2017,11-Р Сар,15


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Сонголт


"Хөвсгөл-Нэг үе" клубын 10 дахь спортын наадам боллоо

8 сар TIMES.MN
Чин сэтгэлийн дуудлагаар нэгдсэн хүмүүс маш олон сайн зүйлсийг хийж хэрэгжүүлдэгийг  бодитоор  харуулж яваа “Хөвсгөл-Нэг үе” клубынхан өнгөрсөн долоо хоногт 3 өдрийн турш  спортын нэгдсэн арга хэмжээг  Буянт-Ухаа спортын ордонд  зохион байгууллаа. 




Хоймор сайхан нутгийнхаа үе үеийн залуусыг спортын их үйл хэргийн дор уулзуулж, спортоор дамжуулан хувь хүнийг төлөвшүүлж, багаар хамтран ажиллахад сургаж орон нутгаа сурталчилах, ахмад болон дунд, залуу гурван үеийн залгамж халааг өвлүүлэх зорилготой энэхүү арга хэмжээ 10 дахь жилдээ зохиогдож байгаа нь энэ аж.




Энэ удаагийн спортын нэгдсэн арга хэмжээнд 80 багийн 1000 орчим тамирчид сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, шатар гэсэн дөрвөн төрлөөр оролцсон юм.




Тэмцээнийг Улсын аварга шалгаруулах тэмцээний 13 удаагийн шилдэг шүүгч МСБХ-нд 27 дах жилдээ шүүгч хийж байгаа Монгол улсын шүүгч Д.Энхсайхан, Улсын шүүгч Б.Даваасүрэн, шүүгч Т.Төрмөнх, тэргүүтэй шүүгчид ажиллалаа. “Хөвсгөл-Нэг үе” клубын анхны тэмцээн 35 -аас дээш насны ангиллаар Сагсан бөмбөгийн төрлөөр зохион байгуулагдаж байсан бол 10 дахь жилдээ оюутан залуучууд, 25-34 нас, 35-44 нас, 45-аас дээш гэсэн дөрвөн насны ангиллаар үе үеийнхнийг  хамарсан томоохон спортын наадам болон өргөжсөн байна.




Нээлтийн ёслолд тус клубыг санаачлагч Мөрөн хотын I арван жилийг 1987 онд төгссөн “Хөвсгөл-Нэг үе клуб”-ын ерөнхийлөгч Д.Батхуяг, тус клубын анхны ерөнхийлөгч УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан  тэргүүтэй удирдах зөвлөлийн гишүүд оролцсон юм.

Энэхүү арга хэмжээний үеэр Хөвсгөл аймгийн Баян-Зүрх сумын харъяат Улсын филармонийн гоцлол дуучин М.Бямбажав, "Яг түүн шиг" шоуны шилдэг оролцогчдын нэг С.Гантогоо нар ая дууны мэндчилгээ дэвшүүлж, Хөвсгөл нутгаас гаралтай “Moon dance” бүжгийн хамтлаг үзүүлбэрээ сонирхуулсан билээ.





Амжилтаас дурьдвал, Монголын Сагсан Бөмбөгийн Холбооноос зохион байгуулсан 2011 оны насанд хүрэгчдийн УАШТ-нд “Хөвсгөл-Нэг Үе” клубын насанд хүрэгчдийн эрэгтэй баг түрүүлэн анх удаа улсын аварга болж байжээ. Харин эмэгтэй баг нь Спрайт супер лигийн 3 удаагийн аварга, Ахмад сагсан бөмбөгчдийн УАШТ-нээс эрэгтэйчүүдийн баг нэг мөнгө, хошой хүрэл медаль, эмэгтэйчүүд нь  алт, мөнгө, хүрэл медаль авсан гээд амжилтын буухиа нь үргэлжилсээр байна. Мөн эрэгтэй баг МСБХ-с зохион байгуулдаг “Masters leage”-ын тэмцээнд амжилттай оролцон алт болон хүрэл медаль авсан зэрэг амжилтууд арвин гэнэ.


