Улс төр


Нэг тэрбум долларын зээлийг дэмжлээ

4 жил TIMES.MN

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 14 цаг 27 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас энэ сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам. долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэв.

                                

Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт хийсэн юм. БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 оны 8 дугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийхдээ хоёр талт эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 1 тэрбум ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээл олгох боломжтойгоо мэдэгдсэн билээ. Энэ үндсэн дээр талууд тус зээлийн хүрээнд ерөнхий хэлэлцээр байгуулахаар тохиролцож, эрчим хүчний болон бусад шаардлагад нийцсэн салбарын төслийг санхүүжүүлэхээр тогтоод байгаа. 

Тус байнгын хорооны энэ сарын 04-ний өдрийн хуралдаанаар энэхүү зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохоор тогтсоны дагуу БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 1.0 тэрбум ам.долларын зээлийг ашиглах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Ерөнхий хэлэлцээрт 11 дүгээр сарын 10-ны өдөр гарын үсэг зурсан байна.

                                  

Хууль санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Цог зээлийн зориулалтын талаар тодруулахад Эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам.долларын зээлийн Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг шинэчлэн баталсан. БНХАУ-ын Засгийн газраас олгох энэхүү экспортын зээлийн хөрөнгөөр Эгийн голын усан цахилгаан станцыг барих, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртлэх 20.9 км замын өргөтгөл, шинэчлэл хийх, Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг шинэчлэх, түүнчлэн Мах боловсруулах 12 үйлдвэр барих, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг төслүүдийг хэрэгжүүлнэ гэсэн хариулт өгөв.Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл зээлийн нөхцөл болон эргэн төлөлтийн талаар тодруулахад Эрчим хүчний сайд зээл нь жилийн 2 хувийн хүүтэй, нийт 20 жилийн хугацаанд эргэн төлөхөөс эхний 7 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм. Эгийн голын усан цахилгаан станц нь өөрийн үйл ажиллагааны зардлаас уг зээлийг төлөх бөгөөд 11 жилд өртгөө нөхөх тооцоо судалгаа гарсан байгаа гэлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, Ж.Энхбаяр нар Эрчим хүчний сайд болон ажлын хэсгээс зээлийн ерөнхий хэлэлцээртэй холбогдсон зарим зүйлийг тодруулж хариулт авсан юм.

                                     

Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан саналаа хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл энэ зээлийн хэлэлцээр нь тодорхой төслийг санхүүжүүлэхэд зориулагдаж байгаа, тэр дундаа эрчим хүчний хараат байдлаас гарах, нөгөө талаар дэлхий дахинд чухалчлагдаж байгаа сэргээгдэх эрчим хүчний асуудалд чиглэж буйгаараа чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа хэллээ.

Ингээд зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.