2017,11-Р Сар,01


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Онцлох сэдэв


Н.Намуундарь: Миний хүүхдүүд өсөж торних учир энэ нийгмийг өөрчлөхийг хүсэж байна

2 сар, 2 долоо хоног TIMES.MN
Сүүлийн үед олны чихийг дэлдийлгэсэн аймшигт хэргүүд ар араасаа гарсаар байна. 13-хан настай охиныг зочид буудалд архи уулгаж амь насыг нь хохироосон хэргийн үнэн бодит байдал нь олон нийтэд ил болоогүй байгаа билээ. Тэгвэл энэ хэргийн араас таван настай охиныг хойд эцэг нь хүчиндсэн гэх мэдээлэл гарсан. Мөн удалгүй төрсөн эцэг нь гуравхан настай охиноо удаа дараа хүчирхийлж байсан тухай ч нийтэд ил болсон билээ.


Хүчирхийлэлд өртөж буй хүмүүсийн 60 хувь нь хүүхдүүд байна. Хамгийн ноцтой нь энэ динамек үзүүлэлт 18 жилийн турш хадгалагдаж иржээ. Зарим тохиолдолд 75 хувь болж өсдөг тухай мэргэжилтнүүд ярьж байна.




Энэ мэт гэмт хэргийн золиос болж буй бяцхан үрсээ хамгаалахын тулд нийгэмд бидний дуу хоолой дутагдаж байна. Үр хүүхэдтэй хэн ч бай, ирээдүйд ээж аав болох хэн ч бай, ирээдүй хойч үе болсон үр хүүхдийнхээ төлөө бүх хүмүүсийг “НүдээНээ”-хийг уриалж буй залуус бол “Лантуун дохио” ТББ-ын хамт олон юм. “Өгөх Өдөр Хөдөлгөөн ТББ”,“Лантуун дохио ТББ” хамтран санаачилж охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг “НүдээНээ” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа билээ. Олон нийтийг НүдээНээхийг уриалан найман удаагийн жагсаал хийх бөгөөд хүмүүсийг үүнд нэгдэн гарын үсгээ зурахыг уриалсаар байгаа юм. Жагсаал гэлтгүй олон янзын үйл ажиллагааг шат дараатайгаар явуулахаар төлөвлөж байгаа аж.




Одоогоор “НүдээНээ” хөдөлгөөнд олон байгууллага, хамт олон нэгдэж буйгаа илэрхийлээд байгаа төдийгүй гадаадад суугаа залуус ч нэгдэж буйгаа цахим орчноор дамжуулан илэрхийлсээр байна.


НүдээНээ хоёр дахь жагсаалын үеэр Лантуун дохио ТББ-ын сайн дурын гишүүн Н.Намуундарь:




-Өнөөдрийн жагсаалын гол зорилго нь хүүхдийн хүчирхийлэл, нийгэмд байгаа бүх сөрөг зүйлс, хүний наймаа, гэмт хэргүүдийг таслан зогсоохыг хүсэж байгаа юм. Миний хүсэл зорилго ч гэсэн энэ жагсаалын зорилготой нэгдэж байгаа учир би нэгдэхээр ирсэн. Би хүүхэдгүй ч гэсэн олон дүүтэй. Мөн ирээдүйд ээж болоод олон хүүхэдтэй болно. Миний хүүхдүүд энэ нийгэмд өсөж торних учир энэ нийгмийг өөрчлөхийг хүсэж байна гэсэн юм.


Мөн хүний наймаа, хүчирхийлэлд өртөж буй хүмүүсийн дийлэнх нь мэдээлэл муугаас энэ гэмт хэргийн золиос болсоор байна. Тиймээс энэ төрлийн мэдээ мэдээлэл, мэдлэгийг олгох нь нэн түрүүнд шаардлагатай байна гэдгийг тэд онцолж байлаа. Түүнчлэн тэд “Бид хүчирхийллийн талаар 7 хоног шуугиад өнгөрөх бус нийгмийн сэтгэлзүйг өөрчилж, хууль журам бодлогын бодит өөрчлөлт хийх, хүн хүнээ хайрлах сэтгэлийг түгээх нөлөөллийн томоохон ажлуудыг хийхээр зорьж байна” гэлээ.




Хүчирхийлэлтэй холбоотой хэдхэн тоо баримт авч үзье.


“Хүүхдийн тусламжийн 108” утсанд өдөрт дунджаар 500 орчим дуудлага ирдэг. Эдгээр дуудлагын ихэнх хувийг танин мэдэхүй, нөхөн үржихүйн боловсролтой холбоотой асуулт эзэлдэг. Мөн “Хүүхдийн тусламжийн 108” 2014 онд анх байгуулагдсан цагаас хойш бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой 503 дуудлага ирсэн байна. Үүнээс 2017 онд хүчирхийлэлтэй холбоотой 157 дуудлага ирсэн нь нийт дуудлагын 30-40 хувийг эзлэж буй аж.




Дээрх дуудлагыг авч үзвэл

-хойд эцэг нь хүчиндсэн 17 хувь

-ойр дотнын хүмүүс нь хүчиндсэн тохиолдол 24 хувийг эзэлж байна.


Мөн эдгээр дуудлагын 122-ыг нь хяналтад авчээ. Энэ мэт сэтгэл өвтгөм тоо баримт байсаар байна. Гэтэл энэ тоо баримтыг хэлээд өнгөрөх бус багасгах, бууруулах тал дээр арга хэмжээ авах нь чухал юм гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа.




Харин тус жагсаалд хоёр хүүхэдтэйгээ ирсэн ээж дараах байр суурьтай байна.

Хоёр хүүхдийн ээж:


-Аймшигтай, сэтгэл өвтгөм хэргүүд эртнээс л болж байсан. Харамсалтай нь хүмүүс их нуудаг, хэн ч ил гаргадаггүй. Иймэрхүү асуудлуудыг олон жилийн өмнөөс л сонсож байсан. Эргэн тойрны хүмүүсээсээ хүртэл сонсож л байсан. Асуудлууд шийдэгдэхгүй цагдаагийн байгууллага нь ч дардаг, хувь хүмүүс нь ч дардаг. Идээ бээр болсон эдгээр асуудлуудын нэг хэсэг нь ч гэсэн ил болж байгаа учир үүнд нэгдэж оролцох нь зөв гэж бодож ирсэн. Хүүхдүүдээ дагуулж ирсэн шалтгаан нь “та нарын эрхийг хамгаалах хүмүүс байдаг, та нарыг хамгаалдаг томчууд байдаг гэдгийг хүүхдүүддээ мэдрүүлэх гэж хоёр хүүхдээ дагуулж ирлээ. Эндээс бас хүүхдүүд минь юм ойлгох байх гэж бодож байна. Сургууль дээр ч гэсэн энэ асуудлыг ярьж эхлэх гэж байгаа юм шиг байна лээ. Иргэн болсон хүн бүр энэ асуудалд нэгдэх ёстой гэж миний хувьд үзэж байна. Найз нараа ч гэсэн уриалсан. Үр хүүхэдтэй хүн бүр заавал дуу хоолойгоо нэгтгэж оролцоосой гэж уриалмаар байна гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.



Холбоотой мэдээлэл


Ц.Нямдорж VS Б.Хурц
Ц.Нямдорж VS Б.Хурц
2 сар, 3 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар, 2 долоо хоног []


ene teneguud ongorson jil ennees ch aimaar bisan gants surguuli tsetsrleg bihgui dahiad busarmag eebiigiin ue huuheded chn ireedui beleglehgui