2017,11-Р Сар,25


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Энэ жил нийт нутгийн 40 орчим хувьд өвөлжилт хүндэрч болзошгүй

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

“Монгол дахь бэлчээрийн мал аж ахуй, засаглал болон зудын эрсдэл”-ийн асуудлаар мэдлэг солилцох чуулган энэ сарын 23,24-ний хоёр өдрийн турш УЦУОШГ-ын хурлын танхимд боллоо. Тус чуулганыг Ус Цаг Уур Орчны Мэдээллийн Хүрээлэн, Япон улсын Нагояа Их сургууль, Пилл Ин Нийд ОУТББ, Их Британи улсын Оксфордын Их сургууль, Олон улсын Улаан Загалмайн нийгэмлэг хамтран зохин байгуулсан байна.




Энэ жил нийт нутгийн 40 орчим хувьд өвөлжилт хүндэрч болзошгүй гэсэн судалгаа гарчээ. Учир нь малын тоо нэмэгдсэн боловч бэлчээрийн даацад өнгөрсөн зуны ган гачиг, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа аж.



Судлаач Б.Нандинцэцэг:

“Бид сар бүр зудын эрсдэлийн байдлыг шинэчлээд явах юм. Одоогоор арваннэгдүгээр сарын байдлаар төвийн бүс болон арай бэлчээр сайн гэсэн газрууд эрсдэлтэй гарсан байгаа. Энэ нь малын тоотой холбоотой. Малын тоо хэт их байгаа газар тухайн малынхаа өвс тэжээлийг хангах чадвар муу байгаагаас болж байна. Тиймээс малчид маань малын тоо бус чанар дээрээ анхаарвал зүгээр” гэлээ.




2017 оны зун ихэнх нутгаар гантай болон гандуу байсан нь ургацын хэмжээ бага байх, мал тарга хүч дутуу авах, өвөл-хаврын бэлчээрийн даац ихээхэн хэмжээгээр хэтрэх, бэлчээрийн нөөц хүрэлцээ муу улмаар мал өвөлжилт хаваржилт хүндрэх нөхцөл бүрдэхэд хүргээд байна.



УЦУОШГ-ын хэлтсийн дарга Б.Эрдэнэцэцэг:

"Зуд гэдэг бол гангийн үр дагавар юм. Тиймээс ган ихтэй байсан, ургац бага, хадлан тэжээл бэлтгэх боломжгүй байсан, мал тарга тэвээрэг дутуу авсан. Мөн дээрээс нь бэлчээрийн даац, нөөц хүрэлцээ муутай гарсан бүс нутгууд зудын өндөр эрсдэлтэй бүс нутагт хамаарч байна" хэмээв.


Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн Японы Нагояа их сургуультай хамтран зудын эрсдэлийн зургийг шинээр боловсруулан өнгөрсөн оноос ард иргэдэд мэдээлж эхэлжээ. Энэ өвлийн зудын эрсдэлийн мэдээг боловсруулан гаргаж тус хурлаар хэлэлцсэн байна.




2017 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 30 орчим хувьд нь их, 30 гаруй хувьд дунд зэрэг эрсдэлтэй гарлаа. Үүнээс Увс, Завханы зааг нутаг, Ховд, Говь-Алтайн хойд хэсэг, Архангайн зүүн, Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээр болон Булган, Төв аймгийн залгаа нутгаар хамгийн их эрсдэлтэй гарлаа.


Мөн Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын хойд хэсэг, Өмнөговийн зарим сумдын нутгаар их эрсдэлтэй байна. Хүйтний улирлын цаг агаарын төлөвийн мэдээгээр цаашид зарим газраар ахиу цас орох төлөвтэй байгаа нь зудын эрсдэлийг улам нэмэгдүүлэх, одоо дунд зэрэг эрсдэлтэй байгаа газар нутгаар өвөлжилтийн нөхцөл байдал муудаж, хүндэрч болзошгүй байна.




Энэхүү эрдэм шинжилгээ, онол практикийн хурлаар ган, зуд, шороон шуурга зэрэг цаг агаарын гаралтай гамшигт үзэгдлүүдийн аюулаас эртнээс сэрэмжлүүлэх, менежмент хийх, хохирлыг бууруулахад гамшгийн эрсдэлийг тооцоолон шинээр зураглан мэдээлэх, малчдын зудын эрсдэлийг даван туулах чадварыг нэмэгдүүлэх, зудын гамшгийн сургамж зэрэг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлын талаар олон улсын шинжлэх ухааны байгууллагуудын эрдэмтэд, бодлого төлөвлөгчид, малчдын нийт 70 гаруй төлөөлөгч хэлэлцэв.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.