2017,11-Р Сар,24


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Монголын үндэсний музей сургуулийн өмнөх насныханд үнэгүй гэв

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Өчигдөр Монголын үндэсний музей сэтгүүлчдэд нээлттэй өдөрлөг хийлээ. Энэ үеэр хэвлэл мэдээллийн байгууллагуудад музейн сан хөмрөг, эрдэм шинжилгээний ажил, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулсан юм.




Тус музей нь 1971 онд ашиглалтад орсон бөгөөд одоогийн байдлаар нийт жар орчим мянган үзмэртэй, байнгын үзмэрийн есөн танхим, түр үзмэрийн нэг танхимтай юм. Үзмэр үзэгчдийн хувьд гадаад дотоодын нийт 70 гаруй мянган хүн үзэж сонирхдог гэсэн статистик тоо байдаг байна. Мөн улсын төсөвт 200 гаруй сая төгрөг төвлөрүүлдгээс энэ жилийн хувьд төлөвлөгөө 200 хувиар давуулан биелүүлж 400 гаруй сая төгрөгийн орлого оруулсан хэмээн Монголын үндэсний музейн захирал Д.Сүхбаатар сэтгүүлчидтэй уулзах үеэрээ онцоллоо.




Тэрбээр “Үзмэрийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах. Мөн үзмэртэй холбогдуулан үзмэрээ гамшиг болон хулгай дээрэм гэх мэт элдэв зүйлээс хамгаалах даатгалын системийг нэн даруй хийх шаардлагатай байна. Энэ жилийн хувьд бид 76 мянган хүнд үйлчилсэн. Эдгээр хүмүүсийн бараг тэн хагас нь буюу 35 мянга гаруй нь гаднын жуулчид байна. Харин манай дотоодын үзэгчдийн хувьд дунд сургууль болон сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн тоо их байгаа хэдий ч яваандаа бид эдгээр насны хүүхдүүдэд төрөөс үнэ төлбөргүй үзүүлдэг болох хэрэгтэй байгаа юм. Энэ асуудлыг шийдвэл түүх соёлоо хадгалах, хамгаалах, түүхийн дархлаа, мэдлэг, цаашлаад түүх, үндэсний ухамсрыг тодорхойлж байдаг учир бага насны хүүхдүүдийг үнэ төлбөргүй үзүүлэх нь зүйтэй юм гэж бид үзэж байгаа. Одоогийн байдлаар бид сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг үнэ төлбөргүй үзүүлж байна. Цаашлаад шаталсан байдлаар оюутан, дотоодын Монголын үзэгчдийг үнэ төлбөргүй үзүүлдэг болгох асуудлыг төр засаг шийдэх хэрэгтэй” гэлээ.


Монголын үндэсний музей сүүлийн гурван жилд үзмэрийн хадгалалт, хамгаалалтын тал дээр бараг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Мөн тэд бүх үзмэртээ дохиоллын систем суурилуулан, 24 цагийн камержуулалт хийсэн байна. Эдгээр тоног төхөөрөмжөө гаднын улсаас авч байгаа гэнэ.




Тухайлбал Жайкагаас үзмэрийн ариутгал хийдэг төхөөрөмжийг 750 сая төгрөгийн буцалтгүй тусламжаар авсан байна. Энэхүү ариутгалын төхөөрөмжид бүх үзмэрийг хийж ариутгадаг байна. Энэ талаар тус төвийн ариутгалын ажилтан ийнхүү тайлбарлав.




Мөн үзмэрийн аюулгүй байдалд анхаарч зураасан бар кодыг Үндэсний музей нэвтрүүлсэн байна. Ийнхүү бар кодтой болсноор тухайн үзмэр хулгайд алдагдах, тоолох зэрэг бүх зүйлд баримт нь нэг болж буйгаараа онцлог аж. Үүнийг АНУ-ын Элчин сайдын яамны төсөлд хамрагдан хийсэн гэв. Үзмэрийн баяжилтыг иргэд болон албан байгууллагаас авдаг. Мөн археологийн судалгаагаар үзмэрээ баяжуулдаг. Зарим жилдээ 1600 орчим шинэ үзмэрээр баяждаг байна.




Иргэдийн гар дээр байж байгаа эдгээр соёлын үнэт зүйлсийг улсаас бүртгэлжүүлэх шаардлагатай байгааг тус музейн захирал хэлсэн юм.


Тэрбээр “Бид нэгдсэн бүртгэлд оруулж байж дуудлага худалдаа зэрэг зүйлсээр өөрсдийн түүх соёлын бүтээлээ баяжуулахгүй бол иргэдэд байгаа хөөрөг, гаанс гээд юу л байна хар захын маягаар худалдаанд орж байна. Мөн янз бүрийн хардлагаар гадагшаа гардаг гэх мэт олон эрсдэл дагуулж байдаг. Нэгдсэн бүртгэлд оруулчихвал иргэд өөрсдөө надад ийм үнэтэй ховор бүтээл байна гээд бариад ирнэ. Бидэнд хадгалуулахдаа ч дуртай байх болно. Бид үзмэрийн тодорхойлолтыг бичиж эхлээд байна. Дөнгөж 30 хувьд нь л тодорхойлолт бичсэн байна.” хэмээлээ.




Жилд 11 түр үзэсгэлэн гаргаж, гурван жил тутамд шинэ үзмэрийн үзэсгэлэн гаргадаг байна. Музейн үзмэрийн сан хөмрөгийг хадгалах тал дээр тусдаа хэмжээ, норм байдаг. Тогтсон агаарын чийгшил бүхий, тогтсон температурт хадгалдаг байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.