TIMES Ярилцлага


Их мастер А. Энхтуул: Би Арабын ерөнхийлөгчийн дүүгийн хүүхдэд шатрын хичээл заадаг байсан

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

 

Шатар бол оюуны спорт бөгөөд нэг өдөрт шатар тоглож буй хүмүүсийн 28% нь эхлэн суралцагч, 71% нь мэргэжлийн, үлдсэн 1% нь оюуны өндөр чадвартай буюу маш ухаантай хүмүүс байдаг байна. Эдгээр 1%-ийн төлөөлөл болсон сайхан бүсгүй шатрын Их мастер А.Энхтуултай ярилцлаа.


 

Шатраар хичээлэх болсон тухайгаа эхлээд сонирхуулахгүй юу?

Багадаа "Эрудит" нэртэй  хувийн цэцэрлэгт явдаг, дуулж бүжиглэх жигтэйхэн дуртай их сахилгагүй хүүхэд байсан. Төгөлдөр хуурын багшийнхаа  зөвлөснөөр "Түр монгол" нэртэй  шатрын клубт  анх хичээллэсэн. Анх  шатар заасан Батболд багш Америк явсан учир Жигжидсүрэн багш дээр очсон. Жийгээ багш тэгэхэд "Спортын төв ордон" дээр дугуйлан хичээллүүлдэг байсан юм. Шатар анхнаасаа сонирхолтой байсан болохоор шатарчин болъё гэж шууд шийдээд уйгагүй хичээллэж эхэлсэн дээ.


Шатарт чухам юунаас болж дурласан гэж?

Анхны багш маань маш том нөлөө болсон гэж боддог. Би анх сурч байхдаа зөвхөн морины нүүдлийг сурах гэж долоо хонож байлаа. Тэгэхэд анхны багш маань намайг загнадаг,цохиж авдаг ширүүн багш байсан. Тэр үед нь "Би энэ багшийн дор яасан ч орохгүй. Морины нүүдлийг илүү сайн сураад, эргээд өөрийг нь хождог  болно" гэж боддог байсан. Жаахан хүүхэд  байж аймаар байгаа биз. Ерөнхийдөө  би жаахан шартай. Тэр нь гэм хоргүй цагаан шар л даа. Тэгэхэд манай Жийгээ багш их дөлгөөн тайван хүн шүү дээ. Нөгөө нэг нөлөөлсөн зүйл нь надтай хамт шатраар хичээллэж байсан хүүхдүүд. Яагаад гэвэл тэд миний үе тэнгийнх мөртлөө аль хэдийн медаль аваад, амжилт гаргасан байсан.   


Тэгэхээр тэд нар шиг амжилт үзүүлэхийн тулд  илүү их хичээжээ дээ ?

Тийм ээ маш их чармайсан. 12 настай байхаасаа өглөө таван цагт босдог байлаа.Тэгээд долоо хүртэл багагүй юм амжуулна. Зуны цагт ээжтэйгээ хамт босоод, өглөөний цэвэр агаарт тогтмол дасгал хийдэг. Найман цаг гэхэд шатрын клуб дээрээ очно. Тэгээд өдөржингөө клуб дээрээ хичээллэнэ. Яг л төрийн албан хаагч шиг байдаг.




Хичээл, сургуулиа яаж зохицуулдаг байв?

12 настай байхдаа сургуулиасаа чөлөө авсан. Шатраар хичээллэхэд  яалт ч үгүй ихэнх юмаа золиослоход хүрдэг ч миний хувьд хичээлээсээ аль болох хоцрохгүйн төлөө хөдөлмөрлөдөг.  Тэмцээн болохоос  нэгээс, хоёр сарын өмнө чөлөө авах зайлшгүй шаардлага байнга гардаг.


Дараа нь хичээлээ нөхөх шаардлага гардаг байх даа?

-Яаж ийгээд нөхнө. Ер нь бол амжилт гаргаад ирэхээр сургуулиас бас дэмжээд ирдэг л дээ.




Хамгийн анхны амжилт гэвэл...?

