Спорт


Б.Номин мөнгөн медаль авлаа

2 жил, 10 сар TIMES.MN

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас-Вегас хотноо үргэлжилж байна. Тэмцээний гурав дахь өдөр барилдсан манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 61 кг-д Б.Номин мөнгөн медаль авлаа. Тэрбээр 2014 оны дэлхийн аварга, Европ тивийн аварга Азербайжаны бөх Гажи Алиевтэй барилдаж оноогоор цэвэр хожигдлоо.


Б.Номин Энэтхэг, АНУ, Гүрж, Украины бөхчүүдийг хожиж, мөнгөн медалийн болзол хангаад байсан. Алтан медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд дэлхийн аварга Азербайжаны бөх Гажи Алиевтэй барилдаж оноогоор цэвэр хожигдлоо.

Манай эрчүүдээс 2007 онд Азербайжаны Бакуд болсон дэлхийн аваргаас Б.Наранбаатар 55 кг-д мөнгөн медаль авч байсан бол найман жилийн дараа Батболдын Номин медалийн буухиаг үргэлжлүүллээ.

Дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Номин Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна. 2013 онд үндэсний шигшээ багийн тамирчин болсон.

Б.Номин 2013 оны залуучуудын ДАШТ-нээс мөнгө, 2014 онд Азийн спортын наадмаас хүрэл, 2013, 2015 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авчээ. Тэрбээр насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас анхны медалиа авлаа.

Түүний багш О.Пүрэвбаатар 2001, 2002 оны дэлхийн аваргаас дараалан мөнгөн медаль авч байсан юм.

Манай эрчүүд 1963 оноос эхлэн дэлхийн аваргад оролцож эхэлснээс хойш гурван алт, 13 мөнгө, 17 хүрэл, нийт 33 медаль аваад байна. Харин бүсгүйчүүд хожуу дэлхий аваргад оролцсон ч гурван алт, зургаан мөнгө, 10 хүрэл медалийг өөрийн болгоод байна.

"Лас-Вегас-2015" ДАШТ-ээс манай баг тамирчид одоогоор нэг алт, хоёр мөнгөн медаль аваад байна. Эмэгтэйчүүдийн 63 кг-д Соронзонболдын Батцэцэг дэлхийн хошой аварга болсон бол эрэгтэйчүүдийн 61 кг-дБатболдын Номин, эмэгтэйчүүдийн 60 кг-д Сүхээгийн Цэрэнчимэд нар мөнгөн медаль авлаа. Мөн эрэгтэйчүүдийн 65 кг-д Ганзоригийн Мандахнаран, эмэгтэйчүүдийн 69 кг-д Очирбатын Насанбурмаа нар шагналт V байрт орсон.

Энэ жилийн ДАШТ-д жин бүртээ эхний зургаан байрт орсон тамирчид олимпийн наадамд өрсөлдөх эрхээ авч байгаа билээ. Манай улсаас одоогоор эрэгтэйчүүдээс 65 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, эмэгтэйчүүдээс 63 кг-д гавьяат тамирчин, дэлхийн хошой аварга С.Батцэцэг, 69 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа нар "Рио-2016" олимпийн наадмын эрхээ авлаа.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.