2017,9-Р Сар,06


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Сонголт


Ж.Үйлст: Хүүхдийнхээ найз нь байя гэвэл 3 наснаас нь түүнтэй ярилц

2 долоо хоног, 3 өдөр TIMES.MN
Сүүлийн жилүүдэд сошиал орчин эрчимтэй хөгжиж байна. Энэ нь улс орон хөгжиж буйн нэг илрэл хэдий ч бас сөрөг талууд их байна. Цахим орчноор сайн, муу олон мэдээлэл хөврөхийн зэрэгцээ энэ ертөнцөд нэвтрэх иргэдийн насанд ч хязгаар гэж байхаа больжээ. Ёстой найман настай балчраас наян настай буурал хүртэл хүн бүр л цахим ертөнцтэй танилцаж байна. Гэвч бага насны хүүхдүүд тэр дундаа өсвөр насныханд эдгээр сайн муу мэдээллүүд муугаар нөлөөлж байгааг тоо баримт болоод мэргэжилтнүүд онцолсоор байгаа.


Хамгийн сүүлд л гэхэд өсвөр насны хоёр охин амиа хорлохыг завдаж буй бичлэг цахим орчинд шууд л тархсан. Үүнийг үзээд олон хүний сэтгэл эмзэглэхийн зэрэгцээ иймэрхүү мэдээллийг олон нийтэд түгээхгүй байхыг иргэдээс хүсэж байсан билээ. Учир нь өсвөр насны болоод бага насны хүүхдүүд үүнээс сэдэл аван, даган дуурайх эрсдэлтэйг тэд хэлж байсан юм.


Энэ мэтчилэн олон жишээ байгаа. Нийгэмд ил гарч байгаа нь цөөхөн мэт боловч далд энэ асуудал нэмэгдсээр байгаа аж. Тэгвэл яагаад өсвөр насныхан ийм үйлдэл хийхэд хүрээд байна вэ, тэднийг амьдралд дургүй болоход хэн нөлөөлж байна. Бүр цаашлаад өсвөр нас гэж ямар нас болох, эцэг эхчүүд энэ үед нь хүүхдүүдтэйгээ хэрхэн зөв харьцаж, элдэв эрсдэлээс сэргийлэх талаар Монголын мэргэшсэн сэтгэл судлаачдын үндэсний төвийн сэтгэл судлаач Ж.Үйлстээс тодрууллаа.



Ямар нэг зүйлд сэтгэл ханамжгүй байх нь сэтгэл гутралын үндэс


-Тэгэхээр юун түрүүнд хоёулаа ярилцлагаа өсвөр нас гэж ямар нас болох, энэ насныхны сэтгэл зүйн онцлогийн талаар эхэлье.

-Өсвөр нас гэдэгт 11,12-16,17 насны хүүхдүүдийг хамааруулдаг. Энэ наснаас эхлэн хүүхдэд шилжилтийн насны бие физиологийн өөрчлөлтүүд гарч эхэлнэ. Түүнээсээ шалтгаалж хүүхэд гадаад дүр төрхдөө эмзэглэх, бусадтай өөрийгөө харьцуулах, зарим талаараа даган дуурайх шинж чанарууд нь бүрэлдэж бий болж байдаг. Энэ явцад мөн өөртөө итгэх итгэл нь бат суурьтай байх уу, эсхүл өөртөө итгэлгүй хүүхэд байх уу гэдэг үеийн суурь нь тавигддаг юм. Зарим хүүхдийн хувьд яг энэ үедээ өөртөө, өөрийнхөө амьдрал, гэр бүлийнхээ байдалд сэтгэл ханамжгүй байх гээд олон зүйлээс сэтгэл ханамжгүй байдлыг мэдэрч эхэлдэг. Энэ байдал нь удаан үргэлжлээд эхлэхээр тухайн хүүхэд маань сэтгэл гутралд өртөх магадлал нь өндөр болж байгаа хэрэг.




Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс хийсэн судалгаагаар төрсөн зургаан эмэгтэй тутмын нэг нь, өсвөр насны дөрвөн хүүхэд тутмын нэг нь сэтгэл гутралд өртдөг гэсэн судалгаа ч гарсан байдаг.


Ерөнхийдөө өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл санаа маш тогтворгүй, хөөрөл давамгайлсан байдаг учир тэр нь эргээд ямар нэгэн эрсдэлтэй алхам хийх үндэс суурь нь болоод байгаа юм.




Харин амиа хорлолтын хувьд сэтгэл гутрал дангаараа амиа хорлох шалтгаан болдоггүй. Цочирдсон үйл явдал давхардсан юм уу эсхүл айдас түгшүүр давхардсан тохиолдолд амиа хорлох шалтгаан болдог. Угаасаа суурь асуудалтай байсан хүүхэд маань амьдралд нь болж бүтэхгүй, өөрийг нь цочирдуулсан асуудал гарч ирэхэд сэтгэл зүйн хоёр байдал хавсарч амиа хорлоход хүрдэг.


