Аналитик


Далай ламын айлчлал шуугиан тарьж, “Эрдэнэт”-ийн захирлыг томилсон өдрүүд

8 сар TIMES.MN

TIMES.MN таньд долоо хоногийн тойм хүргэж байна. Өнгөрсөн өдрүүдэд үйл явдлаар дүүрэн өдрүүд болж өнгөрлөө. Сүүлийн өдрүүдэд олны анхаарлын төвд байсан “Эрдэнэт” үйлдвэрийн захиралаар Х.Бадамсүрэнг томиллоо.  Мөн өнгөрсөн өдрүүдийн голлох сэдэв бол Дээрхийн гэгээнтэн Далай лам айлчилсан явдал байв. Түүний айлчлалыг улс төрийн зорилготой, мөн X Богдыг тодруулах гэж ирсэн гэх мэт олон таамаг дэвшүүлээд байсан. Тэгвэл Далай лам айлчлалын төгсгөлд сэтгүүлчидэд өгсөн мэдээлэлдээ "X Богд Монголд мэндчихсэн. Одоогоор нялх байгаа" хэмээсэн юм. Харин түүний энэхүү айлчлалаас үүдэн Хятадын талаас манай улстай хийх байсан томоохон дөрвөн уулзалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм.

Ингээд өнгөрсөн долоо хоногийн үйл явдлын дэлгэрэнгүйг хүргэе.

Нийгэм: Хамтран амьдрагчаа санаатай хөнөөсөн онц хүнд гэмт хэргийг шийдвэрлэлээ

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд амьдрах Э-нь 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хамтран амьдрагч А-гийн хүзүү болон хэвлийн тус газар хутгалж онц харгис хэрцгий аргаар санаатай алсан” гэх хэрэгт Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Э-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар, яллагдагч П, Ч, Э нарт дээрх гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан үйлдэлд нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг хянан хэлэлцээд, яллагдагч Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар 21 жилийн хорих ялаар шийтгэж, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, яллагдагч Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл, хэсгийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, яллагдагч П, Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар тус бүр 300 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.


Онцлох: ”Эрдэнэт”-ийн ерөнхий захиралаар Х.Бадамсүрэнг томиллоо


"Эрдэнэт" үйлдвэрийн ТУЗ хуралдсанаар ийнхүү шийдвэрээ гаргалаа. "Эрдэнэт"  үйлдвэрийн 51 болон 49 хувийг эзэмшигч талууд удаан хугацаанд энэ асуудлаар зөвшилцсөн юм.  "Эрдэнэт" үйлдвэрийн шинэ дарга  Х.Бадамсүрэн нь :

 

Боловсрол:

 

-1974 онд Өмнөговь аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль

 

-1980 онд ОХУ-ын Эрхүүгийн Политехникийн дээд сургууль

 

-1993 онд АНУ-ын Колорода муж, Боулдерын Эдийн засгийн дээд сургууль

 

-1999 онд ОХУ-ын Москва хотын уул уурхайн их сургууль, Техникийн ухааны боловсролын доктор

 

-2004 онд ОХУ-ын Москва хотын уул уурхайн их сургууль, техникийн шинжлэх ухааны доктор

 

Ажлын туршлага:

 

-1980-1987 онд Геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, уул уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд Уул уурхайн хэлтсийн дарга

 

-1988-1989 онд Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яаманд мэргэжилтэн, Уул уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд Хамтарсан үйлдвэрийн хэлтсийн дарга

 

-1989-1993 онд Бор-Өндөрийн уул уурхайн байжуулах үйлдвэрийн захирлын нэгдүгээр орлогч

 

-1989-1991 онд Хэнтий аймгийн Хэрлэн хорооны АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга

 

-1994-2006 онд Монгол-Оросын хамтарсан "Монголросцветмет" нэгдлийн анхны монгол ерөнхий захирал

 

-2002-2005 онд "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийн менежментийн багийн удирдагч

 

-2007-2008 онд Үйлдвэр худалдааны яамны Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн  газрын дарга

 

-2008-2012 онд УИХ-ын гишүүн

 

-2013 оноос Монгол уул уурхайн танхимын ерөнхийлөгч, Монголын жоншны холбооны тэргүүн

 

-2015 оноос Аж үйлдвэрийн яамны дэргэдэх Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн удирдагч, нэгжийн захирал

 

-1991 онд Ардын их хурлын депутатаар сонгогдож, шинэ Үндсэн хууль батлалцсан. Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолтой.

