2017,10-Р Сар,26


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


" Төр засгаас май гээд авчраад өгөх үү?"

2 жил TIMES.MN

Цайз зах буюу хүмүүсийн сайн мэддэгээр мод, нүүрсний зах. Энд олон хүн мод, нүүрс худалдаалж, олон жилийн нүүр үзсэн. Замын хажуу, явган хүний замаар шуудайтай нүүрс, түлээ ярайхын зэрэгцээ портер машинтай нүүрсний цуваа замын нэгдүгээр эгнээг эзэлнэ. Замын хажуугаар явж буй машинтай, машингүй хүмүүс үнийг нь асуугаад л өнгөрөх юм. Хүн дөхөөд очингуут л ямар нүүрс сонирхож байна, хүргээд өгнө шүү гээд л бүгд ам амандаа орилолдоно. Арга ч үгүй байх.




“Амьдрахын тулд хэдэн өдөр уурхайн гадна дугаарлан байж, хол газраас ачиж ирсэн нүүрсээ хүн бүхэн борлуулаад буцахыг бодно шүү дээ” хэмээн нэгэн ахимаг насны эгч намайг чиглэн ирлээ.


Тэрээр энд хориод жил нүүрс зарж байгаа бөгөөд "энэ жил хүмүүсийн худалдан авалт муу байна. Үүнтэй зэрэгцээд нүүрсээ зогсоод зарах хашаа, талбай байхгүй хэцүү юм. Өдөр бүр цагдаа нарт торгуулж, айж эмээн амьдарч байна. Байгаа хоёр гуравхан хашаа нь түрээс өндөр, ороод гарахад л таван мянган төгрөг авдаг. Хэрэв хашаа уруу нь орохгүй бол цагдаа дуудаж, энэ хэдэн жолооч нарыг торгуулдаг” хэмээн нөхцөл байдлаа хуваалцлаа.




Өмнө нь энд нүүрсээ борлуулдаг том хашаа байсан гэнэ. Гэвч “Шунхлай” тэр газрыг нь худалдаж авсан учир одоо өөрийн гэсэн газаргүй, аргагүй эрхэнд зам бараадан торгуулж нүүрсээ борлуулж байгаа аж. Мөн замын урд хэсэгт хоёр хашаа байрлах бөгөөд тэр хашааны эзэд нь өөрсдийн хашаан дотроо нүүрс түлээ борлуулдаг гэв.


Худалдаа эрхлэгч иргэн Д:


Хангай зах шиг томоохон хашаа гаргаад өгвөл бид нар түрээсээ төлөөд л, санаа амар зогсмоор байна. Дүүргээс энэ тал дээр анхаараасай гэж хүсмээр байна. Хэдий утаа гаргадаг гэж муулдаг ч гэсэн нүүрсгүй бол нийслэлийнхэн хөлдөнө биз дээ. Тэгээд хэдэн нүүрсний ченжүүд нь байхгүй бол хотынхонд хэн нүүрс дөхүүлж өгөх вэ? Төр засгаас май гээд авчраад өгөх үү? Бид нар хэдэн өдөр дугаарлаж, бохир, хүнд гэлтгүй олон жил нүүрс зөөж байна. Нэг портер нүүрснээс хорь юм уу гучин мянган төгрөг л ашиг болдог. Зовж олсон хэдэн төгрөгөө цагдаа нарт торгуулаад өгөөд байхаар хэцүү байна. Газартай болгож өгөөч гэж хэнд хандахаа мэдэхгүй л юм.


Цайз зах нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг учир энэ нөхцөл байдлын талаар тодруулахаар тус хорооны нийгмийн ажилтантай уулзлаа.




22 дугаар хорооны нийгмийн ажилтан М:

Газрын асуудлыг бид мэдэхгүй. Газрын албанд л хандах хэрэгтэй. Тухайн нүүрс борлуулж байгаа иргэд өөрсдөө өргөдөл бичээд газрын албанд хандаад үзэх хэрэгтэй. Гэхдээ тэр хэсэгт улсын мэдлийн газар бараг байхгүй. Бүгд хувьд шилжсэн. Хангай зах ч гэсэн ялгаагүй хувь хүнийх шүү дээ. Тухайн газраа хувь хүн өөрөө яаж ашиглах нь тэр хүний л эрх. Тиймээс нэг бол хашаатай гээд байгаа хүмүүстэйгээ ярьж тохироод түрээсээ арай багасгаад зогсох гэх мэтээр өөрсдөө л санал санаачилга гаргах хэрэгтэй. Тэрнээс бид очоод чи энд юмаа зар, чи түрээсээ багасга гээд хэлэх эрх байхгүй. Ямартай ч газрын албанд нэг хандаад үзэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна гэсэн тайлбар өгсөн юм.


Нүүрс борлуулдаг иргэдтэй ярилцаж байтал эргүүлийн алаг тэрэг ирж буйн сургаар жолооч нар машинаа асаан тал тал тийш тарав. Цагдаа замын хажуугаас машинаа холдуул хэмээн цагаан хоолойгоор нэг хэлэн давхиад явав. удаа ч үгүй жолооч нар дахин цуглан "Ийм л нөхцөл байдалтай байна. Би ч бүр машинаа орхиод л өөрөө зугтая гэж бодож байлаа" хэмээн нэгэн жолооч инээв. Харин зарим нь шатахуун түгээх газрын хажууд байрлах хэсэгхэн зайнд зогсдог гэнэ. Гэхдээ манаач нь цагдаа дуудаад өгчдөг юм гэв. 


Жолооч нарын бичиг баримтыг эргүүлийн цагдаа хурааж аван тус хорооны хэсгийн ахлагчид хүргэж өгдөг гэнэ. Жолооч нар бичиг баримтаа авахаар очиход хориос тавин мянган төгрөгөөр торгодог бөгөөд торгуулийн хуудас гэж ямар ч цаас өгдөггүй. Компьютер дээр шивсэн болоод гарын үсэг зуруулаад л, нэг ном гаргаж ирэн дүрэм журам уншаад л гаргадаг хэмээн жолооч нар хэлж байлаа. Нэг удаа бүр 10-аад жолоочийг тавин мянган төгрөгөөр торгоод нэг ч хуудас өгөөгүй. Бараг тав, зургаан зуун мянган төгрөг хурааж авчхаад торгуулийн хуудас өгмөөрсөн дөө. Замын цагдаа таван мянган төгрөгөөр торгоход хүртэл торгуулийн хуудас өгдөг биз дээ хэмээн бухимдлаа илэрхийлэв. Харин энэ талаар тодруулахаар тус хорооны хэсгийн ахлагч дээр очсон боловч өрөө нь цоожтой, хаачсан талаар мэдэх хүн байсангүй.






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 жил [202.9.42.202]


Гансүхииг хамгаалах байсан юм байна даа хөөрхии. Зөв л юм хииж байж дээ


Зочин    2 жил [202.179.26.247]


Үнэн шүү. Аз жаргалтай Улаанбаатар хотод амьдарч байж юу солиороод байгаа юм. Болж л байна шүү дээ.


Зочин    2 жил [66.181.187.182]


За мангаруудын төлөө гүйх хүн одоо байхгүй гүйж байгаад Гансүх шоронд орсон өмөөрч нэг ч хүн дуугараагүй биз дээ одоо хөлдөөд үхнэ үү хэнд хамаатай юм