2017,11-Р Сар,17


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Г.Оюунсүрэн: Хүүхдүүд босоо монгол бичгээрээ бичиж, уншиж сураасай гэж хүсдэг

3 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой - Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохиож буй "Мөнх тэнгэрийн бичиг-2017" монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” үзэсгэлэнгийн танхимд боллоо. Тус үзэсгэлэнгийн нээлтэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүрэлцэн ирж, шилдэг бүтээлийн эздэд шагнал гардуулж, дурсгалын зураг татуулав. 


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 13, 14 настай хүүхдүүд монгол бичгийг чадварлаг эзэмшиж, уран бүтээл туурвиж байгаад талархаж байгаагаа энэ үеэр хэллээ.






2011 оноос уламжлал болгон зохиож буй тус монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнг өнөө жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ойд зориулж, найман шилдэг уран бүтээлч, 55 сурагч багачуудын бүтээлээр дэлгэж байгаа аж.


Уран бичлэгийн уралдааны

Тусгай байрын шагналыг

-Нийслэлийн Налайх дүүргийн лаборатори 119 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Түвшинбатын “Би монгол хүн” бүтээл,

-Дорнод аймгийн Хэрлэн сумын Х.Чойбалсангийн нэрэмжит улсын тэргүүний 5 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Энх-Учралын “Чойбалсан” бүтээл,


Гуравдугаар байрын шагналыг

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч С.Солонгын “Чингүнжавын өчил” бүтээл,


Хоёрдугаар байрын шагналыг

-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Жаргалмаагийн “Нүүдэлчин” бүтээл,


Тэргүүн байрын шагнал хүртсэн Чингэлтэй дүүргийн Ататуркийн нэрэмжит тавдугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Оюунсүрэн:




“Тэргүүн байрын шагнал хүртсэндээ маш их баяртай байна. “Монголын нууц товчоо” бол манай улсын түүхэн сор бүтээлүүдийн нэг учраас энэ уралдаанд уран бичгээр нэгдүгээр бүлгийн хэсгээс нь бичсэн. Миний хувьд уран бичлэгээр хичээллээд нэг жил болж байна. Би “Монголын нууц товчоо” бүтээлээ хоёр хоногийн дотор бичиж дуусгасан. Эхний өдөртөө гарчиг, дараагийн өдөртөө бүтээлийнхээ нарийн хийцэд анхаарсан. Гэхдээ аливаа бүтээл урлахад хоёр гуравхан хоногоор хязгаарлагдахгүй. Тухайн хүнээс гарах ёстой бүхий л чадварыг шаарддаг юм. Уран бичлэгээр дөнгөж суралцаж байгаа хүүхдүүд бийрээр бичдэггүй. Эхлээд харандаа дараа нь үзгээр бичээд, сүүлд нь бийрээр бичиж эхэлдэг юм. Би үзгээр уран бичлэг бичиж байхдаа их шантарч байлаа. Уран бичлэгийг бичих тусам улам сайжирдаг учраас би одоо ч өөрийгөө хөгжүүлсээр байгаа. Сүүлийн үед хүүхдүүд уран бичлэгийг сонирхож, хичээллэх нь ихэссэн. Гэхдээ зарим хүүхдүүд маань уран бичлэгээр бичихгүй ч босоо монгол бичгээрээ бичиж, уншиж сураасай гэж хүсдэг” хэмээн сэтгэгдэлээ хуваалцсан юм.


Үзэсгэлэн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 11 дүгээр сарын 23-ны өдрүүдэд үнэ төлбөргүйгээр нийтэд үзүүлнэ.













Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.