Спорт


Монголын сагсчид Европ тивийн аваргыг хожлоо

1 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

Олон Улсын Сагсан бөмбөгийн холбооны 3х3 /ФИБА 3х3/-ийн 2017 оны хамгийн сүүлчийн гранпри тэмцээн Тайпэй хотноо өнгөрөгч амралтын өдрүүдээр болж өндөрлөлөө. Уг тэмцээнд Монголын Улаанбаатар Хангарьд баг өрсөлдсөн юм.


Эхний тоглолтоо Иорданы багтай хийж 22:06-аар илт илүүрхсэн. Хэсгийн хоёр дахь тоглолт нь хамгийн чухал, хамгийн хүчтэй өрсөлдөгч байлаа. Учир нь Латвийн Рига баг нь 2017 оны ФИБА3х3-ийн Европ тивийн аварга цолыг хүртсэн баг юм. Сагсан бөмбөг өндөр хөгжсөн Европын АШТ-ний аваргын төлөө тоглох эрхээ Дэлхийн хамгийн хүчирхэг баг, дэлхийн 3 удаагийн аварга, Европ тивийн аварга, Их дуулгын 12 удаагийн аварга, Гранпригийн 13 удаагийн аварга Сербийн шигшээ багийг нэмэлт цагт хожин аваргуудыг буулган авлаа.


Улмаар Латвичүүд аваргын төлөө өмнөх Европ тивийн аварга Словений багийг хожин аваргалсан. Ийм хүчирхэг Латвийн багтай Тайпэйгийн гранприд манай залуус тоглолоо. Тоглолт эхнээс хүчтэй хамгаалалт, онооны тэргүүллийг ээлжлэн авсан маш өрсөлдөөнтэй тоглолт болж эцсийн мөчид Монголын баг 16:17 харьцаатай Европ тивийн шинэ аварга Латвийн багийг анх удаагаа хожлоо.


Манай баг хэсгийн сүүлийн тоглолтоо Тайванийн багийн эсрэг хийж 22:06 харьцаатай хожин хэсгээсээ 1-р байраар шалгарч хасагдах шатанд Словений багтай таарсан. Словений Пиран баг нь 2016 оны Европ тивийн аварга, 2017 оны мөнгөн медальт, Уцуномия Их Дуулгын 2-р байр, Дэлхийн АШТ-ний хүрэл медальт мөн л шилдэг багуудын нэг. Словений багтай гал гарсан ширүүн тоглолтыг хийж 17:18 харьцаатай хожигдон Тайванийн гранпригийн 5-р байрт орлоо.


ФИБА 3х3-ийн мэргэжлийн топ багуудын өндөр түвшний сагсан бөмбөгийг үзүүлж, тоглолтын агуулга, чанарын хувьд дээд түвшинд, бүх нөөц бололцоогоо дайчлан сайн тоглосон гэдгийг онцлох нь зүйтэй. ОУСБХ 3х3-д дэлхий даяар нийтдээ 543,995 тамирчин өрсөлдөж чансааны оноо цуглуулж байгаагаас манай тамирчид Тайваний гранприд тавд орсноор нэлээдгүй өсч шилдэг 100-д орж ирлээ.


Монголын шилдэг 10 тамирчны ранк:



Мөн манай улсын чансаа нийтдээ 144 орноос одоогоор 55-т явж байна.






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.