2017,11-Р Сар,03


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


"Уурхайн ам багассан учир нүүрсний үнэ өссөн"

2 жил, 1 сар TIMES.MN

Налгар намрын найр хуримын сарууд шувтарч хүйтний ам хаяанд иржээ. буй энэ үед иргэд өвлийн бэлтгэлээ базаадаг. Нийслэлийн хүн амын 70 гаруй хувийг эзлэх гэр хорооллын айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэл хэдийнээ эхэлжээ. Эдгээр айл өрхийн өвлийн түлшний хэрэгцээг хангах хамгийн ойрын эх үүсвэр буюу олборлолтын уурхай нь Налайх, Багануур.


Сүүлийн жилүүдэд нийслэлийн утаа ихэсч нүүрсний хэрэглээг багасгая, айл бүр нүүрснээс өөрөөр дулаанаа шийдье хэмээн уриалж байгаа хэдий ч монголчууд нүүрснээс татгалзах болоогүй л бололтой. Өнгөрсөн жилээс эхлэн гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны хэрэглээг тэглэсэн хэдий ч тэр бүр цахилгаан халаагуураар дулаанаа шийдэх айл өрхүүд цөөхөн байгаа бололтой. Үүний илрэл нь нүүрсний хэрэглээ буурахгүй байгаа явдал юм.


Тэгвэл жил ирэх тусам үнэ нь өсдөг хар алтны ханш энэ жил ч өссөн гэнэ.




Цайз захад олон жил нүүрс борлуулж буй иргэн Д:

Энэ жил нүүрсний үнэ өссөн. Учир нь уурхайн ам багассан, нурах эрсдэлтэй байгаа учир аравхан ам ажиллаж байгаа гэсэн. Өмнө нь нэг ковш нүүрс уурхайдаа 35 мянга байсан бол энэ жил нэг дахин нэмэгдээд 70 мянга болсон. Жижиг нь 60 мянга байгаа бол бүр 120 мянгынх ч байна. Бид олон хоног дугаарлаж нүүрсээ ачиж ирдэг. Портер нүүрснээс 30 мянган төгрөгийн ашиг л гарч байна. Иргэдийн худалдан авалт муу байна. Дулаахан байгаа болохоор тэр юм уу, нэг бол цахилгааны шөнийн хэрэглээг тэглэсэн учир дулаанаа цахилгаанаар шийдэх өрхүүд нэмэгдсэн ч юм уу” гэлээ.




Мөн тэд нүүрсний худалдаа эрхлэгчид хүнд, бохир нөхцөлд ажиллан нийслэлийн иргэдээ дулаан байлгахын төлөө хичээж байна. Харин тэгэхэд нүүрсээ борлуулах төвлөрсөн цэг алга, цагдаад торгуулан байж нүүрсээ зарахаар зогсож байна гэсэн юм. Энэ талаар өмнө манай сурвалжлах баг Сурвалжилсан билээ.


Нүүрсний үнэ судалж байх үед нүүрсний үнэ асуух иргэд бараг харагдахгүй байсан бөгөөд ганц нэг хүмүүс шуудай нүүрс л сонирхож байлаа. 




Олон жил түлээ, нүүрс зарж байгаа Л: “Энэ жил худалдан авалт их муу байна. Иргэдийн гар дээрх бэлэн мөнгө багассан уу. Сайн мэдэхгүй юм. Уг нь жил бүрийн өдийд хүний хөлөөр тасардаггүй юм. Авч байгаа хүмүүс нь ч бага багаар ганц хоёр шуудай нүүрс л авч байна" гэсэн юм.


Хар алт буюу нүүрс дотроо шаталт сайтай, асалт удаантай, тортогтой, тортоггүй гэх мэтээр олон янз. Гэхдээ дийлэнх нь Налайхын нүүрс байх жишээний. Цайз захад Алаг толгойг захиалгаар хүргэж өгнө гэсэн бол Шивээ Овоогийн нүүрс хараахан гараагүй байна гэлээ. Багануурын нүүрс тортог ихтэйгээс гадна олборлолтын зардал нь Налайхаас хоёр дахин бага байдаг аж.


Харин зарим ченжүүд Багануурын нүүрс үнс бага гарна, илчтэй сүүлийн үед Налайхаас дутахааргүй болсон гэдгийг онцолж байлаа. Ченжүүд долоо хоногт 1-2 удаа нүүрсэндээ явдаг бөгөөд наймааны ид үеэр 3-4 удаа явах тохиолдол ч гардаг гэнэ. 




Түүнчлэн замын хажууд жижиглэнгийн түлээ, нүүрс зарж буй М-тэй уулзахад “Уг нь бид нарыг хүйтрэхээр нэг хашаанд оруулдаг юм. Тэгэхгүй бол МХЕГ-ынхан ирээд шалгаж, хөөгөөд байдаг юм. Торгохгүй өнгөрнө гэж байхгүй. Тэр болгоны аясыг харж амьдардаг бид нар чинь торгуулийг нь төлөхөөс өөр аргагүй. Би олон жил нүүрс зарж байна. Амьдрал дээшилж байгаа юм алга. Бидэнд ашиг гээд байх зүйл бараг байдаггүй шүү дээ” гэж байв.




Цайз захад:

ЗИЛ-130 нүүрс 650.000 төгрөг /Налайх/

Портер нүүрс өндөрлөгдөөгүй 200.000 /Налайх/

Өндөрлөгтэй 280.000 /Налайх/

Өндөрлөгдөөгүй портер 150.000 /Багануур/

Том шуудай 3500 бөөндөө буюу 10-аас дээш 3000 /Налайх, Багануур/

Жижиг шуудай 2000 /Налайх, Багануур/ үнэтэй байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.