2017,10-Р Сар,31


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Сонголт


Б.Отгонтуяа: Хорь ч хүрээгүй хүүхдүүд энэ бүхнийг хийсэн

2 сар, 2 долоо хоног TIMES.MN
“Бид чадна” хэмээх хөтөлбөрийн эхний шатанд хамрагдсан хүүхдүүдийн нэг багийнхан Сувиллын 10-р цогцолборын нэг ангийг тохижуулж өгсөн талаар бид Өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл “Бид чадна” хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар тус төслийн зохицуулагч, “Бид чадна” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний портал сайтын гүйцэтгэх захирал Б.Отгонтуяатай ярилцлаа.




-“Бид чадна” хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулаач.

-Анх хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой бүх төрлийн мэдээллийг орон даяар хүмүүст яаж хүргэх вэ гэж бодсон. Ингээд сэтгүүлчийн сургуулийн, мэдээлэл бэлтгэж өгөх сайн дурын оюутнуудыг хайж, сургууль бүрээр нь хоёр жилийн хугацаанд явсан. Өнгөрсөн жилээс эхлэн манлайлагч хүмүүстэй уулзах уулзалт зохион байгуулсан. Мөн онооны дүнгийн схем гаргаж өгөн, сайтад видео хэлбэрээр ч юм уу мэдээлэл бэлтгэж өгөөч гэж янз бүрийн хэлбэрээр ажилласан. Гэхдээ энэ нь хангалттай сайн болж чадаагүй. Тус ажил маань явсаар өнгөрсөн зургадугаар сараас эхлэн дөрөв дөрвөн сарын хугацаатай сайн дурын хөтөлбөр гаргаж ирсэн.


Энэ хөтөлбөрийн хүрээнд дөрвөн сарын хугацаанд

-Мэдээллийн сайтад мэдээлэл бэлтгэнэ

-Багаараа сайн дурын зохион байгуулна /нэг багт зургаан оюутан/

Гарааны мөнгийг нь олгоно.


Гол шаардлага нь гарааны мөнгийг ихэсгэж юм хийх даалгавар байсан. Анхны хөтөлбөрийн хүрээнд гурван баг өөр өөр ажил хийсэн. Үүний нэг нь Сувиллын 10-р цогцолбор цэцэрлэгийн нэг өрөөг тохижуулах “Room 10” ажил байсан. Миний хувьд үүнийг цаг үеэ олсон ажил гэж үзэж байгаа.


-Ямар чиглэлээр суралцдаг оюутнууд уг хөтөлбөрт хамрагдах боломжтой вэ. Заавал сэтгүүлчийн анги гэх үү?

-Аль ч сургуулийн, ямар ч мэргэжлээр суралцдаг байж болно, чөлөөтэй.


-Нөгөө хоёр баг нь ямар сайн дурын ажил хийсэн бэ?

-Манай улсад 142 гэрлэн дохио байдаг. Гэтэл хараагүй хүнд дуугардаг гэрлэн дохио ганцхан байдаг юм билээ. Хүүхдүүд маань электроникийн их сургуулийн оюутны багтай хамтран гэрлэн дохионы схем зохион бүтээсэн. Үүнийгээ мэргэжлийн болон төрийн байгууллагаар хянаж шалгуулаад Замын цагдаагийн газарт хүлээлгэж өгнө.


Харин “Үзээд алдах уу” баг тэргэнцэртэй хүмүүсийн дэд бүтцийг илэрхийлэх зорилгоор өөрсдөө тэргэнцэртэй хотоор явж үзсэн. Өөрсдөө хэцүүг нь ойлгосны дараа "Шар айраг" хамтлагийн Ганхүүг тэргэнцэр дээр суугаач гэж урин, нэг өдөр явуулсан. Үүгээрээ таван цуврал видео хийж онлайн орчинд тавьсан. Нэг, хоёрдугаар дамжааны хорь ч хүрээгүй хүүхдүүд энэ бүхнийг хийсэн. Би хувьдаа хөтөлбөр сайн явагдаж байна гэж үзэж байгаа. Энэ хөтөлбөр цаашаа үргэлжлээд, дөрөв дөрвөн сараар явагдана.


