2017,10-Р Сар,30


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Ц.Цогзолмаа: 300 мянган төгрөг олгоод гал унтраах гэж байна гэсэн буруу ойлголт байна

2 жил TIMES.MN
Багш нарын хугацаагүй ажил хаялт явуулах, цалин нэмэх асуудлаар Багш нарын цалинг нэмүүлэх түр хороо, багш нарын Үйлдвэрчний эвлэлийн салбар холбоо, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд С.Чинзориг нар өнгөрсөн амралтын өдрүүдэд уулзалт хийн зөвшилцөлд хүрч чаджээ. Тиймээс өнөөдөр гурван талт хэлэлцээрийн явц мөн хоёр талт хэлэлцээр буюу Боловсролын яам энэ хоёр байгууллагатайгаа цаашид яаж ажиллах талаар гурван талт хэлэлцээрт оролцсон гишүүд мэдээлэл хийлээ.


Тус уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа:




“Бидний зөвшилцөлд хүрсэн эхний зүйл бол бид ямар нэгэн байдлаар гудамжинд жагсан, жагсаал цуглаан хийх нь нээлттэй боловч удаа дараа ийм байдлаар асуудлаа шийдэхээсээ илүү ширээний ард сууж, тохиролцож, боловсролын салбарт тулгамдаж байгаа олон асуудал, зөвхөн цалингийн асуудал гэлтгүй энэ салбарт тулгамдаж буй асуудлуудыг цогцоор нь шийдэхийн тулд хамтарч ажиллая гэдэг зөвшилцөлд хүрсэн. Нөгөөтээгүүр цалингийн асуудлаар олон нийтэд зөв мэдээлэл өгөхгүй бол нэг удаагийн ч гэдэг юм уу Засгийн газрын хэлэлцэж буй шийдвэр дээр олон нийтийн дунд буруу зөв ойлголт байна. Тиймээс өнөөдрийн уулзалтад Монгол Улсын Засгийн газар өөрсдийн нөөц боломжоор төрийн үйлчилгээний албан хаагчид даа ямар нэгэн байдлаар бодит орлогыг нь нэмэгдүүлэх, хөдөлмөрийн үнэлэмжийг нь үнэлэх байдлаар ажлын хариуцлагатай нь холбож 300 мянган төгрөг өгөх тухай ярилцаж байна.


Гэхдээ энэ эцэслэн шийдэгдээгүй асуудал. Олон талаас нь судалж, ярих, цаг хугацаа шаардлагатай байгаа. Энэ хурлын дараагаар намын бүлэг хуралдана. Тус хуралд та бүхний зүгээс гаргасан саналыг очиж танилцуулах болно. Яагаад олон нийтийн дунд буруу ойлгох асуудал үүсээд байна гэхээр ОУВС-тай байгуулсан гэрээгээр 2019 он хүртэл цалин гэдэг нэр томьёоллоор цалин нэмэх боломжгүй гэрээ хэлэлцээртэй байгаа. Гол нь нэг удаагийн гэдэг дээр хүмүүс эмзэглэж байх шиг байна. Оны төгсгөлд 300 мянган төгрөг олгогдоно. Дараа нь 2018 онд үнийн дүнгээрээ улсын төсөвт 56 тэрбум төгрөг олгогдоно гэдгийг хүмүүст тайлбарлаж өгөх бол нэг удаа 300 мянган төгрөг олгоод гал унтраах гэж байна гэсэн буруу ойлголт байна” гэлээ.


Харин Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:




 “Засгийн газар байгуулагдаад долоохон хонож байна. Гэхдээ долоо хоносон ч гэсэн гурван талт нийгэм зөвшилцлийн хэлэлцээрийг нэмэлтээр хийх шаардлагыг хүлээж авах, багш нарын түр хорооноос гаргаж буй шаардлагыг хүлээж авах зэргийг тодорхой хэмжээнд, богино хугацаанд та бүхний саналд хүндэтгэлтэй хандаж байгаа гэдгийг хэлмээр байна. Хэдийгээр хугацаа бага байгаа хэдий ч гурван талт хэлэлцээрээ харилцан ойлголцож, гарын үсэг зуран үзэглэсэн гэж ойлгож байгаа. Үндсэндээ 2014 оноос хойш төрийн албан хаагчдын цалинг нэмээгүй байгаа нь бодит үнэн. Статистикийн хороо, дэлхийн банкнаас явуулсан судалгаагаар ядуурлын төвшин нэмэгдэж байна гэдэг бодит тоо гарсан байгаа. Тиймээс багш нарын шаардлага нэг талаас зөв зүйтэй гэж бодож байна.


