TIMES Ярилцлага


М.Батчимэг: Хуультай болсноор төрийн албыг улстөржилтөөс ангижруулна

2 жил, 9 сар TIMES.MN



Намрын чуулганаар Төрийн албаны тухай хуулийн төслийнанхны хэлэлцүүлгийг хийж хаврын чуулганаар 
үргэлжлүүлэхээр болсон. 
Энэ талаар УИХ-ын гишүүн, Төрийнбайгуулалтын байнгын хорооны гишүүн М.Батчимэгтэй ярилцлаа.

-Төрийн албаны тухай хуулийн төсөлтэй холбоотой төрийнбайгууллагууд, яам, тамгын газруудын саналыг авсан уу?

-Хэдийгээр эцэслэн батлагдаж амжаагүй ч УИХ-д ач холбогдолтой байгаа чухал хуулиудын нэг нь Төрийн албаны тухай хууль. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан энэ хуулийг хэлэлцэх эсэхийг  шийдэж, ажлын хэсэг байгуулан өнгөрсөн хугацаанд нэлээд идэвхтэй ажилласан. Олон удаагийн хэлэлцүүлэг УИХ-ын төвшинд төдийгүй төрийн байгууллагуудыг оролцуулсан хэлэлцүүл­гийг Төрийн байгуу­лалтын байнгын хороо­ноос зохион байгуул­лаа. Ажлын хэсэг нам, эвслийн бүлгүүд олон удаагийн зөвшилцөл, уулзалт хийсэн. Нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж эхэлсэн. Эхэлсэн гэж хэлж байгаагийн шалтгаан бол нэгдүгээр хэлэлцүүлэг дуусаагүй. Учир нь зарим нэг тодорхой асуудлыг дахин зөвшилцөх шаардлагатай гэж үзээд зарчмын зөрүүтэй саналын дийлэнхийг хураасан байдалтай явж байна.

-Төрийн албаны тухай хуулийг баталснаар энэ салбарт ямардэвшил гарах бол. Одоо мөрдөгдөж байгаа хуулийн зүйлзаалтаас юугаараа ялгаатай байх вэ?

-Хууль гарснаар өнөөдрийн Монголын төрийн албыг улстөржилтөөс ангижруулах юм гэдэг дүгнэлтийг хаа хаанаа хийж байгаа. Төрийн алба хаагчийг мэргэшсэн, чадварлаг болгох, тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх юм. Мөн карьерийн тогтолцоо гэж нэрлэдэг бусад төрийн тусгай алба хаагч, дипломатууд шиг төрийн алба хаагч мөн адил шаталсан зэрэг, дэв нэмж шатлан дэвшдэг тогтолцоог төрийн албанд нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Дээрх зарчмууд өнөөдөр мөрдөгдөж байгаа хуульд бий. Хэдийгээр зарчим нь туссан ч үүнийг хэрэгжүүлэх нарийвчилсан хуулийн заалт, зохицуулалт дутагдалтайгаас болж Төрийн албаны хуулийг завхаруулдаг. Мөн хуулийн цоорхой их байгаагаас төрийн албанд тогтвор суурьшилтай ажиллах зарчим мөрдөгдөхгүй байх нь нийтлэг тохиолддог. Энэ удаагийн Төрийн албаны тухай хуульд тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх олон талын зохицуулалт орсон. Юуны өмнө, мэргэшсэн, чадварлаг байх асуудлыг онцолсон. Ур чадвартай, мэргэшсэн байх нөхцлийг хангах үүднээс төрийн албан хаагчдын дунд гурван жил тутам ур чадварын шалгалт явуулдаг болно. Мөн төрийн алба хаагчийг тогтсон хугацаанд байнга давтан сургалтад хамруулдаг байхаар зохицуулсан.

-Шатлан дэвшдэг байх тогтолцоог нэвтрүүлснээр ямар төрлийн шаардлага тавих вэ. Төрийн албандажилласан хугацааг харгалзан үзэх үү?

-Энэ хуулиар төрийн албанд 10-15 жил ажилласан тохиолдолд хэлтэс болон газрын даргаар ажиллах боломжтой болох юм. Тэрнээс сонгуулийн дараа төрд ажиллаж байгаагүй хүмүүсийг гэнэт даргаар томилох биш төрийн албанд тогтвор суурьшилтай ажилласан хүнийг энэ албан тушаалд томилдог болно. Үүнээс гадна 20 жил ажилласан бол Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах боломж нь хангагдах юм. Хуулийн нарийвчилсан ийм заалтыг оруулахаар төрийн албанд тогтвортой, мэргэшиж ажиллах, туршлага хуримтлуулах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа. Мөн хэлэлцүүлгийн шатанд гишүүд хоёр асуудал дээр зөвшилцөх шаардлагатай гэж үзсэн учраас хэлэлцүүлэг түр хойшилсон. Нэгдүгээрт, Төрийн албаны зөвлөлийн чиг үүргийн асуудал байна. Төрийн албаны зөвлөл ямар чиг үүрэгтэй байгууллага байх талаар гишүүд асуудал дэвшүүлээд, нухацтай ярилцахаар болсон. Хоёрдугаарт, аль ч ардчилсан оронд нийт иргэдийн сонголтоор төр засаг солигддог учраас тодорхой хэмжээнд иргэдээс дэмжлэг авсан бодлогыг хэрэгжүүлэхийн тулд төрийн албанд цөөн тооны албан тушаалтны халаа сэлгээ хийхийг хүлээн зөвшөөрдөг. Энэ нь өөрөө баг болж, гар нийлж ажиллах боломжийг олгодог. Тиймээс хавтгайрсан халаа сэлгээ хийхгүйн тулд цөөн тооны өргөдлөө өгч болох албан тушаалтныг энэ хуулиар зааж өгөх шаардлагатай гэж үзсэн.

-Тухайлбал, ямар албан тушаалтан өргөдлөө өгдөг байх юм?

-Энэ асуудлаар хэлэлцүүлэг өрнөсөн ч эцсийн шийдэлд хүрээгүй тул түр завсарлаад байгаа. Тухайлбал, Төрийн нарийн бичгийн дарга, Бодлогын газрын дарга өргөдлөө өгдөг байх талаар хэлэлцүүлгүүдийг хийж байна. Ингэхдээ оронд нь томилогдож байгаа хүн ялгаагүй төрийн албаны нөөцөд бүртгүүлсэн төрийн албаны болзол хангасан төрийн алба хаагч байх шаардлагатай. Түүнээс ямар нэг улстөрч байх ёсгүй юм.

-Төрийн албаны зөвлөл төрийн албаны шалгалтыг зохион байгуулахаас гадна ямар чиг үүрэгтэй байхаархуульд тусгасан бол?

-Эрх зүйн хувьд Төрийн албаны зөвлөл төрийн алба хаагчдын хууль ёсны эрхийг хамгаалах, илүү сайн чадамжтай болох юм. Эрх ашиг нь хохирсон төрийн албан хаагчдын нэрийн өмнөөс Төрийн албаны зөвлөл шүүхэд нэхэмжлэл гаргаж, хамгаалдаг байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.