Энэ долоо хоногт дараагийн хөтөлбөрийн нээлт эхэлнэ. Дөрвөн баг болж, АНУ-ын санхүүжилтээр жилийн хугацаанд хэрэгжинэ. Өнгөрсөн хугацааны хөтөлбөрийг “MCS Coca Cola” ивээн тэтгэсэн. Үүнд тийм өндөр санхүүжилт хэрэггүй байдаг. Энэ хөтөлбөрийг зохион байгуулснаар оюутнууд тэгш эрх гэж юу вэ, хүртээмжтэй нийгэм гэж юу болох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн загвар гэж юу болох, нийгэмд яаж оролцож байх талаар маш сайн ойлголттой болж байна. Ирээдүйн боловсон хүчин, ирээдүйн хөдөлмөрлөх залууст сайн мессеж болж байгаа.


Мөн манлайллын хөтөлбөр давхар явагддаг. Долоо хоног бүр уулзалт хийнэ, мэтгэлцээн, илтгэлийн уралдаан зохион байгуулна. Мөн АНУ-д суралцсан залуус ирж тэнд хэрхэн суралцсан, Монголд болон АНУ-д хэрхэн сайн дурын ажил хийж, тэтгэлэг авч суралцсан зэрэг ололт амжилтаасаа хуваалцаж оюутнуудад урам зориг, хүч өгдөг.


Түүнчлэн заавал АНУ-д сурсан гэлтгүй нийгэмд сайн дурын ажил хийдэг залуус олон байдаг. Тэдгээрээс урьж, яагаад сайн дурын ажил хийх болсон, нийгэмд ямар үр дүнтэй, өөрт нь ямар ач холбогдолтой болохыг ойлгуулах сургалтыг долоо хоног болгон зохион байгуулдаг. Бидний зүгээс эдгээр хүүхдүүдэд манлайллын сургалтад хамруулна. Давхар сайн дурын ажлыг яаж хийдэг талаар ойлголттой болгодог.


-Энэ удаагийн хөтөлбөрт хэдэн хүүхэд хамрагдах вэ. Ямар шалгуурыг хангасан байх ёстой вэ?

-25 хүүхэд хамрагдана.

Тавигдах шаардлага:

-Сайн дурын ажил хийх дур сонирхолтой байх

-Англи хэлний өндөр мэдлэгтэй байх /гадаад мэдээнээс мэдээлэл их хайдаг/

-Гадаадын их дээд сургуульд суралцах хүсэлтэй /ажил дээр гараад амжилт гаргах хүсэл эрмэлзэлтэй/ Видео хийсэн хүүхдүүд үргэлжлүүлээд янз бүрийн видео хийнэ гэсэн.


Хэрэв тэдгээр хүүхдүүд цаашаа үргэлжлүүлээд, гадаадын их дээд сургуульд суралцахаар өргөдөл өгвөл бид хангалттай сайн тодорхойлолт бичиж өгнө.


-Нэг хөтөлбөрт санхүүжилт их бага ордог гэлээ. Тухайлбал, өнгөрсөн хөтөлбөрт хэдэн төгрөгийн санхүүжилт орсон бэ.

-Дөрвөн сарын хугацаанд хоёр сая гурван зуун мянган төгрөгийн санхүүжилт орсон. Үүнд манлайллын хөтөлбөр, видео хөгжүүлэлт явагдсан. Сайн дурын ажил хийгдсэн. Гэхдээ сайн дурын ажил хийж буй газар, манлайллын хөтөлбөрт ирсэн зочид, байр, спикер гээд үнэгүй байсан. Тухайлбал, Америкт сургууль төгсөгчдийн холбоо, Америкийн соёл мэдээллийн төв байраар дэмжиж ажилласан учир бага мөнгөөр явагдсан. Хөрөнгө мөнгө гэхээс илүү хүүхдүүдэд очиж буй өгөөж нь их.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.