Нийгэм


Цагдаагийн алба хаагчдад ямар тэтгэмж олгох вэ

6 өдөр, 15 цаг TIMES.MN

Цагдаагийн алба хаагчид тэтгэмж, нөхөх олговор, тусламж, замын зардал олгох, сэтгэл зүйн нөхөн сэргээх эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулах журам болон үнэ төлбөргүй эмчилгээ хийх эмнэлгийн жагсаалтыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар баталлаа.


Журмын дагуу тэтгэмж олгохдоо сүүлд тогтоосон албан тушаалын цалингийн сүлжээ, шатлалыг 120 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцох юм байна. Харин хөдөлмөрийн чадвараа 40-49 хүртэл хувиар алдсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин, чадвараа 50-69 хувиар алдсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан буюу 70-аас дээш хувь бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөх олговор, тусламж олгох юм.


Албан үүргээ гүйцэтгэх явцдаа эрүүл мэнд нь хохирсон цагдаагийн алба хаагч:

  • Улсын нэг, хоёр, гуравдугаар эмнэлэг,
  • Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг,
  • Гэмтэл согог, судлалын үндэсний төв,
  • Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв,
  • Аймгийн нэгдсэн эмнэлэг,
  • Өрх, сумын эрүүл мэндийн эмнэлгээр үнэ төлбөргүй эмчлүүлэх юм.


Албан үүргээ гүйцэтгэх явцдаа эрүүл мэндээрээ хохирч хөгжлийн бэрхшээлтэй болсон алба хаагч, дээрх үндэслэлээр чөлөөлөгдсөн иргэнд тухайн цагдаагийн байгууллагаас дотоодын сувиллын болон сэргээн засах эмнэлгийн байгууллагад очих, буцах замын зардлыг жилд нэг удаа олгохоор болжээ.


Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу нэг ажилтан сард 160 цаг, жилд 1,760 цаг ажиллах ёстой ч нийтийн хэв журам хамгаалах үүрэг бүхий алба хаагч сард хамгийн багадаа сард 192 цаг, жилд 2,112 цаг ажиллаж байна. Замын цагдаагийн алба хаагч гэхэд жилд дунджаар 2,288 цаг буюу 528 илүү цагаар ажиллаж байгааг Хүний эрхийн үндэсний комиссын “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэл”-д дурджээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.