухалчилдаг.  Ер нь бол тамирчин хүн биеэ зөв авч явах ёстой. Илүү юманд анхаарал хандуулж, гадуур дотуур их явснаасаа болоод эсвэл оройтож унтсанаас болоод ядрахаас гадна дэглэм алдагдаж тэмцээний үеэр амжилт үзүүлэхэд сөргөөр нөлөөлдөг. Тийм учраас мэргэжлийн шатарчин тэмцээндээ сайн тоглоход хувийн сахилга бат маш чухал.




- Орос Америкийн шатарчид дэлхийн шатарт ноёлож байгаагийн гол үндэс юу гэж үздэг вэ?

-Ерөнхийдөө шатарт Орос, Америк, Хятадууд гараад ирлээ. Энэ супер гүрнүүд дэлхийн аваргын титмийн төлөө өрсөлдөж байна. Тэдний спортын бодлого нь маш өндөр. Спортоо маш сайн дэмждэг. Хятадын тамирчид л гэхэд спортын хотхондоо байрлаад, тэндээ амьдраад  бэлтгэлээ хийдэг. Орос бол дээр үеэсээ туршлагатай, өөрийн гэсэн арга барилтай. Америкууд бас шатартаа  мөнгө их хаяж байна. Хятад зэрэг том гүрнүүд шатарчдаа  их мастер болоод  ирэхээр   бүх тэмцээн уралдааны зардал болон цалинг даадаг. Мэдээж хэрэг нийгмийн асуудлыг нь  шийдээд өгөхөөр сэтгэл санааны хувьд ч тайван тоглоод явчихаж байгаа. Манайд  энэ спортыг өндөр төвшинд тавьдаггүй. Уг нь сүүлийн гурван жил шигшээ баг гэж  байсан. Олимпийн  цикл болонгуут шатрын спортыг  олимпийн бус төрөл гээд шигшээ багаас  хассан байгаа. Манай спортын удирдлагууд шатрын спортыг сайн ойлгодоггүйн наад захын жишээ энэ. Тэд биднээс гол нь медаль хүсдэг. Гэтэл шатрын дэлхийн аваргад түрүүлэхийн төлөө тэр олон сайн шатарчдаас ялгарч гарч ирэх  маш хүнд. Шатарт жин зай төрөл гэж байдаггүй. Бусад спортын тухайд бол наад зах нь  Азийн аваргад амжилт үзүүлэхэд харьцангуй цөөн хүн жин зай нас хүйсээрээ хуваагдаж өрсөлддөг учир боломж их байдаг. Гэтэл биднийг медаль авчирсангүй гээд шигшээ багаас хасчихдаг. Гол нь рейтинг үзүүлэлтийг  маань харах юм бол бид амжилтаа гаргаад, ахиулаад  явж байгаа. Бид гол нь чансаагаараа л  амжилт үзүүлнэ шүү дээ.


-Азийн тэмцээнд чансаагаараа эхний тавд ороод, дэлхийн тэмцээнд оролцох эрхийг авсан. Энэ амжилтыг чинь урамшуулсан  уу?

-Одоохондоо урамшуулсан юм байхгүй байна. Дэлхийн цомд оролцохын өмнө манай шатрын холбооноос гадны дасгалжуулагч урьж, бэлтгэл хийх боломжийг бүрдүүлж өгсөн. Энэ нь маш том дэмжлэг болсон. Мөн  олон улсын тэмцээнд явах боломжийг манай холбоо хувиараа хөөцөлдөж байна. Улсаас хандсан юм бол  байхгүй байна.


-Тэгэхээр чи олон улсын тэмцээнд  ихэвчлэн хувийн зардлаараа явж байна уу. Холбооноос чинь өөр ямар нэг дэмжлэг байна уу?

-Шигшээ баг гэж байхад улсаас зардлыг маань хариуцдаг байсан. Энэ жил шигшээ баг байхгүй болж  голдуу хувийнхаа зардлаар оролцож байгаа. Зарим олон улсын тэмцээнд их мастеруудыг  байр хоол зардлыг нь даагаад урьдаг. Хэрэв 2600-тай супер их мастер болчихвол гадагшаа тэмцээнд оролцох зардал дээр  санаа зовохгүй болно. Яагаад гэвэл бүх зардлыг тэмцээнийг зохион байгуулагчид даагаад, өөрсдөө уриад эхэлдэг. Одоо би "Алдар" спортын хорооны тамирчин гэгдэж тэндээс цалинжаад явдаг. Энэ хороонд олон жил болж байна. Хувийн тэмцээн уралдааны зардлуудыг одоогоор хувиараа хөөцөлдөж байгаа. Шигшээ баг байхгүй болсон учир холбоо маань маш их дэмждэг. Монголын номер нэг шатарчин гэдэг утгаараа л даа.


