2017,9-Р Сар,13


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




TIMES Ярилцлага


Ж.Энхцэцэг: Уушгины хатгалгааны эсрэг вакциныг 0-2 насны хүүхдэд хийж байна

1 долоо хоног, 3 өдөр TIMES.MN
Зуны улирал дууслаа. Хүүхэд багачууд сургууль, цэцэрлэгтээ явж, хотын хүн амын төвлөрөл ч нэмэгдлээ. Удахгүй сэрүүн орж, айл өрхүүд галаа түлж, Нийслэл Улаанбаатар хот маань Утаанбаатар болох цаг айсуй. Өвлийн цагт утаатай зэрэгцээд багачууд тэр дундаа 0-5 насны хүүхдүүд ханиад хүрч, хатгалгаа болох нь нэмэгддэг. Тэгвэл уушгины хатгалгаа үүсгэдэг 13 хэв шинжийн үүсгэгчийн эсрэг вакциныг өнгөрсөн долдугаар сараас эхлэн Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хийж эхэлсэн байна. Энэ талаар тодруулахаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дархлаажуулалт, тарилгад халдварт өвчний тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ж.Энхцэцэгтэй ярилцлаа.




Манай улсын хувьд жилд 0-5 насны 27 мянган хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг. Эдгээр хүүхдийн 10-аад мянга нь амьсгалын замын өвчнөөр өвчилдөг бол, дөрвөн мянга орчим нь уушгины хатгалгаагаар өвддөг гэсэн судалгаа байдаг. Үүнээс харахад хүүхдийн өвчлөл эндэгдлийн шалтгааны нэгд уушгины хатгалгаа орж байгаа юм. Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах хамгийн үр ашигтай аргын нэг нь пневмококкийн эсрэг вакцин (ПКВ)-аар дархлаажуулах гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжид тусгасан байдаг. Тиймээс уушгины хатгалгаанаас сэргийлэх, өвчлөлийг бууруулах, хатгалгааны тохиолдлыг бууруулах, бага насны хүүхдийн хүндрэлийг бууруулах ач холбогдолтой уг вакциныг өвчлөл өндөртэй дүүргүүдэд хийж байна.


-Уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлэх вакциныг өнгөрсөн жилээс эхлэн хийж эхэлсэн. Энэ жилийн хувьд ч гэсэн хийж байгаа юм байна. Тэгэхээр эхлээд хатгалгаа гэж ямар өвчин болох, яагаад энэ вакциныг хийлгэх ёстой вэ гэдгээр яриагаа эхэлье.

-Хатгалгаа бол уушгины үрэвсэл. Уг өвчин нь олон янзын эх үүсвэрээс үүсдэг. Ихэвчлэн вирус, нянгийн гаралтай, бага насны хүүхдийг өвчлүүлж, хүндрүүлж улмаар эндэгдэлд хүргэдэг аймшигт өвчин. Уушгины хатгалгаа дотроо Пневмококк гэх нянгаар үүсгэгдсэн хатгалгаа тал гаруй хувийг эзэлж байна. Тус нянгаар үүсгэгдсэн бүлэг өвчлөл байна. Дан ганц уушгины хатгалгаа уг нянгаар үүсгэгддэггүй, олон өвчин байна. Тухайлбал, хүнд өвчлөлд нь үжил, менингит/ тархины бүрхүүлийн үрэвсэл, хүүхэд татдаг/ ордог бол хөнгөн өвчлөлд бронхит, хамар залгиурын үрэвсэл, чихний үрэвсэл ордог. 0-5 хүртэлх насны хүүхэд тэр тусмаа 2 хүртэлх насны хүүхдүүд халдвар авах эрсдэл их байдаг. Тиймээс хөгжиж байгаа орнуудад уушгины хатгалгаанаас үүдэлтэй нас баралт 20 орчим хувь, менингитийн нас баралт бүр 50 орчим хувийг эзэлж байна.


Хүүхдийн дархлаа суларч, өвдөхөд агаарын бохирдол, эхийн сүүгээр хооллохгүй байх нөлөөлнө. Яагаад заавал Пневмококкыг онцлоод байна вэ гэхээр эрүүл хүмүүсийн хамар залгиураас арчдас авахад 70 орчим хувьд нь уг нянг тээгээд явж байдаг. Өөрөө өвдөхгүй ч гэсэн ханиаж найтаах үедээ нян тарааж байдаг. Мөн өөрийнх нь дархлаа суларвал өвдөх эрсдэлтэй байна. Дэлхий нийтийн маш олон оронд уг нянгаас үүдэлтэй уушгины хатгалгаа болон түүний бүлэг өвчлөлүүдийн эсрэг вакциныг нэвтрүүлж эхэлсэн. Манай улсад өнгөрсөн оны зургадугаар сараас Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт уг нянгийн эсрэг вакциныг нэвтрүүлж эхэлсэн. яагаад энэ хоёр дүүргийг сонгосон бэ гэхээр эдийн засагтай холбоотой. Хамгийн түрүүнд өвчлөл өндөртэй дүүргээ сонгож авсан. Энэ жилийн хувьд долдугаар сараас Баянзүрх дүүрэгт нэвтрүүлж эхлээд байна. 2018 он гэхэд дор хаяж Чингэлтэй юм уу Хан-Уул дүүрэг гээд хоёр дүүрэг нэмэх, 2019 он гэхэд бусад үлдсэн дүүрэгт нэвтрүүлээд 2020 он гэхэд үндэсний хэмжээнд хөдөө орон нутагт нэвтрүүлэх гэсэн зорилт тавьж байна. Гол нь энэ маань үнэтэй, төсөв өндөртэй вакцин учир улсын төсвөөс мөнгө гардаг, санхүүтэй холбоотой учир үе шаттайгаар нэвтрүүлж байна. Тэрнээс бус хүмүүс үүнийг туршилт гэж ойлгоод байгаа бол буруу шүү.


