Дэлхийн ой тогтоолтын аваргуудад “Сод Монгол групп” ХХК гарын бэлэг гардуулж, цаашид дэмжин ажиллахаа илэрхийллээ.


“Монголын баг тамирчид Ой тогтоолтын Дэлхийн ДОЛООН амжилтыг шинэчиллээ”


Индонез улсын Жакарта хотноо 12-р сарын 1-3-ны өдрүүдэд болсон Ой тогтоолтын ДАШТ-нд Монголын баг, тамирчид амжилттай оролцож, багаараа тэргүүн байрыг эзэллээ. Дэлхийн олон орны тамирчид өрсөлдсөн уг тэмцээн ой тогтоолтын 10 төрлөөр болсон бөгөөд боломжит 90 медалиас манай баг тамирчид 57 медалийг хүртжээ.

Ингэснээр Монгол Улсын баг тамирчид 10 төрөлд нийтдээ 22531 оноо авч, дэлхийн №1 баг болсон юм. Мөн энэ төрлөөр хичээллэдэг 4000 гаруй тамирчдын эхний 10-ын жагсаалтад Монголын дөрвөн тамирчин багтсан гээд дэлхийн ДОЛООН амжилтыг эвдэж, шинэчлэн тогтоожээ. Ийнхүү Монголдоо төдийгүй, дэлхийд байхгүй амжилтыг тогтоосон баг тамирчид өчигдөр /12.06/ эх орондоо ирлээ.



“Монгол хүн оюун ухаанаараа ирээдүйд дэлхийд тэргүүлэх учиртай”


Биеийн хүчний гэгддэг жүдо, бокс, чөлөөт бөхийн тив, дэлхийн аваргуудаа төр засаг өндрөөр үнэлэн, угтан авдаг нь сайшаалтай. Харин оюун ухааны тамирчидаа, энэ спортыг үнэлэн, хөгжүүлэх шаардлага тулгараад байна.  

Монгол Улсын Ерөнхийлөгч С.Баттулгын хэлсэнчлэн Монгол ухаан, эрдэмтэн, инженерүүдээ дэмжин, үнэлдэггүй жишиг тогтоод байна. Үүнийг өөрчлөх, урлаг, соёл, спортын олон төрөлд дэмжих шаардлагатай байгаа юм.

Дэлхийд Монгол хүн оюун ухаан, ой тогтоолтоороо манлайлах цаг нэгэнт ирсэнийг, тэдгээрийг дэмжих шаардлагатай гэж “Сод Монгол групп” ХХК-ийн удирдлагууд үзсэн байна. Ингээд өчигдөрхөн эх орондоо ирсэн Ой тогтоолтын Дэлхийн аваргуудыг өнөөдөр /12.07/ хүлээн авч,  баяр хүргэж, цаашид дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.



“Ой тогтоолтын дэлхийн аваргууд кино урлагаар дамжуулан урлаг, соёлын мэдлэгээ тэлнэ”


Ингээд ой тогтоолтын дэлхийн аваргууд болох баг тамирчдыг “IMAX Өргөө” кино театрт хүлээн авч, гарын бэлэг, бүтэн нэг жил “Өргөө” кино театрын 1, 2, 3, "Эрдэнэт-Өргөө" бүх салбаруудад үнэ төлбөргүй, хүссэн киногоо үзэж, үйлчлүүлэх эрхийн бичиг гардууллаа. Кино урлагаар дамжуулан хүүхэд, залуучуудад соёлын үрийг түгээж байдаг "Өргөө" кино театр үйлчлүүлэгчидээ таатай хүлээн авч, ая тухтай, тохилог, хөгжөөнтэй орчинд, дуу дүрсний гайхамшгаар дэлхийн болон Монголын шилдэг уран бүтээлүүдийг хүргэдгээрээ онцлогтой. Ой тогтоолтын Дэлхийн аваргуудтай хамтарч ажиллах болсондоо таатай байгааг тус кино театрын хамт олон онцолж байлаа.

Эдгээр тамирчид 9-18 насны сурагчид бөгөөд бага, өсвөр, насанд хүрэгчдийн гурван насны төрөлд оролцож, ийнхүү амжилт гаргажээ.

Тэдний дунд энэ жилийн дэлхийн аваргын тэмцээнээс 10 медалийг хүртэж, олны гайхшралыг төрүүлсэн хүү байлаа. Түүнийг Б. Ариунбилэг гэдэг, 10 настай. Тэрээр Ой тогтоолтын ДАШТ-ний “бага нас”-ны төрлийн аварга, дуут цифр, нэр зүс царай таних зэрэг олон төрөлд оюун ухаанаараа өрсөлдөж ийнхүү аваргалжээ.



Орхон аймгийн сурагч Б. Ариунбилэгийн тухайд өрсөлдөгчид маш хүчтэй байсныг онцлоод, тэмцээнд ороод аварга болсондоо ихэд урамшиж, энэ төрлийн спортоо улам их хөгжүүлнэ гэдгээ хэлж байлаа. Мөн анхны том амжилтыг нь үнэлэн, "Өргөө" кино театр хүссэн киногоо үнэ төлбөргүй үзүүлэх болсонд маш их баярлаж байгаагаа илэрхийллээ.



Мөн 10 настай Ш.Наранбат тус тэмцээнээс нэг алт,  таван мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ. Түүний хувьд анхны дэлхийн аваргын тэмцээн бөгөөд маш их сандарч, өрсөлдөгчид хүчтэй байсныг хэлээд, цаашид улам илүү хичээж оролцоно гэж байсан юм. Кино үзэх маш их дуртай хүүгийн хувьд "Өргөө" кино театрт хүссэн киногоо жилийн хугацаанд, дурын салбар дээр очин үзэх болсондоо тун их баярлаж байлаа. 


“Ц.Анандбазар: Ой тогтоолтын Дэлхийн аварга гэдэг бол Олимпийн аварга гэсэн үг”


“Сод Монгол групп” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Анандбазар: “Та бүхэнд томоос том баяр хүргэе. Энэ бага насандаа дэлхийн аварга болж байгаад үнэхээр бахархууштай байна. Та бүхнийг “Сод Монгол групп” ХХК, “Өргөө” кино театрын “Нью тур сафарис” компани байнга дэмжих болно. Та бүгдийг би оюун ухаанаараа бол Олимпийн аварга гэж хэлмээр байна. Багаараа аваргын алтан медалийг авчирна гэдэг үүний тод илрэл.


Та нарын хэд нь шатар тоглодог вэ? Шатар бол өөрөө асар том оюуны хөгжлийг өгдөг спорт шүү дээ. Шатрыг тоглох юм бол та нарын оюун ухаан тэлэн хөгжинө. Шатрын их мастерууд, дэлхийн аваргууд та бүхний дундаас төрнө гэдэгт итгэлтэй байна. Ингээд бүгдэд нь би шатар тоглохыг ерөөгөөд, бүгд шатар тоглож эхэлбэл, оюуны ухааныг дэмжигч “Өргөө” кино театр байнга дэмжиж, тэмцээнд оролцоход санхүүжилтэд дэмжлэг болно. Монгол Улс оюун ухаанаараа дэлхийн аварга гэдгээрээ гайхшруулаасай гэж хүсч байна” гэлээ.



“Сод Монгол групп” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд ийнхүү Ой тогтоолтын ДАШТ-нд амжилттай оролцож, улс эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж, дээд амжилтыг эзэмшсэн баг хамт олонг хүлээн авч, бэлэг гардуулж, цаашид байнга дэмжин ажиллахаа илэрхийллээ.