Газар дээрээс нь


Нүүрснээс татгалзаж буй уран зурган халаалтууд

1 сар TIMES.MN
Наадмын дараа намар гэж наймдугаар сар дундаа орон намрын улирал эхэлж байна. Удахгүй хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд иргэдийн өвлийн бэлтгэлийн ажил ч эхэлнэ. Өвлийн улирлын ганц шүдний өвчин болоод удаж буй “Утаа, агаарын бохирдол” гэгч төд төдгүй нийслэл хотыг нөмрөн авна. Засгийн газраас иргэдийн нүүрсний хэрэглээг багасгах зорилгоор өвлийн саруудад цахилгааны шөнийн тарифыг тэглэх шийдвэр гарсан билээ. Иргэд ч мөн нүүрс түлэхээс илүү цахилгаан бага зарцуулалттай халаагуур, усан болон тосон шалны халаалт гээд янз бүрийн л арга хэрэглэж байгаа.




Тэгвэл иргэдийн хэрэгцээ, сонирхолд нийцэхүйц “Утааны эсрэг хамтдаа” үзэсгэлэн худалдаа өчигдөр нээлтээ хийсэн байна. Уг үзэсгэлэн худалдаа нь Нийслэлийн хэмжээнд “Агаар орчны бохирдлыг бууруулах тусгай төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах арга хэрэгслийг иргэдэд мэдээлэх зорилготой юм. Энэхүү үзэсгэлэн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ айл” худалдааны төвд энэ сарын 17-20-н хүртэл үргэлжлэх юм.




Уг үзэсгэлэнд байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий зуух үйлдвэрлэгч байгууллагын зуух, гэр болон байшингийн дулаалга, сайжруулсан түлшний үйлдвэрлэл, агаар цэвэршүүлэгч зэрэг 300 гаруй бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Утааны эсрэг хамтдаа үзэсгэлэнд сонин содон халаалтын систем олон байлаа. Тэдгээрээс зарим нэгийг нь онцлон сонирхуулъя.




Та хэрвээ уран зураг сонирхдог, гэрийнхээ загвар дизайнерт илүү анхаардаг бол эко зурган халаагуурыг сонирхоорой. Энэхүү халаагуурыг “Дэлгэр Онон Эко Партнерс” ХХК таван жилийн баталгаат хугацаатай худалдаалж байгаа юм байна. Бидний мэдэх цахилгаан теннпаарууд орчин үед халдаг зураг, халдаг плита, халдаг ширээ гэх мэт хэлбэрт шилжжээ. Энэхүү халдаг зурагны цахилгаан дамжуулж буй үндсэн түүхий эд нь хүрмэн чулуу ба карбоноор хийсэн хавтан. Ямар ч цахилгаан утас байхгүй учир хавтанг цөмлөх, цоолох, тайрах, ямар ч тохиолдолд халах чадвар хэвийн ажиллахаар хийгджээ. Хамгийн сонирхолтой нь хэрэглэгчийн хүссэн өнгө, будаг зургаар хийж өгөх бүрэн боломжтой гэнэ. Цахилгаан зарцуулалтын хувьд бусад халаагуураас 1-2 дахин бага гэдгийг хэлж байлаа. Үнийн хувьд хэмжээнээс хамаарч 250,000 – 780,000 мянга хүртэл байгаа аж.




Бас нэг сонирхолтой халаагуур бол таван ханатай гэрийн шалны халаагуур. Энэхүү гэрийн шалны халаагуур нь нийт 25 хэсгээс бүрдэх бөгөөд үүнээс халдаг нь 12 ширхэг хавтан, халдаггүй 12 хавтан, голын нэг хавтангаас бүрдэнэ. Захиалагчийн хүсэлтээр бүх хавтанг халдаг хийх боломжтой аж. Мөн халдаг хэсгүүдийг хэсэгчлэн унтраах боломжтой. Цахилгаан зарцуулалтын хувьд сард дунджаар 100,000 орчим төгрөг гарна. Хэрэв хөнгөлөлтөд хамрагдсан бол 20,000 орчим гарна. Гэрийн шалнаас гадна орон сууцанд зориулсан ч бас байдаг аж.




Өөр нэгэн сонирхолтой бүтээгдэхүүн бол АНУ-аас шинээр оруулж ирсэн дулаан баригч нунтаг юм.




“Энэхүү 450 гр нунтаг Инсулад бодисыг 5 кг будганд хийгээд 5 квадрат хэмжээг будах зориулалттай. Ингэснээр дулаан алдалт явагдахгүй. Мөн та ханаа будаад дээрээс нь обойгоо нааж болно, мөн шалаа будаад дээрээс нь хулдаас, паркетаа шахах боломжтой. Онцлог нь давхарлаж будах хэрэгтэй. Үүнийг хэрэглэснээр та эрчим хүчний зардлаа 20-30 хувь хэмнэх боломжтой. АНУ-ын НАСА-гийн эрдэмтэд энэхүү халуун дулааныг тусгаарлагч керамик бүтээгдэхүүнийг гаргаж авсан. Энэ нь хүний биед ямар ч хор нөлөөгүй, 93 хувь дулаан тусгаарлах чадвартай.




Манай байгууллага олон төрлийн халаалтын шийдлийг цогцоор нь шийдэж өгсөн байгаа. Тухайлбал, та гэр ахуйн хэрэглээний ухаалаг системийг сонгосноор хаана ч байсан хөдөө байлаа ч гэсэн гэрийнхээ дулаан, цахилгаан хэрэгсэл, тэр ч бүү хэл хөдөлгөөн, гэрэл мэдрэх, гэрийн доторх ямар нэгэн өөрчлөлтийг мэдрэх боломжтой учир хулгайн эрсдэлээс сэргийлэх бүрэн боломжтой юм. Гол нь танай гэр интернеттэй байхад л болох бөгөөд ухаалаг системийн удирдлагыг ямар ч утсанд суурилуулж болно.




Бас нэг гайхалтай систем бол цахилгаан зарцуулалт хянах багаж. Та үүнийг суурилуулснаар цахилгааны гүйдэл, хүчдэл гээд бүх л зүйлээ хянахаас гадна тоолуур суулгаж болно. Мөн таны тогны мөнгийг бодоод гаргах боломжтой. 7 хоногоор хүчин чадлын график гаргана.





Гэрт амьдардаг иргэддээ зориулсан инфра халаагуурыг та 210,000 төгрөгөөр авах боломжтой. Гурав хоногийн хугацаанд гэрт туршилт хийхэд 45квт цахилгаан хэрэглэсэн. Тарифт тоолуур ашиглан шөнийн туршид цахилгааныг үнэгүй хэрэглэснээр тус айл нь өдрийн цагаар 9 цаг, шөнийн туршид 6 цаг нийт 15 цаг ашиглахад сарын туршид 47-50,000 төгрөгийн цахилгаанаар халаалтаа шийдсэн байна. Манай халаалтын системийг Хаан банкны лизингээр авах боломжтой” хэмээн “Антверпен” ХХК-ний зөвлөх менежер Д.Ёндонжамц хэллээ.






Мөн Атмор компани гэр хорооллын иргэдийн нойлын асуудлыг цогцоор нь шийдэж өгөх цогц үйлчилгээг танд санал болгож байлаа. Зарим бүтээгдэхүүнийг Хаан болон Хас банкны лизингээр худалдан авах боломжтой юм байна.

























Л.Булганчимэг



Холбоотой мэдээлэл


Дунд сургуулийн хоёр ертөнц
Дунд сургуулийн хоёр ертөнц
2 долоо хоног, 5 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.