2017,9-Р Сар,12


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




TIMES Ярилцлага


Ж.Үйлст: Одоо би боллоо гэсэн үедээ гэр бүл зохиох хэрэгтэй

1 долоо хоног, 1 өдөр TIMES.MN
Сүүлийн жилүүдэд гэр бүл салалт нэмэгдэж өдөрт 10 хос гэр бүлээ цуцлуулж байна гэсэн судалгаа гарсан байна. Тэр тусмаа залуу гэр бүлийн салалт их байгаа билээ. Энэ бол зөвхөн батлуулсан албан ёсны гэр бүл салалтын тоо баримт бөгөөд цаана нь батлуулаагүй хэчнээн гэр бүл салж, бяцхан үрс өнчирч байгааг таашгүй. Тэгвэл гэр бүл салалтын шалтгаан нь юу байна. Амьдрал мэдэхгүй бага насандаа айл гэр бүл болж, амьдралд үүссэн багахан саад бэрхшээлийг даван туулж чадалгүй хоёр тийш болж байна уу? Энэ асуултад хариулт авахаар Монголын мэргэшсэн сэтгэл судлаачдын үндэсний төвийн сэтгэл зүйч Ж.Үйлсттэй уулзаж ярилцлаа.




-Гэр бүл төлөвлөлт гэж юуг хэлээд байна вэ. Гэр бүл зохиоход тохирсон нас гэж байх уу. Зарим хүмүүс бага залуу насандаа гэрлэсэн хосууд салах нь их байна гэж ярих болсон байна. Энэ тал дээр таны үзэл бодлыг сонсмоор байна.

-Гэр бүл төлөвлөлт гэдэг ойлголт үндсэн утгаараа Монголд орж ирээгүй байна л даа. Гэр бүл төлөвлөлт гэхээр ерөнхийдөө жирэмснээс хамгаалах хичээл, хэдэн насны зайтай хүүхэдтэй болох вэ гэх мэт зүйлсийг ярьдаг. Одоогоор яг нас заасан зүйл байхгүй байна. Дэлхийн жишиг, өөр улсын жишиг ярихаар мэдээж Монголд буухгүй. Монголд ихэвчлэн эмэгтэйчүүд нь 24, эрэгтэйчүүд нь 26-27 насандаа гэр бүл болж байгаа гэсэн статистик мэдээлэл байдаг. Гэхдээ энэ бол зөвхөн бүртгэлтэй гэр бүлийн дунд хийсэн тоон мэдээ. Үүний цаана бүртгэлгүй олон гэр бүл байгаа.


Тухайлбал хамтран амьдардаг, гэр бүлээ бүртгүүлээгүй хэрнэ олон хүүхэдтэй болсон гэр бүл их байгаа. Хүн хүний хувьд бие хүн болох буюу сэтгэлзүйн хувьд нас биед хүрэх нь ялгаатай байдаг. Би фэйсбүүкээс нэг зүйл уншиж байсан юм. Дараа нь тэр зүйл яг миний амьдралд тохиолдсон чинь ямар үнэн юм бэ гэж бодсон.


Нэгэн залуу ааваасаа “Ааваа би хүнтэй суумаар байна” гэж асууж л дээ. Тэгсэн аав нь “ Чи тэгвэл надаас уучлалт гуй” гэж. Хүү “Би таниас яах гэж уучлалт гуйх юм бэ” гэхэд “Зүгээр уучлалт гуй” гэж аав нь уурласаар байгаад уучлалт гуйлгаж гэнэ. Сүүлд нь аав нь хүүдээ “чи буруугүй байсан ч уучлалт гуйж сурсан үедээ хүнтэй суу” гэж хэлсэн гэдэг.


