Газар дээрээс нь


Монголчуудыг аварсан орос эмч нарын түүх мартагдахгүй

4 долоо хоног, 1 өдөр TIMES.MN
Дэлхийн хүн төрөлхтөн нэгэн цагт тахал хэмээх аймшигт өвчинд нас хүйс, улс үндэстэн ялгалгүй өртөж, хот суурингаараа устаж үгүй болж байсан түүхийн үнэн баримтууд олон байдаг. Түүхэнд хамгийн аймшигт сүйрлийн мөрийг үлдээсэн энэхүү тарваган тахлын дэгдэлтээс хүн төрөхтөнийг авран хамгаалахаар өнгөрсөн хоёр зууны турш эмч нар уг халдварын эсрэг урьдчилан сэргийлэх болон эмчилгээний вакцин боловсруулах ажилд амь насаа золиослон байж зүтгэсэн байдаг.




ХХ зууны хоёрдугаар хагаст шинэ үр дүнтэй вакцин болон нянгийн эсрэг бэлдмэл буй болж дэлхийн төдийгүй монголын ард түмэнд "Хар үхэл"-ээс бүрэн чөлөөлөгдөх итгэл найдварыг төрүүлж түүхэн гавъяа байгуулсан эрхэм хүндтэй эмч нарын түүхийг мартах ёсгүй билээ. Тиймээс энэхүү түүхэн баримтыг өгүүлсэн "Хар үхэл"-ийг "Ялагчид" нэртэй баримтат кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох нээ.


Энэхүү кино нь 1940-өөд оны дунд үед Монгол Улсад ЗХУ-ын эрдэмтдийн баг хүрэлцэн ирж тарваган тахлын эсрэг тэмцсэн бодит түүх дээр суурилсан байна. Уг киноны баатрууд Петр Прокопьевич Тарасов, Елена Константиновна Демидова, Василий Павлович Смирнов нар 1944-1946 онд Монгол Улсад ирж, үхлийн аюултай өвчнийг давж гарахад тус бүрдээ хувь нэмрээ оруулсан талаар өгүүлэх аж. Энэхүү баримтат киноны зохиогчид болон түүхэн гавъяа байгуулсан эрхэм хүндтэй эмч нарын үр хүүхдүүд аав ээжээрээ бахархаж, Монголын төрөөс “Алтан гадас” хүртэж байсныг баяр хөөртэйгээр өгүүлсэн хэвлэлийн хурал ОХУ-ын элчин сайдын яамнаа болсон юм.




Елена Туринцева: Манай хоёр орон бие биедээ туслах ажил их хийж ирсэн

/Баримтат киног санаачлан зохион байгуулагч, удирдагч Эрхүүгийн их сургуулийн нийгмийн ухааны тэнхимийн доктор доцент, найруулагч/


Энэ киноны гол санаа нь тэртээх 1940-өөд онд Монголд ирж вакцин гаргаж, тахлыг голомтыг дарсан эмч нарын үр удам болсон Марк Павлович, Галина Петровна нар 70 жилийнхээ ойгоор төрсөн нутагтаа ирж байгаагаар сэдэвчилсэн. Яагаад энэ сэдвийг их чухалд тооцсон бэ гэвэл манай хоёр орон ах дүүгийн барилдлагаатай бие биедээ туслах, бие биенээ хүндлэх ажил их хийж ирсэн. Энэ кино зөвхөн түүх өгүүлэхгүй уран сайхны шинжтэй кино болсон. Энэ кино маань 2016 онд болсон зохиолын уралдаанд амжилттай тэнцэж, санхүүгийн дэмжлэг авсны дараа Монголд ирсэн. Монголд би өмнө нь хоёр удаа ирсэн. Тэгэхэд би Монголыг үнэхээр гайхамшигтай орон гэж мэдсэн. Би өөрөө Эрхүү хотод төрсөн. Улаанбаатар хоттой ах дүүгийн харилцаатай. Бага байхдаа монгол хүүхэдтэй захиагаар харилцдаг байсан энд ирсэндээ үнэхээр их баяртай байна. Кино зураг авалт олон хүний тус дэмжлэггүйгээр, хүчин чармайлтгүйгээр бүтэхгүй байсан. Юуны өмнө ОХУ элчин сайдын яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Баянхонгор аймгийн удирдлагуудад талархаж байна. Биднийг маш сайхан хүлээн авч туслалцаа үзүүлсэн Баянхонгор аймгийн Заг сумын засаг захиргаа, нутгийн иргэдэд талархаж байна. Үргэлж нээлттэй, сайхан сэтгэлтэй тусч хүмүүс байсан бүгдэд нь их баярлалаа.