11 настай  байхдаа Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Энэ үедээ шатраар хичээллээд нэг их удаагүй байсан. Нөгөө үеийнхээ хүүхдүүдэд хожигдоод байсан хүн чинь тэмцээндээ сайн тоглож, хүрэл медаль авахаар маш  их урамшдаг юм билээ.    


Шатарт тууштай явахад чинь аав, ээжийн дэмжлэг маш их байсан байх?

Аав, ээж маань мэдээж байнга тусладаг. Бас залхуурах тохиолдолд анхааруулга өгдөг. Гэхдээ миний хувьд ээж ааваараа байнга хэлүүлдэг хүүхэд биш.  Бараг хэлүүлдэггүй гэхэд болно.  Маш их дэмждэг ч  барагтай бол урмын үг хэлээд байдаггүй. Яагаад гэвэл би багын онгироо хүүхэд байсан.Тэр занг дарах гээд тэр үү ихэвчлэн магтахаасаа илүү болоогүй байна гэдэг. Ер нь бол хүүхэд бүр өөр өөрийн онцлогтой  шүү дээ. Миний хувьд нэг зорьсон бол шантардаггүй.


Энэ дашрамд үзүүлсэн амжилтуудаа дурдаач гэвэл...?

12 настайдаа  сургуулиудын багийн дэлхийн аваргад түрүүлээд, Монгол улсдаа энэ төрлөөр  анхны  дэлхийн аварга болж байлаа. 2011 онд дэлхийн шатрын холбооны мастер   2012 онд дэлхийн шатрын холбооны олон улсын мастер 2014 онд  олон улсын их  мастер болсон. Мөн 14-тэйдээ  насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан.




Чамайг ивээн тэтгэдэг албан байгууллага, хувь хүмүүс цөөнгүй байдаг болов уу?

12 настайгаас эхлээд "Монгол-Чех металл"  компани ивээн тэтгэсэн. Энэ компани  намайг дэлхийн аварга болоогүй байх үеэс   дэмжиж компанидаа туслах ажилтны орон тоогоор аваад,  нийгмийн даатгалыг маань төлж,  сар бүр цалин бодоод тэмцээнд орох үед мөнгийг минь өгдөг. "Монгол-Чех металл"  компанийн  Далай захиралдаа намайг үргэлж дэмждэг "Зууны шатар"  захирал Баярмаа эгчдээ маш их талархаж явдаг. Баярмаа захирал маань шатарт маш их зүрх сэтгэлтэй. Хүү Ашидыг нь  сайн шатарчин болно гэж боддог. Бид хамгийн анх  2007 онд анх "Бороо гоулд" компани дээр зэрэг тоглолт хийгээд уулзаж байсан. Энэ цагаас хойш олон жил найз нөхөд явж байна. Миний хувьд дүүгээ шатарт дэмжээд явж байгаа. Гэхдээ би монголд байнга байдаггүй. Тэмцээн уралдаан гээд эсвэл урилгаар багшлах гээд голдуу гадагшаа явчихдаг.


Гадагшаа ажиллахаар гэнэ ээ?

Тийм ээ.  Арабын нэгдсэн Эмират улсын Азийн шатрын холбоонд 2015-2016 оны хооронд нэг жил  ажилласан. Бас Москвад Биеийн тамирын их сургуульд шатрын дасгалжуулагчаар  сурч байсан.


Москвад Биеийн тамирын их сургуульд суралцсан гэлээ. Багаасаа бие даасан чиний хувьд тэнд дасан зохицоход амар байв уу?

Москвад сурахад бүх юм нь сайхан байсан. Очоод эгчийндээ тав тухтай амьдарсан. Нөгөө л зарчимч байдлаараа бүх юмаа төлөвлөөд явдаг байсан. Орой хичээлээ тараад, метрондоо суугаад, гэртээ ирнэ. Зарим үедээ дүүгээ харна. Гадуур бараг гарахгүй. Гарвал ах эгчтэйгээ л гарна. Магадгүй дотуур байранд амьдардаггүй байсан болохоор нийгэмших талдаа муу байсан байх. Одоо ч яг хэвээрээ. Тэгээд тэр үү олон найз нөхөд надад байдаггүй.




Москвад суралцахад юугаараа онцлог санагдав?