Үүнтэй адил аливаа асуудалд ул суурьтай ханддаг, бусдын гаргасан алдааг хүлээн зөвшөөрдөг, буруугүй байсан ч буулт хийдэг, аливаа хүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг, алдаа дутагдалтай нь хайрлаж чаддаг, бүх зүйл дандаа сайхан байна гэсэн хүлээлтгүй болсон үедээ хүнтэй гэрлэх хэрэгтэй. Ялангуяа залуу гэр бүлд зонхилон тохиолдож байгаа асуудлын нэг нь энэ. Асуудал гараад ирэхээр эцсийн шийдэл нь салах байдаг. Гэтэл амьдрал дандаа хүний хүсэж мөрөөдсөн шиг байхгүй. Тэртээ тэргүй асуудлууд гарч ирнэ.


Монголд зарим аймагт байсан сонирхолтой хэрнэ зөв ч гэмээр ёс заншил байдаг юм байна лээ. Бэр болоод явсан охиноо аав ээж нь гурван жилийн хугацаанд элдэв асуудал боллоо гэвэл охиноо хүлээж авдаггүй. Яах аргагүй гурван жилийн дараа бүх асуудал нь жигдэрсэн, элдэв асуудалгүй журамдаа орсон, хэвийн голдрилдоо орсон байдаг гэнэ. Тэгэхээр юу гэх гээд байна вэ гэхээр асуудал байж л байдаг, амьдралд хэт их хүлээлттэй биш болсон, хувь хүнийхээ сэтгэлзүйн хувьд бэлэн болсон. Одоо би болоо гэсэн үедээ гэр бүл зохиох нь илүү зүйтэй юм болов уу гэж боддог. Энэ нь тухайн хүн бүрд янз бүр тохиолддог учир яг тэр насандаа гэрлэвэл сайн гэж хэлэх боломжгүй. Хүн бүр л харилцан адилгүй боловсордог.


Хүнтэй суувал амьдрал гоё сайхан болно, хүүхэд гаргавал бүх зүйл сайхан болно гэдэг бодлоор биш нийгмийн өмнө, сууж байгаа хүнийхээ өмнө, ирээдүйд гарч ирэх хүүхдүүдийнхээ өмнө маш их хариуцлага өөрт нь ирж байгаа гэдгийг ухамсарлаж хүнтэй суух ёстой юм болов уу. Мөн Монголд хүүхэдтэй болсон учраас суусан гэсэн хүмүүс олон байна. Тиймээс залуустаа хандаж хэлэхэд суух гэж буй хүнийхээ ямар ч алдаа дутагдлыг уучлаад амьдарч чадна гэсэн үедээ л хүнтэй сууж, хүүхэдтэй болоорой гэж уриалмаар байна.


Асуудал бол дандаа үүснэ. Эхний нэг хоёр жил бол гал халуун хайр дурлалдаа шатдаг үе. Хүний өө сэвийг олж харахгүй. Хоёр талд гоё сайхнаараа л байгаад байдаг. Гэтэл хүүхэд гаргаад, хамт амьдраад эхлэхэд бүх зүйл эхэлдэг. Дан ганц тэр хүнтэй суугаагүй. Тэр хүний аав ээж, зан ааштай нь сууж байна гэсэн үг. Гэтэл махан биетэй нь сууж байгаа мэт ханддаг. Суугаад нэг хоёр жил болоод эхлэхээр асуудлууд үүсээд эхэлдэг. Асуудал үүсээд эхлэхээр хямарч эхэлнэ. За хямарсан ч гэсэн бас шууд салахгүй, дэнчигнээд нэлээн явна. Тэгж явж байгаад би үнэхээр тэсэхгүй нь салах уу, яах уу гэж хандах залуус олон байдаг. Тэгэхээр ямар ч юманд маш ул суурьтай л хандах хэрэгтэй байна. Хүүхдийг дунд нь хохироохгүй, сэтгэл зүрх шулуудталаа хүүхэдтэй болохгүй л байх хэрэгтэй.


-Залуусын салалтын шалтгаан бол мэдээж эдгээр зүйлсээс л болж байгаа байх. Тэгвэл 10,15 жил хамт амьдраад олон хүүхэдтэй болчхоод салдаг гэр бүл байна. Энэ юунаас болж байна вэ?

