TIMES Ярилцлага


Ц.Батцэнгэл: Антибиотикийг дур мэдэн хэрэглэдэггүй болгох бодлого хэрэгтэй байна

1 жил, 2 сар TIMES.MN

 Улсын нэгдсэн эмнэлгийн Уушиг судлалын  килиникийн АУ-ны магистр,  профессор Ц.Батцэнгэлтэй ярилцлаа


Бидний амьдралд хамгийн түгээмэл тохиолддог нь агаар дуслаар халдварладаг амьсгалын замын өвчин болох ханиад. Хүн бүр энэ өвчний талаар сайн мэддэг юм шиг боловч мэргэжлийн хүний зөвөлгөө зайлшгүй хэрэгтэй байдаг?

 Амьсгалын замын цочмог халдварт өвчин томуу, томуу төст өвчин буюу ханиадны гол үүсгэгч нь вирус. Энэхүү  өвчний үүсгэгч 200 гаруй төрлийн вирус байдаг. Тэдгээрийн дундаас хамгийн түгээмэл тохиолддог нь “ А” болоод “ Б” хүрээний вирус  .  Нөгөөтэйгүүр улирлын шинжтэйгээрээ онцлог. Ялангуяа хүйтэн сэрүүний улиралд  агаар дуслын замаар дамжин халдварладаг. Ингэхдээ  вирус нь хүний биеийн эсэд орж үржээд  цочмог хурц өвчин үүсгэдэг.   Жил бүр  томуу өвчний үүсгэгч нь өөр өөр. Зарим жилд “А” хүрээний вирус түгээмэл   байхад заримдаа” В” хүрээнийх байх жишээтэй.  

Энэ гол нь юунаас үүдэлтэй вэ?

 Зөвхөн “А “хүрээний вирус  дотроо маш олон  омогтой. Нэг жилдээ нэг омог нь , дараа жилдээ  өөр омог нь давамгайлж  вирусийн  өөрийнх нь  бүтэц    маш амархан  өөрчлөгддөг  учраас жил бүр томуу  үүсгэгчүүд  өөр өөр байдаг. Үүний улмаас  жил бүр ханиад  хүрдэг. Вирусийн халдвараар өвчлөхөд  дархлааны тогтолцооны хамгаалалт үүсээд , дахин тэр вирусийн халдвараар өвчлөдөггүй. Вирусийн халдвар буюу ханиад нь  дэлхий нийтэд хамгийн түгээмэл тохиолддог халдварт өвчин бөгөөд  бүх насныхан өвчилдөг .  Ханиадны вирус нь хувьсамтгай, генийн бүтэц нь байнга  өөрчлөгддөг учраас  өвчин тусахад  ямагт бэлэн байдаг.  Насанд хүрсэн хүн жилдээ 4-6,  хүүхэд  6-8 удаа ханиад тусвал хэвийн  гэж үздэг.  Вирусийн хору чанар,тухайн бие махбодийн онцлог, дархлааны онцлог, бодисын солилцоо хамгаалалтын  онцлог  зэргээс хамаараад зарим хүнд бага зэрэг найтааж, хамар нь  эвгүй болоод богино хугацаанд эдгэрдэг бол зарим хүнд ханиад нь  хүндэрч,  өндөр халуурах ,халдвар хордлогын хам шинж илрэх,  цаашлаад  уушигны хатгаагаар хүндэрч амь насаа алдах хүртэл аюултай байдалд ордог.Тийм учраас томуу өвчнөөр жилдээ 3-5 сая орчим хүн маш хүнд хэлбэрээр өвдөж 250-500 мянган хүн нас бардаг гэсэн ДЭМБ –ын судалгаа байдаг. Энэ вирус нь хүйтэн сэрүүний улиралд  -70  хүртэлх хэм буюу гадаад орчинд  идэвхтэй амьдрах  чадвартай  учир агаар дуслын замаар халдварладаг. Халуун дулааны өндөр температурт, мөн ариутгалын бүх уусмалд  амархан  үхдэг. Хүний биед агаар дуслын замаар халдварладаг.Халдварлах чадвар нь  маш  өндөр буюу 90 хувьтай. Өөрөөр хэлбэл  вирусийн халдвартай нэг  хүнээс  бусад хүмүүс халдвар авах байдал 90 хувьтай байдаг. Вирус  нь уушиг  буюу  амьсгалын зам руу  нэвтрэн  орж уушгины үрэвсэл,  гуурсан хоолойны цочмог хурц үрэвсэл үүсгэж байдаг.