Марк Павлович Демидова: Би монгол ээжийн сүүг хөхөж хүн болсон

/Нян судлагч эмч Елена Константиновна Демидова тарваганы бүүрэгний авгалдайг шинээр илрүүлж шинжлэх ухаанд «Nympha Demidovae» гэсэн нэрээр өөрийн нэрийг үлдээсэн/


Би 1945 оны есдүгээр сарын 2-ны өдөр БНМАУ-д буюу Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн. Энэ өдөр дэлхийн II дугаар дайн дууссан, яг энэ үед би төрсөн. Тухайн үед Заг суманд тарваган тахлын том голомт үүссэн байсан. Учир нь Баянхонгор аймгийн Заг сум маш их тарвагатай. Энэ үед ЗХУ Германтай Курскын тулаанд дайтаж байсан. Монголд энэ үед тарваган тахал гарч, Монголын төрийн удирлагууд Сталингаас шууд туслахыг гуйж хүсэлт гаргасан. Сталин энэ өвчлөлийг газар авахуулахгүйгээр асуудлыг дор нь шийдэж туслалцаа үзүүлэхээр болсон. Намын даалгавар авсан орос эмч, эрдэмтэдийн баг маш олон өдөр, хэдэн зуун километр замыг туулж, техник хэрэгсэл тоног төхөөрөмж эм ачсан машинтай Заг суманд очсон. Тэдний дунд 29 настай миний ээж байсан.


Тахал гарсан газар мэдээж крантин тогтоосон. Монгол цэргүүдээр хүч хийн хамгаалалтаа бататгаж байсан. Тухайн үед тахлаар нас барагсадыг гэртэй нь хамт шатаадаг байсан. Тэр л үед ээж минь намайг төрүүлээд зургаа хоноод л ажилдаа орсон тул би монгол ээжийн сүүг хөхөж хүн болсон. Үнэхээр сайхан сэтгэл шүү. Ээж минь хөдөө хээр яваад өгөхөөр ямар сайн морь унадаг юм бэ гэж монголчууд хэлдэг байсан гэдэг. Би сай төрсөн нутаг Заг сумандаа очсон. Тухайн үед байсан төрөх эмнэлгийн барилга хуучирч муудан нурсан ч байгаа нь их сайхан санагдсан. Намайг очиход монгол ёсоор төрсөн газрынхаа шороон дээр нүцгэн хэвтээд цагийн зүүний дагуу эргэ гэж хэлсэн.



Би хувцсаа тайлалгүй хэвтээд цагийн зүүний дагуу эргээд яг л нялх хүүхэд шиг дуу гаргаад боссон. Би 5 нас хүртлээ монголд байсан ч төрсөн нутагтаа хайртай. Энэ киноны хувьд төр засгаас өгсөн даалгаварыг амь биеэ үл хайрлан ягштал сайн биелүүлж, монголын ард түмэнд тахлаас сэргийлэх, эмчлэх суурийг тавьсан эмч нарыг социализмын үед бэлтгэсэн. Тэр үеийн хүмүүс маш идэвхи чармайлттай мэргэжлийн өндөр түвшний хүмүүс байсан гэдгийг ойлгоойсой гэж хүсэж байна.


Н.Цогбадрах: Байгалийн голомтод халдварын эрсдэл өнөөдөр ч байгаа

/ЗӨСҮТ-ийн захирал/

Монгол улсын эрүүл мэндийн салбарт ЗХУ-ын тусламж дэмжлэггүйгээр хийгдсэн ажил гэж үгүй. Өнгөрсөн зуунд ялангуяа зоонозын өвчин судлалын маш чухал үүрэг гүйцэтгэсэн. 1921 оноос орос эмч нар Монголд ирж ажиллан тусламж үзүүлж ирсэн түүхтэй. Тухайн үеийн Монгол хүмүүс олон төрлийн халдварт өвчинд өртдөг байсан. Үүний дотроос “Хар тахал” гэж нэрлэгдсэн олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг гоц халдварт аюултай өвчин болох тарваган тахал элбэг тохиолдож байсан. Нас баралт өндөр байсан учраас манай оронд ЗХУ-ын эмч нарын баг ирж ажилласанаар монголын хүн амыг аварч, үнэтэй хувь нэмэр оруулсан.