-Монголд салж буй гэр бүлүүд ихэвчлэн 6-8 жил болоод салж байгаа тохиолдол их байна. Энэ нь юутай холбоотой байна вэ гэдгийг манай төвд хандаж байгаа гэр бүлээс ажиглахад ихэнх нь 6-8, 10 жил амьдарсан хосууд салж байна. Миний хувьд үүнийг гэр бүлийн үечлэлтэй холбож үзэж байгаа. Эхний 1-2 жил бол гал халуун хайрандаа шатаад явж байгаа үе. Энэ үе урсгалаараа сайхан өнгөрнө. 2-3 дахь жилд амьдралын бусад асуудлууд үүсч эхэлнэ. Тухайлбал хүүхэд төрөх, гэр орноо бий болгох, ажил төрөлтэй болох, залуу хүмүүсийн карьер эхлэх гээд нэг хэсэг завгүй үе нь өнгөрнө.


Ингээд 6 дахь жилээс амьдрал нь тогтворжоод, бүх зүйл нь хангалуун, санаа зовох зүйлгүй болж ирдэг. Тухайлбал, өглөө ажилдаа яваад, хүүхдээ цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөх, авах гэх мэт нэг хэвийн тайван амьдралтай болж эхэлдэг. Энэ үеэс бага зэрэг уйдах хандлага илэрдэг. Эхнэртээ хайртай хэрнэ өөр хүн хараад байдаг ч юм уу. Хайртай хэрнэ өөр хүнтэй учиртай боллоо, амьдрал нэг л сонин уйтгартай боллоо, гэдэг хүмүүс олон байдаг. Энэ үе бол уйдалтын үе. Амьдрал нь жигдрээд, амьдралд нь сонирхолтой зүйл юм уу, өөрөө сонирхолтой зүйл хийхгүй бол уйдаж эхэлдэг үе.


Өмнө нь яасан бэ гэхээр нэг хүнд дурлаж нэг хэсэг завгүй байлаа. Дараа нь анхны хүүхдүүд нь гарч, ажил амьдрал гээд л завгүй он жилүүд байсан. Гэтэл бүх зүйл нь тогтворжоод эхлэнгүүт өөр зүйл хайж эхэлж байна.


Тэгэхээр хосууд маань энэ үеийг яаж салалтгүйгээр даван туулах вэ гэхээр

-Анхных уруугаа буцах: Анх тэр хүний юунд татагдаж дурласан. Та хоёр хамтдаа юу хийвэл нэг нэгнээ баярлуулж, аз жаргалтай байдаг байсан. Тэр бүх зүйлийг хамт дахин хийх.

-Амьдралын явцад нэг нэгэндээ гомдсон, сэтгэлийн шарх өгсөн бол бие биенээсээ чин сэтгэлээсээ уучлалт гуйх. Тухайн зүйлийн талаар ярилцах хэрэгтэй. Учир нь сэтгэлийн шарх болоод нэг нэгнээ гомдоох асуудлыг завгүй он жилүүдэд мартсан байдаг хэдий ч яг ийм уйдах үед тэдгээр зүйлсээ санаж, бодож эхэлдэг. Уучлах процессыг маш сайн явуулах хэрэгтэй.

-Эмэгтэйчүүдийн хувьд хоёр, гурван хүүхэд гаргаад гэртээ суусан байдаг бол эрэгтэйчүүдийн хувьд ажил ажил гээд өөрсдөдөө цаг зав гаргаагүй байдаг. Зөвхөн хүүхдүүд болоод хамтын амьдралдаа цаг зав гаргасан байдаг учир хувийн орон зай гэдэг зүйл байхгүй болсон байх талтай. Энэ хувийн орон зай гэдэг зүйлээ мэдрэхгүй болоод эхлэхээр амьдрал сонирхолгүй мэт санагдаж эхэлдэг юм. Тиймээс өөр өөрсдийн хобби, дур сонирхлоо хөгжүүлэх хэрэгтэй.