Гэхдээ нөгөө талаас бидэнд төсөв санхүүгийн боломж хэр байгаа билээ. Мөн олон улсын байгууллагуудтай хамтарч байгуулсан хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх, олон улсын донор байгууллагаас ирэх санхүүгийн дэмжлэгийг авч байж бид богино хугацаанд эдийн засгийн хүндрэлээс гарах боломж нь нөгөө талдаа байгаа учраас асуудалд бодитой хандах шаардлагатай байгаа юм. Гэхдээ бид Үйлдвэрчний эвлэлийн байгууллага, багш нарын шаардлагад хариу өгч 2017, 2018 оны төсвийн тодотголд нийт 112 тэрбум төгрөгийг багш нарын, төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэхэд зарцуулахаар төлөвлөсөн.


Засгийн газар ОУВС-тай тус 112 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэхэд зарцуулъя гэдэг зөвшилцлийг хийх гэж багагүй хугацаа зарцуулсан. ОУВС бидний хүсэлтийг хүлээж авсан. Харин цалингийн сан, үндсэн цалин нэмэгдүүлэхгүйгээр энэ асуудлаа шийдвэрлэж болно гэсэн.


Мөн 300 мянган төгрөг нэг удаагийн арга хэмжээ биш, хүн болгонд тэгшитгэж өгөхгүй. Ажлынх нь үр дүнгээр урамшуулал хэлбэрээр олгоно. 2017 оны төсвийн тодотголд 55.4, 2018 онд 56.2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Тухайн урамшууллыг хэрхэн олгох талаар Засгийн газар ерөнхий журам гаргана. Энэ журам дотроо эрүүл мэнд, боловсролын салбар дотооддоо урамшууллын мөнгө хэрхэн зарцуулах вэ гэдгийг салбарын яам дээрээ салбарынхаа сайдтай ярилцаад хамтын гэрээ хэлэлцээрээрээ зохицуулаад яв гэсэн. Багш нарын хэлсэн санал бол улирлын үр дүнгийн урамшууллыг авч чаддаггүй. Тиймээс улирлын үр дүнгийн урамшуулал болгож өгвөл болохгүй юм байхгүй гэсэн саналыг хэлж байна. Энэ бол өнөөдрийн тулгамдсан асуудал. Ер нь цаашид бүгдээрээ хамтраад болохгүй байгаа цалин хөлсний тогтолцоог боловсруулъя. Би хэрэв та бүхнийг санал нэгдвэл боловсролын сайдтай хамтраад ажлын хэсэг байгуулаад ажиллахад бэлэн байна. Би хэдэн санал тавья.


Нэг дэх асуудал: Багш нарын цалингийн системийн тогтолцоог боловсронгуй болгох арга хэмжээ авъя. Багш нарын ажлын ачаалал, үр дүн, урамшуулал, ажлын нөхцөлөөс хамаараад ялгамжтай цалин авдаг байх тогтолцоо руу орох болсон гэж би үзэж байна.

Хоёр дахь асуудал: Багш нарт өгч буй нэмэгдлийг олгож байгаа журмууд

-Засгийн газрын таван тогтоол

-Боловсролын сайдын дангаараа баталсан болон бусад яамдын сайдтай хамтарч баталсан дөрвөн журам байна. Энэ есөн журмаар зохицуулж байгааг цаашид болъё, цомхон болгоё, энгийн ойлгомжтой цомхон болгоё.


Хүнд нэмэгдэл хөлс олгохын төлөө ийм олон журмаар зохицуулах хэрэг байна уу.

Энэ асуудалд хамтарч ажиллая. Багш нарын цалин нэмүүлэх түр хорооноос ажлын хэсэгт оруулж, хамтарсан судалгаа хийж, хамтарч ажиллая. Мөн гурван талт хэлэлцээрт яригдсанаар урамшуулал олгосноор багш нарын цалинг нэмэх асуудлыг шийдэхгүй. Цаашид ОУВС-тай төрийн албан хаагчдын цалинг нэмүүлэх хэлэлцээрийг хийж ажиллах ёстой гэсэн шаардлагыг хүлээж авсан. Төгсгөлд нь нэг зүйл хэлэхэд төсөвт байгууллагуудын өөрийн үйл ажиллагааны орлого хэмнэлтийг зөвхөн нийгмийн хамгааллын асуудлуудад, цалин хөлсийг нэмэгдүүлэхэд зохицуулж байхаар хууль эрхзүйн үндэс, холбогдох журмуудыг боловсронгуй болгож өгье гэдэг зүйлүүдийг гурван талт хэлэлцээрээр хэлэлцэж ойлголцсон” хэмээлээ.


Хоёр сайдын хамтарсан тушаалаар 9-11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулахаар төлөвлөж байгаа аж.


Багш нарын цалинг нэмүүлэх түр хорооны төлөөлөл:




“Өнөөдөр бид албан ёсоор ажил хаялт зарласан байсан. Гэхдээ хамтарч ажиллая гэсэн та бүхний саналыг хүлээж аваад энд сууж байна. Тэрнээс бус лекц сонсох гэж энд ирээгүй. Өнөөдөр 200 долларын цалин авч ажилладаг хүн байна уу. Бид 40 мянган багш нарыг төлөөлж энд ирсэн. Та бүхэнд засаг, эрх мэдлийн хүч байгаа бол бидэнд эв нэгдлийн хүч байна.