Ингээд нээлтийн арга хэмжээнд оролцсон тус клубын санаачлагчид болон зочдын сэтгэгдлийг хүргэж байна.


Д.Батхуяг: Хөвсгөлийнхөн баяр баясалаа хуваалцдаг талбар байгаасай



/”Хөвсгөл-Нэг үе” клубын ерөнхийлөгч/


- “Хөвсгөл- Нэг үе” клубээс зохион байгуулдаг “Нэг үе-Нэг хүсэл-Нэг сэтгэл” спортын наадам 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Жилээс жилд оролцож байгаа хүмүүсийн тоо, гаргаж буй амжилт нэмэгдэж, өргөн дэлгэр арга хэмжээ болж байна. Энэхүү спортын наадмыг  Хөвсгөлчүүдийн нэг дор цуглардаг, уулздаг, бие биедээ тусалж дэмждэг, баяр баясалаа хуваалцдаг  талбар нь  болоосой гэсэн зорилгоор зохион байгуулсаар ирсэн юм" гэж онцлов. 


Л.Энх-Амгалан: Мөрөн хот 2020 онд спорт цогцолбортой болно



/УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, ”Хөвсгөл нэг үе клуб”-ын анхны ерөнхийлөгч/


-"Монголын сагсан бөмбөгийн үе үеийн шилдэгүүд манай “Хөвсгөл нэг үе” клубээс төрөн гарсан.    Ирэх жилээс Хөвсгөл аймгийн Мөрөн хотод усан бассейн, сагс, волейболын талбайтай спортын цогцолбор баригдах болсон таатай мэдээг хүргэж байна. 2020 онд ашиглалтад орох энэхүү томоохон бүтээн байгуулалт нь “Хөвсгөл-Нэг үе” клубын санал санаачлагаар эхлүүлж байгаа гэж болно. “Хөвсгөл-Нэг үе” клубын үүсгэн байгуулагч Д.Батхуягтаа “Эвтэй 4 амьтан буюу тумбааш”-ийг бэлэглэе. Хөвсгөлчүүд эвтэй байдаг шиг Монголчууд эвтэй байхын билгэдэл юм" гэв.


Ц.Батнасан: Хөвсгөл аймгаас Ц.Мөнхбаатар Улсын шигшээ багт орсон



/Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга/


- "Хөвсгөл-Нэг үе” боксын клубыг Хөвсгөл аймагт нээж байсан ажил  амжилттай сайхан үргэлжилж, өнөөдөр Хөвсгөл аймгаас Цагаанбаатарын Мөнхбаатар гэж хүү Улсын шигшээ багт ороод хичээллэж байна. Яг энэ цагт тэр хүү маань Япон улсад хамтарсан бэлтгэлд оролцож байгаа. Бид 2020 оны Токиогийн олимпын их наадамд Монгол эх орноо төлөөлөн оролцоно хэмээн итгэл хүлээлгэж түүнийг хамтарсан бэлтгэлд хамруулсан билээ. Хойшид Хөвсгөл аймгаас олон олон шилдэг сайн тамирчдыг бэлтгэн гаргаарай хэмээн хүсэн ерөөгөөд Хөвсгөл аймгийн “ Хөвсгөл-Нэг үе” боксын клубын дасгалжуулагч Алтан очирт МБХ-ны нэрийн өмнөөс талархал, дурсгалын зүйл гардуулж байна" гэв.


Г.Чингүнжав: 1000 орчим тамирчдыг хамруулсан спортын  том арга хэмжээ



/“Хөвсгөл-Нэг үе” клубын гүйцэтгэх захирал/


-"Энэ удаагийн тэмцээн маань 10 жилийн ойн хүрээнд зохиогдож байгаа учраас олон тамирчид хамарсан  спортын томоохон наадам болж байна. Спортын дөрвөн төрлөөр 80 багийн 1000 орчим тамирчид гурван өдрийн туршид өрсөлдлөө" гэлээ.
















Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    8 сар []


saihan naadam shuu