2017,9-Р Сар,14


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Аналитик


Хэрүүлийн зудтай зун намартай залгалаа

6 өдөр, 13 цаг TIMES.MN
Энэ жил монголчууд бид бүхэн Монгол улсынхаа тав дахь Ерөнхийлөгчийг сонгосон билээ. Өнгөрсөн зуны хувьд сонгуулиар амьсгалсан ширүүхэн ч зун болж өнгөрөв. Түүхэндээ анх удаа дахин санал хураалт явуулж шинэ Ерөнхийлөгчөө сонгосон. Арай ядан Ерөнхийлөгчөө сонгоод наадамлаад сайхан зун болох нь уу гэтэл харин ч эсрэгээрээ. тэгсэнгүй. Хэрүүлийн зудтай зун болж, одоо ч тэдгээр талцсан хэрүүлийнх нь үнэн зөв нь илрээгүй, ард иргэд хэнийх нь зөв, яг юу болов гэдгийг мэдээгүй л явна.


Хоёр талд гараад л тэр намайг тэгсэн, би тэгээгүй нотлох баримт нь энэ байна гээд л нэг нь үзүүлэх.Нөгөөх нь би буруугүй хэмээн хэвлэлийн бага хурал зарлана. Энэ дүр зураг нийгмийн нэг хэвийн үзэгдэл боллоо. Нүүр нүүрээ хараад хэрэлдэж болдоггүй л хорвоо болжээ.


Сошиал гэж нэг сайхан хэрүүлийн газартай болсон бөгөөд иргэд тэр хэрүүлэн дунд нь хоорондоо хүртэл талцаж, нэг нэгэнрүүгээ ширүүн үгс шидэлнэ. Энэ сошиал сүлжээнд нас харгалзахгүй бүх насныхан байгаа гэдгийг мэдэх сэхээтэй хүн ч алга. Хэн дуртайгаа гүтгэж, муулж, доромжилж, хүссэн бүхнээ л хийх юм. Хэнийх нь зөв, хэнийх нь буруу гэдгийг тогтоох эзэнгүй улс болсон нь эмгэнэлтэй.


Энэ зун олны анхаарлыг ихэд татаж, ард түмнийг хоёр хэсэг болгон талцуулсан, одоо ч үнэн худал нь тогтоогдоогүй намартай залгаж буй онцлох хэрүүлүүдийг эргэн нэг саная.




1. УИХ-ын гишүүн Д.Гантулга болон хүчиндүүлсэн гэх бүсгүйн эгч Ч.Саранзаяа нарын хоорондын тэмцэл одоо ч дуусаагүй, гүтгэсэн, гүтгүүлсэн, хүчиндсэн, хүчиндүүлсэн аль нь болох нь бүү мэд.

Ерөнхийлөгчийн сонгууль дуусаагүй байхад эхэлсэн уг хэрүүл одоо ч мөн дуусаагүй байна. Өчигдөр УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийг хаахаар боллоо гэсэн мэдээлэл тараад эхэлсэн ч хохирогч гэх бүсгүйн эгч энэ талаар мэдээлэл аваагүй байна хэмээн мэдэгдсэн билээ. Тус хэргийн нотлох баримт нь нэг алга болоод л нэг гарч ирээд л үнэхээр эргэлзээ төрүүлмээр. Д.Гантулга гишүүн төрийн ордонд хүчингийн хэргийнхээ талаар ичих зовох зүйлгүй хэвлэлийн бага хурал хийж, эрээ цээргүй “Би дотоожоо өмсөөд гарсан” гээд ярих ёс зүй мөн үү.


Ёс зүй гэж зүйл энэ нийгэмд тэр дундаа УИХ-ын гишүүдэд хумсны толион чинээ ч үгүй болсны нэг илрэл. Харин хохирогч гэх бүсгүйн эгч нотлох баримтууд дэлгээд л байдаг холбогдох байгууллагууд нь шалгаад л хэрэгсэхгүй болгодог. Ядаж хэргийнх нь үйл явцыг ард иргэдэд танилцуулах хэрэгтэй.




2. М.Сарнай болон Ц.Сувд-Эрдэнэ нарын хагарал

Сүүлийн жилүүдэд манайхан нөгөө л нэг цахим ертөнцөө ашиглан зовсон, зүдэрсэн хүмүүст тусалж, бүр зарим нэгэнд нь гэр орон авч өгөх, байшин барьж өгөх болсон. Энэ ч уг нь нэг талаараа сайн хэдий ч нөгөө талдаа эрсдэлтэй. Хэтэрхий их бэлэнчлэх сэтгэлгээ өнөөгийн нийгмийн хүмүүсийн тархинд суусан гэхэд буруудахгүй болов уу. Одоо сүүлдээ хэн дуртай нь би зовж, зүдэрч байна туслаач гээд л хүнээр амьдралаа бэлдүүлэх хүсэлтэй залуус олширсон байна. Энэ зун болоод өнгөрсөн энэ хоёр бүсгүйн хагарал эдгээр хүмүүст тусалдаг сайн дурын хүмүүст итгэх Монголын ард түмний итгэлд эргэлзээ төрүүлээд авсан.


