Аналитик


Урлаг спортынхон гялалзаж, улстөрчид нь нэгнээ хэмлэв

3 жил, 10 сар TIMES.MN
Өнгөрсөн долоо хоног олныг баярлуулсан, гайхшруулсан, бухимдуулсан үйл явдлаар дүүрэн байлаа. Урлаг соёл, спортынхон эдийн засгийн хямрал, улстөрийн хямралд сэтгэл, толгой нь өвдөг иргэдийн стрессийг  амжилтаараа тайлав. Гэвч долоо хоногийн сүүлээр улстөрчид иргэдийн сэтгэл санааг эсрэгээр нь эргүүлж хямралын давалгааг улстөрөөр нэмэрлэв.

АН-ын Гүйцэтгэх зөвлөл МАН-ыг засгаас хөөх шийдвэр гаргалаа

Баасан гарагийн  өдрөөс эхэлж хуралдсан АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэр хурлаас өмнө  бараг тодорхой байсан гэхэд болно. Өмнөх өдрүүдэд нь намын гишүүд нь ажлын садаа болсон МАН-ыг Засгийн газраас гаргахгүй бол болохгүй нь. Хамтраад эдийн засгийн хүндрэлийг давах туулах бус чөдөр тушаа боллоо. Буцах гэж буй бэр  аятай аашилж, ажил хийлгэсэнгүй. УИХ-аас шийдвэр гарахаа байлаа хэмээн бухимдсан.

МАН-ынхан зөрүүлээд хамтрах гэрээ байгуулахдаа улс орныхоо эдийн засгийг сайжруулна гэсэн болохоос бурууг хараагүй юм шиг явна гээгүй хэмээн зөрүүдлэх. Ийм байдал даамжирсан тул АН-ын Гүйцэтгэх зөвлөл ийнхүү хуралдаж МАН-ыг Засгийн газраас гаргах. Ингэхдээ Засгийн газарт байх МАН-ын зургаан сайдыг сольж өнөөдрийг бүтцийг хэвээр үлдээх. АН сонгуулийн хугацаа хүртэл жил хүрэхгүй шахам хугацаанд ачаагаа даасан шиг дааж, хариуцлагаа үүрсэн шиг үүрнэ гэсэн шийдвэрийг гаргасан юм. Тэгэхээр АН-ын УИХ дахь бүлэг өнөөдрөөс хуралдаж МАН-тай байгуулсан хамтран ажиллах гэрээг хэлэлцэж цуцлах өдрөө товлох юм.

Зүүний магнайд 2 аварга хоёулаа гарах уу?

Баяр наадмын үндэсний бөхийн барилдааны зүүний магнайд хэн гарах вэ гэдэг маргаан өнөөдрийг хүртэл эцэслээгүй үргэлжилж байна. Өнгөрсөн 7 хоногт байр наадмыг зохион байгуулах хорооноос зүүний магнайд Г.Өсөхбаяр гарна хэмээн шийдсэн ч А.Сүхбат аварга хүлээн зөвшөөрөөгүй. Эцсийн шийдвэрийг цолны зарлиг гаргадаг Ерөнхийлөгч гаргана хэмээн мэдэгдсэн. Үндэсний бөхийн холбоо хоёр аваргын маргааныг шийдвэрлэж чадахгүйд хүрч Баяр наадмын салбарт комисс шийдвэр гаргах болов. Тус хорооны хувьд Үндэсний баяр наадмын хуульд зүүнийг магнайд хэн гарахыг хэрхэн хуульчилсаныг баримтална гэж байна. Үндэсний их баяр наадмын хуулийн 3.5 –д  Үндэсний бөхийн холбоо бөхчүүдийн амжилтын эрэмбийг гаргаж өгнө. Энэхүү эрэмбийн дагуу бөхчүүдийг баяр наадмаар барилдах эрэмбийг гаргана гэж байдаг. Энэхүү заалтаар амжилтаар нь эрэмбэлэнэ гэжээ.

Тэгэхээр Баяр наадмын салбар хороо ч хоёр аваргыг амжилтаар нь эрэмбэлэхээр болж байгаа. Одоогоор Г.Өсөхбаяр, А.Сүхбат  нар наадмын бэлтгэлдээ гарсан. Бяар наадмын өглөө гэхэд энэ асуудал эцэслэгдэнэ гэж иргэд найдаж байна.

