
Нас нэмэхийн хэрээр бид илүү хурдан жин нэмэх асуудалтай нүүр тулдаг. Энэ нь дараах шалтгаантай. Булчингийн нөхөн төлжих үйл явц удаан болсноор масс нь буурч, суларч эхэлдэг. Булчингийн масс бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг учраас дээрх өөрчлөлтийг дагаад бодисын солилцоо удааширч эхэлдэг. Үүнээс шалтгаалан калори шатаалт мөн удааширна. Тиймээс нас ахих үеийн жин нэмэх үйл явцыг удаашруулахын тулд дараах зүйлсэд анхаарахыг зөвлөж байна.
1. ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨНД ЗААВАЛ ЦАГ ГАРГААРАЙ. 7 ХОНОГТ ТОГТМОЛ ХҮЧНИЙ ДАСГАЛААР ХИЧЭЭЛЛЭЭРЭЙ
Хүчний дасгал бол булчингаа хадгалах болон шинээр бий болгох шилдэг арга юм. Булчингийн эсүүд өөхний эсүүдээс хэд дахин хурдан калори шатаадаг. Энэ нь булчинлаг биеийн бодисын солилцоо сайн байдагтай холбоотой. Тиймээс булчингаа хадгалж үлдсэнээр багахан хөдөлгөөнөөр их калори шатаах боломжтой. Булчин нэмэхэд хэт хөгшиднө гэж битгий бодоорой. Судалгаагаар хүн зөв давтамжтайгаар, тохирох хүчний дасгалаа хийвэл 80 насандаа ч булчингийн жингээ нэмэх боломжтой гэдгийг тогтоосон байдаг.
КАРДИО ДАСГАЛЫГ ОРХИГДУУЛЖ БОЛОХГҮЙ
Зүрхний цохилтыг түргэсгэх кардио дасгал таны калорийг идэвхтэй шатаах болно. 7 хоногийн ихэнх өдрүүдэд багадаа 30 минут кардио дасгал хийхийг зориорой. Хөнгөн шогших, хурдан алхах ч кардио дасгалд орох юм шүү.
2. ИЛЧЛЭГ БАГАТАЙ, ШИМ ТЭЖЭЭЛЭЭР БАЯЛАГ ХҮНС ХЭРЭГЛЭЭРЭЙ
Жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэснээр маш бага илчлэгээр их хэмжээний шим тэжээл авах боломжтой. Шингэхдээ ч хялбар. Эдгээр нь мөн ус, эслэгээр баялаг учир таныг удаан хугацаанд цатгалан байлгаж чадна.
3. УУРГААР БАЯЛАГ ХООЛ, ХӨНГӨН ЗУУШ ХЭРЭГЛЭ
Уураг нь булчингийн нөхөн төлжилтөд нэн чухлаас гадна өлсгөлөнгөө хянахад тусалдгаараа ашиг тустай. Анхаарах зүйл нь илчлэг! Илчлэг багатайгаар уургаа нөхөхийн тулд далайн хүнс, тахианы цээж мах, өндөгний цагаан, бага тослогтой болон тослоггүй сүү сүүн бүтээгдэхүүн, өөхгүй мах, тофү, шош, сэвэг зарам, нунтаг уураг зэрэг ургамлын гаралтай уургийн эх үүсвэрийг сонгоорой.
Сэтгэгдэл