Томуу , томуу төст өвчний вирусийн ерөнхий шинжийг нь тайлбарлахгүй юу?  

Үндсэн хоёр хам шинж илэрдэг. Нэгдүгээрт нь халдвар хордлогын хам шинж . Амьсгалын зам руу нэвтрэн орсон вирус хүний амьсгалын салстын эс рүү  орсноор үржил нь явагддаг. Үржлээр  орж ирсэн вирус маш олон саяар үржиж цус руу нэвтрэн ордог. Үүний улмаас бүх биед тархан вирусийн халдвар хордлогын хам шинж илэрнэ. Хамгийн түрүүнд төв мэдрэлийн тогтолцоонд  хүчтэй  нөлөөлдөг бөгөөд энэ үед   өндөр хурц халуурах,толгой өвдөх, бие сулрах,ядрах,хоолны дуршилгүй болох шинжүүд илэрдэг.  Хоёрдугаар үндсэн хам шинж нь амьсгалын замын халдварынх байдаг ба  хамар битүүрч шархирч өвдөх, нус гоожих, ялангуяа шөнийн цагаар цэргүйгээр  зогсоо зайгүй ханиалгах цаашлаад амьсгаадах,шуухитнах, цээжээр өвдөх зэрэг амьсгалын замын үрэвслийн шинжүүд илэрдэг.Энэ тохиолдолд дөрвөн  өдрийн турш  өндөр хүчтэй халуурах , хордлого илрэх тохиолдолд хэвийн байна гэж үздэг.Ийнхүү 3-4 хоног халууран хурц байдал илэрч байгаад  халуун нь аажим буугаад , хордлогын шинж нь багасвал томуу ерөнхийдөө эмгэг жамаар яваад   дархлаа нь томуугийнхаа вирусийг устгаад эдгэрч эхлэж байна гэсэн үг. Үйл явц нь дунджаар 7-10 хоног үргэлжилж,ханиалгах шинж тэмдэг  хожуу арилах буюу дархлаа сул, тухайн вирусийн хору чанар ихтэй , хавсарсан өвчин эмгэгтэй зэрэг олон хүчин зүйлээс болоод вирусийн халдвар нь даамжрах, ужгирч  удаашрах тэр байтугай  сар хүртэлх хугацаагаар үргэлжлээд   дархлааны тогтолцоо   суларч  хямарсан тохиолдолд өөр төрлийн вирусээр дахин өвдөх тал байдаг.Зарим хүн өвөлжин ханиаднаасаа салдаггүй байдал түгээмэл. Цаашлаад хүндэрвэл уушгины үрэвсэл буюу хатгаагаар хүндрэх аюултай.Вирусний хатгаа нь хүндэрвэл амьсгалын дутагдалд оруулдаг. Энэ хүндрэлээс болоод нас барах тохиолдол ч бий. 

Ханиад хүрсэн тохиолдолд яах вэ гэдэг асуудал хүн бүхний өмнө тулгардаг?

