2017,8-Р Сар ,30


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Михайэл Халлер: Монголын хэвлэл мэдээлэл улс төрөөс хараат болсон нь ажиглагдаж байна

3 долоо хоног TIMES.MN
Хэвлэлийн хүрээлэнгээс зохион байгуулж буй ээлжит туршлага хуваалцах цагийн зочноор ХБНГУ-ын Лейпцигийн Их сургуулийн Ерөнхий болон Мэргэжлийн сэтгүүл зүйн профессор, Философийн ухааны доктор, тус сургуулийн практик сэтгүүл зүйн судалгааны хүрээлэнгийн захирал Михайэл Халлер оролцлоо. Тэрбээр Монголын Хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлч, редактор, захирал гээд тус салбарынхантай өнөөгийн сэтгүүл зүйн ирээдүй болоод одоогийн нөхцөл байдал, эрэн сурвалжлах сэтгүүл зүй, чанартай сэтгүүл зүйг хэрхэн бүрдүүлэх гээд олон сэдвийн дор нээлттэй ярилцлага өрнүүлсэн юм.




“Бид нар гурван долоо хоногийн турш Хэвлэлийн хүрээлэнтэй хамтарч мэдээллийг нягталж шалгах ажлыг хэрхэн хийх вэ, дээрээс нь үүнийг улам лавшруулаад эрэн сурвалжлах ажлыг хэрхэн хийх вэ гэсэн сэдвүүдээр хичээл зааж байгаа.


Мэдээллийг нягталж шалгах зав сэтгүүлч нарт ер алга. Тухайлбал, орон нутгийн сонины газарт 5-7,8 хүн ажиллаж байтал нэг нь өвчтэй, нэг нь амралтаа аваад явчихдаг. Тэгэхээр нэг хүнд нэг нүүр оногдож байна. Тэд нүүрээ мэдээгээр дүүргэнэ, алдаагаа хянаж, засна гээд олон ажилтай. Хэзээд нь мэдээллийг нягтлаад, шалгаад явах вэ, тийм цаг зав байхгүй болж байгаа юм. Ийнхүү цааш нь ажиглаад байхаар орон нутгийн 6-8 нүүр сонинд ихэнх нь энд тэндээс ирсэн хэвлэлийн мэдээг бага зэрэг засаад дор нь өөрийнхөө нэрийг бичсэн явдал их байна. Энэ нь эргээд ямар байдал уруу хүргэж байна вэ гэхээр уншигчид тухайн орон нутгийн сонинд итгэл итгэл үнэмшилгүй болж байна гэсэн үг.


Тэдний дунд ийм сонин унших хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу гэсэн асуулт гарч ирдэг. Өнөөдөр Германд юу ярьж маргалдаж байна гэхээр чанартай сэтгүүл зүйг хэрхэн авч үлдэх вэ гэдэг асуудлыг ярьж байна. Чанартай сэтгүүл зүй гэдгийн дор эргээд ард түмний хэвлэл мэдээлэлд итгэх итгэл үнэмшлийн асуудал яригдаж байгаа учир энэ асуудал чухал сэдэв болон яригдаж байгаа хэрэг.




Хэрвээ үзэгч, уншигчид манай сонинд итгэж унших аваас захиалгын тоо нэмэгдэнэ, уншигчдын тоо нэмэгдэнэ. Энэ нь эргээд бидэнд нөгөө санхүүгийн эх үүсвэр үүсгэх нөхцөл бололцоо болж өгч байгаа юм. Баталгаатай чанарыг бий болгохын тулд бид тодорхой хэмжээний орон тоог байлгах хэрэгтэй болж байна. Орон тоо нь багасаад ирвэл бид тэр чанарыг гаргаж ирж чадахгүй. Ингээд чанар нь байхгүй болохоор итгэл үнэмшлээ алдаж, итгэл үнэмшил байхгүй болохоор уншигчдынхаа тоог алдаж, мөнгө байхгүй болж байна гэсэн нөхцөл үүсээд байна” хэмээн Герман улсад үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилаа.


Харин энэ асуудал Монголд ч байгаа гэдгийг сэтгүүлчид хэлж байсан юм. Тэгэхээр энэ нь даяарчлагдсан асуудал болоод байгаа юм байна гэдгийг тэрээр онцолсон юм.


-Германд нөхцөл байдал ийм байгаа юм бол менежерүүд яаж хэвлэлийг удирдаж авч явах бодлоготой байгаа вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад


-Ямар ч байсан менежерүүд патентлагдсан шийдэл гэж хаана ч байхгүй юм байна гэж ойлгосон. Монголд ч гэсэн ижилхэн байгаа байх. Ер нь 35-аас доош насны хүмүүс хэвлэмэл хэвлэлийг харахаа байсан шүү дээ. Энэ бол даяарчлагдсан асуудал болсон бололтой. Одоогоос 15 жилийн өмнө томоохон хэвлэлийн газрууд өөрсдөдөө "all is free" гэдэг хавх тавьчхаж. Энэ хавх нь юу вэ гэхээр онлайн мэдээллийн хэсгүүд агуулга, редакцын хэсгээ үнэгүй өгөөд дан ганц рекламын хэсгээрээ санхүүжилтээ олж чадна гэж бодсон. Гэвч цөөхөн газар л олж чадсан. Хэн үүнийг олж чадаж байна гэхээр маш цөөхөн хэрнэ нийгмийн олон хүнд хүрч чаддаг чадварыг эзэмшсэн хэдхэн нь өөрсдийгөө санхүүжүүлж чадсан.