-Гэхдээ л чамайг дэмждэг хувь хүмүүс албан байгууллага  байдаг байх?

-"Алдар" спорт хорооноос гадна Баянхонгор аймгийн засаг дарга Батжаргал, шатрын холбооны ерөнхийлөгч байсан УИХ-ын гишүүн Занданшатар, Баярмаа захиралтай  "Зууны шатар" клуб маань байнга дэмжиж байдагт би талархаж явдаг.  Ялангуяа Баярмаа захиралтай тэмцээн уралдаанд олон удаа хамт явсан. Эд нар маань маш том дэмжлэг болдог.


- Чиний хэлж байгаагаар бол гадны том тоглогчид юм уу илүү туршлагатай шатарчинтай бэлтгэл хийх нь амжилт гаргахад багагүй нөлөөлдөг гэж ойлгож болох уу?    

- Нэгдүгээрт чансаа нь 2600 хүрсэн  шатарчин одоогоор манайд байхгүй. Тийм учраас  чансаагаа яаж 2600 хүргэх вэ гэдэг аргыг мэдэхгүй байна гэсэн үг. Бидний гарц бол өөрсдөө хувиараа  бэлтгэл хийхийн оронд гадны том тоглогчидтой  ажиллавал илүү  цаг хэмнэнэ. Миний хувьд бор зүрхээрээ   нэлээд удаан зүтгэлээ. Цаг их алдаж байна. Тиймээс  2600-д хүрсэн чансаатай  гадны том их мастеруудтай ажиллах зайлшгүй шаардлага гарч ирж байна.


- "Дэлхийн цом"тэмцээнд оролцохын өмнө ОХУ-ын их мастертай  бэлтгэл хийсэн гэсэн.Түүнээс олон давуу тал мэдрэгдэж байсан  уу?

-Насны хувьд залуухан ч нэлээд олон тэмцээнд надаас илүү тоглочихсон учраас маш их туршлагатай нь харагдаж байсан. Тухайлбал компьютерийн программууд дээр ажиллах, интернэт яаж ашиглаж,өрсөлдөгчийнхөө эсрэг мад  бэлтгэх гээд  маш олон мэдэхгүй зүйлүүдийг хэлж өгч байсан.


-Олон улсын тэмцээнд томчуудтай тоглож байх явцад тэдний тоглолтын хурд гээд олон зүйлийг мэдрэх үү?

-Дэлхийн аваргад тоглоход тэдний бэлтгэл илүү байх нь ойлгомжтой. Тэд бүх гараан дээр юу ч тоглоход бэлэн байдаг. Биднээс ялгаатай нь тэд  жилийн 365 хоногийн 200 гаруйд нь   гадагшаа тэмцээнд тоглоод явчихдаг.     Гэтэл бид сайндаа 60 хоногт нь явж байгаа. Энэ ялгаан дээр тоглолтын болоод техникийн ур чадварын асар их зөрөө гарч ирж байгаа. Мэдээж хамгийн гол зүйл нь санхүүгийн асуудал. Бид 200 өдөр жилийн тал хугацааг олон улсын тэмцээнд оролцоход зарцуулахад асар их зардал гарна. Гэхдээ биднийг   дэмжээд өгөх юм бол зардал нь бусад спортоос харьцангуй гайгүй . Үсрээд хоёр хүний зардал орно. Гэтэл багийн спортод маш их зардал гардаг.  Наад зах нь бидэнд ачаа энэ тэр гэж байхгүй. Зөвхөн компьютертойгоо явж байхад л болдог.


-Гадны  орнуудаас ямар нэгэн санал тавьж байсан тохиолдол байгаа юу?

-Одоохондоо ирээгүй. Тэмцээнд бол зөндөө урьдаг. Бүх зардлыг нь даая гээд. Өнгөрсөн жил гэхэд  Хайнанд болсон олон улсын тэмцээнд урьсан байгаа. Шагналын сан нь өндөр их том тэмцээн болсон. Яагаад урьдаг вэ гэхээр аль болох олон орны шилдэг шатарчид тэр дундаа их  мастерууд цуглавал тэр тэмцээн их нэр хүндтэй болдог. Тийм болохоор гадаадын их мастеруудыг зардлыг байгууллага нь даагаад урих дуртай байдаг.


-Чиний хувьд хамгийн их сэтгэлд хоногшсон тэмцээн...?

