2022-2024 онд хэрэгжүүлэх "Улаанбаатар хотын цахим шилжилт" нь төр, хувийн хэвшлийн хамтран хэрэгжүүлэх анхны томоохон төсөл юм. Төслийн технологийн шийдэл, төлөвлөгөөг өнөөдөр танилцууллаа.
Нийслэлийн салбар бүрд мэдээлэл технологийн шийдлийг ашиглан, иргэдийн ажиллаж, амьдрахад таатай ухаалаг хотыг бий болгоход нийслэлийн төрийн байгууллагууд үндэсний мэдээлэл технологийн 70 гаруй аж ахуй нэгжтэй хамтран ажиллахаар болжээ.
Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Төр болон хувийн хэвшлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах хамгийн зөв хэлбэр бол цахим шилжилт. Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн томоохон төв болсон Улаанбаатар хот цахим шилжилт хийх ёстой. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа мэдээлэл технологийн томоохон 70 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран цахим шилжилтийг хийнэ. Энэ бүхэнд аж ахуйн нэгжүүдийн маань оролцоо чухал. Хиймэл оюун ухааны тусламжтай, хүний хүчин зүйлээс үл хамаарах зохицуулалтыг хамтран хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотод тулгамдаж байгаа олон асуудлыг шийдэх, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, авлигаас ангид, ил тод, нээлттэй үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх юм” гэв.
Сэтгэгдэл