Ер нь амьдрал дээр харахад хийх дуртай зүйлээ хийдэг байсан залуус өөр хүн сонирхох нь бага байдаг. Яг амьдралын төлөө цаг наргүй явсан эрчүүдийн хувьд өөрийг нь гэнэт хэн нэгэн өөр хүн халамжлаад, нүдээ ирмээд эхлэхэд тэр хүнд татагдаад нэг мэдсэн эхнэрээ хуурсан байна гэх эрчүүд олон байдаг. Тэгэхээр тэр хүнд өөрийн гэсэн дур сонирхол, хобби гэдэг зүйл байхгүй байгаатай бас холбож үзэж болно.

Гэхдээ дуртай зүйлийг нь хийлгэе гээд зөнгөөр нь явуулна гэсэн үг биш.


Эмэгтэйчүүдийн хувьд мөн адил хүүхэд, гэр бүлдээ хамаг юмаа зориулсан. Зөвхөн нөхөр хүүхдээ л гээд, тэд нараараа дүүрч амьдардаг. Өөрийнх нь хувийн орон зай гэж байхгүй болсон байдаг. Гэтэл нөгөө анхаарал хандуулж байгаа хүмүүс нь тоохгүй байх. Тэр дундаа нөхөр нь тоохгүй байвал сэтгэл санаагаар унадаг. Ялангуяа төрсний дараа энэ шинж их илэрдэг. Тэгэхээр өөр зүйлээс сэтгэл ханамжийг мэдэрдэг болох зайлшгүй хэрэгцээ гарч ирж байгаа. Тухайлбал, ажил, спорт, хийх дуртай зүйлс. Тэгж байж энэ үеийг гайгүй сайн давна.


-Тэгэхээр энэ үеийг л давах юм бол цаашаа бол амьдрал нь хэвийн үргэлжилнэ гэсэн үг үү?

-17-20 жил амьдраад хүүхдүүд нь тусдаа гараад, амьдрал нь бүрэн цэгцэрсэн хосууд мөн салах гээд байдаг. Ялангуяа эрэгтэй хүн хамаарлын сэтгэлзүйтэй байдаг учир үеийнхнийгээ, найз нөхдөө дууриах байдал их ажиглагддаг. Ер нь олон жил амьдраад салж байгаа эрчүүдийн хувьд залуу эмэгтэйд татагдсан байдаг. Хүүхдүүдээ бодоод мөн эхнэрийнхээ сэтгэлийг шархлуулахгүй гэсэн дээ тухайн харилцаагаа даамжруулж, удаасан нөхцөл байдал бас ажиглагддаг. Энэ насныхан бол 40-50 насны хүмүүс байгаа. Энэ насны хүмүүс маань хийсэн зүйлээрээ бахархдаг үе нь. Ойр дотнынх нь хэн нэгэн ийм зүйлээрээ бахархан ярих үед нь би нэг оролдоод үзье гэдэг ч юм уу, нэг бол нэг юм дутуу хийсэн ч юм шиг санагдаж гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн тохиолдол нэлээдгүй байдаг. Тэгээд яг эхнэр хүүхдээсээ салаад тэр хүнтэйгээ амьдрах юм уу гэхээр чаддаггүй.


-Түрүүн ярьсан нэг нэгнээсээ уйдах, амьдрал нь уйтгартай санагдах үед эрчүүд гэр бүлээс гадуур харилцаа үүсгэх эрсдэлтэй байдаг гэлээ. Мөн бүсгүйчүүд ярихдаа 37,38 насандаа төрвөл хосуудын харилцаа эргэн сэргэдэг. Энэ үед шинэ хүүхэдтэй болбол хань нь гэр лүүгээ яардаг гэж ярьдаг. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Ер нь Монгол, Ази эрчүүд өөрийгөө асрамжлан халамжлагчийн байр сууринд харах дуртай байдаг. Гэтэл сүүлийн үед эмэгтэйчүүд маань хэт бие даасан хандлагатай болж байна. Ажиглаад байхад нөхрийнхөө цалинг аваад нөхөр нь байсан байгаагүй бүх зүйлээ зохицуулдаг эмэгтэйчүүд их байна. Нөхөр нь зөвхөн мөнгө олох үүрэгтэй юм шиг. Гэтэл эрчүүдийн маань асрамжлан халамжлах гэдэг зүйл нь байхгүй болчхож байгаа. Тэгэхээр нөгөө эрчүүд маань өөрийгөө мэдэрч чадахгүй болдог. Тэгээд цаашлаад өөрийгөө мэдрэхгүй байгаа хүн өөр хэн нэгнээс өөрийгөө мэдэрмээр санагдаж эхэлдэг. Зарим нь хобби, ажил мэргэжлээ хөөгөөд завгүй байдаг.


