2017,10-Р Сар,28


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Сайн мэдээ: Сувиллын 10-р цогцолборын хүүхдүүд тохилог ангитай боллоо

2 жил TIMES.MN
Монголдоо ганц хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сувиллын 10-р цогцолбор өөрийн гэсэн байргүй таван жилийн нүүр үзэж байгаа билээ. Өмнө нь манай сурвалжлах баг энэ талаар Нийтэлж байсан. Тус цэцэрлэгийн хүүхдүүд одоог хүртэл “Өнөр бүл” гэх асрамжийн 24 цагийн цэцэрлэгийн ард талын дөрөвхөн өрөөнд агаараа булаалдан, хүнд нөхцөлд байсаар байна.




Харин хуучин нурж унасан цэцэрлэгийнхээ хажууд нэг өрөөнд сургуульд орох нас нь болсон ч сургуульд хамрагдаж чадаагүй хүүхдүүддээ хичээл ордог аж. Энэ ангид зургаагаас дээш насны 6-8 хүүхэд суралцдаг. Тэгвэл өнөөдөр “Бид чадна” төсөлд хамрагдсан оюутан залуус эдгээр хүүхдүүдийн өрөөг тохижуулж хүлээлгэн өглөө.


“Бид чадна” төсөлд хамрагдсан МУИС-ийн Бизнесийн сургуулийн 3-р дамжааны оюутан П.Мандарваа:




-Би хүний нөөцийн менежментээр суралцдаг. Анх “Бид чадна” төслийн зарыг найз минь надад санал болгосон. Энэ төсөл маань хувь хүний хөгжлийн сургалттай. Мөн дээрээс нь төсөл хэрэгжүүлдэг. Энэ нь надад маш том боломж болж өгсөн. Өмнө нь би хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй нэг өдрийг өнгөрөөж, баярлуулж байсан. Тэр туршлагадаа тулгуурлаад тухайн төсөлд хамрагдъя гэж шийдсэн. Төслийн санаагаа манай баг их хайсан. Отгоо эгч бидэнд энэ санааг хэлж өгсөн юм. Ингээд тус цэцэрлэгийн холбогдох хүмүүстэй холбогдоод энэ ангийг тохижуулж өгөхөөр болсон. Сургуульд орж чадаагүй хүүхдүүдээ энэ ангид авдаг гэсэн. Эдгээр хүүхдүүд маань хамтдаа хөгждөг, суралцдаг тийм сайхан таатай орчинг бий болгож өгье.


Ингэхийн тулд хүмүүсийн хүчийг ашиглая. Олон хүмүүсийг нэгтгээд энэ өрөөг тохижуулъя гэж СУИС-ийн оюутнуудтай хамтарсан. Интернетээр мэдээллээ цацаад МУИС-ийн хоёрдугаар байранд долоо хоног хандивын аян өрнүүлсэн. Энэ үеэр хүмүүс бэлнээр тоглоом болон ном авчирч өгсөн. Мөн өнгөрсөн долоо хоногийн бүтэн сайн өдөр эвент зохион байгуулсан. Энэ үеэр цугларсан хандивын мөнгөөр ном, тоглоомыг нь хийх тавиур, самбар хийж өгөхөөр төлөвлөж байгаа. Энд хүүхдүүд бие биедээ сургалт явуулна гэсэн. “ADRF” гээд боловсролын хөгжлийн байгууллага тогтмол сургалт явуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.


Тиймээс тэд нартай хамтраад үргэлжлүүлэн сургалт явуулах зорилготой байгаа. Эдгээр хүүхдүүдэд гадаад хэлний хичээл заахад их сонирхдог гэсэн. Тиймээс цаашид бага багаар ангид нь юм нэмээд байнга холбоотой байна гэж бодож байна. Энэ хандивт оролцсон бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. “Бид чадна” хөтөлбөрийн хоёрдугаар шатны бүртгэл эхэлсэн. Залуусыгаа үүнд хамрагдаад олон сайхан зүйл сурч аваасай гэж хүсмээр байна.


Эдгээр залуусаас гадна СУИС-ийн нэгдүгээр дамжааны оюутнууд тус ангийн хана болон таазанд өөрсдийн санаачлагаар зураг зурж өгсөн юм.


СУИС-ийн уран зургийн ангийн 1-р дамжааны оюутан Б.Одгэрэлтэй цөөн хором ярилцлаа.