- Анхны олон улсын олимпиад. Мөн энэ жил тавдугаар сард Хятадад  болсон  Азийн аваргын тэмцээн их гоё болж өнгөрсөн. Энэ тэмцээний сүүлийн өрөг дээр маш их баярласан. Энэ өргөөс өмнө бүх юм шийдэгдээгүй байсан. Өөрөөр хэлбэл би найман өргийн дараа наймд жагсч байсан. Хожвол мэдээж урагшилна. Гэхдээ яг эхний тавд орох уу үгүй юу гэдэг  тодорхой биш байсан. Тэгээд сүүлийнхээ өргийг  хожчихоод  дээд талын өргүүдэээ хараад тавд орсноо мэдээд маш их баярласан. Хамгийн сүүлд гаргасан амжилт гэдэг утгаараа сэтгэлд тодхон байна. Миний хамгийн баяртай мөч гэж болно.


-Ажиглаад байхад шатарт өрсөлдөгчийн шар хор тэр бүр илрээд байдаггүй юм шиг ?

-Шатарчин хүн тэр бүр эмоци сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй. Бие биедээ маш хүндэтгэлтэй хандана. Харцаараа ч байлддаггүй. Тэмцээн эхлэхэд зүгээр сайхан  гар бариад, инээгээд сууна. Дуусахдаа гар бариад сална. Бие биерүүгээ уурлахгүй.Тэр талаараа шатарчидгэж болно.


-Шатрыг үгээр илэрхийлээч гэвэл...?

- Бодож байгаагүй юм байна. Маш олон төрлийн нэгдэл шүү дээ. Тухайлбал уран гоё нүүдэлтэй гэдэгээрээ нэг талаар урлаг гэж болохоор. Ерөнхийдөө шатрын тэмцээнийг сэтгэл зүйн маш том тулаан гэж болно. Тэгэхээр нэг ёсондоо оюун ухааны тулаан юм даа.


-Шатарт хүнд өгөх олон сайн чанар байдаг нь мэдээж. Монгол хүний оюуны чадварыг дэлхийд таниулж яваа та нараар бахархах сэтгэл төрж байна. Өөрийнхөө залгамж халааг бэлтгэх талаар ямар бодолтой явдаг вэ?

-Ойрын хэдэн жилдээ  идэвхтэй тоглоод, супер их мастер болчихвол  дараагийн шатрын дэлхийн  аваргуудыг, супер  их мастеруудыг бэлтгэх том төлөвлөгөө байгаа.  Монголд шатрыг дэлхийн төвшинд хөгжүүлэхэд нэгдүгээрт шатрын их мастеруудыг бүх шатанд нь маш сайн дэмжих хэрэгтэй. Монголын хүүхдүүдийг ажаад байхад 8-10 насандаа сайн тоглоод тэрнээс хойш тааруу тоглоод байгаа байдал ажиглагддаг. Яагаад гэхээр  8-10 хүртэлх  насанд нь шатрын босгоор бол дунд төвшинд нь бэлтгэх дасгалжуулагч олон  байдаг.  Тэрнээс дээш бэлтгэх дасгалжуулагч цөөхөн байна. Дэлхийн төвшинд хүрэх хүчтэй шатарчдыг багаас нь гаргаж ирэх ёстой. Сүүлийн үед шатарчдаа бага  залууд нь их мастер болгох бодлогыг гадныхан хүчтэй явуулж байна. Тэд 15-тайд нь их мастер болгоод, 20 хэдтэйд нь дэлхийн төвшинд хүргээд бүх юмаар нь хангаж бэлтгэсээр байгаад дэлхийн аварга руу зүтгүүлдэг. Гэтэл манайд сайн дасгалжууагч цөөхөн байна. Яахав сүүлийн үед энэ тал дээр ахиц гарч байгаа тал бий.  Дараа, дараагийн их мастерууд дасгалжуулагч болохоороо илүү сайн хүүхдүүдийг хурдан гаргаж  ирэх ёстой гэж боддог. Манай дээд  үеийн их мастерууд болох Шаравдорж, Хатанбаатар нар  бүгд шавь нараа бэлтгэж байгаа. Бид ч бас удахгүй хүүхдүүдээ бэлтгээд эхлэнэ.


-Ингэхэд чи аль нутаг вэ ?