Тухайлбал, найз охин, хөвгүүнээсээ салах, эцэг эх нь салах, аав ээжийнх нь хэн нэгэн ажлаасаа халагдах, нас барах, эцэг эхийнх нь ажил дампуурах хүртэл хүүхдэд сөргөөр нөлөөлдөг. Өсвөр насны хүүхдийн амиа хорлолтын шалтгаан нь ихэвчлэн гэр бүлийн хүчирхийлэл, өсвөр насны хүүхдийн сэтгэл гутрал, цочирдсон үйл явдал ар араасаа давхардсан гэх мэт зүйлсээс үүдэлтэй байна.


НЭМҮТ-өөс хийсэн судалгаагаар сүүлийн дөрвөн жилд 92 хүүхэд эдгээр асуудлуудаас болж амиа хорлосон гэсэн дүн мэдээ гарсан. Ил гарч байгаа нь хүмүүсийн нүдэн дээр харагдаж, цочролд оруулж байгаа боловч далд хэлбэрээр олон хүүхэд амиа хорлож байна гэсэн үг юм.




-Сэтгэл гутрал гэдэг маань дангаараа яг юу юм бэ?

-Сэтгэл гутрал юу вэ гэхээр илэрч байгаа шинж тэмдгийг л ярина. Түрүүн ярьсан айдас түгшүүр, сэтгэл гутрал, цочирдсон үйл явдал гээд эдгээрийг сэтгэл зүйн тулгамдсан асуудал гэж үздэг. Харин манайхан амиа хорлохыг завдсан, эсхүл ямар нэгэн сэтгэл зүйн асуудалтай байвал сэтгэцийн эмч дээр очих ёстой хэмээн ташаа ойлголттой байдаг. Яг сэтгэцийн эрүүл мэндээ яаж ангилж хуваахаа мэддэггүй.


Ер нь хүний сэтгэцийн эрүүл мэндийг гурван төрөлд хувааж авч үздэг.

1. Эрүүл сэтгэцтэй хүн – Өдөр тутмын үйл ажиллагаа нь хэвийн, ямар ч санаа зовох зүйлгүй хэвийн үргэлжилж байгаа байдлыг хамруулна.

2. Сэтгэцийн тулгамдсан асуудал – Түрүүн ярьсан түгшүүр, айдас, сэтгэл гутрал, амьдралын ямар нэгэн стрэсстэй байгаа үеийг хамруулах бөгөөд энэ үед нь сэтгэл зүйч нар ажилладаг.

3. Сэтгэцийн эмгэгтэй – Өөрийгөө бүрэн удирдаж чадахаа байсан. Мөн ямар нэг зүйлээс хараат болсон, донтсон хүмүүсийг сэтгэцийн эмч нар клиник талаас нь эмчилдэг. Жишээ нь архи, тоглоомд донтсон гэх мэт.


Найзтай байна гэдэг өсвөр насныханд хамгийн чухал

Энэ насны хүүхдүүдийн суурь хэрэгцээ бол ямар нэгэн баг хамт олонд харьяалагдах, найзтай байх явдал. Хэрэв энэ суурь хэрэгцээ нь хангагдахгүй бол тэд сэтгэлээр унах, өөртөө сэтгэл ханамжгүй байх, улмаар сэтгэл гутралд орох зэрэг олон хүчин зүйлийн үндэс болдог. Тухайлбал, энэ үед нь та хүүхдээ бусдаас тусгаарлаж, хүүхдийнхээ өмнөөс аливаа асуудалд нь шийдвэр гаргаад байвал таны хүүхэд эцэг эхээсээ хараат нэгэн болно. Тэрхэн үедээ та хүүхдээ муу зүйлээс хамгаалж байгаа мэт боловч үр дүн нь 5-10 жилийн дараа илэрдэг.


Мэдээж эцэг эхчүүд хүүхдээ амьдралд хөл алдахаас сэргийлж, муу хүүхэдтэй найзалж, хичээл номоо хийхгүй байна гэх мэтээр санаа зовох нь зөв хэдий ч хэт туйлширч бүх зүйлээс нь хорих хэрэггүй. Хэрэв энэ үедээ баг хамт олонд харьяалагдахгүй, найз нөхөдгүй, ганцаардсан нэгэн байвал нас бие гүйцээд амьдралын идэвхгүй, ажил дээр гараад хамт олонтойгоо нийцэхгүй хүн болох сөрөг үр дагавар гарна.


3 наснаас нь эхлэн хүүхэдтэйгээ сайн ярилц, бүх асуултад нь хариул

Өсвөр насныхан энэ насандаа эрх чөлөөг мэдэрч, би хэн бэ? гэдэг асуултад хариулт авах, өөрийгөө олох, бүх зүйлийг танин мэдэх гэсэн хүсэл нь давамгайлсан байдаг. Тиймээс сайн, муу юм бүхнийг туршиж үзэхийг хүсдэг. Мөн бүх зүйлийг дэвэргэж, хүндээр хүлээж авдаг үе нь учир эцэг эхчүүд зөв харьцаж чадвал таны хүүхэд өөртөө итгэлтэй, элдэв асуудлыг өөрөө бие даан ухаалгаар шийдэх чадвартай бие хүн болж чадна.


