Спорт


Дэлхийд нэрээ мандуулсан Монголын жүдочид эх орондоо ирлээ

1 сар, 2 долоо хоног TIMES.MN


 “Будапешт-2017” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, багаараа Япон, Францын дараа гуравдугаар байр эзэлсэн Монголын жүдо бөхийн шигшээ багийнхан өнөөдөр өглөө эх орондоо ирлээ.


Тэднийг Чингис хаан нисэх онгоцны буудалд ар гэрийнхэн, хамт олон нь болон хэвлэл мэдээллийнхэн, ард түмний төлөөлөл баяр хөөр дүүрэн, цэцгийн баглаатай угтан авлаа. Жүдо бөхийн ДАШТ өнгөрсөн 8 дугаар сарын 28-наас энэ сарын 3-ны өдөр болж шилдгүүдээ тодруулсан билээ.Энэхүү тэмцээнд Монголын жүдочид эрэгтэй, эмэгтэй тус бүр 9 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль болон шагналт 5, 7 дугаар байр тус бүр нэгийг хүртсэн амжилтаар 126 орноос гуравдугаар байрт шалгарч түүхэн амжилтын эзэд болсон юм.


ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-д Дэлхийн аваргын алтан медаль хүртэж “Рио-2016” олимпийн наадмын мөнгө болон ДАШТ-ий хүрэл медальтайгаа хослуулсан Д.Сумъяа, Дэлхийн аваргын алтан медалиа ДАШТ-ий мөнгөтэй хослуулсан М.Уранцэцэг /48 кг/, олимпийн алт, мөнгөн медалиа ДАШТ-ий хамгийн хүнд жин /+100 кг/-гийн хүрэл медалиар хослуулж чадсан Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Дэлхийн аваргын алтан медалиа ДАШТ-ий хүрэл медалиар ихэрлүүлсэн Г.Болдбаатар /60 кг/, анх удаагаа ДАШТ-ий хүрэл медалийн эзэд болсон Г.Одбаяр /73 кг/, Б.Мөнгөнчимэг /63/ кг тэргүүтэй шилдэг жүдочдоо хүндэтгэн хүлээн авах ёслолын үеэр Ардын багш, гавьяат дасгалжуулагч О.Балжинням тэргүүтэй баг тамирчид хэвлэлийн бага хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням "Бид ДАШТ-ээс 6 медальтай эх орондоо амжилт дүүрэн ирлээ. Монголын түүхэнд байгаагүй амжилт гаргаж чадсандаа бид туйлын баяртай байна. Тамирчдын минь гэр бүл, дасгалжуулагчид, Монголын жүдо бөхийн холбоо, Монголын ард түмэн хамтдаа биднийг үргэлж дэмжиж байдаг бүх хүнд баярлаж, талархаж байгаагаа илэрхийлье. Маш олон хүний хүч хөдөлмөрөөр ийм амжилт гаргаж чадсан гэдгийг онцлон хэлмээр байна" гэв.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.