Тавантолгойн гэрээг Засгийн газар татаж авав

УИХ-аас байгуулагдсан Тавантолгойн гэрээнд дүгнэлт гаргах ажлын хэсэгт Засгийн газар шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхгүй байсан гэх шалтгаанаар 2 сар гаруй  сунжирсан. Өнгөрсөн 7 хоногт ажлын хэсэг УИХ-ын даргад дүгнэлтээ өргөн барьсан. Уг дүгнэлтэд Тавантолгойн ордыг ашиглахаар консерциумтай хийх гэрээ  болон дагалдах бусад бичиг баримт өнөөдөр  мөрдөгдөж байгаа Монгол Улсын зарим хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн. Монгол улсад ашиггүй хариуцлагүй гэрээ хийхээр төлөвлөсөн улстөрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Ингэж дүгнэх шалтгаан нь

-          Эрдэнэставантолгойн үнэ цэнийг бууруулж үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарласан, гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр хувьцаа арилжаалах эрх байхгүй болгосон.

-          Монгол Улсын иргэд 1072 ширхэг хувьцаагаа эзэмшиж байгаа хувьцаат компани. Мөн 553 аж ахуйн нэгжийн хувьцаа бий. Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалсан, хувьцааг нь эргэлтэнд оруулах тухай хууль тогтоомж хэрэгжээгүй.

-          УИХ-аар баталсан 39 дүгээр тогтоол, гадаад болон дотоодын хөрөнгийг бирж дээр хувьцаа гаргаж хөрөнгө оруулалт татах заалт хэрэгжээгүй.

-          Тавантолгойн орыг ашиглахад байгуулах шаардлагатай төмөрзамын асуудлыг цогцоор шийдвэрлээгүй байна гэж ажлын хэсгийнхэн үзсэн.

Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг монголчуудад ашигтай гэрээ байгуулж чадаагүй нь харамсалтай. Ажлын хэсэг дүгнэлтээ УИХ-ын даргад өргөн барихтай зэрэгцээд Засгийн газар Тавантолгойн гэрээгээ эргүүлэн татаж авсан. Засгийн газрын байр суурь нь өнөөдрийг хүртэл Засгийн газрын ажлын хэсгийн ахлагчаар ажилласан М.Энхсайхан сайдыг өөрчилж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтоор ахлуулахаар болсон байна. Тэгэхээр Оюутолгойн гэрээг дуулиантайхан шийдсэн С.Баярцогт Тавантолгойн хувь заяа мөн шийдэх болж байна.

Хоёр гавьяатын “дуулиантай үсний найр”

Монгол улсын гавьяат жүжигчин С.Жавхлан, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравцамж нар тэргүүлэн долдугаар сарын 1-ний өдөр Чингисийн талбай дээр гарч ирэн үсээ хуцсч өнөөгийн болохгүй бүтэхгүй байгаа бүхнийг шүүмжлэн эсэргүүцлээ илэрхийлэн үсээ хуслаа. С.Жавхлан хэлэхдээ “Өнөөгийн улстөрчдийг улстөрийн тавцангаас цэвэрлэх, оюунтай толгойтой хүмүүсээр төрийг удирдуулах цаг болсон. Хэт улстөржсөнөөр улс орон хуцүүдлээ. Шуналтай хэдхэн улстөрчдийг сонгоод төрийн толгойд байлгаад байх уу” гэж байв. Мөн энэ өдөр түүхэнд хараар тэмдэглэгдсэн долдугаар сарын 1-ний өдрийн 7 жилийн ой тохиосон юм.

Урлагийн олимпоос Г.Ариунбаатар алтан медальтай ирлээ

Дөрвөн жилд нэг удаа болдог П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн уралдааны гоцлол дуулаачийн төрөлд Монгол Улсыг төлөөлөн оролцсон Гавьяат жүжигчин, гоцлол дуучин Г.Ариунбаатар оролцож “Тэргүүн байр”, “Алтан медаль”-ийн эзэн болсон сайхан мэдээ өнгөрсөн долоо хоногийн ёимэгтэй мэдээ байлаа.

Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан энэхүү баярт мэдээг дуулгасан байна.Г.Ариунбаатар цахим хуудаснаа “Би маш их баяртай байна. Та нартаа баярлалаа. Энэ уралдаан намайг хамгийн их сорилоо. Үнэхээр хvнд байлаа. Гэхдээ би ард нь гарсан.Тийм ээ, би урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн уралдаанаас анх удаагаа эх орондоо Тэргүүvн байр, Алтан медалтай очихнээ. Аав ээж, элгэн садан, эрдэмтэн багш найз нөхөд Amaraa Aagii Aagii анддаа болон бүгдэд нь баярлалаа.

Аливаа тэмцээн уралдаанд оролцоход нэн чухал асуудал бол мөнгө санхүү. Намайг чинь сэтгэлээсээ ойлгож байнга туслаж дэмждэг аварга А.Сүхбат ахдаа, "Эх нутгийн иргэн" ТББ тэргvvн УИХ-ын дэд дарга, М.Энхболд ахдаа мөн CMS group-ийн хамт олондоо, Монголын Цагдаагийн нийт бие бүрэлдхүүндээ, Улан-Удын театрыхандаа дахин дахин талархаж байна.” хэмээн баярын сэтгэгдлээ бичжээ. Тэрээр өнгөрсөн ням гарагт эх орондоо ирсэн юм.