-Хэдээс хэдэн насны хүүхдүүд ямар тунгаар хийлгэх вэ?

-Хүүхэд 2 сар хүрэнгүүт уг вакцины эхний тунг авна. Дараа нь 4 сартайд хоёр дахь тун, 9 сартайд гурав дахь тунг хийнэ. Түүнээс гадна өнгөрсөн жил 2 дүүрэгт 6 сараас хойш 3 сар хүрсэн 2 нас хүртэлх хүүхдүүдийг нэмэлтээр вакцинжуулсан. Энэ жилийн хувьд мөн адил зуны хоёр сар зарим хүүхдүүд маань хөдөө явсан байсан учир хоцорсон хүүхдүүдээ нэмэлтээр энэ сард вакцинд хамруулж байна. Харин 9 сараас хойш нэмэлтээс хоцорсон хүүхдүүд орохгүй. Эхний тунд орсон хүүхдүүд хоёр дахь тунгаа аваад явна. Эмнэлэгт уушгины хатгалгаагаар хэвтэн эмчлүүлж байгаа 0-2 насны хүүхдүүдээс шинжилгээ авахад 49 хувь Пневмококкын вирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа болон түүний хүндрэл эзэлж байна.


-Эцэг эхчүүд маань хүүхдээ энэ вакцинд хамруулъя гэвэл харьяа дүүргийнхээ өрхийн эмнэлэгт хандана гэсэн үг үү

-Тийм. Түрүүн хэлсэн өвчлөл ихтэй гурван дүүргийн иргэд өрхийн эмнэлэгтээ хандаад вакцинд хамрагдаж болно. Мөн тус дүүргүүдэд шилжиж ирж байгаа 0-2 насны хүүхэд байвал шууд товлолт вакциндаа ороод явж болно. Үүнээс гадна уг вакциныг цахим программд оруулж өгсөн учраас тухайн гурван дүүргийн хүүхдийн регистрийн дугаарыг хийхэд хэд дэх тунгаа авсан байна гээд бүх мэдээлэл нь гараад ирдэг болсон учир вакциндаа хамрагдсан үгүйг нь мэдэж болох боломжтой болсон.


-Вакцинд хамрагдахаас өмнө анхаарах зүйл гэж байх уу. Мөн вакцин хийлгэсний дараа хориглох зүйлс байгаа юу?

-Мэдээж өрхийн эмнэлэг дээрээ очихоор эмч нь жинг нь үзээд, янз бүрийн өвчлөл байна уу, үгүй юу гэдгийг нь үзнэ. Эмч үзээд ханиад нь хүнд хөнгөн, уг вакциныг хийж болох уу, үгүй юу гэдгийг нь хэлээд өгнө. Вакцин бүрд таарсан заалт гэж байгаа. Тэрнээс бус ханиадтай бүх хүүхэд вакцинд хамрагдахгүй гэж ойлгож болохгүй. Халуун нь хэд байвал, хэд хоноод хийх үү гээд янз бүр байна. Ер нь туйлын вакцин хийж болохгүй гэсэн заалт бол тун ховор. Тухайн вакцины найрлагад орсон бодист зүйлээс харшилдаг тохиолдолд л хориглодог. Зарим вакцинд өндөгний найрлагад орсон бодис байдаг учир өндөгнөөс харшилдаг хүн хийлгэж болохгүй гээд угаасаа вакцины найрлагад бичигдсэн байдаг. Мөн хавдартай, хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа бол болохгүй гэх мэт ерөнхий заалтууд байдаг.тэрнээс бусад тохиолдолд эмч тухайн хүүхдийг үзээд вакцин хийлгэж болох эсэхийг шийднэ.


Харин вакцин хийсний дараа хүүхэд 30 минут эмчийн өрөөнд байх ёстой. Хүүхдээ жаахан харна. Мөн саагийн вакциныг амаар уулгадаг. Энэ үед уулгасны дараа ээжүүд хөхөө хөхүүлж болохгүй. Дор хаяж 30 минутын дараа хөхөө хөхүүлнэ. Тийм учраас хүүхдээ вакцинд орохоос нь өмнө хөхийг нь сайн өгөх хэрэгтэй. Орой гэртээ хариад вакцин хийлгэсэн өдрөө болж өгвөл дааруулахгүй, усанд оруулахгүй, дулаан байлгах хэрэгтэй. Хэрэв хүүхэд нь 2 цаг тасралтгүй уйлах, хэт өндөр халуурах, татах шинж тэмдэг илэрвэл маш хурдан эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.