Эхний үе шат  болох  24- 48 цагийн дотор буюу  анхны шинж тэмдэг илэрч байгаа үед нь эмчилгээ хийж урьдчилан сэргийлэх ёстой. Эмчийн зааваргүйгээр өөрөө дур мэдэн эмчилгээ хийх нь буруу. Вирусийн халдвар уу эсвэл, бактериар халдварлаж  уу, хатгаа байна уу гэдэгийг  өрхийн эмч, нарийн мэргэжлийн эмчид хандаж оношлогоогоо зөв хийлгүүлж арга хэмжээ авах нь зүйтэй . Ханиад томуунаас сэргийлэх арга  гол нь дархлаагаа сайн байлгах явдал.  Ханиадны вирус дөнгөж хамрын салст руу нэвтрэн орох үед  утлага хийх юм уу интерфероны хамарт дусаадаг дусаалгыг   хэрэглэх шаардлагатай. Мөн вирусийн эсрэг интерфероны лаа байдаг. Лааг ялангуяа өвчний эхний үе шатанд хэрэглэх нь үр дүнтэй. ДЭМБ-аас  вирусийн эсрэг хоёр бэлдмэлийг санал болгосон байгаа.Энэ нь интерферон, ремонтадин гэдэг эм. Дархлааны тогтолцоогоо бэхжүүлж хэвийн байлгахын тулд нэгдүгээрт  уурагаар баялаг  хоол  хүнс  хэрэглэх чухал.Уураг нь хүний биеийн дархлааны эсийг нөхөн төлжүүлж байдаг. Түүнчлэн энергийн эх үүсвэр болсон нүүрс усыг агуулсан өөх тосыг зохих хэмжээнд нь идэж хэрэглэж байх ёстой. Нөгөө хүчин зүйл нь эрдэс баялаг , шим тэжээл сайтай хүнсний бүтээгдэхүүнийг  хангалттай хэрэглэх . Гэтэл хоол хүнсний хангамж дутуу дулимаг, хангалттай хэмжээний энерги, эрчим хүч байхгүй тохиолдолд  дархлааны тогтолцоо сул байдаг тул өвчин амархан тусаад эдгэрэхгүй удаашрах, цаашлаад хатгаагаар хүндрэх тохиолдлууд  байдаг. Тийм учраас эмзэг бүлгийн хүмүүст амьсгалын замын өвчин ужиграх, хүндрэх тохиолдол их.  Ханиаднаас сэргийлэхийн тулд дулаан хувцаслах асуудал үнэхээр чухал. Даарч хөрснөөсөө болоод хэсэг газрын дархлааны захын цусны судаснууд агшсанаас цусан хангамжгүй болоод вирус бактери хүний бие рүү нэвтрэн орох боломжийг бүрдүүлдэг. Ханиад томуу хүрэх, хатгаа авах нь ихэвчлэн даарч хөрсөнтэй холбоотой .Тиймээс  даарч  хөрөхгүй байх, халуун  хоол  цай идэх, халуун аарц мөн чацаргана хэрэглэх, сонгино сармистай халуун шөл уух гээд  ахуйн чанартай зөвлөгөөг дагах хэрэгтэй. Жишээ нь сонгино, сармис нь ханиадны нянг устгаж байдаг.

 Дархлааг сайжруулах хүчин зүйлд уурагаар баялаг хоол хүнс чухал гэлээ. Хүн өдрийнхөө уургийн хэмжээг хэрхэн нөхөх талаар зөвлөхгүй юу?

Уурагаар докторын зэрэг хамгаалсан Биохимийн эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийн  Намсрай  багш   хэлж байсан. Хүний хоногийн уурагийн хэрэгцээ 90 гр байдаг.Энэ хэрэгцээгээ хангаснаар дархлааны эсүүд  төлжиж байдаг.Хангалттай хэмжээний уургийг авч чадахгүй бол өдөртөө 450 гр мах  идэх хэрэгтэй гэж зөвлөж байсан.Хэрэв уурагийн  хэрэгцээгээ хангаж чадахгүй бол нөхөн төлжилт дархлаа сулраад ирдэг. 

    ДЭМБ-аас жил бүр дархлаа тогтоодог вакциныг  түгээдэг. Манай улсын хувьд сүүлийн 10 жил дархлаажуулалтын вакцинд иргэдээ хамруулж байгаа.Энэ вакцинд ямар хүмүүс хамрагддаг вэ?

 6 сартайгаас 2 хүртэлх насны хүүхдэд хийдэг. Яагаад гэвэл бага насныхан  томуу, томуу төст өвчин тусах эрсдэл өндөртэй дархлааны тогтолцоо сул, амьсгалын эрхтэн тогтолцооны хөгжил дутуу, хамгаалах чадвар муу учраас  халдварт өвчинд илүү өртөмхий цаашид хүндрэх асуудал их байдаг. Түүнчлэн 65 –аас дээш насныхан болоод  архаг хууч өвчтэй зүрх судасны өвчтэй, амьсгалын замын өвчтэй, чихрийн шижинтэй хүмүүст хийх шаардлагатай гэсэн эмнэлгийн зөвлөмж байдаг.Мөн эмнэлэгийн ажилчдад хийх ёстой. ДЭМБ-ын хамгийн  сүүлд гарсан зөвлөмжид жирэмсэн эмэгтэйчүүдэд вакцин хийнэ гэсэн байгаа. Гэхдээ хувь хүн өөрөө сайн дурын дархлаажуулалтанд хамрагдаж болно. Тухайн жилдээ хүүхдээ юм уу өөрөө ханиад хүргэхгүй байя гэвэл томуугийн эсрэг вакциныг жил бүрийн  9-10 сард ХӨСҮТ –ийн  дархлаажуулалтын  кабинет-д хийлгэж болдог.

