Эдийн засаг


Иргэд инфляци, ханшийн талаар эерэг хүлээлттэй байна

1 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

 Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, ханш тогтворжиж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэнтэй холбоотойгоор эдийн засагт эерэг үзүүлэлтүүд ажиглагдаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор иргэдийн эдийн засгийн өсөлт, инфляци, ханшийн талаарх хүлээлт ч бас эерэг үр дүнтэй байгааг судалгаа харуулжээ.


Тодруулбал, Монголбанкнаас “Иргэдийн инфляцийн хүлээлтийн түүвэр судалгаа”-г энэ оны гуравдугаар улирлын байдлаар гаргасан байна. Судалгаанд оролцсон иргэдийн 96 хувь нь энэ оны эцэст инфляци Монголбанкны зорилтот түвшин буюу 8 хувиас бага байхаар хүлээлттэй байна. Тодруулбал, инфляцийн түвшин чанарын хариултаны хувьд 2017 оны 4-р улиралд 3.4 хувь, 2018 оны 3-р улиралд 3.8 хувь, тоон хариултын хувьд 2017 оны 4-р улиралд 4.1 хувь, 2018 оны 3-р улиралд 5.3 хувь байхаар тус тус хүлээж байна.


Харин мэдрэмжид суурилсан инфляцийн хүлээлтийн хувьд 2017 оны 4-р улиралд 5.5 хувь, 2018 оны 3-р улиралд 10.6 хувь байх хүлээлттэй байгаа нь судалгаанаас харагджээ.




Валютын ханшийн хувьд 2017 оноос эхлэн иргэдийн хүлээлт сайжирч эхэлсэн. Тэгвэл гуравдугаар улирлын байдлаар төгрөгийн ханш гадаад валютын эсрэг чангарна гэх иргэдийн хүлээлт 2017 он гарснаас хойших хамгийн дээд түвшиндээ хүрсэн байна.




Цаашилбал, зээлийн хүү буурна, эдийн засгийн ерөнхий төлөв, өрхийн санхүүгийн байдал сайжирна гэсэн хүлээлтүүд нэмэгдсэн байна.






Эдийн засагт хүлээлт хамгийн чухал гэдэг.

Хүлээлтийг дагаж эдийн засгийн үзүүлэлтүүд өөрчлөгддөг. Наад зах нь иргэд, олон нийт ам.долларын ханш өснө гэж хүлээвэл өсөхөөс нь өмнө нь худалдаж авъя гэх эрэлт нь нэмэгдэнэ. Ингээд хангалттай ам.доллар орж ирээгүй байгаа үед эрэлт нэмэгдсэнээр ам.долларын ханш өсдөг “жамтай”.


Эсрэгээрээ ам.долларын ханш буурна гэх хүлээлттэй байгаа үед “улам буурахаар нь худалдаж авъя” гэж үзээд, ам.доллар худалдаж авахаа түр азнана. Үүнийг дагаад эрэлт буурснаар ханш сулардаг гэж ойлгож болно. Хүлээлт ийм байдлаар эдийн засгийг “удирддаг”. Тэгэхээр энэ оны гуравдугаар улиралд иргэдийн эдийн засгийн нөхцөл байдал, инфляци, ханшийн талаарх хүлээлт эерэг чиглэлтэй байгаа нь яах аргагүй сайн мэдээ юм.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.