Улс төр


Амьдралаас тасарсан, тасраагүй гишүүд юу хэлэв

6 өдөр, 19 цаг TIMES.MN

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн 2018 оны улсын төсвийн зарлагын хэсэгт тавьсан хоригийг хэлэлцлээ. Энэ үеэр гишүүд нэг нэгнээ амьдралаас тасарсан тасраагүйгээр нь ялган дараах үгсийг хэллээ.




Эмээлтэд хүн амьдардаггүй гэх юм



УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Нийслэлд гурван ээлжээр хичээллэдэг 10 сургууль байна. Эмээлтэд хүн амьдардаггүй гэх юм. Тэнд 5,000 орчим хүн амьдарч байна. Эмээлтэд сургууль барих төсөвт хориг тавьж болохгүй. 25 мянган хүүхэд сургуульгүй хоцорч байна. Ардчилсан намын ах нар өөрсдийнхөө ярьдаг шигээ ажлаа хийхгүй яасан юм бэ? Энэ оны төсөв эдийн засгийг солонгоруулах чиглэлийн төсөв болсон".




Иргэдийнхээ амьдралтай танилцах хэрэгтэй



УИХ-ын гишүүн Н.Учрал "Олон жил дарга хийсэн хүмүүс амьдралаас тасарчихдаг гэдэг үгийг З.Энхболд гуайг үг хэлэхэд л ойлголоо. Өнгөрсөн дөрвөн жил Ардчилсан нам засаг барьж байхдаа хүмүүс энэ улсад амьдардаг гэдгийг мартсан олон шийдвэр гаргасан. Их хуралд сонгогдож байгаа хүмүүс иргэдийнхээ амьдралтай танилцах хэрэгтэй. Цаас харж хориг тавих хэрэггүй".




 Миний тойрогтоо зарцуулах гурван тэрбум төгрөг хаана байна вэ? 


УИХ-ын гишүүн О.Баасанхүү "УИХ-ын гишүүний миний тойрогтоо зарцуулах гурван тэрбум төгрөг хаана байна вэ? 76 гишүүн бүгд Монгол Улсыг төлөөлж байгаа. Багийн Засаг даргад машин авна зэрэг замбараагүй зардал байгаа гэсэн. Энэ үнэн үү? Ер нь алдагдалтай төсөв батлахгүй байж болдоггүй юм уу? Алдагдлыг нөхөх гэж төсөв батлаад хэрэггүй. Манайх 2 их наядыг хоосон үлдээчихээд байна. Зайлшгүй алдагдал юунд байсан юм бэ?" 




Төсвийг алдагдалгүй болгочихвол өргүй байх боломж бүрдэнэ


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Төсвийг алдагдалгүй болгочихвол өргүй байх боломж бүрдэнэ. Харамсалтай нь сүүлийн 4, 5 жилийн бодлогын алдаанаас болоод төсвөө алдагдалтай баталж байна. Төсвийн алдагдал 2015 онд ДНБ-ий 8.1, 2016 онд ДНБ-ий 17.5 хувьтай тэнцэхээр байна. Үүнээс үзэхээр олон жилийн турш төсөв алдагдалтай явчихсан учраас огцом буулгах боломжгүй."




Алдагдалгүй төсөв батлах боломж энэ жил бүрдэж байна



Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд "Манай улс түүхэндээ анх удаа алдагдалгүй төсвийг 2007 онд батласан. Үүнээс өмнө дандаа алдагдалтай төсөв баталж ирсэн. Алдагдалгүй төсөв батлах боломж энэ жил бүрдэж байна. Тийм ч учраас Ерөнхийлөгч Улсын төсөвт хориг тавьж байгаа. 2012-2016 оны төсвийн орлого зарлагыг нийцүүлж болно. Их үнийн дүнтэй улсын төсвөөс зайлшгүй хийх шаардлагагүй зүйлээ өөр аргаар санхүүжүүлэх хэрэгтэй. Ингээд ОУВС гэсэн зүйл рүү очиж байгаа юм. ОУВС-гийн зааж өгч байгаа бүхэн зөв биш".




УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Би их хуралд дөрвөн удаа сонгогдсон. Миний өрөөний хаалга бороороо л байгаа. Харин зэрэгцээ өрөөнүүдийн хаалга жилд дөрвөн удаа солигдож байна. Бид хэмнэлтийг өөрсдөөсөө эхлэмээр байна. Өрөө тасалгаагаа сольж, засварын мөнгө гаргахаа больмоор юм."




УИХ-ын гишүүд хүртэл ямар ч машин авахаа больчихсон



Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Контор битгий барь. Дарга нарт битгий машин ав. УИХ-ын гишүүд хүртэл ямар ч машин авахаа больчихсон. Төсөвт хэмнэлт хийх боломж их бий. Төсвийн алдагдал гэнэт өссөн шалтгаан бол төсөл хөтөлбөрүүдийг нийлүүлсэнд байгаа юм."




Ингэж байхаар MNB МАН гээд өөрчилчихмөөр юм



УИХ-ын гишүүн Л.Болд "Төрийн ордны барилгын засвар нэг тэрбум төгрөг байна. MNB дэлхий MNB спорт гэсэн хоёр суваг нэмэх юм байна. Ингэж байхаар MNB МАН гээд өөрчилчихмөөр юм. Бидний үгээ хэлэх боломжийг парламентын суваг л олгож байна" гэлээ.




Нэг улс төрийн хүчний өмнө хийсэн алдааг өмгөөлсөн хориг байна


УИХ-ын гишүүн Я.Содбаатар "Төсвийн хориг бодлогынх байсан бол би дэмжих байсан юм. Гэтэл нэг улс төрийн хүчний өмнө хийсэн алдааг өмгөөлсөн хориг байна. Үг үсэгнээс эхлээд алдаатай, ойлгомжгүй хориг байна. Төсвийн алдагдал 17 хувьтай байсныг зүтгэж байж 8 хувьд хүргэлээ. Сүүлийн үед буруу зөв мэдээлэл танхимаас их гарах юм. Аль багийн Засаг дарга нарт машин авч өгөөд байгаа юм бэ? Зарим сумын Засаг дарга нарт машин авч өгөх хэрэг байгаа. Ямар ч гишүүний өрөөг зас гэж мөнгө тавьдаггүй".







Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    6 өдөр, 18 цаг []


Татвараа эргэж хараач ээ ард тумэн чинь татварт дарлуулж улс терчид офшортон болцгоож менгее хийх газраа олж ядан байна алдагдлаа ард тумнийхээ кармаанаас авна гэж нэмээд л байдаг ард тумэн туйлдаж дарга гишууд таргалж байна