Мэргэжлийн төвшинд  гэдэгээрээ онцлог. Миний багш Игорь Глек гэж хүн байсан. Их мастер цолтой. ОХУ-ын иргэн мөртлөө  Герман улсын нэрийн өмнөөс тоглодог. Багш маань дэлхийд цөөхөн байдаг шатрын мундаг том онолчдын нэг. Албан тушаал нь манай сургуулийн багш, факультетийн дарга хүн. Миний хувьд  гэрээ байгуулаад,тусдаа хичээллэдэг байсан. Багшийнхаа ачаар цөөнгүй тэмцээнд урилгаар тоглох боломж гарсан. Энэ боломж   их мастер болоход нэлээд том хөшүүрэг болж өгсөн. Багштайгаа Ирак, Тунис гээд их сонирхолтой газруудаар тэмцээнд явж байлаа.


Багшийнхаа тухай яриач. Тэр хүнээс ямар чанарыг нь сурсан бэ?

Игорь Глек багшаасаа зарчимч байдлыг нь сурсан. Цагийн юмыг цагт нь хийж бай гэж байнга хэлдэг. Жийгээ багшаасаа бол хүнлэг байхыг сургасан. Жийгээ багш маань тэмцээнд хамт явах бүрдээ эмч болно, сэтгэл зүйч болно заримдаа тогооч болно. Ер нь бүхий л тал дээр тусладаг. Тэгээд тийм бай гэж сургахаасаа илүү мөнгө төгрөгөө яаж зарцуулах талаар ч юм уу амьдралын ухаан суулгах зөвлөгөө их өгдөг.


Шатрыг илэрхийлвэл юутай зүйрлэж болох вэ. Юугаараа онцлог болохыг нь  өөрийнхөөрөө тайлбарлахгүй юу?

Шатрын спорт бол амьдралтай адилхан. Шатар өөрөө шинжлэх ухаан, урлаг талдаа. Яагаад гэвэл  гоё мадлаж болдог.  Энэ нь нэг ёсондоо урлаг гэж болохоор. Даам бол шатраас өөр. Даам нэг хожигдвол өөр арга байдаггүй бол шатар хожигдож байсан ч хожих боломж үргэлж  байдаг. Тиймээс хожигдож байсан ч  анхаарлаа  сарниулж болдоггүй. 


Шатрын спорт чамд ямар чанарыг өгөв?

Их намбалаг, дөлгөөн болсон. Хүнтэй ярихаасаа өмнө юу гэж ярихаа сайн боддог болсон. Одоо би багшаасаа бас  шатраасаа олж авсан чанараа шавь нартаа өвлүүлэхийн төлөө багшилж байна.


Шавь нараа бэлтгэх арга барил чамд бас байдаг байх?

Гол нь суулгаж сургах хэрэгтэй. Мөн тухайн хүүхдээ  сайн судлаж байж хувь хүний онцлогт нь тохируулж харьцах  чухал. Эхлээд ямар зантай,юу сонирхдог, ямар харшилтай ,юу идэх дуртай  гэх зэргээр  тэр хүүхдээ таньж мэдэхийн тулд арваад хоног ажигладаг. Гэхдээ би өөрөө тоглож байгаа учраас  шатар мэддэггүй хүүхдэд заадаггүй.


"Зууны шатар" клуб тань юугаараа онцлог вэ. Мэргэжлийн клуб гэдэгээрээ ялгарч чадаж байгаа гэж сонссон юм байна?

Мэргэжлийнх гэдгээрээ онцлог гэдэгтэй санал нийлнэ. Бусад газруудыг харж байхад клубууд дотроо өрсөлдөөд байдаг юм болов уу гэж анзаарагддаг. Манайх тийм биш. Хэн илүү нь хожно. Багш нар маань хэзээ ч хүүхдүүдийг ялгаж харьцдаггүй. Бүх юм төлөвлөгөөний дагуу явдаг зарчимтай. Би Арабаас ирснээсээ хойш шатрын сургалтандаа шинэ  систем  нэвтрүүлж байгаа.




Шинэ систем гэхээр...?

