Нийгэм


Ц.Нанзаддорж буцаад иржээ. ХОМ-ийг нь ил болгоё

4 жил, 3 сар TIMES.MN

Засгийн газар уржигдар шөнө нэгэн томилгоо хийжээ. Ц.Нанзаддоржийг ТӨХ-ны даргаар тавьсан байна.

Түүний хувьд ТӨХ-нд шинэ хүн биш. Өмнө нь энэ албанд хоёр ч удаа тохоогдож байсан. “Ц.Нанзаддорж өргөдлөө өгчээ”...гэнэ. Жаахан байж байгаад “Ц.Нанзаддорж Засгийн газрыг шүүхэд өглөө...” гэдэг. Удалгүй “Ц.Нанзаддоржийг ТӨХ-ны даргаар томиллоо” гэх. Дээхнийн наадмуудаар “Дамдин аварга гарлаа, давлаа...” гэдэг байсан шиг.

Тэрээр 2012 оны долдугаар сард анх томилогдсон. Гэвч Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2013 оны нэгдүгээр сард үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Д.Цогтбаатарыг томилсон. Ингэж халагдсаныхаа дараа  Ц.Нанзаддорж шүүхээр заргалдаж, жил тойрон явж байгаад заргаа авсан.

Түүнийг шүүхийн шийдвэрээ бариад очиход нь 2015 оны нэгдүгээр сард Ерөнхий сайд Ч.Сайханбилэг томилжээ. Энэ нь хоёр дахь удаагаа томилогдсон нь байв.  Гэсэн ч хоёрхон сарын дараа өөрөө өргөдлөө өгөөд явсан байдаг. Оронд нь ЗГХЭГ-ын дарга байсан Ш.Солонгыг түр орлон гүйцэтгэгчээр томилов. Ц.Нанзаддорж тухайн үед “Өөрөө өргөдлөө өгөөгүй, хүчээр өгүүллээ...” гэсэн үг хэлчихээд явсан юм. Бас тэр үеэр тамгаа авч зугтлаа гэх яриа ч гарч байв. Харин уржигдар болсон энэ томилгоо бас л учир битүүлэг байна гэдгийг улс төрийн хүрээнийхэн хэлж байна. Уг нь ТӨХ-ны даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлана гэж байсан. Гэсэн атлаа Ц.Нанзаддоржийг гэнэт томилсны цаана улс төрийн томоохон тохироо, шантааж бий гэцгээж байна.

Ц.Нанзаддоржийн намтар түүх гэх дэлгэрэнгүй баримт алга. Цагааны Нанзаддорж нь Говь-Алтай аймгаас гаралтай. Төрийн албанд 18 жил ажилласан. Үүний 15 жил буюу 1996-2011 он хүртэлх хугацаанд төрийн өмч, хувьчлалыг бүхэлд нь гардан хийж байсан гэх товчхон мэдээлэл байна.

Ер нь тэрээр ихээхэн нууцлаг хүн. ТӨХ-ны даргаар гурван ч удаа томилогдож байгаа хэрнээ нэг ч удаа Хөрөнгө орлогын мэдүүлгээ өгч байгаагүй байна. АТГ-ын архивт 2009 оноос хойшхи албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгүүд хадгалаастай байдаг. Өнөөдрийг хүртэл Д.Сугар, Б.Заяабал, Д.Цогтбаатар гэсэн гурван даргын мэдүүлэг л байна. 2014 оны албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийн жагсаалтад Төрийн өмчийн хорооны даргынх огт байхгүй.

Түүнийг Төрийн өмчийн хорооны өмчийн удирдлага, хувьчлалын газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж өөртөө ихээхэн хуримтлалыг үүсгэсэн сүүхээтэй нэгэн гэж ярих хүн цөөнгүй байдаг. Мэдээлэл ч арвин байна.

 

“ГУРВАН ГАЛ”, “САРНЫ ТИТЭМ”-ИЙН ЦААД ЭЗЭН Ц.НАНЗАДДОРЖ ГЭВ ҮҮ?