Манай үндэсний төв 1931 онд анх байгуулагдсан цагаас анхны дарга нь орос хүн байсан. 1944-1946 онд манай энэхүү баримтат киноны дүрүүд болох Марк Павловичийн ээж Димидова Баянхонгор аймгийн Заг суманд тахлын голомтод ажиллаж, тарвага, махчин шувууг мөн судалж хэрхэн дамждагийг судалсан. Эрдэмтэн Смирнов нүдний салстаар дамжуулан вөкцинжуулж тарваган тахлаас сэргийлэх шинэ аргыг нэвтрүүлсэн. Асар олон зүйлийг хийж тухайн үед Монгол улсад хэзээ ч мартаж болохгүй гавъяа байгуулсан хүмүүс. Энэ баримтат кино нь орчин үеийн анагаах ухаан түүний дотроос Зоонозын халдварыг судлах, шинжлэх ухааны түүхэн гавъяагаар хоёр орны ах дүүгийн хамтын ажиллагаа, найрамдалт харилцааг харуулсан.




Монголын ард түмэнд тарваган тахлын хор нөлөөг ойлгуулахад чухал үүрэгтэй кино. Өнөөдөр шинжлэх ухаан сайн хөгжсөн учраас тарваган тахлын нас баралт багассан хэдий ч байгалийн голомтод халдварын эрсдэл өнөөдөр ч байсаар байгаа. ОХУ, Сибирь алс дорнодын хүрээлэнгээс Горный алтай, Баян-Өлгийн аймгийн Улаан хус, Цагаан нуур сумдад хамтарсан тандалт судалгаа хийхэд тахлын 9 өсгөвөр 100 эерэг сорьц илрүүлсэн. Саяхан Дорнод аймагт хамтарсан судалгаа явуулахад мөн л 7-8 өсгөвөр илэрсэн. Тэгэхээр хоёр орны хил дагуу тахлын эрсдэл өндөр хэвээр байна.


Цаашдаа аль ч оронд нь өвчлөл гарах эрсдэл байна гэсэн үг. Өнөөдөр бид шинжлэх ухааны дэвшилээр өвчлөлийн голомтыг илрүүлээд хүн амыг хамгаалж чадаж байгаа ч анхаарал илүүдэхгүй. Тухайн үед Тарасова, Димидова, Смирноф эрдэмтэн эмч нар ар ямар хүнд нөхцөлд тахлын эсрэг ажиллаж байсныг төсөөлөхийн аргагүй. Тэд байгалийн хүнд хэцүү өвчлөлийн голомтод ажиллаж монголчуудыг тахлын аюулд нэрвэгдэхээс аварсан ачтай хүмүүс. Энэ киног саначилж зохион багйуулсан Елена Туринцева, ОХУ-ын элчин сайд, Баянхонгор аймгийн удирдлагуудад болон бүх оролцсон хүмүүст баярлаж талархсанаа илэрхийлж байна.


Сергей Васильевич Смирнов: Аав минь өөрийгөө тахлаар өвчлүүлж байж судалгаа хийсэн

/Василий Павлович Смирнов нүдний салстаар вакцин хийх шинэ аргыг өөр дээрээ туршиж,мөн өөрийгөө өвчлүүлж үхлийн аюултай туршилтыг хийснээрээ алдартай/


Би Эрхүү хотод амьдардаг. Монголд ирээд нутгийн тэн хагасыг тууллаа. Үзэсгэлэнтэй сайхан байгаль нь бишрүүлж чадсан. Ийм сайхан нутагт ирсэндээ туйлын баяртай байна. Миний аав 1945 онд дайны үеэр яамны томилолтоор Монголд ирж ажилласан. Тэрээр Монгол Улсын хүн амд аюул учруулаад байсан халдварт өвчнийг халдварыг дарах гэж өөрийн бие дээр туршилт явуулж, нүдний салстыг ашиглан дархлаажуулалт хийх эмчилгээг нээсэн. Энэ аргыг өөрийн бие дээрээ туршсан.




