2017,8-Р Сар ,21


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Сонголт


Д.Үржилсайхан: Хоббигоо мэргэжил болгосон

1 сар TIMES.MN
Мэргэжил бүхэн сайхан. Гол нь эзэмшсэн мэргэжилдээ эзэн байж, чадвартай, тууштай ажиллах нь чухал. Насан туршдаа хоолоо олж идэх чухал сонголтыг хүн бүр хийдэг. Тэгвэл сонголтоо хийхдээ нэг л янзаар хийдэггүй нь мэдээж. Зарим нь багаасаа хүсэж, мөрөөдөж, түүнийхээ төлөө зүтгэдэг бол зарим нэг нь зүгээр л сэтгэлийн хөөрөл, эцэг эх, найз нөхдийнхөө шахалтаар сонгох нэгэн байна. Харин энэ удаагийн бидний сонгож ярилцсан зочин бол хоббигоо мэргэжил болгосон чадварлаг, дахин давтагдашгүй зөвхөн танд л байх тийм хувцсыг урлаж чадах “Үржил” үндэсний хувцасны урлангийн захирал Д.Үржилсайхан гэх үйлчин бүсгүй юм.




Ингээд хамтдаа түүний амьдралын хуудсыг сөхье.


Пальтогоо эвдээд л юм оёдог байлаа

Манай ээж Урт цагааны тусгай тасагт оёдолчин хийдэг байлаа. Тиймээс багаасаа л ээжийнхээ дээл оёж байгааг харж, тусалдаг байсан юм. 7-р ангиа төгсөөд Хүүхдийн урлан бүтээх төвийн сүрлэн сүлжээс, өдөн наамлын ангид суралцаж төгссөн. Мөн зуны амралтаараа тэр үеийн оёдлын масс үйлдвэрт ажилладаг байсан. Ер нь юм оёх үнэн хоббитой байлаа. Пальтогоо эвдээд л юм оёдог байсан гээд боддоо. 10-р ангиа төгсөөд ээждээ туслан таван жил шилбэ хадаж, 2000 онд “Торго” салонд оёдолчноор орж хоёр жил ажилласан. Тэндээсээ гараад 2002 онд Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник коллежид 3,5 жилээр сурч, оёдлын инженер, технологич мэргэжлээр төгссөн.




Тухайн сургуульд суралцаж байх хугацаандаа олон тэмцээн уралдаанд амжилттай оролцож байсан. Оёж чаддаг байж яагаад оёдлын ангид орсон бэ гэхээр надад мэргэжил хэрэгтэй. Миний хувьд ээжийгээ хараад л оёж сурсан. Тэрнээс бус нарийн арга технологийг нь эзэмшээгүй байсан юм. Тус сургуульд суралцсанаар хувцас эсгүүрийн нарийн арга техник гээд бүх зүйлийг бүрэн эзэмшихээс гадна жижиг үйлдвэрийг зохион байгуулах чадвартай болж төгсдөг.


Урлах эрдэмд суръя гэсэн бодолтой байгаа

Багынхаа юм оёх сонирхолдоо хөтлөгдөөд тэрийгээ мэргэжил болгоод, бүр мөнгө олох арга болгоод явж байна. Уг нь зурах, загвар зохион бүтээх авьяас байгаа л даа. Гэвч хэт оёх хүсэлдээ хөтлөгдөөд бусад авьяасаа орхигдуулсан байна. Яваандаа Урлах эрдэм дээд сургуульд загвар зохион бүтээгчээр суръя гэсэн бодол байгаа. Ер нь ямар ч газарт оёдолчноос илүү дизайнерын нэр гардаг. Мөн тухайн байгууллага маань ч гэсэн загвар зохион бүтээгчээ алдахгүй байхыг илүүд үздэг. Гэвч оёдолчин байхгүй бол тэр мянга гоё бүтээл байлаа гээд амилж чадахгүй шүү дээ. Ганцхан загвар зохион бүтээгч бүх зүйлийг хийдэг бус цаана маш олон баг хамт олон байдаг гэдгийг хүмүүс мэддэггүй.