 

“Нийслэл таймс” сонинд 2013 оны дөрөвдүгээр сард нэгэн нийтлэл хэвлэгджээ. Нийтлэлд “Эх сурвалжийн мэдээлснээр Ц.Нанзаддорж нь Геологийн төв лабораторийг өөрийн эзэмшилдээ авсан нь баттай гэнэ. 

Үүгээр ч зогсохгүй “Гурван гал”, “Сарны титэм” гэх обьектууд ч түүнийх байх магадлалтай гэсэн юм. Энэ мэт будлианд хутгалдан 2010 онд өөрийн хүсэлтээр ажлаа өгч байсан. Гэтэл тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд Засгийн газрын эсрэг гомдол гаргасан.

 Шалтгаан нь ажлаас үндэслэлгүй халсан учраас ажилд нь эргүүлэн томилохыг нэхэмжилсэн байсан билээ. Түүнийг өнгөрсөн оны долдугаар сарын 25-нд Төрийн албаны саналаар Төрийн өмчийн хорооны даргаар томилж байсан гэнэ. Гэтэл одоогийн Засгийн газрын ажлаас чөлөөлөх шийдвэрийг эсэргүүцсэн нь энэ ажээ.

 

Ц.НАНЗАДДОРЖ, Д.ЭНХТАЙВАН ХОЁР “ХАМТДАА ЧИГЭЭРЭЭ”...

 

Тэрээр 2009 оны долдугаар сарын 23-нд “Хамтдаа Чигээрээ” ХХК-ийг байгуулж байсан аж. Гэхдээ энэ компанийн үүссэн түүх их сонин. 2009 оны долдугаар сарын 23-нд Монголбанкны Лондон дахь төлөөлөгч Д.Энхжаргалын гэр бүлийнхэн болох Д.Батхүү, Д.Энхтайван, Д.Энхтуяа нар нь өөрсдийн эзэмшдэг Тээвэр хөгжлийн банкны 49 хувь буюу гурван тэрбум 920 сая төгрөгийн үнэ бүхий 3920 ширхэг хувьцаагаа бэлэглэлийн гэрээ байгуулан Ц.Нанзаддоржид бэлэглэж байсан баримт байдаг ажээ.

“Хамтдаа Чигээрээ” ХХК нь анх байгуулагдахдаа Улсын бүртгэлд нэг сая төгрөгийн дүрмийн сантай гэж бүртгүүлсэн байдаг байна. Ийнхүү компани байгуулсан өдрөө л дөрвөн тэрбум шахуу төгрөгийн бэлэг авсан байгаа юм.

 

90 ГАРУЙ КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМ ХААЧИВ?

 

Ц.Нанзаддорж Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугартай хамтран 90 гаруй километр замыг ор сураггүй алга болгосон гэнэ. Ингэж хэлэхийн учир нь 93 километр замыг нээлттэй зарлаж хувьчлах дэгийг эвдэн “Бүрхээст хайрхан” компанид шууд эзэмшүүлсэн гэнэ.

Ингэснийхээ төлөө Төмөр замыг материал болгон задлаад илт хямд худалдсан хэмээн Авлигатай тэмцэх газарт дуудагдан шалгагдаж байсан удаатай. Гэхдээ хам хэрэгтэн Д.Сугартайгаа очсон гэсэн юм.

Хэргийг тодруулбал Дорнод аймаг дахь Улаанбаатар төмөр замын Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх төмөр зам 1999 онд Оросуудаас хүлээж авахад 131 км байж.

Тухайн үед тэндээс нь хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг 34 км төмөр зам болон салаа зам, суман шилжүүлгийг нь хуулан авч, 82 вагон буюу 4858 тонн төмөр замын рейлс, бэхэлгээг сэлбэгийн журмаар ОХУ-ын хил Борзоор гарган Салхит өртөө руу ачуулсан ажээ. Ингээд 30 гаруй км төмөр зам нь сүйтгэгдсэн учраас 93 км л үлдэж.

Гэтэл түүнийг нь арваад жил ашиглаагүй, засвар үйлчилгээ хийгээгүй, хуучирч муудсан, 25 км-ээс цааш галт тэрэг явах боломжгүй гээд ТӨХ-ныхон дүгнэлт гарган хувьчилжээ.

