Нийгэм


“Бөмбөгөр-2”-т шошгогүй бүтээгдэхүүн худалдаалж байна

4 жил, 4 сар TIMES.MN

Мэргэжлийн хяналтын  ерөнхий газраас “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сарын аяныг ирэх сарын 1-нийг дуустал орон даяар явуулж байна. Тэд хуурамч архи, ундаа, хаяг, шошго, хадгалах хугацааны зөрчилтэй хүнсний болон бусад бүтээгдэхүүнийг  олон нийтэд зарласан юм. Тус аяныг  үргэлж­лүүлж мэргэжлийн хяналтын байцаагчид өчигдөр “Бөмбөгөр-2” худалдааны төвд ажиллаж, тус худалдааны төвийн лангуунаас иргэдийн гар дээр очиж байгаа бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний хаяг, шошгыг шалгаж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэв. Тухайн бүтээгдэхүүний хаяг шошго хаана, хэзээ үйлдвэрлэсэн, хадгалах хугацаа, горим, сөрөг нөлөө, хэрэглэх заавар гээд бүх мэдээллийг агуулсан байдаг.  Өөрөөр хэлбэл хэрэглэгч бүтээгдэхүүний шошгоноос эрүүл аюулгүй хүнс хэрэглэж байгаа эсэхээ  мэдэж авах  ёстой. Шалгалтын явцад ихэнх  бүтээгдэхүүн хаяг шошгын зөрчилтэй байгааг байцаагчид хэлж байв. Тухайлбал, жимсний лангуунуудад усан үзэм, жижиглэнгээр  савласан жимснээс бусад нь бүгд хаана, хэзээ үйлдвэрлэсэн, хугацаа нь хэзээ дуусах ямар харшилтай хүмүүс хэрэглэж болохгүй гэдгийг мэдэж авах боломжгүй байв. Хэдийгээр албаны хүн бүтээгдэхүүний гарал үүсэл, лабораторийн шинжилгээг нь үзэж болох ч  жирийн иргэдийн хувьд боломжгүй зүйл. Мөн өндөг, хиам, майонез зэрэг түргэн мууддаг бүтээгдэхүүнүүдийн хувьд ч хаяг, шошгогүй, үйлдвэрлэсэн он сарыг нь бичээгүй зөрчил их байв.


Манай улсын им­портын бүтээгдэхүүний 60-70 хувийг хүнсний бүтээгдэхүүн эзэлдэг. Мөн хүнсний бүтээг­дэхүүний шошгон дээрх тэмдэглэгээ заавал орос, англи, монгол хэлний аль нэг дээр байх ёстой. Харин шалгалтын явцад зарим бүтээгдэхүүн герман, солонгос, польш, болгар гээд бусад улсуудын хэлээр бичсэн шошготой байсныг байцаагчид хэллээ. Энэ тохиолдолд импортоор оруулж ирж буй аж ахуйн нэгж хуульд заасны дагуу шошгон дээр монгол хэлээр бичсэн шошготойг орчуулж та­вих үүрэгтэй юм байна. Шалгалтын явцад бас нэг эрсдэлтэй зүйл ажиг­лагдсан нь зарим бүтээгдэхүүний хадгалах хуга­цааг заасан балан болон сэтлэх тэмдэглэгээ шаардлага хангахгүй байгаа явдал байлаа. Учир нь үйлдвэрээс хийгдэж байгаа гэх  шошгон дээрх балан болон сэтлэх тэмдэглэгээг хүссэн нэг нь хийх боломжтой юм.  Тиймээс энэ үйлдлийг өөрчлөх шаардлагатай байгааг анхаарах цаг болжээ. Энэ мэт жижиг хэрнээ бидний өдөр тутам хэрэглэж байгаа хүнсний эрүүл аюулгүй байдлыг нотлох шошго зөрчилтэй байгаа нь батлагдаад хоёр жил болж буй нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хамгаалах тухай хууль хэрэгжихгүй байгааг илтгэж байгааг  албаны хүмүүс хэлж байна. Энэ удаад бүтээгдэхүүн бүрийг биш түүврийн аргаар шалгаж хаана хэдэн градуст хадгалах гээд зөвлөн туслах үйлчилгээ өгсөн ч хаяг шошгоны зөрчлийг арилгах даацтай ажил хийх, асуудал хөндөх хэрэгтэй байгааг  МХЕГ-ын улсын ахлах байцаагч Л.Гэрэлмаа хэлсэн юм. Харин худалдаа эрхлэгчид ил задгай зарж байгаа жимс жимсгэнэ, өндөг зэргийг холбогдох байгууллагаас хянаж цэгцлэхгүй бол иргэд эрүүл ахуйн шаардлага хангахгүй бүтээгдэхүүн авч хохирч байна. Түүнчлэн хүмүүс ил задгай бүтээгдэхүүн их авснаар    түрээслэгчидийн орлого муудаж  байгаа гэв. 

С.УЯНГА

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.