2017,10-Р Сар,17


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




TIMES Ярилцлага


Б.Тунгалаг: Хамгийн их хөгжиж байгаа салбарт л зөрчил их гарч байна

3 сар TIMES.MN

Оюуны өмч гэж юу вэ? Оюуны өмчид ямар бүтээлүүд багтдаг, хэрэв хэн нэгний оюуны өмчийг хулгайлсан бол ямар хариуцлага хүлээж, ямар зохицуулалтаар зохицуулдаг талаар Зохиогчийн эрхийн шинжээч Б.Тунгалагаас тодрууллаа.




-Оюуны өмчийн эрхийг хамгаалдаг газар яг ямар ямар төрлийн оюуны өмчийг хамгаалдаг вэ?

-Оюутны дипломын ажлаас эхлээд л том том эрдэм шинжилгээний ажлууд, утга зохиолын бүтээл дотор ном, зохиол, тууж, романаас эхлээд киноны зохиол, дөрвөн мөрт шүлэг хүртэл оюуны өмчдөө ордог. Урлагийн бүтээл гэдэг өөрөө маш том салбар. Үүн дотор кино, дуу, бүжиг, жүжиг гээд бүгд ордог. Ийм олон салбарыг хамарсан оюуны өмчийг хамгаалах хуультай.


-Жишээ нь сүүлийн үед нэг дууг олон хүн янз янзаар дуулж байна. Магадгүй тухайн дууг амилуулсан дуучин, шүлгийн зохиолч, ая зохиогчоос нь зөвшөөрлийг нь аваад дуулж байгаа байх, үгүй ч байж магад. Тэгэхээр тухайн уран бүтээлч зөвшөөрсөн л бол болох уу. Нэг бол танайхаас бас зөвшөөрөл авах ёстой байдаг уу?

-Зохиогчийн эрх болон түүнд хамаарахын тухай хуульд шууд болон хамаарах эрх гэж байна. Шууд эрх нь яруу найрагч, хөгжмийн зохиолч өөрөө шууд эрхээ эдэлнэ. Харин хамаарах эрх нь түүний бүтээлийг амилуулж байгаа дуучин, бүжигчин, хөгжимчид орно. Тухайлбал, олонд танигдсан дуучин тухайн дууг дуулаад хит болгосон. Харин өөр дуучин дуулахаар хит болж чадахгүй байхад тухайн хит болгосон дуучин онцгой эрх эдлээд эхэлнэ. Тэгэхээр тухайн дуучин хөгжмийн зохиолч, яруу найрагчтайгаа гэрээ байгуулж энэ дууг худалдаж авсан юм уу, захиалгаар хийлгэсэн тохиолдолд тэр дуучин л тухайн дууг дуулна. Харин дуучин өөр хүнээр дуулуулахаар зөвшөөрсөн тохиолдолд хөгжмийн зохиолч, яруу найрагчийн нэрийг заавал дурдах ёстой. Олон улсад ямар нэгэн хэмжээгээр хөгжмийн зохиолч, яруу найрагч давуу эрхтэй байдаг.


-Хувь хүн өөрийн зохиосон бүтээлдээ зохиогчийн эрх авахын тулд ямар материал бүрдүүлэх ёстой вэ. Заавал зохиогчийн эрхийн гэрчилгээ авах ёстой юу?

-Манай сайтаар ороод Бүрдүүлэх материалын жагсаалт  авч болно. Гэхдээ зохиогчийн эрхийн тухай хуулиар гэрчилгээ авах нь сайн дурын үндсэн дээр авч болно гэж заасан. Яагаад гэвэл бүтээл туурвисан үеэсээ нийтийн хүртээл болсон, болоогүй гээсээ үл хамааран шууд хамгаалагдаж байдаг автомат системтэй байдаг. Тухайлбал, номон дээр гарсан нэрээрээ л зохиогч нь гэдэг нь нотлогдож байгаа учир хэн нэгэн зөвшөөрөлгүй ашиглаж болохгүй.