М.Сарнай бүсгүйн хувьд өөрөө зовлон үзэж өссөн учир хэцүү амьдралтай гэр бүлд байдаг /архины хамааралтай, эцэг эх нь зоддог/ гээд янз бүрийн шалтгаантай олон хүүхдийг өөр дээрээ байлган тэжээж, өсгөж ирсэн ачтан. Зарим эцэг эх нь хүүхдийг нь харах хүн байхгүй учир хүүхдээ түүнд түр орхиод явсан, хоол ундны мөнгө өгдөг, холбоотой байдаг эцэг эхчүүд байгаа гэж тэрээр 25 дугаар суваг телевизийн "Танайд хоноё" нэвтрүүлгээр ярьж байсан билээ. Хүүхэд гэдэг өөрөө худлаа ярьдаггүй. Ярилаа гэхэд хүүхдийн нүд худлаа ярьдаггүй гэдэг дээ. Тэнд амьдарч байгаа хүүхдүүд үнэхээр аз жаргалтай, яг л төрсөн ах дүүс мэт нэгнээ хайрладаг нь харагдаж байсан.


Сүүлд энэ хоёр бүсгүйн хагарлаас болж бяцхан охиныг төрсөн эх нь гэх бүсгүй хууль хяналтын байгууллагатай хамтран ирж авч явах тэр дүр зураг үнэхээр зүрх шимшрүүлэм. Явуулахгүй хэмээн зуурах бяцхан хүү, явахгүй ээ гэж уйлах тэр охин хоёрыг хараад хэн эмзэглэхгүй байх билээ. Дараа нь "Монгол HD" телевизийн мэдээний алба гэртээ харьсан охины гэрт очиход ямар нөхцөл байдал угтсаныг хүн бүхэн мэдэж байгаа.


Харин Ц.Сувд-Эрдэнэ гэх бүсгүйн хувьд өрх толгойлсон ээж бөгөөд анх "Бөмбөгөр" худалдааны төвийн тэнд нэгэн ядарсан эмээтэй таарч, түүнийг орох оронтой болгож өгснөөр тэрээр олонд танигдаж эхэлсэн билээ. Удалгүй "Итгэл сэтгэлийн гүүр" төрийн бус байгууллага байгуулан олон ч хүнд тусалсан. Энэ бүсгүйн талаар сөрөг мэдээлэл ч олон байдаг, сайн нь ч олон байдаг. Тэрээр анх М.Сарнай гэх бүсгүйтэй уулзаад маш их хайр, агуу сайхан сэтгэлийг мэдэрсэн хэмээн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орохдоо магтаж байсан нь саяхан. Гэвч өнөөдөр "Сарнай" төвийг байгуулахаар "Нэг хүн нэг тоосго" аяныг эхлүүлээд байсан тэд ийнхүү муудалцаж, нэгнээ луйварчин, дээрэмчин хэмээн дуудалцаж явна.


Ц.Сувд- Эрдэнэ нь М.Сарнайгаа “Аав ээжтэй хүүхдүүдийг авч тэдний нэрээр мөнгө олоод орой нь архи уудаг. Төр засаг болон маш олон хүнийг хууран мэхэлсэн энэ хүний тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагад өгнө. С.Дэлгэр эгч болон М.Сарнай нарын хамтын дансанд одоогоор 40 гаруй сая төгрөг цуглараад байгаа. Энэ мөнгийг ч үрэгдэхээс нь өмнө эздэд нь буцааж олгуулна” гэсэн бол М.Сарнай нь Ц.Сувд-Эрдэнийгээ “Тэр “Сарнай” хүүхдийн төвийн эзэн болж чадахгүйгээ мэдээд л намайг гүжирдэж байна. Би урьд нь мөнгөгүй болоод л байсан, одоо ч надад мөнгө хэрэггүй. Сувд-Эрдэнэ гол намайг Ерөнхий сайдаас шагнал авахдаа өөрийнх нь “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын нэрийг дурдсангүй гэж л дандаа уурлаж загнаж хонзон санахдаа энэ бүх гүжирдлэгийг хийж байна” хэмээн бие бие лүүгээ дайраад байгаа.


Ямартай ч Улаанчулуутын хогийн цэг дээрээс амьдралаа залгуулдаг хүмүүсийн хүүхдүүдийг асран хамгаалдаг “Дарь эх”-ээр тодорч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын гараас шагнал хүртэл аваатахсан М.Сарнай гэгч нь хүний өөрийн 37 хүүхдийн нигүүлсэнгүй эх бус оройн цагаар архидан хөлчүүрдэг, тэдгээр хүүхдүүдээ олигтойхон хооллож хувцасладаггүй хахир хатуу “Хойд эх” болж таараад байгаа. Мэдээж заргалдагч хоёрын хэнийх нь үнэн зөв болохыг цагдаа, хууль шүүх, цаг хугацаа тогтоох нь дамжиггүй.




3. Харин сүүлийн нэг томоохон хэрүүлийн дуулиан бол яах аргагүй Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат болон Шадар сайд У.Хүрэлсүх нарын тагнасан чагнасан гэх хэрүүл.

