2017,11-Р Сар,09


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Иргэд: Гэр хороолол, захын дүүргүүдэд гулгаа их байна

2 жил TIMES.MN

Нийслэлчүүдийн хувьд улирал бүрд тохирсон спортоор хичээллэдэг гэхэд хилсдэхгүй болов уу. Тэгвэл энэ даваа гарагт орсон их хэмжээний цасаар уртын харайлтын улирал дуусч уран гулгалтын улирал ирснийг сануулаад авлаа.


Жилийн жилд өвөл болохоор нийслэлчүүд утаа угаар, халтиргаа гулгаа гэсэн асуудалтайгаа золгодог. Халтиргаа арилгах байгууллага нь нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын менежментийн хэлтэс, Хот тохижилтын газар, нийслэлийн зургаан дүүргийн Тохижилт үйлчилгээний компани, Дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компанийн ажилчид гол замуудад халтиргаа гулгааг багасгахаар үүрийн гэгээгээр үдшийн бүрэнхийг хүртэл цаг наргүй шороо, давс цацсан.




Гэвч өдөр нь дулааран цас хайлж, зарим газар бүр зуны улирал мэт усан далай болон иргэд туулах нь туулан, харайх нь харайн гарлаа хэмээн бухимдуу байлаа.


Өндөр настан М: “Цас орсны өглөө гайгүй байсан. Харин маргааш нь хайлсан цас нь хөлдөн унаж бэртэх аюултай болсон байна лээ. Өдөр нь дулаан байсан учир Сансар орчмоор цас хайлан гол мэт урсаж харагдсан. Залуучууд ч харайгаад л гарчих юм. Харин хөгшин настай бид туулаад л гарлаа. Зун бол яахав гэсэн. Өвөл болохоор гутал нороод хөлдөж байна” гэлээ.


Холбогдох албаныхны хэлснээр уржигдрын орсон цасаар зам дээр тогтсон цас мєсийг хайлуулах, цэвэрлэх ажилд 11 камаз машин, 67 тонн бодис цацсан аж.




Гэвч хотын төв болон олны хөлийн газруудын хувьд цас, мөсийг нь сайхан цэвэрлэсэн байсан ч байр болон туслах зам, нар тусдаггүй газруудад цас нь гөлийн мөс болсон байна. Үүнийг хот нь хийх юм болов уу, тухайн байрны СӨХ нь хийх юм болов уу хэмээн гайхах иргэд цөөнгүй байлаа.




Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд цас цэвэрлэгээг хариуцаж ажиллах үүрэг хүлээдэг. Энэ тухай “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж байгуулах, арчилгаа цэвэрлэгээг хариуцаж, өвлийн улиралд хүн томилж цас, мөсийг тухай бүрд нь арилгаж, халтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн гэж заасан. Хариуцсан 50 метр газрынхаа цас мөсийг цэвэрлээгүйгээс иргэд гэмтэж бэртсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгжээс нэхэмжлэл хүсэх эрхтэй бөгөөд гэмтсэн иргэний эмчилгээний зардал, олох байсан орлого зэрэг бүх нөхөн төлбөрийг тухайн аж ахуйн нэгж хариуцах юм.


Мөн гэр хорооллын дундах замууд болон хотын төвийн захын замуудаар гулгаа их байгаа талаар иргэд ярьж байлаа.




Сонгино хайрхан дүүргийн иргэн Б: "Хотын төвөөр өмнөх жилүүдээ бодвол гулгаа гайгүй байна. Хотын зүгээс түргэн шуурхай арга хэмжээ авч сайн ажиллажээ. Гэхдээ төвөөрөө сайн цэвэрлэсэн мөртлөө гэр хороолол болон захын дүүргүүдээр цас, мөстэй зам, талбай байна. Өвөл болохоор гэр хорооллын айлууд гудамжинд гулгахаас сэргийлэн үнсээ асгадаг. Үүнд нь хувцас, гутал тэсэхгүй юм. Шөнө орой харахгүй гишгэх, тэр хавьд нь хальтарч унах асуудал их байдаг. Бүр цаашлаад хавар болон цас хайлахад үнстэйгээ холилдон гудамж бохирдож, өвчин үүсэх нэг нөхцөл болдог. Үүнээс өөрөөр гэр хорооллын гудамжин дахь мөсөн бүрхүүлийг яаж арилгах арга байдаг юм бол доо. Хороо дүүргээс энэ асуудалд анхаарч ажиллах хэрэгтэй болов уу” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.







Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.