Эхлээд өөрийн нүдний салстаар вакцин хийж сэргийлээд дараа нь тахлаар өвчилсөн тарваганы эрхтэнг авч өөрийн хөлөнд шарх үүсгэн үрж өөрийгөө өвчлүүлсэн гэдэг. Ингээд биед өвчний шинж тэмдэг илрэхэд өөрийгөө тусгаарлаж, тусгай байрлан өдөр тутмын тэмдэглэл хөтөлж байсан юм билээ. Эхэндээ өндөр халуурч биеийн байдал муудсан ч долоо хоногийн дараагаас аажмаар халуун бууж, 10 хоногийн дараа гэхэд хэвийн болсон. Ингээд тэнд байсан эмч нарын дүгнэлтээр тахал өвчнийг дарлаа, өвчтөн хэвийн болсон гээд судалгаагаа хааж байжээ.


Монголын төр засаг миний ээж аавын маань хөдөлмөрийг үнэлж алтан гадас одонгоор шагнасан. Энэ одонг бид 70 жил хадгалсан, монголын төрийн дээд шагнал. Мөн Хөдөлмөрийн гавъяаны одон хүртсэн. Тухайн үеийн төрийн удирдлагуудын гарын үсэг бүхий одонгийн баримтууд байна. Миний ээж аав хоёрын одон бол 2000 гэсэн тоогоор эхэлдэг. Энэ одонгууд гадаад хүнд өгсөн хамгийн том шагнал.


Галина Петровна: Эцэг эхчүүд минь Монголын төлөө санаа тавьж ирсэн

/Түүний аав Эрхүүгийн улсын их сургуулийн төгсөгч, биологич П.П.Тарасов нь махчин шувууны үүрийг тэдний хоолны үлдэгдлийн хамт судлах замаар тарваган тахлын идэвхтэй голомтыг илрүүлэх аргыг боловсруулсан/


Миний аав Тарасова биологич мэргэжилтэй. Ээж минь намайг Улаанбаатар хотод төрүүлсэн. Би өөрийн төрсөн нутаг болсон энэ сайхан хөх тэнгэрийн дор ирсэндээ туйлын баяртай байна. Марк Павлович бид хоёр 70 насны ойгоо тохиолдуулан Монголд ямар ч зорилгогүй ирсэн. Гэтэл бидний эцэг эхийн хийсэн бүтээсэн гавъяаг өндөрөөр үнэлж өөриймсөг сайхан хүлээж авсанд үнэхээр талархаж байна. Зорилгогүй аялал маань зорилготой болж бид энд цуглаад бйана. Марк Павлович, Сергей Васильевич Смирнов бидний үргэлж бодож, хайрлаж хүндэлж явдаг эцэг эхчүүд минь ямар ч үед Монголын төлөө санаа тавьж хайрлаж ирсэн.




Бид ч мөн адил хайрладаг. Өөрийн хүн шиг элэгсэг дотно хүлээж авсанд баярлалаа, Монголчуудаа. Энэхүү баримтат киноны түүхэн хүмүүсийн үх хүүхэд болох Тарасов, Демидов, Смирнов нар найзлан нөхөрлөж байнгын харьцаатай байдаг бөгөөд Монгол Улсын тарваган тахлыг эсэргүүцэх системийг үүсгэн байгуулагч, баатарлаг өвөг дээдсээ санан дурсаж байдаг гэдгийг тэд хэлж байсан юм.


П.Нарандэлгэр



Холбоотой мэдээлэл


Дунд сургуулийн хоёр ертөнц
Дунд сургуулийн хоёр ертөнц
2 долоо хоног, 5 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 долоо хоног, 5 өдөр []


Орос эмч нар монголчуудыг бөөс тэмбүү хоёроос салгаж өгсөн нь түүхийн үнэн. Мартаж болохгүй.


Зочин    2 долоо хоног, 6 өдөр []


ЗХУ гэж байх үеийн Орос хүмүүс бидэнд их зүйлээр тусалсаныг мартахгүй. Шинэ Оросууд нэг л бишээ.


Зочин    3 долоо хоног, 2 өдөр []


ОРОС ах нарт би лав баярлаж явдаг. Хүн чанар сайтай хүмүүс бол оросууд


өвгөнбүргэд эмч    3 долоо хоног, 6 өдөр []


өвгөнбүргэд совьлев гэдэг эмч тэнд амьд үлдсэн хүүхэд одоо бий.дэлхийд танигдсан ганц дархлаатай хшн бх кинондоо оруулаагүй биздээ.дорнодод насаараа ажиллсандаа


Зочин    4 долоо хоног []


za nögöö orosuudiig muulaad uzen jdaad bdag garuud jav unend guitsegdev uu