ХАБ


Мэргэжлээс шалтгаалах өвчнөөс сэргийлцгээе

1 долоо хоног, 1 өдөр TIMES.MN


Мэргэжлийнхээ онцлогоос хамаарч суурь өвчтэй болсон иргэд манай улсад цөөнгүй бий. Их дуу чимээтэй орчинд ажилладаг хүний сонсгол муудаж сонсголын бэрхшээлтэй болдог. Харин тоос шороо ихтэй орчинд ажилладаг хүмүүсийн дунд амьсгалын замын өвчлөл өндөр төдийгүй уушиг тоосжих өвчтэй болох тохиолдол ч бий.  Удаан хугацаагаар зогсоогоор эсвэл сууж ажиллах,  хүнд жинтэй зүйлийг байнга  өргөх зэргээс шалтгаалан нурууны эмгэгт  ч өртөх жишээтэй. Судалгаагаар насны хувьд 40-54 насны иргэдийн дунд мэргэжлээс шалтгаалах өвчлөл хамгийн өндөр байгаа юм. Мэргэжлээс шалтгаалах өвчтэй болсон хүмүүсийн 80 хувь нь  эрэгтэйчүүд, 20 хувь нь эмэгтэйчүүд байна. Монгол улсад мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвдсөн ажилчдын ихэнхи хувийг ажлын байрны тоос, тоосонцроос шалтгаалсан амьсгалын замын өвчлөл эзэлж байна.  Харин удаах байруудад эргономикийн буруу байрлал, доргио чичиргээ болон шуугианаас үүдэх өвчлөлүүд оржээ.
 


Хянагдаж байгаа өвчтөнүүдийг харьяалалаар нь авч үзэхэд:

                   /2016 оны жилийн эцсийн байдлаар/

 

Архангай 6, Баянхонгор 3, Баян-Өлгий 59, Булган 36, Говь-Алтай 1, Говьсүмбэр 36,

Дорнод 29, Дорноговь 119, Дундговь 9, Завхан 0, Сүхбаатар 12, Сэлэнгэ 179, Төв 19,

 Увс 4, Ховд 8, Хөвсгөл 44, Хэнтий 362, Өмнөговь 8 , Өвөрхангай 30, Дархан-Уул 527,

Орхон 477, Улаанбаатар хот 1561. Үүнд: Баянзүрх 240, Баянгол 143, Багахангай 3,

Багануур 211, Налайх 456, Сүхбаатар 93, Сонгинохайрхан 219, Хан-Уул 99,

Чингэлтэй 97 


 






 

                                 Тоосны бие мах бодид үзүүлэх нөлөө


Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилсан сэргийлэх чиглэлээр  үйл ажиллагаа явуулдаг  байгууллага бол “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв” юм.


 Энэ төвийн  Хөдөлмөрийн эрүүл ахуйч Ц.Цэнд-Аюуш: 



                                     


 - Ажлын байранд үүссэн тоос нь агаарын хөдөлгөөнөөр тархаж хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Нарийн ширхэглэгт тоосонцор механик хольцууд нь хамар, төвөнх, гуурсан нь хоолойн салбарласан бүдүүн хэсгээр дамжин орж, уушгины цулцан гуурсан хоолойн нарийн хэсгүүдэд гүнзгий нэвтрэн орж, цулцангийн дотоод гадаргууг бүрхэн гэмтээж, уушги тоосжих өвчнийг үүсгэж уушгины дотоод гадаргуугийн талбайг багасгадаг.


 Мөн нарийн ширхэглэгт тоосонцорууд нь гуурсан хоолойн нарийн сүвүүдийг бөглөж, цулцанд орох хүчилтөрөгч бүхий цэвэр агаарыг саатуулж, уушги мөгөөрсөн хоолойн үрэвсэлт (уушгины хатгалгаа, бронхит гэх мэт) өвчнийг үүсгэн хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Тоос, тоосонцрын нөлөөллөөс ажилчдыг хамгаалах, урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг ойлгуулах, ажлын байранд эрүүл мэндээ хамгаалах зөв зан үйл хэвшүүлэх, эрүүл ажлын байр, эрүүл ажилтантай байхын төлөө ажиллахыг уриалж байна.