Үнийн хувьд?

15000  орчим төгрөг байгаа.

Дархлаагаа өөр ямар байдлаар хамгаалж болох вэ?

Монгол малынхаа  мах сүүг сайн хэрэглэх хэрэгтэй. Түүнчлэн Монголынхоо хөрсөнд ургасан хүнсний ногоо болон жимсийг  гээд байгалийн цэвэр натурал хүнсийг хэрэглэж занших ёстой. Ялангуя монгол мал нь  өвсний сор шимтэйг  идэж байдаг   тул мах нь   маш өндөр уураглаг , дархлаа дэмжих хүчин чадал сайтай байдаг. 

Эмийг дур мэдэн хэрэглэснээс үүдэх сөрөг үр дагавруудын талаар хэлэхгүй юу. Ялангуяа ханиадны эмийг хэн нэгний зөвлөснөөр  хэрэглэх нь цөөнгүй байдаг? 

Ханиад хүрэхэд сармистай шөл,  аарц,, чацаргана гээд  эмийн бус аргаар эмчлэх гэр ахуйн энгийн аргуудыг бүгд л мэддэг. Ер нь бол эдгээрийг халуун чанараар нь хэрэглэхэд хөнгөвтөр ханиадыг эмчлэх боломжтой. Удаан хугацаагаар өндөр халуурах,халдвар , хордлогын хүнд шинж илрэх юм бол мэргэжлийн эмчид зайлшгүй хандах шаардлагатай. Гэтэл зарим нь дур мэдэн эмчилгээ хийдэг. Антибиотикийг  л гэхэд  бараг хоол шигээ  замбараагүй  хэрэглэж байна. Эмийн санд ороод ханиаданд юу сайн байна. Тэр антибиотикийг авъя гэдэг. Эсвэл ампициллинийг юмны тэргүүнд хэрэглэдэг. Ципрфлоксазоныг л гэхэд  үзүүлэх гэж ирж байгаа хүн бүр дур мэдэн уучихаад  орж ирж байна. Эдгээр эм ханиадны вируст огт үйлчлэхгүй. Харин ч вирусийн халдвар хүний дархлааны тогтолцоог дарангуйлаад зогсохгүй сульдаадаг. Тиймээс томуу өвчний үед антибиотикийн заалт байхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэгэхээр мэргэжлийн эмчид хандаад зөв оношлогоо хийлгэх тухайлбал вирусийн халдвар ,бактер, сүрьеэний алин болохыг  зөв оношлуулах хэрэгтэй.Ямар  зовиур явагдаад байгааг мэргэжлийн  эмчдээ сайн хэлж , цусны шинжилгээ , уушгины зураг  зэрэг шинжилгээ өгч  зөв эмчлүүлэх хэрэгтэй.

Антибиотикийг дур мэдэн хоол шигээ хэрэглэсний хор уршгийн  тухайд?

Сүүлийн үед  анагаахын шинжлэх ухаан  өндөр хөгжиж байгаа хэдий  ч эмэнд дасал болсон, хору чанартай болсон, антибиотек үйлчлэхгүй болсон бактеруудын халдвар сүүлийн жилүүдэд ихэсч байгаа. Антибиотикийн  эрин үе эхлэснээс хойш уушигны хатгаа болон халдварын өвчлөлүүдийн хэмжээ эрс буурч анагаах ухааны дэвшилд хүрсэн хэдий ч өнөөдрийн түвшинд уушгины халдвар хатгааны тохиолдол буураагүй  төдийгүй нас баралт хэвээрээ байна.Энэ нь бичил махбодийн бактерийн халдварыг ихэсгээд байгаа   антибиотикийн эмх замбараагүй  хэрэглээтэй холбоотой.Мөн  эрүүл мэндийн салбар шинжлэх ухаан болоод нийгмийн салбартай холбоотой.  Учир нь эмийн бодлогын  буруу хэрэгжүүлэлт нөлөөлж байна. Хөгжилтэй орнуудад антибиотикийг цөөхөн хүнд  эмчийн заавраар хэрэглүүлдэг. Гэтэл манайд энэ нь эсрэгээрээ. Тэгэхээр хүмүүс дур зоргоороо антибиотик хэрэглэдэггүй болгох бодлого хэрэгтэй. Манайд үзүүлэхээр уушгины усталт үүссэн хүн ирсэн.  Архаг хууч өвчингүй  18- хан настай тэр залууд  уушигны усны бактерлиогийн шинжилгээ хийхэд олон эмийн дасалттай хэлбэрийн  бактерийн халдварын шалтгаантай болсон байсан. Цоо эрүүл тэр залуу   гадны бактерийн халдвар авахад,тэр бактер нь өөрөө тэсвэржээд, олон эмний дасалтай болсноосоо болоод эмчлэгдэх боломжгүй болтлоо хүндэрсэн байсан.Ийм тохиолдол цөөнгүй.