Одоо нийгэм хөгжиж, цахим хэлбэрт шилжихийн хэрээр иргэд сонин уншихаа байсан. Ялангуяа 35-аас доош насныхан хэвлэмэл мэдээ уншдаггүй гэсэн судалгаа гарсан байдаг.


-Сошиал медиа хүчээ авч байна. Тухайлбал саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Аса явуулын станц бараг хэвлэл мэдээллээс илүү хандалт авсан байсан. Фэйсбүүкийг ийм хүчтэй гэдгийг мэдээд хэвлэл мэдээллийн байгууллагад мөнгө өгөх хэрэг байна уу гэх хүмүүс байна. Энэ талаар та юу гэж бодож байна гэсэн сэтгүүлчийн асуултад


- Энэ бол ганц Монгол гэлтгүй дэлхий дахинд ажиглагдаж байгаа асуудал. Та нар Доналд Трампын жишээг хар. Гэхдээ хоёр зүйлийг л ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Сошиал медиа бол ямар нэгэн компанит ажил дээр бол гайхамшигтай сайн. Гэвч нөгөө талаар итгэл үнэмшилтэй мэдээлэл тараахад фэйсбүүк ерөөсөө ч тохироогүй зүйл.


Тухайлбал, Германд саяхан хамгийн нэртэй, алдартай олон хүнийг хамруулсан судалгаа хийдэг хоёр санал асуулгын байгууллага хэвлэл мэдээллийн итгэл үнэмшлийн талаар судалгаа хийсэн. Тэд жил бүр 25 мянган хүнээс тус санал асуулгыг хийдэг. 25 мянган хүн гэдэг бол дээд зэргийн төлөөлөх чадвартай тоо баримт юм. Энэ санал асуулгын олон жилийн судалгаанаас харахад фэйсбүүкт итгэх итгэл үнэмшлийн тоо жил бүр буурч байна. Харин телевиз болоод хэвлэмэл сонин, сэтгүүлд итгэх итгэл үнэмшил дандаа хэвийн нэгэн жигд байгааг харж болно. Би түрүүн хэлсэн нөгөө хэвлэмэл мэдээлэл уншихгүй байгаа 35-аас доош насныхан хэвлэмэл сонин, сэтгүүл болон телевизэд итгэдэг гэсэн дүн гарсан байх жишээний.




-Өнөөгийн Монголын хэвлэл мэдээллийн салбар үнэхээр хүнд байдалд байна. Дээрээс нь саяхан зөрчлийн тухай хууль батлагдсан. Гэвч бид энэ үед нэгдэж, тэмцэж чадсангүй. Зөрчлийн тухай хууль бол хэвлэл мэдээллийн салбарынхны амыг таглах хууль болсон. Өнөөдөр Монголын хэвлэл мэдээлэл аль нэг улс төрч, намын хараат болсон. Бид дөрөвдөгч засаглалын үүргээ биелүүлж чадахгүй байна. Үүнтэй хэрхэн тэмцэж, энэ байдлаас гарах вэ?


-Ер нь ажиглаад байхад яг ийм байдал танай улсын хэвлэл мэдээллийн салбарт харагдаж байгаа. Одоогоос 50,60 жилийн өмнө Германы хэвлэлүүд яг ийм байдалтай байсан. Гэвч бид энэ байдлаар хол явахгүй юм байна гэдгийг ухаарсан. Мөн улс төрийн намууд ч ухаарч энэ байдлыг эцэс болгосон. Түүнтэй адил та бүхэн тэмц, тэмц бас дахин тэмц. Тэмцэхээс өөр арга байхгүй.



Холбоотой мэдээлэл


Дунд сургуулийн хоёр ертөнц
Дунд сургуулийн хоёр ертөнц
2 долоо хоног, 5 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 долоо хоног, 5 өдөр []


AH tai geree hiigeegui uls tor hevlel medeelliin heregsel mongol zondoo ted nar n shorgooljiig zaan bolgoj bichine shuudee


Зочин    3 долоо хоног []


13 HOROOLLIIN 62 BAIRNII GADAA HULGANA YAVAAD BNA


Батцэцэг    3 долоо хоног []


“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан ЗАХИРАЛ П.ЭРДЭНЭХҮҮ ТА ХЭДЭН ХҮҮХДИЙН АМИЙГ АВЧ БАЙЖ ТОГЛООМЫН ТАЛБАЙН ГАЗРЫГ ӨГӨХ ВЭ


Мөнхөө    3 долоо хоног []


“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан ЗАХИРАЛ П.ЭРДЭНЭХҮҮ ТА ХЭДЭН ХҮҮХДИЙН АМИЙГ АВЧ БАЙЖ ТОГЛООМЫН ТАЛБАЙН ГАЗРЫГ ӨГӨХ ВЭ