Сонголт


С.Цэрэндулам: Нутаг заагдаж сууна гэдэг бас нэгэн хэлмэгдүүлэлт

2 сар, 3 долоо хоног TIMES.MN
Зүүний алдаа завхрал, урвагчдын ятгалга, тулгалт нь ард түмний сэтгэл санааг алдагдуулж, 1930-аад оны эхнээс Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгаас айл өрх, ард олноороо хил давж нүүх, дүрвэх хөдөлгөөн гарч байсныг түүхчид бичдэг. Тэгвэл тэдгээр дүрвэн харь оронд очсон иргэдийн зарим нь өөрсдийн хүсэлтээр дүрвэж байсан бол харин зарим нь хүчээр эх нутгаасаа гарч байжээ. Арга буюу хүний шахалт хавчилтаар эх нутгаа орхин харийн нутагт зовж байсан иргэдийн нэг Г.Санзай агсны охинтой уулзаж ярилцлаа.




Миний аавыг Гаажидын Санзай гэдэг. Миний аав 1932 оны үед Алаг Намнан, Муухан Шар гэдэг хүмүүсээр толгойлуулсан бүлэг хүмүүсийн эрхшээлээр эх нутгаасаа гарсан хүн. Аав минь мундаг анчин хүн байсан учир сайн бууддаг хүнийг авч гарна хэмээн аавыг минь авч гарсан юм билээ. Аавыг гэрийн тооноос уяад доороос нь гал түлэхэд хормой нь шатаж эхэлсэн байна. Ингээд амь гарахын тулд “За яахав та нартай хамт явъя” гэж хэлээд гадаадад гарсан гэсэн.


Харин ээж минь Хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүн, Мэргэн Шовгор овогтой Ууш гэж хүн байсан юм. Тэр үед ээж минь 25 настай залуухан эвлэлийн гишүүн байсан учир түүнийг бууны ам долоолгоод, гарыг нь хүлж, сөгдүүлж байгаад “Чи эвлэлийн гишүүн хүн. Буцаж зугтаж магадгүй. Чамайг харгалзаатай авч явна” гээд тэмээн дээр суулгаж, гарыг нь хүлж, хүнээр хөтлүүлэн хилийн дээс гаргажээ. Ээжийн эцэг нь Мэргэн Шовгор гэдэг мэргэлдэг лам хүн байсан учир баригдаж, амь насаа алдах аюултай үе байж. Тиймээс өвөө минь тэдгээр хүмүүстэй хамт мөн гадаад гарахаар шийдсэн байна.


Алаг Намнан, Муухан Шараар толгойлуулсан хүмүүс “Та сан тавиад, бидэнд зам зааж өгч бай” гээд аваад явсан гэнэ. Иймэрхүү байдлаар аав ээж хоёр минь баруун хил буюу Хүрмэн сумаар Өвөрмонголын нутаг уруу гарсан түүхтэй. Тэд гадаадад очоод их зовлон үзсэн юм билээ. Ээжийн минь хоёр хөл нь өвдөөд сүүлдээ бүр хэвтээ болсон.


Ээж минь эмэгтэй хүний зовлон гэдгийг дааж гарсан хүн. Таван жил хэвтээ байсан. Аавтайгаа хоёулаа байдаг байсан бөгөөд аав нь 73 насандаа нас барсан. Ингээд харийн нутагт ганцаараа байсан эмэгтэй хүн


“Харийн нутагт явахад миний нүднээс нулимс гардаг байсан болохоос дуу гардаггүй байсан” гэж ярьдаг байсан.


Ингээд бид 1945 оны чөлөөлөх дайнаар Замын Үүдээр орж ирсэн юм. Тэр үед би таван настай байсан.


Олон айлууд буусан байхыг нь орой харахад зул асаасан мэт харагддаг байсансан.


Манайх нүүсээр Дорноговь аймгийн Иххэт суманд ирсэн. Ээж минь хөдөлгөөнтэй хүн байсан учир нутаг уруугаа явна гэж их хөөцөлдсөн.


