Хөгжлийн гарц


Б.Лхагважав: Алсын бодлогоор хийгдсэн тасралтгүй үйл ажиллагааны үр дүн нь ХӨГЖИЛ

1 жил, 1 сар TIMES.MN

Б.Лхагважав: Алсын бодлогоор хийгдсэн тасралтгүй үйл ажиллагааны үр дүн нь ХӨГЖИЛ


ОРОЛЦОГЧИЙН НЭР: Б.ЛХАГВАЖАВ

СОШИЭЛ ХАЯГ: LHAGVAJAV BAATARJAV

Монгол улсын өнөөдрийн дүр төрхийг хэрхэн дүгнэдэг вэ?

Өнөөдрийн байдлыг статистик дүнгээр авч үзвэл макро эдийн засгийн тоон дүн өнгөрсөн 4 жилийнхтэй харьцуулбал уруудсан. Улс эх орон мөнгө гэдэг юмгүй болсон. Байсан мөнгөө уул уурхайн шороо болгоод овоолчихсон.  Энэ нь ард түмний ходоодон дээр ч мэдрэгдэж байгаа зүйл. 1990 оноос хойш 4 дэхь удаагаа эдийн засгийн хүнд байдалтай нүүр тулж байна. Гэхдээ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид, жирийн иргэдийн идэвхи зүтгэлээр энэ бүхнийг даван туулж чадна гэж найдаж байна.

Асуудлыг ярьсаар байх биш, гарцыг олж бодитоор хэрэгжүүлэх хэрэгтэй гэдэгтэй санал нийлж байна уу?

Өөрийн туршлагаас үзвэл 2009 оны хямралаас гарахад өөрийгөө нилээн үүрэгтэй оролцсон гэж боддог. Тухайн үед татварын өршөөл үзүүлэх хууль гаргуулж татварын ил тод байдлыг дэмжсэн хууль гаргуулж байсан. Тэр хууль 2006 онд батлагдаад, 2008 онд зүй тогтлоо олж 2009 оны хямралаар дотоодын нийт бүтээгдэхүүн  1,7 хувиар буурсныг 17 хувиар өсгөсөн. 2014 оноос эхлэн санхүүгийн болон татварын шинэчлэл хийх саналыг зүтгүүлсний хүчинд эдийн засгийн ил тод байдлын тухай хууль 2015 оны найм дугаар сарын 7-нд  батлагдаж 2016 оны хоёрдугаар сарын 20 хүртэл үргэлжилсэн. Энэ 6 сарын хугацаанд 33000 компаний  бүртгэгдээгүй байсан ажил үйлчилгээ орлогоо мэдүүлсэн. Одоо бол эдгээр 33000 компани гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татаж авах саваа бэлдэж байна гэсэн үг. Татварын болон орлогын бодлого зөв болсноор, макро эдийн засаг өсч улс төрийн түвшинд ахиц гарна.

Монгол улсын хөгжлийн гарц нь юу байх бол?

Монгол улсын хөгжлийн гарц нь Монгол хүн. Эртний сайхан гэдэг дуунд:

Эртний сайхан ерөөлөөр

Энэ Монгол улсад

Эзэн Чингис хааны үр язгуур болсон

Тэнгэр мэт заяатай

Тэнүүн сайхан сэтгэлтэй

Тэгш таван оюунтай

Тэнэгэр сайхан ард түмэн минь ээ гэсэн мөртүүд байдаг. Чингисийн үед ч ард түмэн өөрөө язгуур нь байсан. Одоо ч язгуур нь байна.

Тодорхой санал болгон хэрэгжүүлж болохуйц зүйлийг санал болговол? 

Эдийн засгийн шинэ загваруудыг хэвшил болгох хэрэгтэй. Хамгийн наад зах нь НӨАТ-ийн талон аваад аппликейшнээ өөрөө уншуулаад авчихдаг байх хэрэгтэй. Эдийн засаг гэдэг бол хувь хүний эрдэм. 33000 мянган компани хурдан институтын хэлбэрт орчихвол байгалийн баялгаа ашиглаж чадна. Ингэхийн тулд технологи, хөрөнгө оруулалт, хүний капитал хэрэгтэй. Энэ бүхнийг бүрдүүлж чадсан институт болсон компаниудыг олон болгох шаардлагатай. Ингэснээр бид эрдэс баялаг, мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбаруудаа хөгжүүлэх боломж нээгдэнэ.

Та өөрийнхөө төсөөлснөөр хөгжлийн замыг тодорхойлно уу?