Олон улсын стандартад нийцсэн, бүх юм нь цогц сургалт. Монголын бүх шилдэг мастеруудыг урьж авчирч байгаа. Өөрөөр хэлбэл олон зөвлөх багштай гэсэн үг. Гол нь манай клуб  бие, биеэ сайн дэмждэг. Клубтээ би өөрөө ерөнхий дасгалжуулагч миний багш Жигжидсүрэн зөвлөхөөр , Баярсайхан багш  маань дасгалжуулагчаар ажиллаж байгаа.


Арабт дасгалжуулагчаар ажилласан тухайгаа сонирхуулахгүй юу?

 Арабт бүх юм төлөвлөгөөний  дагуу, цагийн хуваарийн дагуу  явдаг. Тэнд өдөрт гурван цаг хүүхдүүдэд хичээл заадаг байсан. Энэ үедээ Арабын нэгдсэн Эмират улсын ерөнхийлөгчийн төрсөн дүүгийнх нь хүүхдэд хичээл заадаг байсан. Араб хүүхдүүд хамгийн сүүлийн үеийн компьютер,шатрын программ, номоос эхлээд  бүх юмаараа хангуулсан байдаг. 5-8  настай хүүхдүүд бүгд жолоочтой, өөрийн гэсэн машинтай гээд их чинээлэг амьдралтай. Дээр нь Ази,Европын бүх шилдэг шатарчдыг урьж авчраад багшлуулж байна. Бүр шатрын клубт ирснийх нь төлөө цалин өгдөг  байхад бараг амжилт үзүүлдэггүй. Нэг ёсондоо тэд Арабын ертөнцөөс гарч чаддаггүй. Бэлтгэсээр байгаад ганц, хоёр хүүхэд л шалгарч гарч ирч байгаа юм. Арабуудын нэг  онцлог нь  манай монголчууд шиг сургууль, соёл бүх юмаа хаяад бэлтгэдэггүй. Эцэг эхчүүд нь хүүхдээ заавал сургуульд нь явуулах ёстой гэсэн ойлголттой байдаг.Гэхдээ оюун ухаан, сэтгэх чадварын хувьд манай хүүхдүүд илүү. Арабын ерөнхийлөгчийн дүүгийн хүүхэд болох миний шавийг Хомуда гэдэг. Түүний аав ээжтэй уулзаж бүр гэрт нь очиж  амарч байсан. Одоо ч  бид гэр бүлийн хэмжээний  найзууд шиг байдаг.


Арабын ерөнхийлөгчийн дүүгийн хүүхдэд шатрын хичээл заасан гэсэн. Ерөнхийлөгчтэй нь нүүр тулан уулзах завшаан тохиосон уу?

Арабын ерөнхийлөгч хүссэн хүн бүртэй уулзаад байдаггүй. Гэхдээ өөрийн зурагтай футболкыг явуулж, мэндчилгээ хүргэж байсан. Арабын шейхууд дундаас нэлээд дээгүүрт  бичигддэг хоёр том Шейх байдаг.Тэд харин маш хүндэтгэлтэй сайхан хүлээж авсан шүү.


Шатар чиний амьдралыг урагшлуулж, амьдралыг илүү таниулснаар магадгүй чи өнөөдөр энэ сонголтыг хийснээрээ  бахархах сэтгэл төрдөг байх. Чиний хамгийн ойрын том зорилт чинь юу вэ?

-Өмнө нь их мастер болъё гэж боддог байсан. Тэр хүслээ биелүүлж чадсан. Дараагийн том цол нь эрэгтэйчүүдийн их мастер гэж цол байдаг. Энэ цолны төлөө чармайлт гаргана гэж боддог. Энэ бол миний хамгийн ойрын маш том зорилт. Дэлхий дээр эрэгтэй их мастер цол авсан 35-хан эмэгтэй шатарчин байдаг. Монголоос арай төрөөгүй байгаа. Мэдээж энэ цолыг авахад маш их  хичээл зүтгэл  хөрөнгө, мөнгө, цаг хугацаа зарцуулагдана.




Гэр бүл төлөвлөлтийнхөө талаар юу гэж боддог вэ?