“Бид нар Өмнөговь аймгийн хүмүүс, би сул гараагүй суртай гарсан” гээд л загнасны хүчинд бид нүүхээр болсон юм. Тэгээд нүүж явтал Сайхан далай суманд ах дүү нар нь хүрээд ирсэн. Ингээд ээж минь тэнд очоод явахаа байдаг ч юм уу гэж байтал тооллого болов. Ийнхүү бид Сайхан далай суманд очиж амьдарсан. Манайх тэнд долдугаар багт 10 жил болсон. Тэнд байхад аавыг минь янз бүрийн ажилд явуулдаг байлаа.


Тухайлбал, адуу туух, Баянтүмэнд очиж хонь хяргах, Улаанбаатар хот руу жин тээлгэх ажилд ангийн бригадаар сар сараар явуулна. Нөхрөө ингээд ажилд явахаар ээж минь хэдэн хүүхэдтэйгээ үлдэнэ. Зарим хүүхдээ алдаж ч байсан. Тэр үе их зовлонтой үе байлаа. Бид нар бага байсан болохоор нутгийн айлууд их шоолдог байв. Жишээ нь, гол дээр мал услах гээд очиход “та нар малаа гарга” гээд л шав хуурдаад, морьтой давхиж ирээд хувьтай шилбүүрээр хүүхдүүдийг нь эхтэй нь хөөгөөд л, бид малаа сүүлд усалдаг байлаа. Мөн хонь хариулуулъя, хурга хариулуулъя танай хүүхдийг авна гээд л найман настай сургуульд суух байсан сууж чадаагүй.


Найман настайдаа багийн даргын хонийг хариулаад сургуулиасаа хоцорсон. Сургуулиасаа хоцроод байж байтал ээж минь ганцаардаж байгаад хоёр нас хүрч байгаа дүүг минь алдчихав. Ээж минь хүүхдээ орхиод л хониндоо явна. Би хамгийн том нь байсан юм. Ээж бид хоёр их зүдэрсэн.


Гурван есийн хүйтэн тачигнаж байсан үед олон жаахан дүү нартай минь манай бууцнаас нүү гэж нутгийн айлууд хөөж нүүлгэсэн юм. Нүүх боллоо. Би долоохон настай жаахан амьтан тэмээ номнож ачих боллоо. Ээж минь ганцаараа ачаагаа ачаад л “өөрийн дураар болъё” гээд цулгуй ховдон дээр буулаа. Тэр нь бууц биш цулгуй ховдон. Тэр цулгуй газар буучхаад л ээж минь “охин минь тусад орж, бид хоёр нүүлээ шүү дээ” гээд л ихэд баярлаж байсан. Ингээд бид айлуудаас тусдаа нүүж, тусгаарлагдсан юм.


Хойтон жил нь би есөн настай Сайхан далай сумандаа сургуульд суусан. Өвөл нь гэртээ гүйж ирэн аавтайгаа хамт бууз, банш, боорцгоо хийж байсан удаатай. Иймэрхүү байдлаар Дорноговьд байсан түүхтэй. 1955 онд аймгийн сургуульд сурч байтал аав минь ирээд “нутагтаа нүүх боллоо, явъя миний хүү, ах дүү нартайгаа уулзана” гээд л нүүсэн дээ.


Бүтэн намаржингаа нүүгээд нутагтаа ирэхэд нь ээжийн минь ээж, эмээ минь нас барсан байсан. Арван жил өөр нутагт хоригдоод ээжтэйгээ ч уулзаж чадаагүй. Аав минь мөн ахтайгаа уулзаж чадаагүй юм. Хүний нутагт байж байгаад өөрийн төрсөн нутагтаа очиход өөр мэдрэмж төрдөг юм билээ. Нутагтаа очиход “Мэргэн Шовгорын Ууш ирсэн байна” гээд л ярина. Ах дүү нар нь байгаа болохоор ад үзээгүй. Би зургадугаар ангид суусан.


Өөрийнхөө нутагт ирнэ гэдэг шал өөр юм билээ. Харин нутаг заагдаж сууна гэдэг бас нэгэн хэлмэгдүүлэлт юм гэдгийг би ойлгосон. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.