2017,8-Р Сар ,29


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Аналитик


"Намайг өсвөр насны охин гэж хараасай"

3 долоо хоног, 4 өдөр TIMES.MN
“Ээж аавтайгаа илэн далангүй байж чаддаггүй. Найзууд маань намайг ойлгодог учраас тэдэнтэй ярилцах дуртай. Бидний хооронд ямар нэгэн хаалт байдаггүй учраас нэгнээсээ санаа зовох, ичих зүйлгүй чөлөөтэй харилцдаг" хэмээн 11 дүгээр ангийн сурагч Д ярилаа. Сэтгэл нь шаналсан үед эцэг эхтэйгээ ярилцахыг хүсдэггүй талаараа мөн тэрээр хэлсэн юм.


“Ихэнх тохиолдолд найзуудтайгаа фейсбүүкээр чатлах юм уу дүрсээ харж хоорондоо ярьдаг” гэв.




"Ээж аав намайг ойлгоод найз шиг байгаасай"

 “Заримдаа би их ганцаарддаг. Тэр үед ээж, аав намайг ойлгоод найз шиг байгаасай гэж хүсдэг. Тэдэнд надад заах, зэмлэх бүрэн эрх байгаа. Намайг сайн хүн болгох гэж хичээж ажилладаг аав ээждээ хайртай. Гэхдээ ганцаараа баймаар санагдах үе олон тохиолддог юм. Хааяа уур хүрч, яах учраа олохгүй хэцүү байдаг. Найзуудтайгаа муудалцаад, тэд надаас зайгаа авч хөндийрөхөд их шаналдаг” гэлээ.


Ихэнх өсвөр настнууд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, сэтгэл гутралын талаар хангалттай мэдлэггүй байна. Тиймдээ ч тулгарсан асуудлаа хэрхэн шийдэх, хэнд хандахаа мэддэггүй. Энэ нь цаашлаад тэднийг бие махбодь, сэтгэл зүйн хувьд ихээхэн хохирол амсахад хүргэж байгаа юм. Тэд тулгарч буй асуудлаа эцэг эхдээ хэлэлгүй найз нөхөдтэйгээ хуваалцан тэднээс зөвлөгөө авах нь элбэг. Эсвэл дотроо шаналан, бусдаас өөрийгөө тусгаарладаг. Уг байдал нь даамжран зарим нь амиа хорлох үйлдэл хийж, нөгөө хэсэг нь цаашдын амьдралдаа урам зориггүй нэгэн болох эрсдэлтэй.




Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд дарга В.Баярмаа энэ насны хүүхдийн сэтгэл зүйд юу нөлөөлж байгаа талаар ийнхүү тайлбарлалаа:

“Сүүлийн жилүүдэд өсвөр насныхны дунд амиа хорлох тохиолдол нэмэгдсэн. Энэ нь тэдний гэр бүл, найз нөхдийн харилцаа, цахим сүлжээний хэт хэрэглээнээс үүдэх сэтгэл гутрал зэргээс болдог. Нэн ялангуяа төрсөн эсвэл хойд ээж аавтайгаа тааруу харилцаатай байдгаас үүдэлтэй. Хүүхдийн сэтгэцэд эхийн хэвлийд бий болохоос эхлээд өссөн орчны хүчин зүйлс шууд нөлөөлдөг. Жирэмсэн эх хүүхдээ тээхдээ ямар сэтгэлээр тээж байна вэ гэдгээс л эхэлнэ. Дараа нь тухайн хүүхдийн нас насанд нь нийгэм, эдийн засгийн, сэтгэл зүйн таатай орчин бүрдэхгүй байх бүрт түүнд янз янзын таагүй мэдрэмжүүд үүсдэг. Тэр мэдрэмжүүдийг дотроо хадгалж явсаар яг илэрдэг нас нь өсвөр үе. Эцэг эхчүүд багадаа зүгээр байсан хүүхэд өсвөр насандаа ирээд ийм болчихлоо гэдэг. Гэтэл тэр хүүхдийн уурлаж, дуугаа хураан, хүн доромжлох мөн бусдад дээрэлхүүлдэг байдлын үндэс суурь нь аль багаас нь тавигдсан байдаг.”


Тус төвийн Хүүхэд, өсвөр үеийн клиникт хэвтэн эмчлүүлсэн хүүхдийн тоо 2010 оноос хойш 2.5 дахин нэмэгджээ. Ялангуяа 15-18 насныхан мэдрэлийн ядаргаа-невроз болон төрх зан үйлийн эмгэгээр хэвтэн эмчлүүлж байгаа аж.




Сэтгэл санааны гутрал нь даамжраад амиа хорлоход хүргэдэг байна. 13-17 насны өсвөр үеийнхний хорь гаруй хувь нь сүүлийн 12 сард амиа хорлох талаар бодож байсан бол арав орчим хувь нь сүүлийн нэг жилийн хугацаанд амиа хорлох оролдлого хийж байсан тухай “Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа 2013”-д тусгажээ.




