2017,11-Р Сар,20


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Б.Тэмүүлэн: Хэрэв шидтэн гэж байдаг бол тэр шидтэн нь Хүүхдийн элчүүд байгаасай .....

1 сар, 4 долоо хоног TIMES.MN
“Нийслэлийн Хүүхдийн элч миний бие өөрийн нутаг дэвсгэрийн бүх хүүхдийн эрхийг хамгаалагч нь байж, тэдний хүсэл зорилго, итгэл найдварыг биелүүлэхийн төлөө өөрийгөө дайчилж, Хүүхдийн элчийн нэр хүндийг нандигнан, өндөрт өргөн ажиллахаа андгайлж байна” хэмээн Хүүхдийн элчүүд тангаргаа өргөлөө.




Хүүхдийн эрхийн тухай хуульд заасны дагуу болон бусад холбогдох журмын дагуу хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг холбогдох ажилтан, байгууллагад тавьж шийдвэрлүүлэх зорилго бүхий шинэ бүтэц бүхий сайн дурын гишүүд өнөөдөр тангаргаа өргөлөө. Тэд бол Нийслэлийн дүүрэг бүрд сайн дураар ажиллах Хүүхдийн элчүүд юм. Эдгээр элчүүд дүүрэг бүрийн хүүхдийн чуулганаас санал хураалтаар сонгогдсон бөгөөд ажлынхаа хажуугаар гурван жилийн хугацаатай ажиллах аж.


Энэхүү тангараг өргөх арга хэмжээг Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас зохион байгуулсан.


Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын зохицуулагч У.Ган-Өлзий:




“Манайх зориуд Хүүхдийн эрхийн конвенцод 28 жилийн өмнө нэгдэн орсон энэ өдөр Хүүхдийн элчүүддээ батламж, энгэрийн тэмдгийг нь гардуулан өгч, тангараг өргөх ажиллагааг зохион байгуулсан. Хүүхдийн элч гэдэг нь хаана ч ажиллаж болно. Хүүхдийн төлөө ажиллах байгууллагууд болон хүүхэд хоорондын хамтын ажиллагаа, уялдааг бий болгож ажиллана. Эдгээр элчүүд маань өөрсдийн төлөвлөгөөгөө гаргаад, дүүрэг бүрдээ ажиллана. Ялангуяа сүүлийн үед хүүхдийн хүчирхийллийн асуудал хүн бүрийн санаа зовох асуудлын нэг боллоо. Энэ мэт хүүхдүүдэд ямар асуудал тулгарч байна. Тэр бүхний төлөө Хүүхдийн элчүүд “За” гэж хэлэн уриалан дуудаж ажиллах байх" гэв.




Ёслолын ажиллагааг Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр нээж Нийслэлийн есөн дүүргийн хүүхдийн элчүүддээ батламжийг нь гардуулав.


Хан Уул дүүргийн Хүүхдийн элч, дуучин Б.Халиун:




“Хүүхэд бол манай улсын анхаарах гол хэсэг. Миний хувьд урлагт ороод 10 гаруй жил боллоо. Энэ хугацаанд хүүхдийн маш олон арга хэмжээ, хандивын зүйлд оролцож байсан. Ингэж оролцож байхдаа хүүхдүүдийг аль талаас нь яаж ажиллавал илүү үр өгөөжтэй зэргээр ажиглаж л байлаа. Миний мөрөөдөж байсан мөрөөдлийн минь тодорхой нэг хэсэг биелэхэд ойрхон боллоо гэж бодож байна" хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.




Ийнхүү Хүүхдийн элчүүд батламжаа гардан авч, дурсгалын зураг татуулсан бөгөөд сурагчид энгэрийн тэмдгийг нь зүүж, элчүүд андгайгаа өргөсөн юм.