 Хүний сонсох чадвар нэгэнт алдагдсан бол түүнийг бүрэн эмчлэх, нөхөн сэргээх боломжгүй



Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн эрүүл ахуйч О.Болорсүх:


                                               


-Ажлын байрны стандартад заагдсан дээд хэмжээнээс чанга шуугиантай байх нь ажилтнуудын сонсгол алдагдах эмгэгт өртөх гол шалтгаан болдог. Шуугиан нь ажилтныг өвдөлтгүйгээр нэг л өдөр мэргэжлээс шалтгаалсан өвчтэй болгох аюултай. Хамгийн том асуудал бол хүний сонсох чадвар нэгэнт алдагдсан бол түүнийг бүрэн эмчлэх, нөхөн сэргээх боломжгүй байдаг. Сонсгол алдагдах нь эмгэгийн шалтгаан болохоос гадна бусад эрүүл мэндийн сөрөг нөлөөллийг үүсгэдэг. Ядрах, анхаарал төвлөрөлт буурах, цусны даралт ихсэх зэрэг мэдрэл, зүрх судасны эмгэг үүсэхээс гадна, ажилчид анхааруулах тохиог сонсоогүйгээс үйлдвэрлэлийн осол гарах эрсдэл үүсч болно.   Ажлын байранд шуугианы түвшин эрсдэл өндөр байгаа боловч ажилчид маань өөрсдийгөө дуу чимээнээс хамгаалах чихний бөглөө, чихэвч зэргийг хэрэглэддэггүй, хэрэглэж хэвшээгүйд хамгийн том асуудал байна. Ажлын байранд дуу шуугианд хэдий өндөр байсан ч сонсгол алдагдах эмгэгт өртөхгүй байж болно.

Шуугианаас ажилчдыг хамгаалах маш олон төрлийн аргууд байдаг. Энэ талаар Аж ахуйн нэгж байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтнүүд өөрийн байгууллага дээр шуугианыг бууруулах ямар аргыг ашиглаж болох талаар зөвлөгөө, зөвлөмж авч хамтран ажиллах бүрэн боломжтой. Монгол улсад ажлын байранд тавигдах шуугианы зөвшөөрөгдөх хэмжээг MNS 5002:2000 дугаар бүхий стандартаар зохицуулж байна.


Мэргэжлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх хэд хэдэн арга бий

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын газрын дотор судлалын эмч О. Тогоохүү:

                                                            


- Мэргэжлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх хэд хэдэн арга  байдаг. Тухайлбал, техник технологийн, хууль эрх зүйн, эмнэлэг биологийн, хувийн урьдчилан сэргийлэлтийн гээд. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн болон бусад холбогдох хууль тогтоомж, тушаал шийдвэр дүрэм журманд хөдөлмөрийн нөхцөл, нас , хүйс, тухайн хүний эрүүл мэнд, өвчний байдлаас хамааруулан хөдөлмөрийн хэвийн бус тодорхой нөхцөлд ажиллуулахыг хориглох, ажиллах тогтоосон цагийг баримтлах, илүү цагаар ажиллуулахгүй байх үүрэгтэй юм.


Мөн  техник технологийн урьдчилан сэргийлэлт нь хөдөлмөрийн нөхцөл сайжруулахад чиглэсэн, технологийн шинэчлэл, автоматжуулалт, механикжуулалт, засвар үйлчилгээ ажлын байрны агааржуулалт, шинжлэх ухааны үндэслэлтэй хөдөлмөр зохион байгуулалт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн нөхцөлд хяналт тавих зэрэг багтана. Эмнэлгийн урьдчилан сэргийлэлт нь хугацаат үзлэгт ажиллагсдыг тогтоосон хугацаанд нь хамааруулах, диспансерийн хяналт, эмчилгээ сувилгаа, оновчтой хөдөлмөр зохицуулалт, биеийн эсэргүүцлийг сайжруулахад чиглэгдсэн дасгал, хөдөлгөөн, биеийн тамир, агаар аялал, витаминжуулалт, чанарлаг хоол хүнсээр хангах, эрүүлжүүлэх системтэй арга хэмжээ орно.


Хувийн урьдчилан сэргийлэлт нь өөрийн ажлын байран дахь үйлдвэрлэлийн хортой хүчин зүйлээс өөрийгөө хамгаалахад чиглэгдсэн ажлын тусгай хувцас, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг дагаж мөрдөх, хувийн ариун цэвэр сахих зэрэг орно.



Холбоотой мэдээлэл


ХАБ ХҮҮ-2
ХАБ ХҮҮ-2
5 өдөр, 19 цаг
ХАБ ХҮҮ
ХАБ ХҮҮ
1 долоо хоног, 1 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 1 өдөр []


Ingej sain seremjluulj bai