Улс төр


С.Эрдэнэ: Үлдэх хүнээр ачаа бүү татуул

1 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Тэрээр “Ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж Засгийн газраа байгуулах хэрэгтэй. Ерөнхий сайдаа хурдан томилж одоогийн Ерөнхий сайдаар ажил хийлгэх шаардлагагүй юм. "Үлдэх хүнээр ачаа бүү татуул" гэдэг. Эрх баригч намд боломж бий. Тиймээс Засгийн газрын асуудлаа яаралтай шийд. Энэ мэт асуудлаас гадна өвөлжилтийн бэлтгэл, шүлхийн асуудалд анхаарлаа хандуулахгүй байна. Шүлхий газар авч нийслэлд аюулын харанга дэлдээд байна. Ерөнхийлөгчийн оффшортой тэмцэх хоног дууссан. Одоогоор нэг ч хүний хөрөнгийг эргүүлэн татсан асуудал алга. Энэ асуудлыг ч мөн ингээд орхиж болохгүй. Төсвийн хуулиа маш их зөрчсөн. ОУВС-гийн нэр бариад байх шиг байна. Биднээр тоглож болно. Хүүхдүүдээр тоглож болохгүй. Алт, зэс, нүүрсний үнэ өсч байна. Энэ мөнгө хаашаа орж байна вэ. Оюутолгой, Эрдэнэт дээр ч ярих юм байна. Үүнийг хэн ч ярихгүй байна. Их хуралд хэлэлцэх асуудал бий” гэдгийг онцлов.


Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Засгийн газрыг 30 хоногийн дотор томилох хуулийн хугацаандаа л томилно гэх асуудлыг эрх баригч нам яривал яах вэ?

-Хэрвээ 30 хоногийн хугацаагаа хүлээнэ гэвэл цас орчих байлгүй дээ. Цас орно гэдэг бүх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтууд зогсоно. Асуудлууд хүндэрнэ гэсэн үг. Тийм болтол нь явуулна гэдэг энэ эрх баригч намын хариуцлагагүй үйлдэл болно. Бид ямар ч Засгийн газар байгуулагдсан шинэ Засагт хамтрахгүй. МАН эхний ээлжинд дотоод асуудлаа яаралтай шийдэж, дараагийн Ерөнхий сайдаа томилох хэрэгтэй.


-Эрдэнэтийн 49 хувь давж заалдах шатны шүүх дээр очоод анхан болон дунд шатны шүүхийн шийдвэр “Монголын зэс” корпорацийн талд гарсан байна. УИХ-ын тогтоол хүчингүй болно гэсэн үг үү?

-Бид олон удаа анхааруулж хэлсэн. Шүүх хуулийн байгууллага асуудлыг тогтоогоогүй байхад УИХ өөрт олгогдсон эрх мэдлийг хэтрүүлэн шийдвэр гаргах нь туйлын буруу. УИХ бол мөрдөн шалгах байгууллага биш, хууль тогтоох байгууллага. Гэтэл эрх мэдлийн хүрээндээ холбогдох хуулийн байгууллагад нь шийдвэр өгөөд, ном журмынх нь дагуу шийдвэр гаргасан бол өөр. Гэтэл олон түмний өмнө мундаг дүртэйгээр шийдвэр гаргасан нь өнөөдөр шүүх дээр унаж байна. Нэгэнт шийдвэр гаргасан улс төрчид өөрсдөө хариуцлага хүлээх ёстой.


-АН-ын бүлгийн зүгээс Ээлжит бус чуулганыг наана нь хуралдуулах шаардлага тавьж байгаа юм байна?

-Бид бүлгээс албан ёсоор шаардлага гаргаж, УИХ-ын удирдлагуудад тавина. Өнөөдөр бид сөрөг хүчнийхээ үүднээс хийх ёстой ажлаа л хийж байна.


-АН өөрсдөө давхар дээлний асуудалд шүүмжлэлтэй хандаж байсан. Шинэ Засгийн газарт давхар дээлний асуудлыг ярьж, шахаж ажиллах уу?

-Бид энэ асуудлыг тухай бүрт нь гаргаж тавина.


-УИХ-ын гишүүн А.Сүхбат АН-д орохоор өргөдлөө өгсөн гэж үнэн үү?

-Яг одоо албан ёсоор өргөдөл өгөөгүй байна. Ер нь манай намын гишүүн байсан. Намын батлахаа авч байхад нь би хажууд нь байж л байсан.


-Манай улсад ОУВС-гаас шат дараалсан санхүүжилт орж ирж байгаа. Гэтэл гурав дахь шатны санхүүжилт орж ирэх байсан ч саатчихлаа. Энэ санхүүжилт саатсанаар манай улсын эдийн засагт бодит ямар нөхцөл үүсэх вэ?

-800 гаруй тэрбум төгрөгийн концессийг зөвхөн Засгийн газрын гишүүдийн хүрээнд хуваагаад идэж байгаа Засгийн газарт гаднаас ямар ч санхүүжилт өгөөд нэмэргүй. Хүүхдээс харамласан мөнгөө концесст өгч байгаа нь зүй ёсны асуудал биш шүү дээ. Төсвийн тодотгол дээр хүүхдийн мөнгийн хасч, цалин тэтгэврийг нэмээгүй мөртлөө сайд нарынхаа төсвийг нэмсэн. Бүсээ чангал гэчихээд өөрсдийнхөө хэрэглээг эхлээд танаагүй байж ард түмний бүсийг чангалаад явах нь Засгийн газрын зөв бодлого мөн үү. Одоо МАН муур хулгана болж тоглохоо болиод яаралтай Засгийн газраа байгуулах хэрэгтэй.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.