-Ааваараа бол Баянхонгорынх гэж явдаг. Би өөрөө хотод төрж өссөн. Гэхдээ Баянхонгор аймгийн Өлзийт сумынх гэж явдаг. Өнгөрсөн зун  "Шаргалжуут" рашаан сувилалд миний нэрэмжит тэмцээн болсон.  Монголын шилдэг шатарчид, мастерууд бүгд тэнд очсон. Их гоё тэмцээн болсон. Энэ тэмцээнийг жил бүр уламжлал болгон хийхээр болсон байгаа. Баянхонгор аймагт  харьцангуй цөөхөн шатарчин байдаг ч сүүлийн үед өсвөр үеийнхэн  нэлээд идэвхтэй тоглож байгаа. Манай аймгийн засаг дарга Баянхонгор аймгийн шатрын холбооны даргаар ажиллаж байгаа. Шатрыг нэлээд дэмждэг. Ирэх жил аймагт маань насанд хүрэгчдийн улсын аварга болно. Сая цагаан сарын өмнө УИХ-ын гишүүн Занданшатартай хамт бүх сумдаараа явж шатрын тэмцээн зохиосон байгаа.


-Аль сургууль төгссөн бэ ?

-93-р сургуулийг төгссөн. Манай сургууль тэр үедээ гоц авъяастны гэж явдаг байсан.


-Сурлага сайтай хүүхэд байсан уу?

-Бүх хичээлээ 100 хувь "А" гэсэн үнэлгээтэй төгссөн. Шатрын тэмцээн гээд хичээлдээ бараг суудаггүй байсан ч хичээлээ нөхөж үзээд, шалгалтаа амжилттай өгчихдөг хүмүүсийн хэлдэгээр толгой сайтай хүүхэд байсан.  Ер нь шатрын хүүхдүүд.  математик, хими, физик тэр дундаа тооцооны  хичээлд илүү сайн байдаг нь ажиглагддаг. Сургуулиас хот дүүргийн ямар олимпиад болно намайг шууд явуулдаг байсан. Гэхдээ би гоц гойд амжилт үзүүлж байгаагүй. 10-р ангиа төгсөөд МУИС-д  математик компьютер суурьтай шалгалт өгөөд, 10 мянгаад хүүхдээс эхний 10-т орж программ хангамжийн ангийн хуваарь авч байсан. Яг тэр үеэс  шатрын тэмцээний идэвхтэй тоглолт маань эхэлсэн  учир  хичээлдээ анхаарч амжилгүй явсаар  сургуулиа төгсөх гэж 16 -17 жил  явсан. Дараа нь үндэсний Биеийн тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагч мэргэжлээр төгссөн.


- Энэ дашрамд гэр бүлээ танилцуулахгүй юу. Анхны хүүхдээ саяхан өлгийдөж авсан гэж сонссон. Гэр бүлийнхээ тэр нандин баярт мэдээнээс хуваалцаж болох уу?


-8 сарын 27-нд манай эхнэр маань амаржиж, хүүтэй болсон. Миний хувьд аав болсондоо сэтгэл маань аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн байна. Дэлхийн цомын тэмцээнд явахын өмнөхөн хүүтэй болсноо маш их бэлгэшээсэн.  Эхнэр Батцэцэг маань багаасаа  шатар тоглодог байсан. Хүүхэд байхдаа өсвөр үеийн улсын аваргад хоёр удаа түрүүлж байсан. Харин сүүлийн үед тоглохоо больсон. 


-"Зууны шатар" клубийн  тань таван жилийн  ой удахгүй болох гэж байгаа юм байна. Энэ клубийнхээ талаар өөрийн сэтгэгдлээ хуваалцахгүй юу?


- Манай "Зууны шатар" клуб  монголд  байгаа  клубуудээс материаллаг бааз, сургалтын орчин гээд бүх талаараа мэргэжлийн  гэдэгээрээ бусад клубуудээс илүү.  Баярмаа захирал маань шатарт элэгтэйн хажуугаар хүүгээ дэмжээд, тоглуулаад явж байгаа нь бусад эцэг эхчүүдэд үлгэр жишээ болж байна. Мөн олон шатрын тэмцээн зохион байгуулж, ивээн тэтгэж байна. Биднийг гадагшаа тэмцээнд явахад  байнга дэмжиж туслаж байна.  Энэ бүхэнд нь маш их талархаж явдагаа энэ дашрамд хэлмээр байна. Манай клубийн Жийгээ багш  бас их сайхан хүн. Багш маань  клубтээ шатрын анхан болон  дунд шатны хичээл зааж байна. 70 гарсан гэхэд хичээлээ заагаад явж байгаа энэ хүн бие сайтайгаас гадна маш сайхан  эерэг энергитэй. Баяраа багш маань байна. Олон сайхан шавь төрүүлсэн чадварлаг багш.  Энэ мэтчилэн манай хамт олон дунд олон сайхан хүмүүс бий.

 

Сэтгүүлч Б. Туул 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


albaker    2 долоо хоног []


Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com


Зочин    3 долоо хоног, 3 өдөр [41.85.161.136]


Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид аюулгүй хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгодог. Холбоо барих хаяг: WhatsApp: +33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com