-Ихэвчлэн ямар төрлийн зохиогчийн эрхэд зөрчил, маргаан гарч байна.

-Яг тэр гэж хэлэхэд хүнд. Хамгийн их хөгжиж байгаа салбарт л зөрчил их гарч байна. Шинжлэх ухааны салбарыг л харахад их дээд сургууль, номын сан, уран зураг, фото зураг, дүрслэх урлагийн бүтээлүүд их зөрчигдөж байна. Бидний харж буйгаар кино урлагийн салбарт зөрчил их байгаа мэт харагдаж байгаа. Учир нь дэлгэцээр өдөр бүр харж байгаа учир хүмүүст мэдэгдээд байгаа юм. Гэтэл цаана нь дүрслэх урлагийн бүтээл, хэн нэгэн хүний зурсан, сийлсэн, хатгасан, оёсон, фото зургийг хүмүүс мэдэхгүй байна.


-Телевизүүд оюуны өмчийн зөвшөөрөлтэй гээд л киногоо гаргадаг болсон байна. Тэд тус уран бүтээлийн зөвшөөрлийг хаанаас авч байна. Тухайлбал, холливуудын уран бүтээлийг тэндээс нь л зөвшөөрлийг нь авна гэсэн үг үү?

-Манай оюуны өмчийн газар бол зөвшөөрөл өгдөг газар биш. Хуулиа хэрэгжүүлдэг, хуулиндаа хяналт тавьдаг газар. Бид хяналт тавиад, гомдлын дагуу төлөвлөгөөт шалгалт явуулдаг. Хаана эрх нь зөрчигдөж байгааг хянах боломж ч байхгүй. Хяналтыг манайхтай хамтарч ажиллаж буй хамтын удирдлагын байгууллага болон төрийн бус байгууллага тавих ёстой. Холливуудын уран бүтээлийг ихэвчлэн студи нь эрхийг нь эзэмшсэн байдаг. Тэдгээр кино студиүдтэй гэрээ байгуулдаг. Манайд ч гэсэн сүүлийн үед студи нь эрхийг нь эзэмшдэг болж байна. Мөн гадаадад номын зохиолч нар нь эрхээ хэвлэлийн компанид нь өгсөн байдаг. Яагаад гэвэл тэр олон сая хүн амтай газар зохиолчийг нь хайж явах хэцүү байдаг. Манайд ч гэсэн удахгүй ийм зүйл рүү шилжих байх.


-Кино уран бүтээлийг CD, DVD-д хувилж зарах асуудал их байна. Энэ асуудал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ. Нүдэнд ил харагдаж байгаа зөрчил бол ямартай ч энэ байх.

-Тийм. Энэ асуудал бүр хэрээс хэтэрч байгаа. Бид нар энэ тал дээр олон жил тууштай явж байна. Нарантуул болон бусад захуудаас удаа дараа санал ирүүлсэн. Хэдэн жил бид хүний бүтээлээр амьдрах вэ? Хулгай хийхээ болъё, шударга амьдрая гэсэн санал ирүүлж, нааштай байгаа. Саяхан бид хамтын удирдлагын байгууллага, АНУ-ын элчин сайдын яамтай хамтарсан сургалт, семинарыг Нарантуул болон бусад захуудад CD, DVD борлуулдаг худалдагч нарт хийсэн. Кино уран бүтээлийг хамгаалах байгууллага гэж байгуулагдсан. Энэ байгууллагатай хамтарч, ямар нэгэн зөвшөөрөл, лицензээр ашиглая гэсэн нэгдсэн нэг шийдэлд хүрэх гээд үе шаттайгаар ажиллаж байна.


-Телевизүүд бас хулгайгаар гаргаж байгаа.

-Телевизүүд мэдсэн мэдээгүй хуулиа их зөрчиж байгаа. Гэхдээ таван жилийн өмнөхтэй харьцуулахад кино урлагийн бүтээлийн зөрчил харьцангуй багасаж байна.Том том телевизүүд гадаад, дотоодын киног зөвшөөрөлтэй, төлбөртэйгөөр гаргадаг болж байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.