Чингис хаан гранприг монголын жүдочид өнгөллөө

Улаанбаатар хотноо жүдо бөхийн  “Чингис Хаан” гран при тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. 2016 оны зуны Олимпийн наадамд оролцох тамирчдад эрхийн оноо олгох дээрх тэмцээнд 35 орны эрэгтэй, эмэгтэй 201 тамирчин оролцсон.

Манай улсын хувьд эрэгтэйчүүдийн 60 кг-д 12 бөх барилдахад эзэн орны дөрвөн жүдоч медалийн тавцанд зогслоо. Дэлхийн аварган алтан медальт Г.Болдбаатар, мөнгөн медальт Д.Амартүвшин, ОУХМ Г.Хэрлэн, Ц.Цогтбаатар нар хөгжөөн дэмжигч нараа баярлуулсан. Энэ удаа Д.Амартүвшин алт, Г.Болдбаатар мөнгө, Г.Хэрлэн, Ц.Цогтбаатар нар хүрэл медаль авсан бол Франц, Казахстан зэрэг орны тамирчид ганзага хоосон буцлаа.

Мөн 66 кг-д манай улсын шилдэг жүдоч, Азийн наадмын аварга Д.Төмөрхүлэг эхний тойрогт Германы С.Мартинийг, хоёрт Словений А.Жеребийг, үүний дараа фианлд Японы Х.Абэг цэвэр хожиж, алтан медаль хүртлээ. Энэ жинд 2012 оны зуны Олимпийн аварга А.Галястан хүрэл медаль дээр буусан юм. 73 кг-д “Лондон 2012” зуны Олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир эхний Японы Д.Такешиг, хоёрт БНХАУ-ын Ш.Суныг ялж, хагас шигшээд ОХУ-ын бөх, Олимпийн аварга М.Исаевтай барилдах болсон. Гэтэл өрсөлдөгч бөх нь дэвжээнд гарч ирээгүй тул шууд финалд үлдсэн. Шигшээ барилдаанд БНХАУ-ын С.Юнжиригалатай хүч үзсэн ч цэвэр ялагджээ.81 кг-д 17 бөх зодоглож, Канадын А.Волиас-Фортер алт, Унгарын А.Унгвари мөнгө, Ираны С.Моллей, Монголын Н.Дагвасүрэн нар хүрэл медаль хүртсэн. Манай бөх Н.Дагвасүрэн эхний тойрогт БНХАУ-ын Х.Эриг, хоёрт Японы Г.Марүяамаг ялж, гуравт аварга авах ерөөлтэй Канадын бөхийг дийлээгүй юм. Улмаар хүрэл медалийн төлөө нутгийн бөх О.Ууганбаатарыг торгуулиар ялсан юм.

90 кг-д манай жүдочид төдийлөн амжилттай барилддаггүй. Харин энэ удаа ОУХМ Л.Отгонбаатар босоо байж, алтан медаль хүртсэн билэээ. Энэ жинд 16 бөх барилдахад Л.Отгонбаатар БНАХУ-ын Буг, хоёрт Узбекистаны Еркинг, гуравт Шведийн Жоакимийг ялсан. Харин аваргын төлөө БНХАУ-ын Ж.Ченг цэвэр хожсон. Шигшээ барилдаан багагүй хүнд болсон. Л.Отгонбаатар эхлээд вазари алдсан ч цаг дуусахаас өмнө цэвэр ялалт авсан. -100 кг-д манай бөхчүүд медаль хүртээгүй. Энэ жинд Японы А.Волф алт, Шведийн М.Пасек мөнгө, Их Британийн Б.Флетчер, Ираны Ж.Махжоув нар хүрэл медальтай нутаг буцлаа. Монголын бөхчүүдээс Б.Жанчивдорж, Б.Амбасэлмаа, Б.Ариун-Эрдэнэ нар барилдсан ч хоёр нь медалийн төлөөх барилдаанаас цааш явсангүй.+100 кг-д Японы К.Нишигатэ алт, Германы С.Хейнли мөнгөн медаль авсан бол Монголын Б.Тэмүүлэн, Ө.Дүүрэнбаяр нар хүрэл дээр буулаа. ОУХМ Б.Тэмүүлэн Гүржийн Онисег ялсан ч Японы аваргад хожигдсон. Улмаар хүрэл медалийн төлөө Францын Бонвойсиг цэвэр шидсэн юм.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.