Нийгэм


Иргэдийг арван жил амьдарсан газраас нь албадан хөөж байна гэв

1 сар TIMES.MN

Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр болох Товчоо орчмын 50 өрхийн 200 орчим оршин суугч болон “Өү Юү Жи Си Си Си” компанийн хооронд үүссэн газрын маргаан хурцдаж байгаа талаар иргэд мэдээллээ.


Гурван шатны шүүхийн дараа “Өү Юү Жи Си Си Си” компани уг газрыг эзэмших эрхээ баталгаажуулж авсан. Шүүхээр өөрт ашигтай шийдвэр гаргуулж чадсан компани барилга байгууламжаа барихаар хашаагаа татаж эхэлсэн нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа аж.


Анх 2007 онд уг газрыг “Өү Юү Жи Си Си Си” компанид эзэмшүүлэх нийслэлийн Засаг даргын захирамж гарсан байдаг. Гэтэл өдгөө хөөгдөөд байгаа зарим өрх 20-30 жилийн өмнөөс амьдарч эхэлсэн гэдэг. Ийнхүү суурьшаад удаж буй иргэдийн эрх ашгийг огтхон ч ойшоолгүйгээр мөнгөтэй компанид газрыг нь олгосонд иргэд бухимдаж, хууль тэгш бус үйлчилж байгаад гомдолтой байгаа юм.




Газрын тухай хуулийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж заасан байдаг. Гэтэл эзэмших гэрчилгээ авсан газраа 10 жил ашиглаагүй “Өү Юү Жи Си Си Си” компанид хуулийн энэ заалт үйлчлэхгүй байгааг иргэд хэлж байна.


Анх 78 өрхийг хамарсан 30 га газрыг эзэгнэж байсан тус компани эзэмших талбайгаа багасгаж, 50 өрхтэй “дайн” зарлаад байгаа юм. Газрын албанаас дийлэнх өрхийн газрыг албадан чөлөөлөөд байгаа. Албадан хөөгдсөн өрхүүд болон хараахан газраа чөлөөлж өгөөгүй байгаа 10 өрхийн оршин суугчид мөн хашаагаа татаж байгаа “Өү Юү Жи Си Си Си” компаний ажилчдын хооронд өчигдөр зөрчил, зодоон үүсчээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.