- Анх “Бид чадна” үйл ажиллагааг хариуцаж байсан охин надад санал тавьсан. Би “Арто” гээд бүлгэмтэй. Манай бүлгэм зургаар амьдралыг ойлгох талаас нь үйл ажиллагаагаа явуулдаг. Миний хувьд бүлгэмээ удирдаж явдаг бөгөөд сайн дурын ажилд оролцох сонирхолтой байдаг. Тийм ч учраас саналыг нь шууд хүлээж авсан. Зургаа арав гаруй хоног зурсан. Энэ ажилд зурдаг, зурдаггүй олон залуус оролцсон. Ер нь манай залуус их ухамсартай болсон байна. Сайн дурын ажилд оролцох хүсэлтэй залуус олон болсон байна. Цаашид сайн дурын үйл ажиллагаанд хамтраад ажиллана гэсэн бодолтой байгаа.


-Танай бүлгэм одоогоор хэчнээн гишүүнтэй байна вэ?

-Манай бүлгэм ойролцоогоор арван хэдэн гишүүнтэй байна. Элсэлтээ авахын зэрэгцээ хүмүүстээ тавигдах шаардлагаа хэлээд анкет бөглүүлээд авч байгаа.


-Дан ганц СУИС-ийн хүүхдүүд элсэх боломжтой юу, эсхүл хамаагүй юу?

-Зурж чаддаг хэдий ч өөр мэргэжлээр явсан хүүхдүүд байдаг. Дан сургуульд сурдаг, зурдаг биш насаараа зураг зурсан, хоббигоо хаяагүй, хүсэл сонирхлоо орхиогүй хүүхдүүдийг авах сонирхолтой байдаг. Шаардах зүйл нь зүгээр л сэтгэл.


-Тэгэхээр сэтгэл л байвал анкет бөглөөд танай гишүүн болох боломжтой гэж ойлгож болох уу. Цаашид юу хийхээр төлөвлөж байна. Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулъя гэж бодож байна?

-Оросод танай гэрийг засварлаж өгье гээд нэвтрүүлэг байдаг даа. Гэхдээ үүнийг хийдэг тусдаа компани байдаг. Яг тэр байгууллага шиг чадахгүй ч гэсэн. Танай гэрийг бид өөрчилж чадна гэсэн зорилготой сайн дурын ажил явуулах бодолтой байгаа.


-Зарим аавууд охиндоо зориулаад хашаагаа гоё зургаар чимэглэсэн байдаг. Үүнтэй адил зурж чадахгүй зарим аав ээж нар та нарт хандаад зураг зураад өгөөч гэвэл нээлттэй юу?

-Тийм нээлттэй.




Оюутнууд маш олон төрлийн ном болон тоглоомыг далай доторх зураг бүхий ангийн хамт тус цэцэрлэгийн хамт олонд хүлээлгэн өгсөн юм.


10-р цогцолбор цэцэрлэгийн захирал Г.Буянжаргал:




-Баярласнаа яаж илэрхийлэхээ мэдэхгүй байна. Үнэхээр сайхан ангитай боллоо. Хэлэх ч үг олдохгүй байна. Уг нь нурсан барилгын хажууд үйл ажиллагаагаа явуулах хориотой хэдий ч бид аргаа барахдаа өнөөдөр энд сургуулийн насны хүүхдүүдээ авч байна. Олон жил харлаа, хүлээлээ. Манай цэцэрлэг улсын мэдлийнх учир барилгыг минь бариад өгөх УИХ-ын гишүүн олдохгүй байна.




“Бид чадна” Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний портал нь анх мэдээ мэдээлэл бэлтгүүлэхээр сэтгүүлчийн ангийн оюутнуудад санал тавьсан байна. Гэвч энэ нь тийм ч сайн болоогүй бөгөөд өнгөрсөн зургадугаар сараас эхлэн дөрөв дөрвөн сарын хугацаатай сайн дурын хөтөлбөр гаргаж иржээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд гурван багт хуваагдан сайтад мэдээлэл бэлтгэхээс гадна сайн дурын ажил хийх ёстой аж. Гарааны мөнгийг нь олгох бөгөөд тус мөнгийг ихэсгэж сайн дурын ажил хийх даалгавар өгсөн байна. Энэ бол анхны хөтөлбөр аж. Энэ хөтөлбөрийн хүрээнд багууд гурван өөр төрлийн сайн дурын ажил хийсний нэг нь энэ юм. “Бид чадна” хөтөлбөрийн хоёр дахь элсэлт эхэлсэн бөгөөд энэ хагас сайн өдөр бүртгэл дуусах тул оюутан залуус та бүхэн яараарай. Тус хөтөлбөрийн талаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний порталын гүйцэтгэх захиралтай ярилцсан ярилцлагаа удахгүй хүргэх болно.










Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.