“Хэсэг бүлэг охидууд нийлээд өмссөн зүүснээр нь шоолдог. Муухай үгээр доромжлох ч тохиолдол тулгарч байсан” гэж ярих Д охинд ямар хэцүү байсан нь нүднийх нь гунигтай харцнаас мэдрэгдэж байлаа. Мөн тэрээр нэгнийгээ гадуурхах, дооглох нь сургуулийн орчинд хэвийн үзэгдэл мэт болсон талаар цухас дурдлаа…




Байнгын зөвлөгч нь цахим орчин дахь мэдээллүүд

Д охин найз хөвгүүнтэйгээ долдугаар ангиасаа эхлэн үерхсэн. Тэд нэг ангид хамт сурдаг бөгөөд чөлөөт цагаараа хамт ном уншиж, кино үздэг. Ээж аав нь ажилдаа явсан үеэр нь нэгнийхээ гэрт очин хичээлээ хийдэг байна. “Бид үерхээд олон жил болж байгаа. Найз хөвгүүнтэйгээ ярилцаад анх дотно харьцаанд орсон. Бэлгийн харьцааны талаар олон мэдээлэл байдаг ч зөв бурууг нь ялгаж чаддаггүй юм. Ихэнхдээ интернет, найзууд болон эгчээсээ энэ талаар олж мэддэг. Охин насаа үдэх тухайд ойр дотны хүмүүсээс их сонсож байсан. Бэлгийн харьцаанд орохдоо хамгаалах хэрэгсэл хэрэглэх ёстой гэдгийг мэднэ. Сарын тэмдэг ирсний дараах долоо хоногт хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орвол жирэмсэн болдог гэж сонссон. Өөр сайн мэдэхгүй ээ” гэж тэрээр ярьсан юм. Мөн энэ талаар мэргэжлийн хүнээс асуухаас ичдэг учраас байнгын зөвлөгч нь цахим орчин дахь мэдээллүүд байдаг аж.


2013 оны “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-гаар арван залуу тутмын зургаа нь нөхөн үржихүйн тусламж үйлчилгээг хаанаас авахаа мэддэггүй болох нь тогтоогджээ. Yolo.mn сайт өсвөр насныхны дунд судалгаа хийхэд хүүхдүүд үерхэл нөхөрлөлийн харилцаанд илүү анхаарал хандуулдаг, найз нараасаа нөхөн үржихүйн мэдээ мэдээллийг түлхүү авдаг гэсэн дүн гарсан байна. Мөн тэдний 37 хувь нь эрүүл мэндийн багш, 47 хувь нь олон нийтийн телевизээс бэлгийн замын элдэв өвчний талаарх мэдээллийг тодорхой хэмжээгээр авчээ.


Өсвөр насандаа төрсөн эмэгтэйчүүдийн 70 гаруй хувь нь хүүхдээ ганцаараа өсгөж байна

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн (ЭХЭМҮТ) Өсвөр үеийн клиникт жилдээ 3000 гаруй хүүхэд ханддаг байна. Тэр дундаа охидын жирэмслэлт жилээс жилд нэмэгдсээр байгаа аж. Энэ насандаа төрсөн эмэгтэйчүүдийн 70 гаруй хувь нь хүүхдээ ганцаараа өсгөдөг гэсэн судалгаа байдаг тухай тус төвийн эмч М.Мөнххишиг хэлсэн.




Тэрээр “Одоогийн өсвөр насныхан ирээдүйд ээж аав болно. Тиймээс яг одооноос тэдэнд зөв үлгэр дуурайл болж, учирсан саад бэрхшээлд нь дэмжлэг туслалцаа үзүүлж, эрүүл мэндийн тухай боловсрол олгох нь томчууд бидний нэн чухал үүрэг болоод байна. Энгийнээр хэлбэл та хүүхдэдээ заавал цаг гаргах хэрэгтэй” хэмээн ярилаа.


2015 онд улсын хэмжээнд 80 мянга гаруй эх амаржжээ. Тэдний 5.5 хувь, нийт үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйн 5.1 хувийг 20-иос доош насны охид эзэлж байна. Мөн манай улс дахь нийт бэлгийн замын халдварт өвчинтэй хүмүүсийн 44 хувийг өсвөр үеийнхэн эзэлж байгаа аж.




“Өсвөр насны хүүхдүүдийг нөхөн үржихүй болон сэтгэцийн эрүүл мэндийн мэдлэг мэдээллээр хангах нь дан ганц эрүүл мэндийн салбарын үүрэг биш болжээ. Бүх салбар, шатны байгууллага, хүмүүсийн оролцоо чухал байна. Ялангуяа боловсрол, хэвлэл мэдээлэл, тэдний эрхийг хамгаалсан байгууллагууд түлхүү ажиллах хэрэгтэй. Мөн дунд сургуулийн нийгмийн ажилтан, багш, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ найз шиг нь байж, тэднийг ойлгож, сонсох нь хамгийн зөв арга юм. Харин мэргэжилтнүүд орчин үеийн техник ашиглах буюу гар утас, аппликейшн, интернет ашиглаж тэднийг мэдээллээр хангах тал дээр ажиллаж байна” хэмээн НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Роберто Бэнес хэллээ.


Харин Д охин “Ээж аав намайг жаахан хүүхэд гэж бодоход нь дургүй. Ядаж өсвөр насны охин гэж хараасай. Тэднээс надад урам хайрлахыг л хүсдэг юм” хэмээн сэтгэлээ хуваалцав.



Холбоотой мэдээлэл


Эзэнгүй байгаль уйлж байна
Эзэнгүй байгаль уйлж байна
1 долоо хоног, 3 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.