Тэгэхээр яаж зөв харьцах вэ?

Хэрэв та хүүхэдтэйгээ найз шиг нь байж, илэн далангүй нээлттэй ярилцъя гэвэл гурван наснаас нь эхлэн сонирхсон бүх асуултад нь төвөгшөөлгүй хариулж, тайлбарлаж, түүнийг сонсож сурах хэрэгтэй. Хэрэв тэгвэл ээж аавтайгаа илэн далангүй ярилцдаг болно. Харин тэгж чадаагүй бол одоо өсвөр насанд нь тийм харилцааг үүсгэнэ гэж бодохын ч хэрэггүй. Гэхдээ хүүхэдтэйгээ харилцахад тань багш болон мэргэжлийн хүн гүүр нь болж өгдөг. Тэд энэ насандаа эцэг эхтэйгээ ярилцахаас илүү өөрийг нь зэмлэхгүй найзтайгаа ярилцахыг илүүд үздэг.


Мөн хүүхэдтэйгээ найзаар нь дамжиж нөлөөлж болно. Найз нартайгаа гадуур гарахад нь хорьж, зэмлэхийн оронд итгэл хүлээлгэж, цаг зааж явуулах хэрэгтэй. “Ээж аав нь чамайг хорьж цагдаагүй шүү. Чиний сайн сайхны төлөө л сэрэмжлүүлж байна. Ээж аавынхаа итгэлийг алдалгүй, найз нартайгаа болгоомжтой яваад ирээрэй” гэх мэтээр итгэл хүлээлгэ. Учир нь өөрсдийгөө бие даасан, том хүн болсон мэтээр боддог учир ийнхүү итгэл найдвар төрүүлж хандах хэрэгтэй.




Дийлэнх эцэг эхчүүд бүх зүйлд хүүхдээ буруутгадаг, эсхүл найз нөхдийг нь гээд хэн нэгнийг буруутгадаг. Гэвч гол асуудал гэр бүл дотор нь байдаг. Тиймээс эхлээд бурууг өөрсдөөсөө хайж сур. Ихэвчлэн ганцаардсан хүүхдүүд ямар ч хамаагүй хүнийг сонгож найзалдаг. Зарим нэг нь эцэг эх, хэн нэгэнд уурлаж, гомдсондоо албаар муу хүүхдүүдтэй нийлэх тохиолдол ч байдаг.


Өөр нэг гол асуудал гэвэл хүүхдээ сайн, муу ямар ч хүүхэдтэй харьцуулж болохгүй. Хэрэв өөрийнх нь дургүй болон муу хүүхэдтэй харьцуулбал өөрийгөө үзэн яддаг. Харин сайн хүүхэдтэй харьцуулбал өөртөө сэтгэл ханамжгүй, өөртөө итгэлгүй нэгэн болох эрсдэлтэй. Харин өөрийнх нь давуу талыг ашиглаж, түүн дээр нь түшиглэж харьцаарай. Түүнчлэн хэт магтаж, сайшааж, дөвийлгөж болохгүй. Хэрэв тэгэх аваас биеэ тоох магадлалтай учир бодит үнэлгээг зөв хийж байх хэрэгтэй.


Эцэст нь хэлэхэд амиа хорлолт гэдэг бол огцом төрдөг, агшин зуурын мэдрэмж байдаг. Гэр бүлийн уур амьсгал ямар байхаас таны хүүхдийн сэтгэл зүй ямар байх нь хамаардаг юм шүү.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 долоо хоног, 3 өдөр []


Одоо цагт сэтгэл зүйчид сэтгэл заслын олон аргыг эзэмшин олон сэтгэлзүйн, сэтгэцийн тулгамдсан асуудлуудтай хүнтэй ажиллаж байж л туршлага хуримтлуулна. Тэрнээс ном яриад ч юм уу хэдэн судлагааны дүгнэлт яриад байж байна гэдэг бол гүехэн байна. Яг ямар тохиолдол, тухайн хүүхэд өсвөр үе нь ямар гэр бүлд өсч хүмүүжсэн, ямар араншин авиртай болсон, юунаас болж ийм байдалд хүргэж байгаа зэргийг тайлбарлахгүйгээр өнгөц яривал сэтгэл зүйч хүний үг биш, зүгээр нийгмийн ажлын ч юм уу, социологи судлагааны танилцуулга шиг л уншигдаж байна.


Зочин    2 долоо хоног, 3 өдөр []


Хүний сэтгэлзүй гэж ийм амархан тайлбарлагдах зүйл биш л дээ. Залуу хүн туршлага, мэдлэг үнэхээр багатай байна.