2017,12-Р Сар,06


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


"Утаа багасна" гээд нүүрсээ түлэхгүй хөлдөж үхэлтэй биш

1 долоо хоног TIMES.MN

Сүүлийн жилүүдэд утаа буюу агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл ихэсч, үүнээс болж нас барсан хүмүүсийн тоо нэмэгдэж байна гэсэн судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргаад байгаа билээ. Мөн агаарын бохирдол хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдгийг ДЭМБ-аас нэгэнт хүлээн зөвшөөрч, 2013 онд хортой агаар нь хорт хавдар үүсгэгч болохыг зарласан.


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн илтгэлд дурдсанаар, агаарын бохирдол нь цаг уурын хүчин зүйлтэй хавсран нийслэлийн хүн амын

-амьсгалын замын өвчлөлийн 52.9,

-зүрх судасны өвчлөлийн 20,

-уушгины хавдрын 40,

-хүүхдийн амьсгалын замын өвчлөлийн 24.1 хувийн шалтгаан болж байна.




Мөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС-ийн 2014 онд хийсэн хамтарсан судалгаагаар Улаанбаатар хотод өвлийн улиралд ургийн гаж хөгжил, зулбалт 3.6 дахин их байгаа нь тогтоогдсон ба агаарын бохирдолтод илүү өртсөн эхээс төрсөн ургийн хэмжээ 80 гр-аар бага байгааг тодорхойлсон байна.


Гэвч энэ бүхний буруутан болох утаа хаанаас үүсээд байна вэ?




Энэ талаар иргэд дараах байр суурьтай байна.


СХД-ийн 3-р хорооны иргэн Б.Д:

-“Агаарын бохирдол үнэхээр болохоо байлаа. Яадаг юм байгаа бүү мэд. Агаарын бохирдлын эх үүсвэр нь нүүрс л байхдаа. Гэхдээ гэр хорооллын бид утаа багасна гээд өвөл нүүрсээ түлэхгүй бол хэцүү, ямар хөлдөж үхэлтэй биш. Цахилгаанаар халаалтаа шийдье гэхээр мөнгө төгрөгийн боломж хүрэлцээ нь муу байх юм. Нэг бол улсаас нэгдсэн нэг системээр халаалтыг нь хөнгөлөлттэй үнээр шийдээд өгвөл дээр болов уу” гэлээ.




Улаанбаатар хотын гэр хорооллын нүүрс түлж буй айл өрх агаарын бохирдлын 80 хүртэл хувийг “үйлдвэрлэж” буй гол эх үүсвэр болж байна.


Өнөөдөр өглөө 08:00 цагийн байдлаар нийслэлийн зургаан байршилд агаарын бохирдол их болон маш их хэмжээнд байна. Ялангуяа Баянхошуу орчмын агаарын чанарын индекс 1289 хэмээн заажээ. Харин Толгойт, Баруун дөрвөн зам орчимд агаарын чанарын индекс 560-725 байгаа бол Бөхийн өргөө, Монгол газар, Амгалан орчимд 431-492 гэж зааж байна.




ДЭМБ-ын стандартын дагуу агаарын чанарын индекс 50-аас доош байгаа нөхцөлд цэвэр агаартай байна гэж үздэг. Агаар маш их бохирдолтой буюу АЧИ 501-ээс дээш байхад нийт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илрэх учраас хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийж гэртээ байх хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай юм. Мөн амны хаалт зүүхийг зөвлөж байгаа юм.




Гэвч иргэд амны хаалт зүүх нь тун ховор байгаа бөгөөд энэ талаар СХД-ийн иргэн М:

-“Утааг бууруулахын тулд иргэн бүрийн оролцоо чухал. Ганц төр засаг шийдэх гээд барахгүй байх. Гэхдээ улсаас авч хэрэгжүүлсэн ажлууд нь үр дүнгүй аргууд байсан. Гэр хороолол нүүрс түлэхээ болихгүй бол утаа буурахгүй ээ. Хар л даа гэр хороолол ихтэй хэсгээр утаа их байгаа биз дээ. Өглөө оройдоо хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгч, авах үеэр бүр дэндүү байдаг шүү. Миний хувьд маск зүүгээгүй л байна. Яг ямар нь сайн гэдгийг мэдэхгүй байна” гэсэн тайлбар өгсөн юм.






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.