Гэр бүлтэй болвол хүүхдээ харна, гэрийн ажлаа хийнэ гээд шатарт цаг гаргах боломж хомс болно. Үүнийгээ дагаад мэдээж амжилт  гаргах нь муудаж эхэлнэ. Жирэмсэн  үед ядраад олон  цаг бэлтгэл хийх ачаалалыг даахаа болино. Нөхөртэй болчихоор асуудлыг ганцаараа биш хоёулаа шийдэх ёстой болно. Иймэрхүү шалтгаанаас болоод  хоёр, гурван жил  завсардахад хүрнэ. Сар бүр өөрчлөгддөг шатрын чансаанаасаа болоод ямар амжилт үзүүлэх нь ойлгомжтой. Дээрээс нь тэмцээн уралдаанд явж чадахгүй болно. Их асуудалтай.


Тэгэхээр ойрын хугацаанд энэ асуудлыг орхихоос аргагүй гэсэн үг үү. Амжилт үзүүлснийхээ дараа  энэ тухай бодно гэж үү?

Тийм гэхэд болно.


Сурч боловсрохын тухайд...?

Олон улсын харилцааны чиглэлээр мастер хамгаалж байгаа. Гадаад харилцаа болон улс төрд их сонирхолтой. Багаасаа сонирхдог байсан.


Чи улс төр сонирхдог гэлээ. Өнөөгийн улс төрийн нөхцөл байдлын талаар ямар бодолтой явдаг вэ?

Гол нь эв түнжин хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгэхгүй бол нэг   нам нь гараад нөгөөгөө муулаад байгаа нь илүү анзаарагддаг.  Улс төрийн талаар өөрийн бодлыг хэлэхээр зарим нь "Чи шатраа л тогло. Улс төр  чамд хамаагүй" гэдэг. Миний бодлоор  хүмүүс, манай нийгэм  өөрсдөө ийм нөхцөл байдлыг бий болгосон. Сэтгэлгээний хувьд ядуу байгаагийн хамгийн наад жишээ хүмүүс өөрсдөө сонголтоо хийчихээд дараа нь шүүмжилдэг. Шатар бол бөх барилдах, дуу дуулахтай адилгүй. Мундаг шатарчдын ихэнх нь нэр төртэй улс төрчид байдаг. Миний бодлоор шатар тоглох нь бодлогын хувьд улс төртэй төстэй. Хаана  байрлуулах вэ, яаж тоглох вэ гээд.




Шатарт амжилт үзүүлэхэд  гол хүчин зүйл юу байдаг вэ?

Хамгийн гол зүйл орчин нөхцөл. Компьтероос эхлээд бүх юм сайн байх  ёстой. Надад хамгийн их тусладаг хүн бол миний  багш. Багш маань одоо хүртэл хоолыг минь хийж өгч байна. Би чинь багаасаа  Жигжидсүрэн багшийндаа амьдарч байсан Тэмцээнд явахдаа ч багшийнхаасаа явж л байдаг.  Заримдаа бүр өвөлжих үе ч бий.


Хамгийн олон цаг тоглож байсан тухайгаа сонирхуулаач гэвэл... ?

Германд 10 цаг, Иранд 9 цаг тоглож байсан.


Энэ хугацаанд хичнээн оронд очсон бол...?

60 гаруй оронд очиж үзсэн. Өмнөд Африк руу явахсан гэж боддог.


Сэтгүүлч Б.Туул



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


albaker    2 долоо хоног, 1 өдөр []


Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com


Зочин    1 сар, 3 долоо хоног [103.229.122.144]


гайхамшигтай бахархмаар бүсгүй шүү. Дэлхийн тавцан ойрхон байна даа миний дүүд


Зочин    1 сар, 3 долоо хоног []


mundag yumaa


Зочин    1 сар, 3 долоо хоног []


Амжилт хүсье


Зочин    1 сар, 3 долоо хоног []


Амжилт хүсье


Зочин    1 сар, 3 долоо хоног []


Бахархаж баярлаж бн, амжилт хүсье.


Зочин    1 сар, 3 долоо хоног []


gaihamshigtai busgui


segseekei    1 сар, 3 долоо хоног []


ЭНХТУУЛ АА, ҮСЭЭ САМНАЖ БАЙ Л ДАА, СЭГСИЙЧЭЭД Л СУУГААД БАЙХ ЮМ