Бидний тавьж буй санал гэвэл

–Үндсэн цалинг 2018 онд 50 хувиар нэмэх

Яагаад 50 хувь гэсэн гэхээр улс орноо урагшгүй удирдсаны чинь гай, ОУВС-тай сонин хачин гэрээ хийснийг чинь бодолцоод 50 хувиар нэмье гэсэн буулт хийж байна. Мөн үндсэн цалин гэдэг үгнээс айгаад байгаа бол урамшуулал гэдэг үгийг хэрэглэж болно. 2017 онд багш нарын цалинг 50 хувиар нэмээд багш нарын гар дээр олгосон тохиолдолд та нартай хамтрах бололцоотой. Чинзориг сайдын хэлснээр бидний ойлгосноор 2019 оноос багш нарын цалин өөр шатлал, өөр сүлжээгээр явна гэдгийг бид шаардаж байна. 2019 оноос багшийн үндсэн цалин гэдэг бол үндсэн цалин дээр нэмэх нь ажилласан жилийн нэмэгдэл байна. Цалингийн шинэ системээр явахгүй бол утгагүй олон урамшуулалд багш нар чинь учраа олохоо байсан байна. Энэ цалингийн нөхцөлийг зөвшөөрвөл бид цааш хамтран ажиллахад бэлэн байна. Хэрэв эсрэг тохиолдолд уг хэлэлцээрийг орхин гарахад бэлэн байна. 40 мянган багш энэ хэлэлцээрийг хараад сууж байна” гэсэн шаардлагыг тавилаа.


Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Ч.Болормаа:




Үйлдвэрчний эвлэлийн хороо, Багшийн цалин нэмүүлэх түр хороо хамтраад ажиллах хэрэгтэй. Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга н.Батзориг цалинг 50 хувиар нэмүүлэх санал дээр байгаа.


Үйлдвэрчний эвлэлийн холбоо багш нарынхаа эрх ашгийг төлөө тэмцэж чадаагүй хэмээн багш нар бухимдалтай байгаа аж.


Энэ талаар Багшийн цалинг нэмүүлэх түр хорооны гишүүн багш Ц.Мөнхтуяа:

 “Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, БСШУСЯ-ны үйлдвэрчний эвлэлийн холбоотойгоо хамтраад ажиллаа гээд хүн бүхэн хэлээд байна. Хамтарч ажиллахгүй гээд зугтсан юм байхгүй. Н.Батзориг дарга анхнаасаа бидэнтэй сонин харьцсан. Үл хүндэтгэсэн. Өнөөдөр Монголын мянга мянган багш нарын асуудлыг шийдэх гээд явж байхад шийдэх ёстой хүн нь багш нараа доромжлоод явж байна. Намайг анхнаасаа үл хүндэтгэсэн. Гудамжны хэдэн авгай нар явж байна гээд бүх сургуулиудад хэлж, бидний нэр хүндийг унагаасан. Үүнийхээ төлөө нэр хүндээ унагаасан. Үйлдвэрчний эвлэлийн хурал дээрээ биднийг доромжилсон. Хийж чадахгүй бол чаддаг хүнд нь ажлаа өг. Өнөөдөр Монголын багш нар ядуу байна. Та нар багш нарыг арай дэндүү дорд үзэж байна. Монголын багш нар ядарсандаа ингэж байна. Бидний төлөө явахгүй бол тэмцлээ цааш нь үргэлжлүүлнэ. Арай ч нэг юм ипотекийн зээлд хамрагдаад байртай болсон. Одоо байрны лизингээ өгч чадахгүй хураалгах гэж байна гээд хоёр хүүхэдтэй ганц бие Сэлэнгэ аймгийн багш надруу яриад байна” хэмээн Үйлдвэрчний эвлэлийн даргад бухимдаж буйгаа илэрхийлэв.


Энэ нь нэг удаагийн уулзалт биш бөгөөд хамтран ажиллах хүрээнд хийж буй эхний уулзалт гэдгийг онцлоод хаалттай хуралдаж эхэлсэн юм. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 жил [103.229.121.160]


яг үнэнийг хэлэхэд сэтгэлтэй багш эмч маш цөөхөн болж бүгдийг зоосны нүхээр хардаг хүнлэг энэрэгүй биш балиар юмнууд их байна энэ эмч багш нарт цалинг нь нэмэх байтугай ажлаас нь халахаар ёс суртахуун байхгүй эмч багш их байнаа арга хэмжээ авмаар


Зочин    2 жил [62.167.114.16]


zalingaas gadna ene bagsh nariin chadvar, soel gej umiig bas harval yasan um be??? bydyyleg, hyyhdiig evgui baidald oruulj amiig ni horluulsan bagsh hyrtel baisan bizdee


Зочин    2 жил [202.9.42.113]


zochin