Уушгиа хамгаалахын тулд юуг анхаарах ёстой вэ?

Манай улсын хувьд бүх өвчлөлийг амьсгалын замын өвчин тэргүүлдэг.Эдэн дундаас амьсгалын замын цочмог халдварт өвчин, томуу томуу төст өвчний тохиолдол нэгдугээр байранд явдаг.Ялангуяа бага насны хүүхдүүдэд амьсгалын замын өвчлөл маш их тохиолдож хүндрэл үүсэх, хатгаагаар нас барах тохиолдол эрсдэл өндөр байдаг.Амьсгалын тогтолцоо гэдэг бол гадаад  орчиндоо нээлттэй гэдэг утгаараа амьсгалын дээд зам нь бактертай орчин гэж үздэг. Тиймээс амьсгалаараа гадаад орчинтой ярих харилцах хамраар амьсгалах үед  халдварын процесс шууд хүний бие рүү орж байдаг.Тэгэхээр хүний өөрийн дархлааны тогтолцоо эрүүл хэвийн байвал гаднаас орж ирж байгаа бүх бактери мөөгөнцөрүүдийг устгаж байдаг. Өөрөөр хэлбэл хүний биед өөрт нь хэвийн үйл ажиллагааг нь дэмждэг бактериуд  зэрэгцэн оршдог гэсэн үг. Улаанбаатар хотын агаарын бохирдол зөвшөөрөх хэмжээнээс 8-16 дахин өндөр гээд байгаа. Эндээс харахад  эрүүл уушгитай  хүн байх боломжгүй болоод байгаа юм. Утаа нь бүх амьсгалын замыг цочрооно. Дээр нь гуурсан хоолой уушгины бүх өвчлөлийг үүсгэх нөхцлийг бүрдүүлж байгаа. Дархлаа хэвийн байсан ч гадаад орчны болон дотоод орчны агаар амьсгалын эрхтэн  тогтолцоонд чухал үүрэгтэй байдаг. Сүүлийн үед амьсгалын замын  уушигны архаг үрэвслийн тохиолдол эмэгтэйчүүдэд ихэсч байгаа нь судалгаагаар харагдаж байгаа. Юунаас болж байна гэхээр гэрийн дотоод  орчны  агаар маш муу байгаагаас. Хүний амьдралын ихэнх хугацаа гэр орон болоод албан тасалгаанд өнгөрдөг. Тэгэхээр гэрийн дотоод орчны агаарын  бохирдол их байгаагаас эмэгтэйчүүдийн  уушигны  архаг бөглөрөлт өвчний тохиолдол эрэгтэйчүүдийнхээс давамгайлж байна гэж үзээд байгаа.Түүнчлэн  дотоод орчны халаалтын систем болоод орчных нь эрүүл ахуй нөлөө болж байна  . Энэ нь ямар түлш хэрэглэдэг , барилгын материалаа юугаар хийдэг гэх зэрэг хүчин зүйлээс дотоод орчны агаар нөлөөтэй. Тэгэхээр амьдралын орчин нөхцөл муу , байнгын түлээ,нүүрс, аргал түлэх дээрээс нь био түлшний хэрэглээ бас нөлөөлөх хүчин зүйл нь болж  байна . Ийм орчны хүмүүст ялангуяа эмэгтэйчүүдэд амьсгалын замын өвчлөл их тохиолдож байгаа.

