Газар дээрээс нь


Худалдаачид: Нэг өдрийн орлого алдахад маргааш талхгүй хононо

3 долоо хоног, 3 өдөр TIMES.MN


БГД-ийн нутаг дэвсгэрт буюу 3-4-р хороолол явах зам дагуу гар дээрээс худалдаа, үйлчилгээ эрхэлдэг "Асар"-уудыг өнөөдөр өглөө 07:00 цагийн үед албадан буулгажээ.




Тодруулбал, гар дээрээс ил задгай наймаа эрхэлдэг газруудыг таслан зогсоох тухай Нийслэлийн засаг даргын А 134 захирамжийн дагуу БГД-ийн ЗДТГ болон холбогдох албан тушаалтнууд НМХГ, Замын цагдаагийн байгууллага, Үйлдвэр үйлчилгээ зэрэг бүх хууль сахиулах байгууллагууд өнөөдрийн байдлаар 40 орчим “Асар”-ыг татан буулгаад байгаа аж.




Энэ талаар худалдаа эрхлэгчид ямар байр суурьтай байгааг тодруулахад дийлэнх нь энэхүү захирамжийг эсэргүүцэж байгаагаа хэлж байна.


Худалдаачид:

Асаруудыг буулгах болсон тухай бидэнд мэдэгдэлгүй шөнийн цагаар буулгаж ачсан байсан. Бид жижиг "Асар"-ыг  өдрийн 20 мянган төгрөгөөр түрээсэлж зогсдог. Энд байгаа томоохон үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрүүдийг хятадууд эзэмшээд авчихсан. Шударга хэлэхэд тэд Монголчуудыг ажилгүй болгох нэг алхмаа хийж байна шүү дээ.




Өглөө 07:00 цаг өнгөрөөд ажилдаа ирэхэд ихэнх "Асар"-ын төмрийг нь хөрөөдөөд буулгаад ачаад явчихсан байсан. Би энд хувцас зараад 14 жил болж байна. Өвөл, зунгүй жилийн дөрвөн улиралд тодорхой хэмжээний татвараа төлөөд зогсдог. Майхан түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг худалдаачид найман жил энэ газарт тогтсон нэг цэгийн байртай болгож өгөх асуудлаар хөөцөлдөөд явж байна. Хэд хэдэн удаа холбогдох удирдлагуудад хүсэлт хүргүүлж байсан. Нэг нь ч хариу өгөөгүй. 2007 онд цагдаа нар ирээд буулгаад газраа чөлөөлсөн. Гэтэл тэр газарт хаан банк үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Хаан банк нь гадаадын хөрөнгө оруулагчтай. Ашиг нь дандаа гадаад уруу явдаг.




БГД-ээс нэр дэвшсэн их хурлын төлөөлөгчид иргэдтэйгээ ирж уулзаж нөхцөл байдал ямар болоод байгааг ирж үзээч гэж хүсмээр байна. Бүгд л та нарын төлөө ажиллана гээд гарч ирсэн. Мөрийн хөтөлбөр дээрээ наймаа хийхийг хориглож болохгүй гэж тусгасан хэрнэ сонгуулийн дараа ийм зүйл байнга давтагддаг. Сонгуульд сонгогдож гарч ирээд ажлаа хийдэггүй. Ширээний ард сууж, болсон болоогүй хууль баталж суудаг. Ард иргэд нь өнөөдөр яаж амьдарч байгааг мэддэггүй.




Энд худалдаа наймаа хийгээд 10-аад жил болж байна. Ер нь намар болоод хичээлийн шинэ жил дөхөөд ирэхээр ийм асуудал үүсдэг. Энэ жилийнх шиг хүч нэмэгдүүлж албадан буулгаж байсан удаа байгаагүй. Нэг удаа мэдэгдэх хуудас ирж байсан. Бид ядаж есдүгээр сарын 20-д хүртэл зогсоод өөрсдөө учраа олоод зохицуулъя гэсэн хүсэлт тавьж байсан. Гэтэл өнөө өглөө гэнэт л буулгаад ачаад явчихсан. Би гурван хүүхэдтэй. Бага охин маань одоо зургадугаар ангид орно. Өглөө асар буулгаж байгааг мэдээд охин маань "Яана ээжээ таны ажлыг буулгаж байгаа юм уу одоо яаж амьдарна гээд л нүдэндээ нулимстай үлдсэн." Энд худалдаа эрхэлдэг 300-аад хүн байдаг. Энэ хүмүүсийг одоо яаж амьдар гээд байгаа юм бол мэдэх юм алга.




Худалдаачид өнөөдөр нэг өдрийн орлого алдахад л маргааш талхгүй л хонох болдог тухайгаа хэлж байлаа. 


Харин цагдаа нараас үүсээд байгаа нөхцөл байдлыг тодруулахад “Одоогийн байдлаар албан бус тоогоор 40 орчим асрыг буулгаад байна. Мэргэжлийн хяналтаас олон хоногийн өмнө сануулаад худалдаачдад хоёр гурван удаа мэдүүлэг хүргүүлсэн байгаа. Ганц энэ жил гэлтгүй олон жил шаардаж, яригдаж байгаа асуудал юм. Хороолол чиглэлийн замыг хаасан байна. Энэ сарын 28-наас 31 хооронд гудамж талбайд ил задгай наймаа эрхэлдэг газруудыг таслан зогсоо гэсэн Нийслэлийн засаг даргын А 134 захирамжийн дагуу бид буулгасан. Энэ ажил бүх дүүргийн хэмжээнд явагдаж байгаа" гэсэн хариулт өглөө.




Харин иргэдийн хувьд  "Асар" буулгаснаар  эргэн тойрны орчин цэвэрхэн болж, чөлөөтэй дэлгүүр хоршоо ороход амар байгааг хэлж байсан юм.






 Иргэн:

"Худалдааны төвүүдийн үүдээр явахад хүртэл төвөгтэй байдаг байсан. Энд худалдаа үйлчилгээ явуулдаг газрыг буулгаж байгааг дэмжиж байна. Наад зах нь байгууллагын үүд орчим цэвэрхэн харагдана. Орой болоод ирэхээр хог шороо гэж битүү. Ийм орчинд хаа сайгүй л жимс жимсгэнэ зарж харагддаг. Хүн авч идэхэд ч хэцүү." гэж ярих  иргэд олон байлаа.


Бэлтгэсэн Б.Болормаа



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 долоо хоног, 1 өдөр []


margaash talhgui ch KFC teigee humuus shuu dee. gudamj talbaigaa tseverlej avmaar bn.


Зочин    3 долоо хоног, 2 өдөр []


ard tumenee bodoh heregtei shu


Мөнхөө    3 долоо хоног, 3 өдөр []


“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан ЗАХИРАЛ П.ЭРДЭНЭХҮҮ ТА ХЭДЭН ХҮҮХДИЙН АМИЙГ АВЧ БАЙЖ ТОГЛООМЫН ТАЛБАЙН ГАЗРЫГ ӨГӨХ ВЭ