Газар дээрээс нь


Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг сэтгүүл зүйн шилдэг бүтээлүүдийг тодрууллаа

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Хэвлэлийн хүрээнгээс НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаан зарлаж, гэр бүлийн хүчирхийлэл болон жендэрт суурилсан хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг мэргэжлийн, ёс зүйтэй хөндсөн сэтгүүлчдийг урамшуулав.




“Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг хэвлэл мэдээллийн оролцоо” сэдэвт сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааны хүрээнд 2017 оны есдүгээр сарын 22-ноос арванхоёрдугаар сарын 1-ний хооронд сэтгүүлчид 22 бүтээл өгсөн байна.




Шүүгчдийн бүрэлдэхүүнд “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал, Үндэсний статистикийн хорооны үндэсний судалгааны төслийн зохицуулагч З.Хандармаа, Швейцарийн хөгжлийн агентлагийн үндэсний хөтөлбөрийн зохицуулагч Н.Эрдэнэсайхан, НҮБ-ын Хүн амын сангийн Жендэрийн хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Оюун, Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн багш Д.Мөнхчимэг нар ажиллажээ. Уралдаанд ирсэн бүтээл бүр өөрийн гэсэн онцлог, сайн чанартай байсныг шүүгчид тэмдэглэж байв.




Ингээд тэргүүн байрын шагналд “Ийгл ньюс” телевизийн хамт олон хүчирхийлэлд өртсөн бага насны хүүхдийн хэргийн талаар өдрийн турш сурвалжилсан “Ийглийн мэдээ” хөтөлбөрөөрөө шалгарлаа. Өргөмжлөлийг “IT Zone”-оос 1.5 сая төгрөгийн бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн хамт НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара, Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах нар “Ийгл ньюс”-ийн хамт олонд гардууллаа.




“Хэргийг мэдээлээд өнгөрөх биш, учир шалтгааны эрэлд ажилласан хамт олны маань хөдөлмөр Ерөнхий сайдын анхны шийдвэрээр Шүүх эмнэлэгт 0-15 насны хохирсон хүүхдийг үнэ төлбөргүй үздэг болоход тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж боддог. Өнөөдөр мөн мэргэжлийн байгууллагуудад ийнхүү үнэлүүлсэндээ баяртай байна” хэмээн “Ийгл ньюс” телевизийн ерөнхий продюсер Ж.Хулан сэтгэгдлээ хуваалцлаа.




Сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааны дэд байрын шагналыг ub.life цахим хуудасны сурвалжлагч Г.Ариунзул “Төр хэзээ хүчирхийллийн хохирогчдоо хамгаалдаг болох вэ” нийтлэлээрээ хүртэв.




Гутгаар байрыг Монголын үндэсний радиогийн “Баримт” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн хамт олон “Гологдсон зүрх” бүтээлээрээ авсан юм.




Шагнал гардуулах ёслолын өмнө “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд хэвлэл мэдээллийн оролцоо” сэдэвт олон талт хэлэлцүүлэг болсон. Нийтлэлч Э.Энэрэл, хүний эрхийн активист Т.Ананд, “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгийн судлаач Э.Гэсэр нар хэлэлцүүлэгт оролцсон. Энэхүү хэлэлцүүлэг нь жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг сайжруулж, хэвлэл мэдээллийн үүрэг, оролцоог сайжруулах, энэ тохиолдлын талаар мэдээлж, сурвалжлахдаа мэргэжлийн сэтгүүлзүйн ёс зүйн зарчмуудыг баримтлахыг дэмжих зорилготой юм.


Энэ талаар Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах




"Хэвлэлийнхэн жендерийн асуудлаар эсвэл жендэрт суурилсан хүчирхийллийн талаар олон нийтэд мэдээлэл хүргэхдээ шуугиан дэгдээн, сенсаци болгож ашиглах тал байдаг. Нөгөө талаар санамсаргүйгээр хэвшмэл үг хэллэгээрээ нийгэмд сөрөг ойлголтыг түгээж болдог. Жишээлбэл, эмэгтэйчүүд гадаад төрөхөөрөө бусдыг анхаарлыг татаж, өөрийн хариуцлагагүй байдлаасаа болж халдлагад өртсөн гэх мэтээр нийгэмд ойлгуулж, энэ талаарх сөрөг яриа өрнөх хэмжээний буруу үг хэллэг ашигладаг. Энэ болгонд сэтгүүлчид маань сенсацилахаасаа илүүтэй асуудлыг олон нийтэд зөв талаас нь ойлгуулах, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд нийгэмд оролцох эрхтэй, адил хариуцлагатай байх ёстой гэх чиглэлээр нийгэмд мэдээлэл өгөх ёстойг бид хэлээд байгаа юм. Бид нийгмийг тухайн асуудалд хандуулах, шийдэл эрэлхийлэх зорилгоор олон нийтэд мэдээлэл хүргэх нь чухал. Гэвч бид жендэрийн асуудлыг байдаг л зүйл мэт хүлээж авч байгаа нь цаашлаад сэтгэл эмзэглэх асуудлуудыг ч энгийн мэт хүлээн авах аюултай. Тиймээс энэ тал дээр хэвлэлийнхэн хариуцлагатай хандах хэрэгтэй" гэлээ.




Харин НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара "Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцдог болсон нь хүчирхийлэл үйлдэгчдэд хариуцлага хүлээлгэж, хүчирхийлэлд өртөгсдөд тусламж, үйлчилгээ үзүүлэх механизмыг бүрдүүлэхэд чухал алхам болсон. Гэвч бид үүнд сэтгэл ханаж, зогсож болохгүй. Хэвлэл мэдээллийнхэн энэ талаар үргэлжлүүлэн мэдээлж, хүчирхийлэл үйлдэгчдэд хариуцлага хүлээлгээд зогсохгүй, нийгмийг өөрчлөх гол хүчин болох нь чухал" хэмээн онцлов.


Хүчирхийллийг таслан зогсоох, хүчирхийлэгч хариуцлага хүлээдэггүй байдлыг устгах тал дээр олон нийтийн оролцоо чухал бөгөөд тэр мэдлэг, ойлголт, хандлагыг төлөвшүүлэхэд хэвлэл мэдээлэл бодитой хувь нэмэр үзүүлж чадахыг мэргэжилтнүүд онцолж байлаа.




Үүний тулд жендэрт суурилсан хүчирхийллийн сэдвээр бичдэг сэтгүүлчид сургалтад сууж, энэ талаарх ойлголт, мэдлэгээ сайжруулах нь чухал гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид мөн тэмдэглэсэн юм.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.