Ковидын улмаас ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хоёр жил буюу 2022 он дуустал хойшлуулсан билээ. Харин арилжааны банкууд ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр дараагийн шинэ зээлээ олгох зохицуулалттай учраас өмнөх зээлтэй хүмүүс зээлээ төлөхгүй хойшлуулахын хэрээр дараагийн зээлүүд гарахад хүндрэл учирдаг. Улмаар арилжааны банкууд ипотекийн зээлийг олгохгүй хязгаарласан талаар иргэд ярих болсон.
Энэ асуудлаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Цаашид Монголын ипотекийн корпорацийн тогтолцоог ил тод, нээлттэй зөв тогтолцоонд оруулах, хүүг 8-аас 6 хувьд хүргэх, уртдчилгаа төлбөрийг багасгах, талаарх саналуудыг бэлтгэсэн ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар оруулна. Яамдуудаас саналуудаа авахаар хүргүүлсэн. Арилжааны банкууд ипотекийн зээлийг зогсоох ёсгүй. Учир нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос бидэнд өгсөн мэдээллээр санхүүжилт хэвийн үргэлжилж байна гэсэн. Харин санхүүжилтийн хувь хэмжээ нь банкуудаас өөрсдөөс нь хамаарна. Засгийн газраас өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ипотекийн зээлд хоёр их наядын санхүүжилтийг заруулсан. Оны эхний улиралд гүйцэтгэл 60 хувьтай байсан. Сар бүр Монголбанкнаас 30 тэрбумын санхүүжилтыг арилжааны банкуудад олгож байна. Орон сууцны үнэ болон эрэлт хэрэгцээнээс шалтгаалаад зээл олголт удааширсан байхыг үгүйсгэхгүй" гэдгийг онцлов.
Дашрамд дурдахад, энэ сарын эхээр Монголбанкнаас "Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 онд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр нийт 1.0 их наяд төгрөгийн зээлийг 13.5 мянган өрхөд олгосон. Монголбанкнаас ипотекийн хөтөлбөрийг 2023 онд багтаан Засгийн газарт шат дараатай шилжүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Тус хугацаанд нийт 2 их наяд төгрөгийн хөтөлбөрийн зээл олгох төлөвлөгөөтэй байгаагаас одоогийн байдлаар 1.2 их наяд төгрөгийн хөтөлбөрийн зээлийг олгоод байна. Энэ оны эхний тавдугаар сард нийт 233 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг 2845 өрхөд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр олгоод байна.
Цар тахлын хуулийн дагуу хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 2020 оны дөрөвдүгээр сараас 2022 оныг дуустал таван удаа хойшлуулсан Сүүлийн буюу тав дахь удаагийн төлбөр хойшлуулалтаар 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 63171 зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан. Дээрх зээлдэгчид 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оныг дуустал нийт 195.12 тэрбум төгрөгийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан байна.
Хөтөлбөрийн хүрээнд олгогдож буй зээлд тавигдах шаардлага, шалгуурт өөрчлөлт ороогүй буюу “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам” болон “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын дагуу хэвийн хэрэгжиж байна" гэх мэдээллийг өгөв.
Сэтгэгдэл