Харин зарим нь өөрөөс нь сул дорой хэн нэгэн гараад ирэхээр түүнийг асарч, халамжлаад явах нь илүү их таалагддаг. Түүнээс бус хайр сэтгэл нь хувирсандаа бус зөвхөн хэн нэгнийг халамжлах сэтгэлээ дүүргэж байгаа хэрэг юм. Зарим нь өөр зүйлээр нөхдөг. Найз нөхөдтэйгөө уулзаж, магтуулж өөрийнхөө бигээ баясгаад явдаг. Эрэгтэй хүн ер нь өөрөө өөрийгөө мэдэрч байж амьдрал дээр сэтгэл зүй болоод бусад зүйл дээ тэнцвэртэй байж чаддаг. Гэтэл бүх зүйлийг өмнүүр нь орж хийгээд нөхрөө сул дорой болгоод байгаа байдал харагддаг. Бүх зүйлийг хамтраад хийх хэрэгтэй. Чадахгүй юмаа гэхэд ганц нэг зүйлд татан оруулж сургах хэрэгтэй.


-Ер нь ихэнх хосууд энэ байдлаар амьдардаг байх. Нөхөр нь мөнгө олж ирээд эхнэр нь гэр орны ажлаа зохицуулдаг. Нарийн ширийн юм эрчүүд мэддэггүй шүү дээ. Тэгэхээр ийм нөхцөл байдалд орсон хосууд маань тантай тусгайлан уулзвал илүү үр дүнд хүрэх бололтой.

-Тийм. Хүн бүрд тохирсон заавар зөвлөгөөг шат дараатайгаар өгөх шаардлага гарна. Эхний нэг хоёр уулзалтад шууд зүгээр болно гэж байхгүй. Би таныг таниад л өнгөрнө. Шат дараалалтай эхнээс нь ярилцаж, үе шат болгонд таарсан асуулт асууж таныг судална. Бүр бага нас уруу нь хүртэл судалдаг. Ихэнхдээ бага наснаас нь эхэлж судалдаг. Яагаад гэвэл манайхны сэтгэл зүй хүүхэд насандаа авсан сэтгэлийн шарх нь одоогийн амьдралд нь нөлөөлсөн байдаг.


Тиймээс хүүхэд нас хүртэл нь судалж, курсээр эмчилгээ хийдэг. Хаана яаж байгаад гэмтэл авсан бэ гэдэг дээр нь ажилладаг. Тэрнээс бус одоо байгаа асуудал дээр нь ажилладаггүй. Яг тэр гэмтсэн хэсгийг нь эмчлээд өгөхөөр тухайн хүн маань өөрөө одоогийнхоо асуудлыг засаад явчихдаг. Уулзаж, ярилцаж байгаад л хүн бүрд нь тохирсон зөвлөгөө, эмчилгээний хөтөлбөр гаргаж ажиллана даа.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 1 өдөр []


Зүгээр л шалтгаангүйгээр, хариу нэхэлгүйгээр, ямар нэг болзол нөхцөлгүйгээр хайрла. Эхнэр нь нөхрөө, нөхөр нь эхнэрээ өөрчилж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөр, байгаагаар нь хайрла. Хүн өөрийн толгойд орж ирсэн бодлуудтай тэмцэлдэж, тэдгээрийг ялж байж ханиа хайрлаж чаддаг, энэ давраад байна гэсэн ганц бодол гэр бүлийг сүйтгэх чадалтай. Тиймээс залуус минь өөрийгөө удирдаж чаддаг болчихоод гэр бүлтэй болоорой