 

Айлчлал Далай лам: X Богдын дараагийн дүр Монголд мэндэлчихсэн

 Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам монголын сүм хийд, сүсэгтэн олны хүсэлтээр манай улсад ес дэх удаагийн айлчлалаа хийгээд буцлаа. Тэрээр буцахын өмнө сэтгүүлчдэд зориулан хэвлэлийн хурал хийлээ.

Түүний айлчилж буй зорилго нь X Богдыг тодруулахаар ирсэн гэх мэдээлэл хэвлэлээр гарч, монголчуудын дунд багагүй талцал үүсгээд байсан. Тэгвэл эл мэдээлэлд Далай лам тайлбар хийлээ. Тэрээр “IX Богдыг талаал болохыг өмнө таны дараа төрөх газар бол Монгол байна шүү гэж айлтгасан юм. X Богдыг тодруулах нь миний үүрэг байж ирсэн. IX Богдын дараагийн дүр нь Монголд мэндэлчихсэн байгаа шинж тэмдгүүд илэрч байна.

Одоогоор нарийн тодруулах үйл явц, мэдээллийн хэлэх боломжгүй. Хүүхэд одоогоор жаахан байгаа учраас 3-4 насанд нь юм уу, таван нас хүрэхээр нь ил болгож түмэнд зарлах нь зүйтэй” гэв.

Нийгэм: Байгаль, нийгмийн ухааны шагналыг Д.Батсүрэнд гардууллаа

Шинжлэх ухаан, технологийн салбарын 2016 оны “Байгаль, нийгмийн ухааны шагнал”-ыг “Монгол орны эмийн ургамлын хоёрдогч метаболитын бүтэц, нийлэгжих өвөрмөц зүй тогтол ба хорт хавдрыг эмчлэх шинэ агент” бүтээлээрээ хүртсэн ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, доктор, профессор Д.Батсүрэн 100 сая төгрөгийн батламжаа гардан авлаа.

Мөнгөн шагналын батламжийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь нар гардуулав.

Сайн мэдээ: Бөөр орлуулах-гемодиализын эмчилгээний зардлыг төрөөс хариуцахаар боллоо

Бөөрний хурц болон архаг дутагдалтай иргэдийн бөөр орлуулах-гемодиализ эмчилгээний тасралтгүй байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ чиглэлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаар гемодиализийн эмчилгээг гүйцэтгүүлэх Засгийн газрын тогтоол баталлаа. Уг эмчилгээний төлбөрийг төрөөс хариуцах бөгөөд зардлыг жил бүр улсын төсөвт тусгаж байхыг холбогдох сайд нарт даалгалаа.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төр, хувийн хэвшлийн 27 байгууллагад бөөр орлуулах 169 ширхэг гемодиализын аппарат ажиллаж байгаа юм. Улсын хэмжээнд 564 хүн энэ төрлийн эмчилгээнд орох шаардлагатай  бөгөөд өдөрт 2-3 хүн шинээр оношлогдож байгааг мэргэжлийн байгууллага тооцож гаргажээ. Эмчилгээний заалтаар бол нэг хүн долоо хоногт 3 удаа, насан туршдаа гемодиализын эмчилгээ хийлгэх бүртээ хувийн эмнэлэгт 100-120 мянган төгрөгийн төлбөр төлөх  шаардлагатай болдог бөгөөд жилд дунджаар 20 орчим сая төгрөг зарцуулдаг байна. Энэ зардлыг төрөөс хариуцахаар боллоо.

Л.Ариун



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.