Аргалын утаа бас хортой байх нь ээ?

Аргалыг био масс гээд байгаа . Аргалын утаа амьсгалын замын болон  уушигны гуурсан хоолойн архаг үрэвсэл болох шалтгааны эрсдэлт хүчин зүйлд   орж  байдаг. Уушгиа яаж хамгаалах вэ гэхээр эн тэргүүнд  хоёр цаг тутамд агаарын солилцоо хийх шаардлагатай байдаг. Өвөл цонхоо онгойлгохоор битүү утаа байдаг болохоор тасалгааны агаар шүүгч хэрэглэх  нь зүйтэй. Агаар шүүгч нь агаарын найрлаганд байгаа  х тоос , тоосонцор, химийн бодис дээрээс нь харшил сэдрээдэг бүх зүйлийг өөрөө шүүгээд эрүүл болгоод чийгшүүлээд гаргадаг.  Агаар шүүгчийг амьсгалын замын өвчнөөс ,утаанаас,  харшлын янз бүрийн тоос тоосонцроос  хамгаалах зорилгоор хэрэглэнэ гэсэн үг. Ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүн гэртээ болон албан тасалгаандаа агаар шүүгч  тавих шаардлагатай . Астмыг сэргээгч хүчин зүйл нь тоос шороо, хурц үнэр,утаа, агаарын бохирдол байдаг. Тиймээс харшил өгч байгаа бүх хүчин зүйлээс зайлсхийх нь мэдээж . Багтрааны 60 хувь нь харшлын шалтгаантай байдаг.Нөгөө нэг  хүчин зүйл  нь бодисын солилцооны үйл ажиллагааны  болоод мэдрэлийн тогтолцооны янз бүрийн хямрал байдаг. 

Астмыг төгс эмчлэгддэггүй гэж сонссон?

Астма өвчний үндсэн шалтгаан бол амьсгалын замын хэт мэдрэгшил. Энэ нь  бүх зүйлд цочирч ханиах, амьсгал бачуурах боох шинж явагддаг. Архаг явцтай энэ өвчин бүрэн төгс эдгэрдэггүй. Хатгаа өвчин бол  эдгэрдэг харин астма нь тийм биш . Сэдрээх бүх тохиолдолд үргэлж сэдэрч байдаг. Тийм учраас багтраа өвчтэй хүн мэргэжлийн эмчид хандаж зөв эмчилгээ хийлгэх хэрэгтэй. ДЭМБ-д багтраа өвчний олон улсын  байгууллага байдаг. Тэр байгууллагын удирдамжинд бид багтраа өвчнийг бүрэн эдгээх боломжгүй. Харин хянаж, удирдаж чадна гэсэн байдаг.

Уушиг өвчлөхөд нөлөөлдөг хамгийн гол зүйл нь тоосжилт гэдэг юм байна лээ? 

Уушгинд утаанаас гадна мэргэжлийн нөхцлүүд нөлөөлж байна. Зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин өндөр, маш их тоостой орчинд ажилласнаас амьсгалын эрхтэн тогтолцоо тэр чигээрээ уушигны тоосжих хүнд өвчинд нэрвэгддэг.Тоосны ширхэг нарийн байх тусмаа уушигны гүн рүү нэвтэрч ороод эргэж гарах боломжгүйгээр тоосжих өвчин үүсдэг.Уушиг тоосжих өвчин сүүлийн үед залуужих хандлагатай болсноос гадна хүндэрснээсээ болоод  уушиг нь  ажиллах боломжгүй болсон  хүмүүс их ирж байна. Үүнээсээ болоод байнгын хүчил төрөгчийн аппарат хажуудаа байлгаж түүнгүйгээр амьсгалж чадахгүй  болсон  байна. Ихэвчлэн уурхайд ажилладаг хүмүүс ийм байдалд орсон байдаг.

Уушигны үүргийг мэргэжлийн хүний хувьд хамгийн ойлгомжтойгоор тодорхойлохгүй юу?

Амьсгалахгүйгээр дөрвөн минут болоход  хүний тархи үхэж эхлэдэг. Тэгээд 6-7 минутын хугацаанд амьдрал дуусна.Уушиг нь хүний биед ийм л үүрэгтэй.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.