Манай нийгэм аль ч түвшиндээ замбараагүй ч юмуу цэгцэрч чадахгүй байна. Энэ цэгцрээгүй байдал нь эргээд бие биедээ их төвөг болж байгаа юм. Хувь хүн хоорондоо , гэр бүлийн асуудал, төрийн болоод төрийн бус байгууллага дээр ч гэсэн цэгцрээгүй байгаа. Цэгцрээгүй юмнаас хөгжил хайна гэдэг хэцүү. Ямар ч гэсэн дээд хүмүүс нь суудлаа олоод, доод хүмүүс нь гүйдлээ олоод намба намбандаа орсны дараа хөгжлийг ярих нь зүйтэй. Хөгжлийг би ганцхан юман дээр тайлбарлъя. Эрдэнэт үйлдвэрийг бий болгохийн тулд 1958 оноос хойш геологичид инженерүүдээ бэлдээд 1976 онд Эрдэнэт үйлдвэрийн эхний цех ашиглалтанд ороход нийт ажилчдын 50 орчим хувь нь Монгол хүмүүс байсан. 30 жилийн дараагаас алдагдлаа нөхөж ашгаа өгч эхэлсэн. Үүний тулд 16 жил бэлтгэгдэж Эрдэнэт үйлдвэрийг байгуулахын тулд 20 жил бэлдсэн. Энэ өөрөө хөгжил юм. Алсын бодлогоор хийгдсэн тасралтгүй үйл ажиллагааны үр дүнг хөгжил гэж нэрлэнэ.

Монгол улсын алсын харааг 3 үгэнд багтааж томъёолно уу?

Монгол хүн -Түүх - Соёл

Дэлхийд таниулах Монгол брэндийг бий болгох бололцоо байгаа юу, боломжтой гэвэл онцолж тодотгож хэлнэ үү?

Манай оронд 12000 эмт ургамал ургадаг. Энэ эмт ургамалыг 60 сая мал иддэг гэхээр монгол малын мах сүү нь өөрөө брэнд юм. Дэлхийд биш юмаа гэхэд  Улаанбаатар хотод эрүүл ахуйн стандарт шаардлага хангасан  махны томоохон дэлгүүр байгуулаад тухайн нутгийн өвс ургамалтай нь, цаг агаарын онцлог ахуйтай нь холбоод ангилж худалдаалвал хүмүүсийн худалдан авалт нэмэгдэнэ. Дан ганц мах гэлтгүй сүү цагаан идээ цэвэр зөгийн бал гээд олон бүтээгдэхүүнийг брэнд болгож болно.

Таныг Монгол улсаа өндөр хөгжилтэй гүрэн болгохын тулд өөрийн хувь нэмрээ оруул  гэвэл, та юу хийж чадах вэ?

Энэ маш энгийн.  Бизнес эрхлэгчид болон иргэн та татвараа л төлдөг бай. Энэ нь та бүхний, миний улс эх орондоо хөгжлийг авчрах хувь нэмэр болно.

Монгол хүнийг хэрхэн хөгжүүлэх вэ?

Дэлхийн 200 гаруй улс хүнээ хөгжүүлэх өөр өөрийн онцлогтой байх л даа. Харин манай улсын хувьд иргэнээ хөгжүүлье  гэвэл зөв бодлоготой боловсролын систем, шашны хүмүүжил, соёл нэн шаардлагатай гэж бодож байна.

Монгол бахархалыг яаж бий болгох вэ?

Бахархал гэдэг бидний нүдэн дээр өдөр тутам байдаг. Өнгөрсөн жил болсон улаан ганг Дарханы эрдэмтдийн бүтээсэн сортын ачаар давж чадсан. Энэ бол хэн бүхний тэр бүр мэдээд байдаггүй бас нэг бахархал. Мөн Нарантуул зах дээр -50 градусаас +50 градуст наймаа хийж буй жирийн иргэдийн тэсвэр тэвчээр ч бахархал. Ийм нөхцөл байдалд ажиллаж амьдруулж байгаа төр өөрөө гутамшиг болохоос ингэж наймаа хийж буй иргэн бол бахархал.

Хөгжлийн гарц буланд хэнийг санал болгох вэ?

Хөдөөний бууцанд монголын эрдэнэс байдаг гэдэг. Тиймээс Ховдын Булганд төрж өссөн н.Баттулга гэдэг залууг санал болгож байна. Эгэл жирийн хөдөө нутгийн ардын дундаас ургаж гарч ирсэн чадварлаг залуу бий. Сүүлд Капитлизм биднийг аварна гэсэн ном орчуулсан. Богино хугацаанд өөрийгөө хөгжүүлэн амжилтад хүрсэн хүмүүсийг сонговол сонирхолтой байх болов уу.  



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.