Хан Уул дүүргийн 15-р сургуулийн 9Б ангийн сурагч А.Улсболд:




“Сурагчдын төлөөллөөс сонгогдсон. Бидэнд тулгамдаж байгаа хамгийн гол асуудал бол утааны асуудал болж байна. Мөн сургуулийн ойр орчимд хамаарагдах хүүхдийн хүчирхийлэл, хальтиргаа гулгаа гээд олон асуудал байдаг” хэмээн өөрсдөдөө тулгамддаг асуудлаасаа хуваалцлаа.


Хүүхдийн эрхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5, 20.6, 20.7 дахь заалт, Хүүхдийн элчийг сонгон ажиллуулах Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны зургадугаар сарын 23-ны өдрийн А/98 тоот тушаалаар батлагдсан журмын хүрээнд Хүүхдийн элчүүд томилогдон ажиллахаар болжээ.


Хүүхдийн элчүүдийн хамгийн залуу, оюутан, Налайх дүүргийн элч Б.Тэлмүүн:




“Миний хувьд 2012 оноос эхлэн хүүхдийн оролцооны байгууллагад ажиллан ж, үе тэнгийнхээ найз нөхдийн хөгжил, оролцооны хөгжилд оролцон ажиллаж эхэлсэн. Өнөөдөр ч гэсэн дүүргийнхээ Хүүхдийн элчээр сонгогдон ажиллаж байгаадаа баяртай байна. Өнөөдөр мөн албан ёсоор хүүхдийн элчийн тангаргаа өргөн ажиллаж байгаа бусад элчүүд бид энэ хорвоод хэрвээ шидтэн гэж байдаг бол тэр шидтэн нь Хүүхдийн элч бид нар л байх ёстой юм шиг сэтгэл зүрхээ зориулан ажиллаж, цоожтой хаалганы цаана байгаа гунигийн нулимстай хүүхдийг аз жаргал, баяр хөөр, инээд баяслын нулимсаар сольж, хөгжлийн орчин нт дутмаг байгаагаас хөгжиж чадахгүй байгаа хүүхдэд дэлхийн авьяастан болтол нь хөгжүүлж, хүүхдэд тулгарч байгаа ямар нэгэн асуудлыг шийдэх, шийдвэр гаргах түвшинд гүүр болон ажиллаж, сэтгэл зүрхээ зориулж, Монголын хүүхэд бүр инээд баяслаар дүүрэн байхын төлөө, аз жаргалтай болтол нь хамтдаа зүтгэн ажиллацгаая” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.











Нийслэлийн хүүхдийн элчүүд:

-Хан-Уул дүүргийн Хүүхдийн элч Баатаржавын ХАЛИУН /Дуучин/

-Багануур дүүргийн Хүүхдийн элч Тэрбишийн ОЮУНБОЛД /Багануур дүүргийн Засаг даргын орлогч/

-Налайх дүүргийн Хүүхдийн элч Хүрэлчулуун АНХБАЯР /Налайх дүүргийн Засаг даргын орлогч/

-Налайх дүүргийн Хүүхдийн элч Бямбасүрэн ТЭЛМҮҮН /Оюутан/

-Сүхбаатар дүүргийн Хүүхдийн элч Базаржавын НАВЧАА /Найруулагч, жүжигчин/

-Баянгол дүүргийн Хүүхдийн элч Төмөрхуягийн ЭНХТАЙВАН /БГД-ийн ИТХ-ын ажлын албаны дарга/

-Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн элч Жигжидсүрэн САНДАГСҮРЭН /СХД-ийн засаг дарга/

-Баянзүрх дүүргийн Хүүхдийн элч Дамдинсүрэн НАЦАГДОРЖ /”Оточ манрамба” дээд сургуулийн захирал, “Маналын хүүхдүүд” ТББ-ын тэргүүн

-Чингэлтэй дүүргийн Хүүхдийн элч Сүхбаатар САРАНГЭРЭЛ /”Сити” дээд сургуулийн тайзны ярианы багш/



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.