Ингэхдээ тухайн үедээ улсын бүртгэлд бүртгүүлээд арваадхан хонож байсан “Бүрхээст хайрхан’’ компанид төмөр замыг хаягдал материал болгон худалдах гэрээ байгуулж өгсөн гэнэ. Тэрхүү гэрээг нь ТӨХ-ны дарга асан Д.Сугар баталж, Удирдлага, хувьчлалын газрын дарга Ц.Нанзаддорж байгуулж байжээ.

 

ТӨХ-НЫ САНГИЙН МӨНГИЙГ “БАЙГУУЛАМЖ” ХХК-Д ШИЛЖҮҮЛСЭН АСУУДАЛ

 

Төрийн өмчит “Байгууламж” ХК өнгөрсөн 2012 оны есдүгээр сард ТӨХ-той гэрээ байгуулж Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх Ар гүнт хэмээх газарт 60 айлын орон сууцны барилгын ажил эхлүүлэх байжээ. Гэрээ ёсоор уг ажлыг 2012 оны аравдугаар сарын 1-нд эхлээд тус оны арваннэгдүгээр сарын 1-нд хүлээлгэн өгөх ёстой байсан аж. Гэтэл уг барилгын ажил дуусах нь битгий хэл энэ 2013 оны тавдугаар сард барилгын ажлаа эхлүүлжээ. Ингэхдээ ТӨХ-ны шахалт шаардлагаар эхлүүлсэн байна. Мэдээллийн мөрөөр сурвалжлахад уг ажлыг захиалсан хүн нь ТӨХ-ны дарга асан Ц.Нанзаддорж байжээ.

Түүний захиалгаар байршуулсан гэрээ ёсоор бол “Байгууламж” ХК нь Ар гүнт дахь 60 айлын гадна цэвэр усны шугам, нөөцийн сан, ариутгах татуурга бохирын шугам, бохирын цооногийн барилгын ажлыг гүйцэтгэх байсан аж. Мөн айлуудыг тойруулан хашаа барих ёстой байсан бөгөөд энэ ажлыг 125 сая төгрөгөөр гүйцэтгэх байсан байна. Төлбөрийн нөхцөл нь ажил эхлэхээс өмнө нийт хөлсний 40 хувь буюу 50 сая төгрөгийг тухай байгууллагад шилжүүлээд, ажлын гүйцэтгэл 80 хувьд орсны дараагаар хоёр дахь санхүүжилт болох 37 сая 500 мянган төгрөгийг олгох хэлбэрээр явагдах байсан гэнэ. Харин барилгын ажлыг хүлээлгэн өгсний дараагаар үлдсэн 30 хувь болох 37 сая 500 мянган төгрөгийг төлөхөөр тусгагдсан аж. Гэтэл ажлын хөлсийг өнгөрсөн оны есдүгээр сард хоёр хувааж хэдийнэ дансанд нь шилжүүлсэн гэнэ. Энэ ажлын хөлс болох 125 сая төгрөг ТӨХ-ноос “Төрийн өмчийн хорооны албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийг үндэслэн хорооны нэг удаагийн буцалтгүй тусламжийн зардлаас гаргасан ажээ. Гэтэл энэ сан нь тухайн байгууллагын ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, гэр бүлийг дэмжих зорилгоор хорооны зарим ажилтнуудад нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэх зорилготой байгуулагдсан байна гэж olloo.mn сайтад бичсэн байна.

Ц.Нанзаддоржийн талаарх мэдээ баримтууд иймэрхүү. Үүндээ хариулт ч өгдөггүй. Бас Хөрөнгө орлогын мэдүүлэг өгөхөөс яаж ийгээд бултаад байдаг гэж байгаа. Хэрэв өгвөл мэдүүлэх ч хэцүү, байх ч хэцүү хөрөнгө ихтэй бололтой юм. Юутай ч төрийн өмчийн хөрөнгийг ийш тийш болгох ажилтай Ц.Нанзаддоржийн хөрөнгө орлогыг төр ч, ард түмэн ч мэдэж байх нь зүй ёсны хэрэг. Ер нь тэгээд харгүй амьдрах сайхан шүү дээ, Ц.Нанзаддорж дарга аа.

Эх сурвалж: "Зууны мэдээ"



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.