Дээрх хоёр хэрүүлийн дараа Улс төр, нийгэм бүр дэлхийн анхаарлыг татаад байгаа нэг асуудал бол Ерөнхий сайд нь Шадар сайдаа тагнаж чагнасан гэх асуудал юм. Шадар сайдыг тагнах ажил авсан гэх Ч.Батболд гэгч залуу гарч ирэн үнэнээ хүлээн болсон үйл явдлыг цахим сүлжээгээр цацаж эхэлсэн билээ. Гэвч төд удалгүй түүнийг буутай залуус шөнийн цагаар цонхыг нь хагалан гэрт нь орж авч явсан хэрэг гарсан. Түүнийг гэрч хэмээн хамгаалалтад авахыг хүссэн хэдий ч тэрээр уг хэрэгт гар бие оролцсон тул яллагдагчаар дуудан шалгаж байгаа аж.


Үүний дараахан АТГ-аас уг асуудлаар мэдээлэл хийхдээ Шадар сайд У.Хүрэлсүх нь өөрийн дүүтэйгээ нийлэн өөрийгөө тагнаж, чагнасан нь тогтоогдсон гэсэн билээ. Үүнд итгэх хүн ховор байгаа бөгөөд иргэд ч янз бүрээр л хүлээж авсан. Харин саяхан МАН-ын нэр бүхий 31 гишүүн Засгийн газраа муу ажиллаж байна хэмээн огцруулах албан бичгийг УИХ-д өргөн барьсан. УИХ-ын ээлжит бус чуулган хуралдахаас өмнө МАН түр завсарлага авч У.Хүрэлсүх болон Ж.Эрдэнэбат нарын хэргийн материалтай танилцахыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүдээс хүссэн.


Ингээд тус хороо шуурхай хуралдсан. Уг хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг төрийн нууц хэмээн гадагш задруулах ёсгүй байдаг аж. Тиймээс бас л ард түмэн энэ хэргийн буруутай этгээдийг одоо болтол мэдэж чадаагүй л байна. Гэхдээ тус хуралдаанд оролцсон Номтойбаяр гишүүн АТГ-аас хийсэн мэдэгдэл баталгаажлаа хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулсныг бодохоор У.Хүрэлсүх өөрөө өөрийгөө тагнасан нь үнэн болсон мэт.


Гэвч эцсийн шийдвэрийг хууль хяналтын байгууллага гаргах үүрэгтэй бөгөөд ард түмэн нь ч тэдний шийдвэрийг хүлээж байна. Тиймээс хурдан шуурхай ажиллаж, ард иргэдийг төөрөгдөлд оруулаад буй эдгээр олон ээдрээт хэргийн учрыг тайлж өгөхийг хууль хяналтын байгууллагаас хүсмээр байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    6 өдөр, 9 цаг []


Chi undeslelgui hudal medeellinhee hariutslagig huleeh uu, shuuhin haraat bus bie daasan baidald uurin mergejlin davuu baidlig ashiglan shuud busaar nuluuluhig oroldood b gaa yum bish uu, bas chinii helsneer NEELTEI hiigeed baidag hural ni bish b h, herev shuuhed ochson bol shuu de, Iim bolohoor yamar hergig olni umnu neelttei, haalttai yavuuldgig medej avah ni zuv shuu..


Зочин    6 өдөр, 9 цаг []


Chi undeslelgui hudal medeellinhee hariutslagig huleeh uu, shuuhin haraat bus bie daasan baidald uurin mergejlin davuu baidlig ashiglan shuud busaar nuluuluhig oroldood b gaa yum bish uu, bas chinii helsneer NEELTEI hiigeed baidag hural ni bish b h, herev shuuhed ochson bol shuu de, Iim bolohoor yamar hergig olni umnu neelttei, haalttai yavuuldgig medej avah ni zuv shuu..


Зочин    6 өдөр, 9 цаг []


Bulganchimeg ee chi bichij b gaa yumaa sain sudalsan yum uu, yun shuuh? Ter hergig ni erh buhii b ga ni shalgaad, ... togtoogdohgui b aa gej uzeed ene tuhai sanalaa Prokurorin baiguullagad yavuulsan gej medeellin heregsluudeer garaad b a Setguulch yum bol: huuli sudal, bas bichih gej b gaa yumnihaa unen zuvig sain hyagtalj baij bichij bai! Shuuhed ochoogui gej oilgogdoj b had...


Зочин    6 өдөр, 9 цаг []


Bulganchimeg ee chi bichij b gaa yumaa sain sudalsan yum uu, yun shuuh? Ter hergig ni erh buhii b ga ni shalgaad, ... togtoogdohgui b aa gej uzeed ene tuhai sanalaa Prokurorin baiguullagad yavuulsan gej medeellin heregsluudeer garaad b a Setguulch yum bol: huuli sudal, bas bichih gej b gaa yumnihaa unen zuvig sain hyagtalj baij bichij bai! Shuuhed ochoogui gej oilgogdoj b had...