Тухайн хүн нэг бүрдээ тулж харьцдаг Би аль болох загвар хуулбарлаж оёх дургүй. Гэхдээ тухайн хүн яг энэ загвараар хийлгэмээр байна гээд зургаа харуулбал хийхээс өөр аргагүй. Ер нь ихэнхдээ үйлчлүүлэгчтэйгээ харилцан ярилцаж, өөрийнх нт үзэл бодлыг сонсоод, биеийнх нь галбир, царай зүгт нь таарсан цор ганц хувцас оёж өгөхийг зорьдог. Яг тулж харьцдаг гэх үү дээ. Жаахан үнэтэй. Гэхдээ үнэ дагаад чанар гэж миний оёсон хувцсыг өмсөж үзэхгүй авъя гэдэг. Тэгж хүмүүс надад итгэж байхад надад хүний итгэл алдах эрх байхгүй. Сайн хэлж мэдэхгүй байна. Нэг тийм яг тухайн хүнд нь зохисон, донжийг нь олсон ч гэх юм уу арай илүү мэдрэмжтэй юм шиг байгаа.




Та яг юу хүсээд байна, юу өмсмөөр байна гээд сонсож, тулж харьцдаг болохоор тэр үйлчилгээ маань үйлчлүүлэгчид маань таалагддаг байх. Бүх хүмүүстээ л сэтгэлээсээ сайхан үйлчлэхийг боддог. Би таны хүсээд байгаа мэдрэмжийг тултал өгдөг. Манайх хаяг реклам байхгүй, фэйсбүүк байхгүй мөртлөө хажуу айлынхаа хүнд үйлчилж амжихгүй байна. Тийм завгүй, захиалга их байдаг.




Оёсоор байгаад амьдрал зохиогоогүй л явна

Сургуулиа төгсөөд одоогоос 10 жилийн өмнө урд хөршид ажиллаж байлаа. Хятадын Таван тансаг хүүхдийн тэмцээний хувцсыг оёсон. Зургаан сар болоод л урагшаа явдаг байсан юм. Үеийнхэн маань хайрлаж, дурлалцаад явж байхад би гэдэг хүн ид ажиллаад, оёод завгүй байжээ. Хүмүүс намайг шуналтай юм уу, яасан их ажилладаг юм бэ, ядардаггүй юм уу гэж их асуудаг. Гэвч шуналтай даа биш. Мэдээж ядралгүй яахав, оёдол хийх маш хэцүү, их ядарна. Тэглээ гээд яахав намайг гээд зориод, итгээд ирж байгаа хүмүүсийн хүссэн зүйлийг нь оёж өгөхгүй бол муухай.




Би хүний итгэл алдахыг хүсдэггүй, алдаж ч байгаагүй. Нэг үеэ бодвол монголчууд цагаан сар, наадмаар шинэ дээлээр гоёдог болсон. Энэ ч зөв шинэ сараараа шинэ дээл хувцсаар гоёвол тухайн жилийн өнгийг засдаг гэж бэлэгшээдэг.


Чингэлтэй дүүрэг биднийг их дэмжиж ажилладаг

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье л гээд байгаа. Тэр бүр сайн дэмжээд байгаа зүйл ховор. Оёдолчид өөрсдөө бор зүрхээрээ л болгож байна. Миний бодлоор оёдолчид дан дангаараа энэ тэнд түрээс төлж байх бус хэд хэдээрээ нэгдэж, гар нийлээд ажиллавал илүү үр дүнтэй, ачаалал нь ч бага байна.






Чингэлтэй дүүргийн хамт олон, дүүргийн захиргаандаа баярлаж явдаг. Үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдээ маш сайн дэмжиж ажилладаг. Тухайлбал, Цэцэг төвийн тэнд “Чингэлтэйд үйлдвэрлэв” гэсэн нэрийн дэлгүүр байдаг. Тус дэлгүүрт гар урлалын бүх л зүйл бий. Хамгийн гол нь биднээс түрээсийн мөнгө төгрөг авдаггүй. Ер нь тэгээд элдэв зээл хөөцөлдөх, төсөл хөтөлбөрт хамрагдахад их тусалж дэмждэг.


Залхуу хүн л ядуу байдаг

Өөрийгөө үнэлдэг хүн л өөртөө анхаарал тавьж, чанартай зүйл хэрэглэж, түүндээ мөнгө зарж чаддаг. Хаана ч мөнгө олох арга зөндөө байна. Залхуу хүн л ядуу байдаг гэж боддог. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэгчээр өөрөө хичээх юм бол болохгүй зүйл гэж үгүй.




Тухайлбал, зах дээр массаар дээл оёдог оёдолчид нэг дээлийг 30,000 төгрөгөөр оёдог гэж бодоход өдөрт 2 дээл оёвол 60,000, долоо хоногт 420 мянган төгрөг гэсэн үг. Тэгэхээр сард хэдэн төгрөг авах вэ. Үүнийг багаар бодоход л ийм байна. Хувиараа иймэрхүү жижиг урлан ажиллуулахад бас хөөрхөн хөрөнгө шаардагдана. Нэг метр квадрат дөрвөлжин шүүгээнд 10-аад чанартай торго хийхэд л 10 гаруй сая төгрөг шаардлагатай гээд бод л доо. Тэгвэл  том том салонууд ямар их хөрөнгө зарж хөл дээрээ боссон нь тодорхой. Мөнгө нь байвал хувиараа юм оёсон нь илүү амар. Харин мөнгө багатай бол том салонд оёдолчин хийгээд өндөр цалин авсан нь дээр. Биед ч амар.




Хувиараа иймэрхүү жижиг урлан ажиллуулахаар их мөнгө ч орно, ачаалал ч их, бүх зүйлээ өөрөө хийнэ гэсэн үг. Захиалга авахаас эхлээд данс тооцоо, тог усны мөнгө гээд олон жижиг ажилтай. Цагаан сар, наадмаар бүр захиалгаа барахгүй дүүгээ дуудаж ажиллуулдаг. Мөн өөр ажил хийгээд ачаалалтай үеэр ирж ажилладаг хэдэн хүн байгаа. Миний хувьд үнэхээр суръя, ажиллая гэсэн хүсэлтэй хүмүүсийг сургадаг. Гэхдээ онолын, мэргэжлийн хэлээр бус арай хялбарчлаад, ойлгоход энгийн хэрнэ практик дадлага голчлоод арга техникийг нь зааж чанартай, чадвартай оёдолчин төрүүлэхийг зорьдог.




Одоогоор 10-аад хүн сургасан байна. Төлбөрийн хувьд 45 хоног нь нэг сая төгрөг. Яагаад ийм үнэтэй байна вэ гэхээр би өөрийн бүх мэддэг, чаддагаа зааж өгдөг. “Би чиний мөнгийг авсан чамайг эсгүүр тавихгүй эсгэдэг, чадвартай оёдолчин болгож чадна, чи надад мөнгөө өгсөн юм чинь хичээж сур” гэж л хэлдэг. Би зүгээр сууж байгаа хүнд дургүй.




Хөвөн зулж хийдэг

2013 онд SBN телевизийн “Дээл” бодит шоунд оролцож байлаа. 24 цагийн дотор дээл оёдог тэмцээнд 78 хүн оролцож 2-р байранд орсон. Одоогоор мастер оёдолчин цол аваагүй л байна. Би гэхдээ цол, медальд нэг их ач холбогдол өгдөггүй. Тэр медальтай медальгүй хүмүүсийн үнэлгээ, итгэл, эрэлт хэрэгцээ гэж байна. Чингэлтэй дүүргийнхээ ахуйн үйлчилгээний оёдолчдын холбооны мастер болсон. Мөн 19 жил оёдолчин хийсэн хөдөлмөрийг минь үнэлээд хөдөлмөрийн залуу алтан медалиар шагнасан.




Үйлчлүүлэгч юу хүснэ тэрийг л оёдог. Одоо үед хөвөн зулж хийдэг салон битгий хэл хувь хүн ч ховор байх. Миний хувьд хөвөн зулж хийнэ. Булган дотортой, нэхий, хурган дотортой гээд бүх л төрлийн дээлийг оёно. Бас хэрвээ та завгүй, амжихгүй байгаа бол би байгаа газарт тань очоод хэмжээ авч болно. Үйлчилгээний хөлс 20000 төгрөг.




Залуустаа хандаад зөвлөхөд мэргэжлээ зөв сонго, сонгосон мэргэжилдээ үнэнч, тууштай бай. Сурсан юм хэзээ нэгэн цагт заавал хэрэг болдог юм. Ялангуяа юм оёх бол мэргэжил гэхээсээ илүү эмэгтэй хүн бүрийн сурах ёстой зүйлсийн нэг болов уу хэмээн маш олон сэдвийн дор удаан ярилцсан юм. 




Мөн нэмж хэлэхэд тэрээр өөрийн нэрийн салонтой болохоор зорьж байгаа бөгөөд таван жилийн турш ярилцаж байж салоныхоо логог гаргасан. Хэрвээ та “Үржил” салоны лого бүхий цор ганц бүтээлийг өмсөхийг хүсвэл “Үржил” үндэсний хувцасны урланг зориорой.


Л.Булганчимэг



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.